| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2017/0049/З |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 02
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Т.*******ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаартай Нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.*******ы нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.******* би 2015 оны 06 сарын 01-ны өдрөөс 2015 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралт болон өвчтэй ээжийгээ асарч чөлөөтэй байсан. Энэ хугацаанд Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.*******д эмийн эргэлтийн сангийн эм, бусад хөрөнгийг хүлээлгэн өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авахад эмийн эргэлтийн санд 2.258.700 төгрөгийн эм дутаасан байсан бөгөөд энэ талаар М.*******д мэдэгдсэн. М.******* би төлнө гэдгээ хэлж эм дутсаныг зөвшөөрсөн. М.******* манайд учруулсан 2.258.700 төгрөгийг төлөхгүй удсан учир би эмийн эргэлтийн сангаа төлөөлж Завхан аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч М.******* Улаанбаатар хотод оршин суудаг учраас харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж нэхэмжлэлийг надад буцаасан.
Би М.*******гийн хаягийг олж мэдэх гэж тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй байхад аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2016 оны 12 сард сумын төсөвт байгууллагуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын явцад дотоод аудитор Т.*******т: М.******* эмч эмийн санд 2.258.700 төгрөгийн эм дутаасан талаар миний бие болон эмнэлэгийн нягтлан бодогч Л.******* бид хэлж ярьсан бөгөөд тухайн үед М.*******д акт тавьж төлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Т.*******т хэлж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 01/591 тоот албан бичигт сумын эрүүл мэндийн төвийн, санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016.12.07-ны өдрийн 110 дугаартай актыг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг биелүүлж /манай эмийн эргэлтийн санд учирсан хохирол/ 2.258.700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын төрийн сан дахь 090000982 тоот дансанд тушаахыг шаардсан байсан. Ийнхүү санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 110 дугаартай актын үр дагаврыг ойлгон Ургамал сумын Эрүүл мэндийн төв актад холбогдуулж дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан. Холбогдох албан тушаалтан гомдлыг хянаж актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байсан.Эмийн эргэлтийн сан нь аж ахуйн тооцооны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Гэтэл хэн, хаана, хэнд, юуны учир, ямар хууль тогтоомж зөрчиж хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоохгүйгээр /бидний амнаас сонссон бага сага мэдээлэлд үндэслэн/ манайд эмийн эргэлтийн санд учирсан хохирлыг төрийн сан дахь орон нутгийн орлогод төвлөрүүлэхээр акт тавьсан нь Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрх ашгийг хохироосон шийдвэр болжээ.
Санхүүгийн хяналт аудитын алба нь төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, дотоод аудитыг хэрэгжүүлж төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах зорилго бүхий төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байтал зорилго чиг үүрэгтээ хамааралгүй /иргэний байж болох/ маргаанд захиргааны зөрчил мэтээр акт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 110 дугаартай актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.******* би Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Т.*******ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаартай нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ургамал сумын эрүүл мэндийн төв нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа учир миний бие Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Т.*******ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаартай нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.******* нь тус аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Т.*******ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаар нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.******* нь Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны дотоод аудитор Т.*******ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай 110 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА