| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
2024 01 16 2024/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Г.Янжиндулам,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***тэй маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1378 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 10, 21-22, 32-33, 61-62, 72, 77-103, 108-113 дугаар хуудас)”,
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***тэй маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ийн өгсөн “2023 оны 4-р сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Арвайн үндэс” ХХК-ийн хойд талын уулзвар дээрээс эргэхэд миний зүүн хойд талын дугуйг *** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. 30 орчим насны эмэгтэй хүн гарч ирээд хэрүүл хийж байгаад цагдаа дуудсан. Тэр эмэгтэйн аав гэх хүн 20-30 орчим насны 3-4 залуучуудтай ирсэн бөгөөд архи үнэртүүлсэн байсан. Надтай тэр залуучууд хэл ам хийгээд чи мөргөсөн гээд дайраад байсан. Нэг ногоон куртиктэй 30 гаруй насны дунд зэргийн нуруутай бор арьстай залуу миний шанаа хэсэгт нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохих гэтэл миний хоёр гарыг барьсан. Тэгээд миний ам хэсэг рүү нэг удаа цохисны улмаас нэг үүдэн шүд унасан. Би тэр хүмүүстэй 10 гаруй минут маргалдаж байгаад нөгөө залуу дахин баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Аваар хийдэг эмэгтэй болон түүний аав үлдээд бусад нь зугтаад алга болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
- Гэрч ***гийн “2023 оны 4-р сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд ажлаасаа тараад Дүүргийн нэгдсэн эмнэлэг орчхоод нөхөр *** рүү залгахад “21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байна” гэсэн. Ингээд нөхрийн барьдаг хүүхдийн автобусанд суугаад Улаан чулуутын эцэс орж тарж байгаа хүүхдүүдийг суулгаад буцаад “Арвайн үндэс”-ийн уулзвар дээр явж байтал нэг эмэгтэй автобусны хойд хэсэг рүү мөргөсөн. *** буугаад тэр эмэгтэйтэй юм ярьж нэлээн удсан. Нэг харахад манай нөхрийн амнаас цус гарчихсан байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
- Гэрч ***гийн “Ерөнхий боловсролын *** сургуульд хүүхэд зохицуулагч ажилтай. Тус өдөр жолооч ***ийн хамтаар хүүхдүүд зөөж байсан. “Арвайн үндэс”-ийн уулзвар дээр ирэхэд автобусны хойд талын дугуй руу цагаан өнгийн машинтай эмэгтэй мөргөсөн. Бид нар автобусандаа сууж байтал жолооч ах хэд, хэдэн хүмүүстэй маргалдаж байсан. Автобусны хаалга хаалттай байсан учир бууж чадаагүй, маргалдаад заамдалцаад байсан. Нэг харахад *** ах газарт унасан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5670 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед дээд уруулд язарсан шарх, дээд баруун 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн 1-р шүдний сулрал, салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.04.27-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шарх, шүдний булгарал, сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цус хуралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5%-иар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.4 Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээтэй холбоотой баримт(хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас)-аар нийт 3.440.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн төлөөлөгчөөс “хохирогч ***ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зарцуулсан 209.000 төгрөгийн талаарх баримт(хавтаст хэргийн 115 дугаар хуудас)-аар” тус тус нэхэмжилсэн байна.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулж шийдвэрлэх учиртай бөгөөд хохирогчоос гаргаж өгсөн “Рүүт оф дэ ворлд” ХХКомпанийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №052 дугаартай “Золо лент шүдний эмнэлэгт *** нь 11-р шүдний булгарал болон 21, 22 дугаар шүдний нэгдүгээр зэргийн хөдөлгөөнтэй оношлогдсон. Эмчилгээний зардалд 11-р шүд имплант 3 сая, мөн 21, 22 дугаар шүдийг бэхэлж 13-24 дүгээр шүдэнд чиг тавих эмчилгээ 200.000 төгрөг” гэх баримтаас үзэхэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байх тул Шүүх хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин 52.000 төгрөгөөр эмийн сангаас эм, бэлдмэл худалдан авсан зардлыг хохиролд тооцож (209.000+52.000=261.000төгрөг) шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “...одоо банкаар шилжүүлээд төлчихье, завсарлага авах шаардлагагүй” гэх тайлбарыг гарган, холбогдох баримтуудыг өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах”, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 106 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан, улмаар эрүүл мэндэд халдан хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг удаагийн үйлчлэлээр хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5%-иар тогтонги алдагдуулна гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, “***” ХХКомпанид жолоочоор ажилладаг, тодорхой орлого олдог талаарх баримт хэрэгт авагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзвал зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй шүүгдэгчийн хандлага зэргийг харгалзан торгох ялын хэмжээг хөнгөрүүлсэн болно.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР