Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

    

     2024            01             09                                               2024/ШЦТ/75

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч ***, өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), *** оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, “***” ХХКомпанид инженер ажилтай, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод ***тай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1403 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 7-8, 13, 16-17, 27 дугаар хуудас),

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн хүсэлт, 120.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод ***тай маргалдаж, эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ын өгсөн “2023 оны 10-р сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад гэртээ ***, *** нарын хамт байсан. *** бид хоёр архи хувааж ууж байхад *** ганцаараа орж ирсэн. Удалгүй ***ын эхнэр ***, хүү ***, дүү *** нар орж ирсэн. “Бид нарыг нийлж архи уулаа” гээд орилж чарлаад маргаан үүссэн. ***ын хүү *** намайг өшиглөж унагаагаад нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

- Гэрч ***ын “2023 оны 10-р сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад ***, төрсөн ах *** бид гурав архи уугаад сууж байтал эхнэр ***, эгч ***, хүү *** нар ирсэн. “Бид нарыг нийлж архи уулаа, ажил хийхгүй байна” гэж хэлээд маргалдсан. *** миний шанаа руу цохиход хүү *** харж байгаад ***ын хамар хэсэг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13690 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед хамрын яс, таславчийн хугарал, 2 нүдний зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын яс, таславчийн хугарал, 2 нүдний зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***г тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ***, өмгөөлөгч нар “...хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон” болохыг дурдах нь зүйтэй юм.

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй,  Шүүхээс хуралдааны товыг мэдэгдэхэд “...оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***т эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын талаарх баримт (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас) авагдсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас “...гэмт хэргийн улмаас *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон. Дээрх тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар хуудас)-ийг өгсөн ба шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бусдын эрүүл мэндэд халдан хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн биед олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нэлээдгүй гэмтэл учирч, Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар  хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй, тэрээр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, “***” ХХКомпанид инженер ажилтай, тодорхой орлого олдог талаарх баримт авагдсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг төдийгүй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахыг зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчмыг хангадаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ял оногдуулсан төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д  урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР