Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1398

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа

Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн /ҮД:3156/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 23080268598 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кабельчин мэргэжилтэй, ******* ******* ХХК-д холбооны кабельчин ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, *******ийн 14 дүгээр гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " нэртэй дэлгүүрийн үүдэнд "айл гэр үймүүлсэн" гэх шалтгаанаар хохирогч В.ын нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь нойр булчирхайн их бие хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " нэртэй дэлгүүрийн үүдэнд "айл гэр үймүүлсэн" гэх шалтгаанаар хохирогч В.ын нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь нойр булчирхайн их бие хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн  2 дугаар хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас/, гэрч М.гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, гэрч Ш.ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн дүгнэлт №11279 /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/, Б.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/, хохирлын баримт /хавтаст хэргийн 80-88 дугаар хуудас/, В.ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохоос татгалзсан болно гэх тайлбар /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, ******* бүрэн ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дугаар  хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/, Б.*******ийн тайлбар, утасны мессеж /хавтаст хэргийн 103-109 дүгээр хуудас/, Хас кабель ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, Сетком компаний тодорхойлолт /хавтаст хэргийн 112 дугаар хуудас/,  хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/, В.ын эмчилгээний төлбөрт 3.000.000 төгрөг хүлээн авсан гэх тайлбар /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/, Б.*******ийн эмчилгээний төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн, цаашид гарах хор уршгийг барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар /хавтаст хэргийн 126 дугаар  хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулсан баримт /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал”-ыг Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан байна.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал”-ын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч В.ын нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь нойр булчирхайн их бие хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан ба эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг авсан гэх хүсэлтийг хэрэгт хавсаргасан байна. Энэхүү хэрэгт хохирогч В. нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т  10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Хохирогч В. нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХЦЭЦЭГ