| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
2024 01 11 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Очирваанийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***ыг цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ыг цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр авга ах ***ийн утас руу төрсөн дүү *** залгаж “Эхнэр *** өөрийгөө хутгалчихлаа” гэсэн. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Сувдан төвийн замын хажууд очиход “Эхнэр нь өөр хүнтэй явж байгаад баригдаад өөрийгөө хутгалчихлаа” гээд орилоод байсан. ***, *** хоёрыг автомашинд суулгаад явж байхад “Та нар намайг өмөөрөхгүй бэрээ өмөөрлөө” гээд орилоод байхаар нь “Чи хүнээс санаа зовдоггүй юм уу” гэхэд миний эрүү рүү гараараа нэг удаа цохисон. “Зүгээр суу” гээд алгадахад толгой, нүүр рүү хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. *** дийлдэхгүй байхаар нь замдаа буулгаж үлдээгээд ***ыг эмнэлэгт үзүүлээд байж байхад “Манай гэрт агсам тавиад байна” гээд охин *** уйлаад ярьсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
- Гэрч ***ын “Автомашинд явж байхад *** “Би бууя” гээд орилоод байсан. Эгч нь нэг удаа алгадахад эгчийгээ үсдээд толгой, нүүр хэсэг рүү нь цохиод болихгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9062 дугаартай “***ын биед зүүн сарвуунд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ***ын биед хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч ***ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” оролцсон, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй “...гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 72 дугаар хуудас)-ийг гаргасан тул шүүгдэгч ***ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар шалган тодруулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд баталж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР