Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

   2024            01           02                                        2024/ШЦТ/47

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч ***, өмгөөлөгч А.Сэлэнгэ,

шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***, *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, ***ийн дарга ажилтай байсан, *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

2. Монгол улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурч, нягтлан бодогч мэргэжилтэй, ***ийн ахлах нягтлан бодогч ажилтай, *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

3. Монгол улсын иргэн, *** овогт ***ы *** (регистрийн дугаар ***), 19*** оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, архив судлал мэргэжилтэй, ***ийн хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан ажилтай, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.   

Хэргийн товч агуулга: *** нь ***ийн даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ***, *** нартай бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ***г 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулд дагалдан ажиглагчаар, мөн өдрийн Б/08 дугаар тушаалаар ***ыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Улаанбаатар цаг уурын өртөөнд дагалдан техникчээр тус тус томилж, ажиллаагүй байхад цалин олгож, тэдний цалин болох 2.984.000 төгрөгийг ***аар дамжуулан бэлнээр авч захиран зарцуулан өөртөө давуу байдал бий болгож, ***гийн 186.500 төгрөгийн, ***ын 186.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлж тэдгээрт давуу байдал бий болгож, 3.357.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ***тай үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд томилолтоор 2021 оны 5 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд ажиллахаар 710.000 төгрөгийн баримт бүрдүүлэн тус мөнгөн дүнгээр зардал гаргаж, өөртөө давуу байдал бий болгон ***д 4.067.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

- *** нь ***ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ***, *** нартай бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ***г 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулд дагалдан ажиглагчаар, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ***ыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Улаанбаатар цаг уурын өртөөнд дагалдан техникчээр тус тус томилуулж, ажиллаагүй байхад цалин олгож, тэдний цалин болох 2.984.000 төгрөгийг ***аар дамжуулан бэлнээр авч захиран зарцуулан өөртөө давуу байдал бий болгож, ***гийн 186.500 төгрөгийн, ***ын 186.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлж тэдгээрт давуу байдал бий болгож, 3.357.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ***тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд томилолтоор 2021 оны 5 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд ажиллахаар 710.000 төгрөгийн баримт бүрдүүлэн тус мөнгөн дүнгээр зардал гаргаж, өөртөө давуу байдал бий болгон ***д нийт 4.067.000 төгрөгийн хохирол учруулсан,

- *** нь ***ийн хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхдаа ***, *** нартай бүлэглэж ***ийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны Б/07 дугаар тушаалаар ***г тус төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулд дагалдан ажиглагчаар, 2021 оны оны 4 дүгээр сарын 30-ны Б/08 дугаар тушаалаар ***ыг тус төвийн Улаанбаатар цаг уурын өртөөнд дагалдан техникчээр тус тус томилсон тушаалын төслийг боловсруулж, томилж, тэдний дансанд шилжүүлэгдсэн цалингийн орлого болох 2.478.696 төгрөгийг авч бэлнээр ***д дамжуулан өгч, ***гийн 186.500 төгрөгийн, ***ын 186.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлж тэдгээрт давуу байдал бий болгож, ***д нийт 3.357.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 12-р сарын 21-ний өдрийн 101 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан (1 дүгээр хавтаст хэргээс 9,12,15,17,21,26-27,29-30,34,173-181,183-220, 2 дугаар хавтаст хэргээс 43-165, 3 дугаар хавтаст хэргээс 94-95,125,165,178,190-208 дугаар хуудас)”,

- Өмгөөлөгчөөс “улсын яллагчийн шинжлэн судлуулах баримттай давхардаж байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно. Прокурортой тохиролцсон торгох ялын батлуулах, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно”,

- Шүүгдэгчид “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.

1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***, ***, *** нар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж эрх, мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ***д хохирол учруулсан болох нь:

- Гэрч ***гийн “Төвийн даргын баталсан Өвөрхангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах судалгаа шинжилгээний бүтээл хэлэлцүүлэх ажлын удирдамжийн дагуу тухайн орон нутагт томилолтоор яваагүй. Тухайн газарт туршлага судлах гэж байгаа гээд надаар нягтлан *** төсөв гаргуулсан. Нягтлан *** нь “Дансанд чинь томилолтын мөнгө орно, оронгуут нь бэлнээр авч ирж өгөөрэй” гэсэн. Тэгээд 200.000 орчим төгрөг орохоор нь би бэлнээр бүгдийг түүнд өгсөн. Энэ мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар нягтлан, дарга л мэдэж байгаа байх. Дарга намайг бас төсөв хийж өг гэсэн гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

- Гэрч ***ын “Төвийн даргын баталсан Өвөрхангай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах судалгаа шинжилгээний бүтээл хэлэлцүүлэх ажлын удирдамж, томилолтын талаар мэдэхгүй байна. Томилолтоор яваагүй. Миний дансанд 100 орчим мянган төгрөг ороод дарга *** нь буцаагаад “Хүний нөөц рүү шилжүүл” гээд би шилжүүлж байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

- Гэрч ***ын “1995-1999 онд Дундговь аймгийн Гал түймэртэй тэмцэх газарт холбоочноор ажиллаж байсан. Үүнээс хойш хувиараа ажил гүйцэтгэж байсан. Манай ээж ***гийн бага дүү ***ийн охин *** нь Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Хүний нөөц, архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд хөл хорио гайгүй болох үед 2021 оны эхээр “манайд ажиллах уу” гэхэд би “байж байгаад хариу хэлье” гэсэн. Дараа нь “Та яасан бэ? ажилд орох уу” гэсэн. Тэгэхэд нь “танайд ажилд орохгүй” гэхэд “та 3-4 сар дансаа ашиглуулаад оронд нь нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг чинь төлж өгнө. Та биечлэн ажил хийхгүй” гэсэн. Тэгэхэд нь “тэгье” гэсэн. Ажил хийгээгүй учир анкет бөглөх шаардлага байгаагүй. Тэгээд би Хаан банкны *** дугаар дансыг өгсөн. Тэгээд миний дансанд 3 удаа цалин гэж орж ирсэн. Би орж ирэхэд нь тэр дор нь дүү ***ын данс руу шилжүүлж байсан. Би өөртөө мөнгө төгрөг аваагүй. Миний хувьд энэ байгууллагад ямар нэгэн ажил, дадлага хийгээгүй. Дүүг хэлсэн болохоор нь хууль бус гэж мэдэхгүй дансаа ашиглуулсан. Ажил хийгээгүй хүн төрийн мөнгөнөөс Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нь төлж болохгүй. Энэ мөнгийг хууль бус үйлдэл хийсэн хүмүүс төлөх байх” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

 - Гэрч ***ын “...Өөрийн үеэл ах болон хүргэн ахын дүүд ажиллах санал тавьж байсан. Үүний дагуу анкет бөглүүлж авч байсан. 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр байхаа хугацааг нь сайн санахгүй байна. Өдөр ажил дээр сууж байхад нягтлан *** утасдаж “2 хүн хэрэгтэй байна” гэхээр “яах гэж байгаа юм бэ?” гэхэд “даргаас асуу” гэсэн. Удалгүй дарга *** өрөөнд орж ирээд “*** 2 хүн хэрэгтэй байна. Дагалдуулахаар” гэж хэлсэн. Маргааш өдөр дарга утасдаж “итгэлтэй 2 хүн олох хэрэгтэй байна” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ? Ямар зорилготой юм бэ?” гэсэн. Тэгэхэд “данс руу мөнгө оруулаад авах юм” гэсэн. Тэгэхээр нь “миний данс болохгүй юм уу” гэхэд “болохгүй” гэсэн. “Ээжийн данс байж болох уу” гэхэд “болохгүй” гэсэн. Маргааш өдөр нь дарга ажлын өрөөнд орж ирээд “төсөв танасан гадаа камер болон засвар сэлбэг авах шаардлага гараад байна. Дагалдан ажилтнаар тушаал гаргаад, ажилласнаар бүртгээд нийгмийн даатгалыг төлөөд үлдсэн мөнгийг гаргуулан авч байгууллагад ашиглах хэрэгтэй байна” гэсэн. “Тийм боломжтой 2 хүн олоорой” гэсэн. Би “ээ даргаа болох юм уу болохгүй байхаа” гэтэл Дарга “зүгээрээ *** болно” гэсэн, “итгэлтэй хүн олоод хэл бусдыг нь амраа бид 2 мэдэж байгаа” гэсэн. Би даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй тул хэлсэн ёсоор хүн олохоор болсон. Даргын дээрхийг хэлэхээс өмнө хүргэн ах ***од “ажилд орох хүн байна уу” гэхэд “манай дүү *** гэж дүү байгаа асуугаад үз” гэсэн. Тэгээд *** эгчээс асуугаад хийх ажлын талаар хэлсэн чинь “бодож үзье” гэсэн байсан. Миний нагац эгчийн хүүхэд болох *** ахад мөн өмнө “зүгээр байхаар манайд харуулаар ч болтугай орох уу” гэж хэлсэн байсан. “Бодож үзье” гэсэн байсан. Тэгээд даргыг хэлсний дараа энэ хоёртой “манайд ажиллах хэвээрээ юу” гэхэд “чадахгүй” гэсэн. Дараа нь “ажилласнаар тушаал гаргаад нийгмийн даатгалыг нь төлөөд дансаар чинь цалинг гаргаад буцаан авч, засвар үйлчилгээнд хэрэглэнэ тэгэх үү” гэхэд эхлээд “үгүй” гэсэн. Тэгээд “засвар үйлчилгээнд ашиглах гэж байгаа” гэхэд зөвшөөрсөн юм. Тэр 2 нарийн учрыг нь ойлгоогүй байхаа. *** нягтлан “3 сар нийгмийн даатгалыг нь төлнө” гээд “олох хүмүүстэй хэлээрэй” гэсэн. Нягтлан хүний үг сонсдоггүй их хэцүү ааштай хүн. Тиймээс ах эгч хоёрт санал тавьсан. Тэр хоёр нийгмийн даатгал төлж байгаагүй учир “за” гэж хэлээд даргад би танилцуулсан. Нягтлан “бэлнээр гаргаж авч ирээрэй” гэсэн. Намайг дарга *** “тушаалын төсөл дагалдан ажилтнаар 3 сараар бэлд” гэсэн. Төслийг би бэлдэж даргаар баталгаажуулсан. “Дансанд орох мөнгийг бэлнээр авч өг” гэж нягтлан хэлсэн учир би 3 сар мөнгийг бэлнээр авч гэрт нь хүргэж өгч байсан. Юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Мөн томилолт гэж би мэдэхгүй. Нэг удаа л нярав *** надаас “чи Өвөрхангай явсан томилолтын талаар мэдэх үү” гэж асууж байсан. Би “мэдэхгүй” л гэж хариулсан. Томилолт надаас бичиг гардаггүй. Тэр хоёрын анкетыг би хуурамчаар бөглөөгүй. Өөрсдийнх нь гараар бөглүүлсэн. Харин анкетыг өгөхгүй байсан шалтгаан нь ах эгч хоёрыгоо өөрөөсөө болоод асуудалд оруулахыг хүсээгүй учир удаасан нь миний буруу. Дарга ***, *** нар “ийм байдлаар хэлээрэй” гэсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

- Гэрч ***гийн “Байгууллагын санхүү, аж ахуйн ажлыг зохион байгуулах, мэдээлэх, тайлагнах үүрэгтэй ажилладаг. Миний хувьд ТҮ8-аар цалинждаг. Би ХАСХОМ гаргадаг. Хаврын цас хайлахаас эхлээд 3 сарын дундаас асаж байсан цөөхөн гадна гэрэлтүүлгүүд шатаж, унтраад харанхуй шахам болсон, мөн дотор гадна 3 камер ажилгүй таг болсон бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангах шаардлага гараад тулгамдсан асуудал болоод байсан. Тухайн үед хил хаалттай бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байсан тул батлагдсан төсвөөс худалдан авахад зардал хүрэлцэхгүй байсан. Иймд дарга 2 хүн дээр дагалдан ажилчны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 420.000 төгрөгөөр цалин олгох тушаал гаргаж дээрх асуудлыг шийдэхээр болж хүний нөөц *** нь ***, *** гэх хоёр хүнийг Төрийн албаны хүний нөөцийн системд бүртгэсэн байсан. ***, *** хоёрт 5, 6, 7 саруудад цалин бодож шилжүүлсэн. Дээрх хоёр хүнээс хүний нөөцийн ажилтан *** 5-р сарын 10-нд 800.000 төгрөг, 6-р сарын 21-нд 800.000 төгрөг, 7-р сард наадмын дараа 800.000 төгрөг нийт 2.400.000 төгрөгийг бэлнээр надад авч ирж өгсөн. Нэлээн хугацаанд асууж сураглаж, холбогдож ярилцаж явсаар зарын дагуу хүн авчирч үзүүлэхэд шинээр 5ш камер, адаптар 4ш, гадна сүлжээний утас дор хаяж 200м хэрэг болно гэсэн. Эдгээрийг ***той бас л гуйж үнэ ханшийг нь буулгаж байж эхний удаад оношилгоо, камер, харуулын компьютерын засвар үйлчилгээнд 10-р сарын 12-нд 220.000 төгрөг, сүүлд 10-р сарын 23-нд 140м гадна сүлжээний утас, шинэ 4ш камер, адаптар 3ш зэргийг мөн өөрөө авчирч солиход 695.000 төгрөгийг тус тус өргөдөл бичүүлж бэлнээр, даргын цохолтоор олгож дотор гадна камер бүрэн ажиллагаатай болсон. Төвийн байрны гадна гэрэлтүүлгийн 21 шонгийн оношилгоо, засах, кабелийн нүх ухаж шинээр 170м кабель сүвлэж холбох зэрэг ажлыг цахилгааны инженер ***тай мөн тохиролцож эхний удаад урьдчилгаа 150.000 төгрөгийг, бүх гадна гэрэлтүүрийн шон асдаг болсныг шалгаж үзээд үлдэгдэл 150.000 төгрөгийг өргөдөл бичүүлж бэлнээр олгосон. Энэ хийж байсан ажлын явцын фото зургийг авч байгууллагын нүүр номын хуудсанд мэдээлж байсан. Мөн дээшээ шонд сүвлэх цахилгааны кабель дутсан тул 40м кабель 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Багануур цаг уурын өртөөнд очихдоо шинэ байранд нь чихрийн таваг, 1кг том чихэр авч өгөхөд 38.550 төгрөг, шинэ тооны машин, скоч авч өгөхөд даргын зөвшөөрлөөр 23.210 төгрөгөөр тус тус авч өгсөн. Өлзийт хөдөө аж ахуйн цаг уурын автомат станцын цахилгааны үүсгэгч хөлдөж бээрээд ажиллахгүй болсон. Ингээд яаралтай цахилгаанд холбох шаардлага гарсан тул очиж шинжилгээний талбайн урд байрлах айлаас тог татахаар болж сар бүрийн төлбөрт 15.000 төгрөгийг 4 сарын хугацаанд газар гэстэл тухайн айлаас тог авахаар болж нийт 60.000 төгрөгийг 12 сарын 08-ны өдөр харуулын ажиглагч ***д мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичүүлж бэлнээр олгож тогийг холбож, цаг уурын автомат станцын ажиллагааг хэвийн байдалд оруулсан. Бүх орлого, зардлууд санхүүгийн тайлан бүртгэлд тусгагдаагүй. Нийтдээ 3.222.000 төгрөгийг бэлнээр авч, зарцуулсан нь 3.233.837 төгрөг болсон байна. Би мэргэжлийн алдаа гаргаж буруу юм хийснээ мэдэж байгаа. Буруугаа хүлээж зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

- Гэрч ***гийн “Би огт ажил хийж байгаагүй. Улаанбаатар хотын цаг уурын газар ажилладаг *** нь манай ахын эхнэрийн ах дүүсийн хүүхэд гэж ойлгодог. *** нь над руу залгаад “таны дансанд сар болгон цалин хийгээд нийгмийн даатгалыг чинь сар болгон төлж байна. Та ямар нэг ажил хийхгүй. Та орсон мөнгийг над руу өгөөрэй” гэж байсан. Тухайн үед мөнгийг нь хэлсэн данс руу шилжүүлж байсан. 3 сар мөнгө орж ирсэн. Би өөртөө ямар ч мөнгө авч үлдээгүй. Хаан банкны *** дугаар миний эзэмшлийн дансанд 2021 оны 5-р сарын 10-ны өдөр 415.062 төгрөг, энэ өдрөө *** дугаар данс руу 413.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 6-р сарын 10-ны өдөр 413.750 төгрөг орж ирээд 6-р сарын 13-ны өдөр *** данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн. 7-р сарын 09-ний өдөр 411.000 төгрөг *** данс руу 410.000 төгрөгийг шилжүүлсэн. Тушаал гарсан талаар бол огт мэдэхгүй. Би ямар ч гэрээ, ажил хийгээгүй, өргөдөл бичиг баримт өгөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

- Гэрч ***ийн “Улаанбаатар өртөөн дээр *** гэж хүнийг 3 сар дагалдан хийснээр цалинжуулсан байдаг. Цаг уурын ажиглалтын дэвтэр болох ЦД1, ээлж хүлээлцэх дэвтэр, мэдээ дамжуулалтын дэвтэр дээр энэ хүний гарын үсэг байх ёстой. Энэ өртөөн дээр ажиллаж байсан өртөөний дарга ***, техникч *** /тэтгэвэрт гарсан/ ***, ***, *** нар гэрчилнэ. Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулын дагалдан ажиглагчаар ***г цалинжуулсан байдаг. Ганц хүн ажилладаг *** гэж хүн гэрчилнэ. Өвөрхангай аймаг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилолтоор явсан гэсэн боловч очиж ажиллаагүй байдаг. Гүйцэтгэлийн тайлан дээр очиж ажилласан бичээгүй байсан учраас мөнгийг нь авсан гэж хардаж байгаа” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

- Гэрч ***гийн “Цаг уурын инженер нь цаг уурын 7 салбарын ажиглалтын дэвтэр, цасан бүрхүүлийн дэвтэр бичвэрийн туузуудыг шүүж, үр дүн тайланг дээд байгууллагад явуулах эрх үүрэгтэй ажилладаг. Өртөөний ажилчдын ажлыг дүгнэх зөвлөмж зааварчилгаагаар хангах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. 2021 онд намайг гэрээр ажиллаж байх үед манай төвийн дарга *** нь над руу утсаар яриад “төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа учир ***, ***, ***, ***, *** нарын нэрээр томилолтын удирдамж, төсөв хийсэн. Мэйлээр даргад явуулж хянуулсан. Хэвлэж гарын үсэг зурж өг гээд ажилдаа ороод зурж, нягтлан ***д өгсөн. Томилолтын мөнгө гэж 100.000 орчим төгрөг миний дансанд орсон. Тухайн мөнгийг авч санхүүд өгсөн. Байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна гэсэн. Надад мөнгө үлдээгүй юм. 2 хүнийг ажилласан байдлаар цалин өгсөн асуудлыг мэдэхгүй. Манай дээр газраас шалгалт хийх үед “*** нь Улаанбаатар цаг уур дээр ажиллаж байсан уу” гэж асуусан. Ийм хүн бол огт ажиллаж байгаагүй. “Өлзийт харуул дээр танай зуны улиралд Хөдөө аж ахуйн цаг уур дээр нэмэлт хүн авч ажиллуулдаг уу” гэсэн. Би “тэгж ажиллуулж байгаагүй” гэж хэлсэн. “*** гэж хүн ажиллаж байсан уу” гэхэд би ажиллаж байгаагүй учир “ажиллаж байгаагүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Ус цаг уур орчны шинжилгээний газраас ***д хийсэн шалгалтын “***ийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны Б/07 дугаар тушаалаар ***г 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулд дагалдан ажиглагчаар томилсон байна. Тус төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын ерөнхий технологич инженер ***, Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулын ажиглагч *** нараас “2021 онд *** гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан эсэхийг” асуухад “Энэ хүнийг танихгүй, ийм хүн ажиллаагүй” гэсэн хариултыг өгсөн. Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулын 2021 оны 5-8 дугаар сарын ажиглалтын ЦД-7 дэвтэрт тайлбар болон ажиглалт хийсэн ажиглагчийн гарын үсэгт ***гийн гарын үсэг байхгүй байгаа нь ажиглалт хийгээгүй болохыг харуулж байна. Тус төвийн дарга *** нь 2021 оны 5-7 дугаар сарын “Ажлын цагийн тодорхойлолт”-д ***д ажилласан цаг бичиж баталсан байна. Тус төвийн Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан *** “Албан хаагчдын 2021 оны 5-7 дугаар сарын хоол, унааны мөнгө” гэсэн ажилласан өдрийг тодорхойлсон баримт бичигт ***г ажилласнаар тодорхойлсон байна. Ахлах нягтлан бодогч ***гийн хянасан байна. Дээрх хугацаанд *** регистрийн дугаартай ***гийн Хаан банкны *** дугаар дансанд доорх цалин хөлсийг олгож байгууллагаас нийт 1.441.580 төгрөгийн зардал гаргасан байна. Томилгоотой холбоотой “***ийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны Б/08 дугаар тушаалаар ***ыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Улаанбаатар цаг уурын өртөөнд дагалдан техникчээр томилсон байна. Тус төвийн Цаг уур орчны технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Цаг уур, уур амьсгалын ерөнхий технологич инженер ***, Улаанбаатар цаг уурын өртөөний техникч *** нараас “2021 онд *** гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан эсэхийг” асуухад “Энэ хүнийг танихгүй, ийм хүн ажиллаагүй” гэсэн хариултыг өгсөн. Улаанбаатар цаг уурын өртөөний 2021 оны 5-8 дугаар сарын ажиглалтын ЦД-1 дэвтэрт ажиглалт хийсэн, код зохиож мэдээ дамжуулсан ажиглагч болон түүнийг шалгасан ажиглагчийн гарын үзэг, тайлбарыг шалган үзэхэд *** гарын үсэг байхгүй байгаа нь ажиглалт, мэдээ дамжуулалт хийгээгүй болохыг харуулж байна. Цаг уур, орчны технологийн хэлтсийн дарга, Улаанбаатар цаг уурын өртөөний дарга нарын гаргасан “Улаанбаатар цаг уурын өртөөний техникчдийн 2021 оны 5-7 дугаар сард ажилласан ажлын хуваарь”-т ***ын нэр байхгүй байгаа нь мөн ажиллаагүй болохыг бас харуулж байна. Тус төвийн дарга *** нь 2021 оны 5-7 дугаар сарын “Ажлын цагийн тодорхойлолт”-д ***т ажилласан цаг бичиж баталсан байна. Тус төвийн Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан *** “Албан хаагчдын 2021 оны 5-7 дугаар сарын хоол, унааны мөнгө” гэсэн ажилласан өдрийг тодорхойлсон баримт бичигт ***ыг ажилласнаар тодорхойлсон байна. Ахлах нягтлан бодогч ***гийн хянасан байна. Дээрх хугацаанд *** регистрийн дугаартай ***ын Хаан банкны *** дугаар дансанд доорх цалин хөлсийг олгож байгууллагаас нийт 1.441.580 төгрөгийн зардал гаргасан байна. Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд томилолтоор ажилсан тухай ***ийн дарга *** нь “Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах, судалгаа, шинжилгээний бүтээл хэлэлцүүлэх ажлын удирдамж”-д 2021 оны 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн дарга, *** ус судлалын харуулын ажиглагч, цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, хөдөлмөр хамгаалал, багаж, хэмжил зүй хариуцсан ерөнхий технологич инженерүүд гэсэн бүрэлдэхүүнтэй Өвөрхангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Агро цаг уурын Хархорин өртөөний хяналт шинжилгээний ажилтай танилцах, туршлага солилцох, судалгааны бүтээл хэлэлцүүлэхээр оролцохоор баталсан байна. Өвөрхангай аймгийн 2021 оны гүйцэтгэлийн тайланд энэхүү танилцах, судалгаа шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг болсон талаар дурдагдаагүй байна. Өвөрхангай аймгийн ЦУОШТ-ийн хүний нөөцийн ажилтан ***тэй утсаар холбогдож сургалт, хэлэлцүүлэг болсон талаар тодруулахад 2021 онд тийм сургалт зохион байгуулагдаагүй гэсэн. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн санхүүгийн төлбөрийн хүсэлт 86, 87, 88, 89, 90-ээр дотоодын албан томилолтыг ***, ***, ***, ***, *** нарт тус бүр 102.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тээвэр шатахууны зардалд 200.000 төгрөгийг талоноор гаргасан байна. Албан томилолтын зардалд зориулж байгууллагаас нийт 710.000 төгрөгийн зардал гаргасан байна. ***ийн өргөдөлд дурдсан асуудлыг шалган үзэхэд тус төвийн дарга *** нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, газрын даргатай байгуулсан 2017/01 дугаар Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг санаатайгаар гаргасан байна. Ахлах нягтлан бодогч *** нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн. Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан *** нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчлүүдийг санаатайгаар гаргасан байна...” гэсэн тайлан, бусад хавсралтууд (2-р хавтаст хэргийн 43-165 дугаар хуудас),

- Иргэн ***ын Хаан банкны *** тоот данс, ***гийн Хаан банкны *** тоот дансны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулга (1-р хавтаст хэргийн 173-176, 177-181 дүгээр хуудас),

- Иргэн ***ын Хаан банкны *** тоот дансны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулга (1-р хавтаст хэргийн 183-220 дугаар хуудас),

- ***гийн Хаан банкны *** тоот дансны 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хуулга (1-р хавтаст хэргийн 183-220 дугаар хуудас),

- ***ийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны Б/07 дугаар “***г 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын Өлзийт харуулд дагалдан ажиглагчаар томилсон” тушаалын хуулбар (3-р хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

- ***ийн даргын 2021 оны оны 4 дүгээр сарын 30-ны Б/08 дугаар “***ыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус төвийн Улаанбаатар цаг уурын өртөөнд дагалдан техникчээр томилсон” тушаалын хуулбар (3-р хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),

- Гэрч ***гийн “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/192 тоот тушаалаар ***д хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээлэл болон хавсралт баримтууд дээр үндэслэн би 2023 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдөр ажилласан. 2021 оны 5, 6, 7 дугаар саруудад *** регистрийн дугаартай ***гийн Хаан банкны *** дугаар дансанд доорх цалин хөлсийг олгож, байгууллагаас нийт 1.678.500 төгрөгийн зардал гаргасан байна. /Цалин хөлсөнд 1.492.000, Байгууллагаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэлд 186.500 төгрөг/, Мөн *** регистрийн дугаартай ***ын Хаан банкны *** дугаар дансанд доорх цалин хөлсийг олгож, байгууллагаас нийт 1.678.500 төгрөгийн зардал гаргасан /Цалин хөлсөнд 1.492.000, Байгууллагаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэлд 186.500 төгрөг/, ***, *** нарын цалин хөлсөнд зориулж байгууллагаас нийт 3.357.000 төгрөг гарсан байна. Тус төвийн дарга *** болон ахлах нягтлан бодогч *** нь ***, *** нарыг ажилд авсан нэрийдлээр цалин бодож, тухайн хүмүүсийн дансанд орсон мөнгийг буцаан авснаа хүлээн зөвшөөрч байдаг. Дээрх авсан гэх бараа материалуудаа байгууллагын тайлан баланст тусгаагүй, юунд зарцуулсан талаар нэг бүрчлэн гүйцэтгэлийг шалгаагүй байсан. ***, *** нарын цалин хөлсөнд зориулж байгууллагаас нийт 3.357.000 төгрөг гарсан. Би томилолттой холбоотой асуудлыг асуугаагүй учир нягтлан шалгаагүй. Өмнөх тайланд томилолтын мөнгө болох 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр нийт уг байгууллагад 4.067.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ийн “...***ийн дарга ***, Ахлах нягтлан бодогч ***, Хүний нөөц бичиг хэргийн ажилтан *** нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж ажиллаагүй хүн дээр цалин бодох, хуурамч томилолтоор мөнгө гаргаж ***д 4.067.000 төгрөгийн хохирол учруулсан учир дээрх мөнгийг нэхэмжилнэ. ***ийн төсвөө 4.067.000 төгрөгийг шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын дэнж дээр байдаг ажлын байрнаас бусад руу шилжүүлсэн байдаг” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 125 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч ***, ***, *** нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын шинжийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байхаар хуульчилсан. Мөн хуульд "урвуулан ашиглах" гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан байдаг.

Шүүгдэгч ***, ***, *** нарын үйлдлийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, прокурорт гаргасан хүсэлтээ дэмжиж” оролцсон, ***, *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй юм.  

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4.067.000 төгрөгийг шүүгдэгч ***, ***, *** нар төлсөн талаарх баримт (3-р хавтаст хэргийн 202-208 дугаар хуудас) авагдсан байх тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч ***, *** нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчид, өмгөөлөгчөөс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” оролцсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэн төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг Анхан шатны шүүх хуралдаанаар шалган тодруулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд баталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрвээ уг албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, тэдний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***, ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***, *** овогт ***ийн ***,  *** овогт ***ы *** нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***, ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***, ***, *** нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР