Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/01603

 

      2020       07          10

               182/ШШ2020/01603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг, хороо, гудамж, өөрийн байранд байрлах /регистрийн дугаар /, К эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар давхарт байрлах /регистрийн дугаар /, З санд холбогдох, 

 

Батлан даалтын гэрээний үүрэгт 242,496,783.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, Л.С, хариуцагчийн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К эрх хүлээн авагч шүүхэд болон төлөөлөгч Д.Н, Л.С нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00441 дугаар шүүгчийн захирамжаар Таван трейд ХХК-иас 1,110,893,881.00 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 2,856,209.50 төгрөг гаргуулан Кинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч Таван трейд ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, орлогогүй, мөн захирал Р.Ганзориг нь АНУ-д 2018 оны 2 дугаар сард суралцахаар явсан учраас барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Батлан даалтын сан, К, Таван трейд ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан. Таван трейд ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон тухай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1042 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ аваагүй, шүүхийн шийдвэрийн ажиллагаа дуусгавар болоогүй гэх үндэслэлээр Батлан даалтын сангаас Батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан хариуг Банкны эрх хүлээн авагчид 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/175 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, 1.4.Таван трейд ХХК-ийн батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувиар байхаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан тул үндсэн зээлийн төлбөр болох 969,987,133,52 төгрөгийн 25 хувь болох 242,496,783.38 төгрөгийг З сангаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З сан шүүхэд болон төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кны харилцагч Таван трейд ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 1.4-д “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувь байна” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцөлийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Гэрээний 1.6-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 3.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах; 3.2.4-т “Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлэх; 3.4.1-т  зааснаар Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөхөөр байна. Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул З сангаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж З санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нь Таван трейд ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1 дүгээр гудамжны 8 тоотод байрлах 1633 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 18 дугаарт бүртгэлтэй 3721 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, дээрх барилгад суурилагдсан 140 метр урттай гипсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, дагалдах хэрэгсэл, бага оврын уурын зуухын хамт битүүмжлэн хураамж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцохгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 2,364,109,300 төгрөгийг 70 хувиар тооцон 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу хоёр дахь дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу төлбөр авагч К нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2203 тоот албан бичгээр 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/4218 тоот албан бичгээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/844 тоот албан бичгээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. Төлбөр төлөгч нь Таван трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Ганзоригийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь цаашид хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К эрх хүлээн авагч нь З санд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 242,496,783.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч З сан нь “батлан даалтын гэрээний үүрэгт маргаагүй, харин зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж маргаж байна. 

 

К ХХК болон Таван трейд ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 345 тоот Зээлийн гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 345 тоот барьцааны гэрээ, К ХХК, Таван трейд  ХХК нар нь З сантай 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан байх ба батлан даалтын гэрээгээр З сан нь зээлийн гэрээгээр Таван трейд  ХХК-ийн хүлээсэн үүргийг К ХХК-ийн өмнө батлан дааж, үүрэг гүйцэтгэгч тал З сан Батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувь  байх, зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байна. 

 

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсаны дээр батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний үндсэн дээр Таван трейд ХХК нь 1,110,893,8881.36 төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулахгүй бол барьцаа эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулж  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00441 дүгээр шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар хариуцагч Таван трейд  ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 1,110,893,8881.36 төгрөгийг өөрийн эд хөрөнгөөс тооцон нэхэмжлэгч К эрх хүлээн авагчид төлөөгүй болох нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Эд хөрөнгө хураасан тогтоолууд, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Мэдэгдэл, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 297 тоот тогтоол,  Таван трейд  ХХК-ийн захирал Р.Ганзориг АНУ-д суралцахаар явсан тухай талуудын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба зохигчдын хэн аль нь энэ үйл баримтад маргаагүй. 

 

Таван трейд ХХК нь төлбөрийн үлдэгдэл 1,110,893,8881.36 төгрөгийг төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч К эрх хүлээн авагч нь үүрэг гүйцэтгэгч Таван трейд ХХК-ийг үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр батлан даагч З сангаас үндсэн зээлийн төлбөр болох 969,987,133,52 төгрөгийн 25 хувь болох 242,496,783.38 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т “батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувь байна, 3.4.1-д “Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасан болон Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл К эрх хүлээн авагч нь З сангаас Таван трейд ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Даваажав нь Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээний төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн бол шаардах эрх үүсэх байсан гэж маргаж байна.

 

Зээлдүүлэгч нь дээрх гэрээний 1.6-т ”Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд заасан үүргээ биелүүлж,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00441 дугаар шүүгчийн захирамжаар Таван трейд ХХК-иас 1,110,893,881.00 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 2,856,209.50 төгрөг гаргуулан  Кинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байх ба З санд “Мэдэгдэл” хүргүүлж байсан тухайд маргаагүй.

 

Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувь байна” гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч К ХХК нь зээлдэгч Таван трейд ХХК-нд 969,987,133,52 төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээлийн дансны хуулга /хх-ийн 65 тал/-аар тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 969,987,133,52 төгрөгийн 25 хувь болох 242,496,783.38 төгрөг гэж тооцсон тооцоолол зөв байх тул хариуцагч З сангаас 242,496,783.38 төгрөгийг гаргуулж К эрх хүлээн авагчид олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан З сангаас 242,496,783.38 /хоёр зуун дөчин хоёр сая дөрвөн зуун ерэн зургаан мянга долоон зуун наян гурван мянга гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж К эрх хүлээн авагчид олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З сангаас улсын тэмдэгтийн хураамжид 1,370,434 төгрөгийг гаргуулан Улсын орлогод болгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ