Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

    2024            01           02                                         2024/ШЦТ/48

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “***” ХХКомпанид оёдолчноор ажилладаг, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.    

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын замд “Тоёота приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан заалтыг зөрчсөний улмаас *** улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын замд “Тоёота приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас *** улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас),

- Жолоочийн нэгдсэн сан, Авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “Манай эхнэр *** над руу “Осол гарчихлаа” гэж залгасан. Намайг очиход цагдаа нар ирчихсэн, охины хамраас цус гарсан байсан. Хүүхдийн биеийн байдал зүгээр, хэвийн байгаа гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч Д.Батбилэгийн “*** улсын дугаартай автомашин надад хамааралгүй. Би зараад удаж байгаа бөгөөд машинтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол надад байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч ***ийн “Манай дүү ***, *** нар машин авахад эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийн даатгал төлдөггүй байсан болохоор би өөрийн нэр дээр лизингээр авч өгсөн. Төлөлт хэвийн хийгдэж байгаа. Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн мөнгийг нэхэмжлэх шаардлагагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12503 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед зүүн хоншоорын хана, хамар ясны хугарал, зүүн дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

- “Хөрөнгө Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16092 дугаартай тайлан (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Э.Мандахын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1154 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” заалтыг зөрчсөний улмаас *** улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, осолд холбогдсон жолоочийн гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирлын шинж чанарыг эргэлзээгүй тогтоож чадсан, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл, хэргийн талаар маргаж мэтгэлцээгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” заасан эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хүндэвтэр хохирол учирсан ба хууль ёсны төлөөлөгч ***аас эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч ***ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар шалган тодруулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд баталж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР