Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

    

      2024            01             03                                               2024/ШЦТ/55

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолт),

шүүгдэгч ***,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

 

Хэргийн товч агуулга: *** нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***ын цахим картаас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 512.790 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “...хүүхэд хөл бөмбөгийн талбай дээр тоглож байхад нь очиж цай өгөх гэж явах замд тухайн картыг олсон. Тухайн үед хоол ундгүй болчихсон байсан. Дэлгүүрт ороод тухайн картыг уншуулж үзэхэд уншигдаж байсан. Тэр дэлгүүрийн гэрч гээд байгаа *** гэх хүн ***ны хүн, намайг *** гудамжинд амьдардаг гэдгийг мэдэх боломжгүй. Би *** хороон иргэн, гэрч ***ийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 5000 төгрөгийн гүйлгээ хийхэд л утсанд мессеж ирдэг. *** өөрийн данснаас нь гүйлгээ гарч байхыг мэдэж байсан. Өөрөө мэдсээр байж энэ хүртэл ямар зорилготой ингэж явсныг мэдэхгүй байна” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1097 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 3-4, 9-10, 12, 15-18, 21-30, 55-59 дүгээр хуудас),

- Шүүгдэгч болон хохирогчоос “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***ын гээгдүүлсэн Худалдаа хөгжлийн банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас үргэлжилсэн үйлдлээр 512.790 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Сувдан төв дотор байхдаа виза картаараа юм худалдаж авчхаад Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. Интернэт банкаар гүйлгээ хийхдээ дансныхаа үлдэгдлийг харсан чинь миний картад байсан мөнгөнөөс гүйлгээ хийгдсэн байсныг 2023 оны 7 дугаар сарын 04-ны өдөр мэдээд 05-ны өдөр нь хаалгасан. Уг виза картыг ашиглахад чип уншуулахад нууц код ашигладаггүй, шууд уншдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

- Шүүх хуралдаанд хохирогч ***ын “Тухайн өдөр Өмнөговь аймгаас манай ах, эгч нар ирсэн байсан. Тэгээд Сувдан төвөөс майхны гэрэл авч, өөрийн авто машиныг үлдээгээд аавын машинаар гэр бүлээрээ агаарт гарсан. Задгай машин дээрээс тарвас авахаар болоод картаа гаргах гэсэн чинь миний карт байгаагүй. Би машиндаа унагасан гэж бодоод интернэт банкаар гүйлгээ хийсэн. Хотод ирээд гэртээ очилгүйгээр хадмындаа байрласан. “Аавын машинд үлдээчихсэн юм байна, тэгж байгаад нэг очихоороо хайя” гэж бодож байсан. Дансны мэдэгдэл миний утсанд ирдэггүй, цалин ордог данс юм. Тухайн дансныхаа гүйлгээ рүү орж хартал миний данснаас олон удаагийн үйлдлээр гүйлгээ гарсан байсан. Үүнийг мэдсэн даруйдаа маргааш өглөө нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст очиж ахлах дэслэгч Эрдэнэбаяр гэдэг хүнтэй хамт мөрдлөг явуулсан. Хамгийн олон миний картыг уншуулсан *** гэдэг дэлгүүр дээр очиж хяналтын камерын бичлэгийг үзсэн. Хамгийн эхэнд, сүүлд уншуулсан гүйлгээг тулгасан. Энэ хүний хүүхэд нь найзуудтайгаа хамт дэлгүүрт гүйлгээ хийсэн байсан. Тэр хяналтын камерын бичлэгээс зургийг нь дарж аваад хажуу талын хөл бөмбөгийн талбай дээр тоглож байсан хүүхдүүдээс асуухад “энэ хүүхдийг танина, энэ зураг дээр байгаа хүүхдүүдийн зарим нь бид нар байна” гэж хэлсэн. “Энэ хүүхдийн гэрийг олж өгч чадах уу, ах нь та нарыг шагнана шүү” гэж хэлэхэд “тэгье” гэсэн. Тэгээд ахлах дэслэгч Эрдэнэбаяр гэдэг хүнтэй цуг очиж уулзаад энэ хүнтэй тохиролцож чадаагүй. Бараг хөөгдөөд явсан. Тэгээд ахиж уулзаагүй, цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо бичиж өгсөн” гэв (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

- Гэрч ***гийн “Хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай Сонгинохайрхан дүүргийн *** хорооны иргэн байна. Манай дэлгүүрээр хааяа орж ирдэг, нэрийг нь сайн мэдэхгүй, хамгийн сүүлд 2023 оны 6-р сарын 30-ны өдөр үйлчлүүлсэн санагдаж байна. Виза карт уншуулахдаа пин кодгүйгээр уншуулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас),

- ***ын Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 3, 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн болон гэр бүлийн хүмүүсийнхээ амьжиргааг залгуулан тогтвортой ашиглан, захиран зарцуулж үүний улмаас хохирогч ***д 512.790 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч ***г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ. 

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулж олгох учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 512.790 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулан хохирогч ***д олгож шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг олгохоор шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан үндэслэл нь шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого олдог талаарх баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эсхүл шүүх хуралдаан эхлэхээс өмнө тэрээр бусдад учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар сайн дураар төлж барагдуулаагүй, “өөрийн ашигласан төлбөрөө төлнө, хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байр суурьтай оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчээс “...эрүүл мэндийн асуудалтай. Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Балжиннямын хохирол барагдуулсан тохиолдолд гомдлоо татаж авъя гэж хэлснээр нь шийдэж өгөхийг хүсэж байна“ гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахай сэдэлтээр амар хялбар аргаар бусдын эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар ашигласан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс дээш хохирол учирсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон хууль ёсны баримтгүй, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, *** тоотод оршин суудаг) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг төдийгүй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахыг зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчмыг хангадаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Шүүгдэгч ***гийн эрүүл мэндтэй холбоотой баримт (2009 оны эмнэлгийн магадлагаа, 2023 оны 7-р сарын сарын 23-ны өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо)-аас үзэхэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, жирэмсэн эмэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүнд ногдуулахгүй байх хуулийн зохицуулалтад хамаарахгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд тухайн хүнийг эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой тул түүний дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***гаас 512.790 төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР