Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 124/2016/0039/З |
Дугаар | 290 |
Огноо | 2017-09-13 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 290
“Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0330 дугаар магадлалтай, “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/570 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгожээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0330 дугаар магадлалаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын гомдол гаргаж байна.
Магадлалын Хянавал хэсэгт “... Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/746 дугаар захирамжийг хүчингүй болгосон нөхцөл байдал 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс үгүй болсон” гэж дүгнэжээ. Энэ нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийн хуудас 9-д хууль зүйн үндэслэлтэй тайлбарласан.
Мөн магадлалд тус аймгийн Биеийн тамир спортын газар нь 13427.6 м.кв газрыг хууль ёсоор эзэмшигч байх үед аймгийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар “Х т” ХХК-д 1500 м.кв газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж буруу дүгнэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар аймгийн Биеийн тамир спортын газар нь нэгж талбарын 8516009146 дугаарт 8550 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь “Х т” ХХК-ийн 1500 м.кв газартай давхцаагүй байна. Тэгэхээр хариуцагч Увс аймгийн Засаг даргын А/570 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй юм.
Магадлалд ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаар тогтоол гарахаас өмнө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн хүсэлт, төлөвлөгөө хавсаргагдаагүй зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагчаас маргаан бүхий А/570 захирамжийг буруутгах боломжгүй гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг ноцтой зөрчиж хууль бус үнэлэлт дүгнэлт өгсөн.
Мөн магадлалд төрийн байгууллагад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Аймгийн Биеийн тамир спортын газар нь Газрын тухай хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрхийг ерөөсөө эдлээгүй ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хэрэгжүүлсэн юм. Тэгэхээр аймгийн Биеийн тамир спортын газар Газрын тухай хуулийн 35.1.4, 38.1-д заасан эрхийг ерөөсөө хэрэгжүүлээгүй болно. Магадлалд дурдсанаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 369, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар хуулийн хүчин төгөлдөр тогтоолуудаар “тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг нягтлан шалгах, хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэх үүрэгтэй талаар буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага “өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй” байх талаарх хуулиар тогтоосон тус журам тайлбарлан хэрэглэгдсэн байгааг дурдах нь зүйтэй гэж энэхүү хэрэг маргаанд хамааралгүй жишээ авсан. Манай захиргааны маргааны хувьд аймгийн Биеийн тамир спортын газрын хүсэлтээр газар эзэмших эрхийг шилжүүлээгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар шилжүүлсэн газар юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”, 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Эцэст нь дурдахад төрийн эрх бүхий байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллага ноцтой хохирч байна.
Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэснээс үзвэл газар эзэмших гэрээ, гэрчилгээ, түүнчлэн мэдээллийн сан дахь газрын бүртгэл, кадастрын зураг зэрэг нь газар эзэмших эрхийг олгосон хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэх ёстой.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Увс аймгийн Биеийн тамир спортын газарт тус аймгийн Засаг даргын 2011 оны А/746 дугаар захирамжаар 13427.6 м.кв газрыг “Спортын ордон”-ын зориулалтаар олгосон, мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/102 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х т” ХХК-д 4394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн боловч 2016 оны А/746 дугаар захирамжаар уг захирамжаа хүчингүй болгосноор анх Биеийн тамир спортын газарт 13427.6 м.кв газар эзэмших олгосон 2011 оны А/746 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь сэргэсэн байна. Гэтэл хариуцагчаас дахин 2016 оны А/347 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х т” ХХК-д Биеийн тамир спортын газрын эзэмшил газарт 1500 м.кв газар эзэмшүүлэх эрх олгохдоо гуравдагч этгээдийн эзэмшил газрыг өөрчилсөн ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байна.
Иймээс хариуцагч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн 2016 оны А/347 дугаар захирамжийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон 2016 оны А/570 дугаар захирамж хууль ёсны байна.
Эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх шийдвэргүйгээр газрын гэрээ, гэрчилгээ, бүртгэлтэй байх нь хууль бус тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Давж заалдах шатны шүүх Засаг даргын 2011 оны А/746 дугаар захирамжийг хүчингүй болгосон нөхцөл байдал 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс үгүй болсон гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ..., мөн магадлалд тус аймгийн Биеийн тамир спортын газар нь 13427.6 м.кв газрыг хууль ёсоор эзэмшигч байх үед аймгийн Засаг дарга 2016 оны А/374 дүгээр захирамжаар “Х т” ХХК-д 1500 м.кв газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчсөн гэж буруу дүгнэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар аймгийн Биеийн тамир спортын газар нь нэгж талбарын 8516009146 дугаарт 8550 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь “Х т” ХХК-ийн 1500 м.кв газартай давхцаагүй байна. Тэгэхээр хариуцагч Увс аймгийн Засаг даргын А/570 дугаар захирамж хууль бус” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “Магадлалд ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11/03 дугаар тогтоол гарахаас өмнө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн хүсэлт, төлөвлөгөө хавсаргагдаагүй зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагчаас маргаан бүхий А/570 захирамж гаргасныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг ноцтой зөрчиж хууль бус үнэлэлт дүгнэлт өгсөн” гэж маргаж байгаа ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11/03 дугаар тогтоол хууль журмын дагуу батлагдсан эсэх нь энэхүү хэргийн үйл баримтад ач холбогдолгүй юм.
Учир нь, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолоор маргаан бүхий газрыг хоёр хуваан эзэмшүүлэхээр төлөвлөсөн ч уг тогтоол нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх эрх олгосон, эсхүл өөрчилсөн шийдвэр биш бөгөөд энэ нь хариуцагчийн бусдын эзэмшил газарт давхцуулан олгосон 2016 оны А/347 дугаар хууль зөрчсөн актыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Мөн магадлалд төрийн байгууллагад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Хэдийгээр нэхэмжлэгчээс “Аймгийн Биеийн тамир спортын газар нь Газрын тухай хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрхийг ерөөсөө эдлээгүй ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хэрэгжүүлсэн юм. Тэгэхээр аймгийн Биеийн тамир спортын газар Газрын тухай хуулийн 35.1.4, 38.1-д заасан эрхийг ерөөсөө хэрэгжүүлээгүй болно” гэж маргаж байгаа боловч хэргийн үйл баримтаас үзвэл анхнаасаа Биеийн тамир спортын газрын эзэмшил газарт байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууцны барилга бариулахаар хоёр байгуулагын хүсэлтийг үндэслэн удаа дараагийн захирамжуудыг гаргаж байсан нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, анхнаасаа хууль ёсоор үүсээгүй эрхийг хариуцагчаас хүчингүй болгосныг нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ