Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 226

 

С.Ня-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч С.Ня-, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр магадлалтай 1731001330114 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй С.Ня- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ня-г мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож,  5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ня-гээс “Комацу ПС200-71АТТ” загварын 9547 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг: “7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ня-гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Комацу ПС-200-71АТТ”  маркийн 9547 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх “Экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 7.2 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг шүүх заавал хэрэглэх тухай заалт байхгүй бөгөөд хэрэв шаардлагатай бол хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг хураах тухай заасан.

Шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас 3.698.376 төгрөгийн хохирол учирсан байдаг. Гэтэл шүүх учруулсан хохирлоос илүү буюу 47.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учруулсан хохирлоос их хэмжээтэй албадлагын арга хэмжээ болсон бөгөөд шүүгдэгч хохирлоо төлж байхад албадлагын арга хэмжээг хэрэглэж байгаа нь хуулийн заалтад нийцэхгүй байна. Прокурорын зүгээс экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг төлүүлэх тухай санал гаргаагүй, яллах дүгнэлтэд заагаагүй байхад шүүх өөрөө санаачлан тус албадлагын арга хэмжээг авч байгаа нь хүний эрхийг дордуулсан үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд  “экскаваторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэсэн заалтыг хасаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь сард 10.000.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, 2 экскаваторыг ашиглан, 10 хүнийг хөлслөн ажиллуулж, 0.7га, доошоо 5 метр газрыг ухсан. Шүүгдэгчийн олборлох гээд байгаа ашигт малтмал нь яг ямар ашигт малтмал болох нь тогтоогдоогүй. Шинжээч тухайн газар ямар ашигт малтмал ухаж, эдийн засагт хэр хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн.

Газрын тосны газрын албан бичигт тухайн газар нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор хамгаалалтын сан бүхий газраар тогтоогдсон. Сумын Засаг даргын тамгын газар хохирогчоор тогтоогдсон нь үндэслэлтэй эсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн ойлголт, гэмт хэргийн шинжийг тодорхой тогтоосон. Хохирол гээд байгаа 3.698.376 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Ашигт малтмалыг олборлоод хир хэмжээний хор хохирол учруулсныг тогтоож чадаагүй тул хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн тухайн экскаватор, ЗИЛ-130 автомашиныг ашигласан гэдгийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.Ня- нь 2017 оны 07 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Харганы ам “Хүн чулуу” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, байгаль орчинд 3.698.376 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх С.Ня-гийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг баримталсан нь буруу болсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах, үгүйсгэн дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН