Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0523

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.К*******н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******

Нэхэмжлэгч: Х.К*******

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Х.Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 01 дугаартай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг, Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай Х.К*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Х*******ийг Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгох.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2026/0071 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 110/2026/0044/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.К*******гаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга, сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 01 дугаартай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг, Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай Х.К*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Х*******ийг Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгох”-оор маргасан.

2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2026/0071 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.4.1, 56.5.2, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 01 дугаартай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг, Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай Х.К*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Х*******ийг Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүх Х.К*******н нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын Засаг даргад холбогдох тус багийн Засаг даргад бүрэн дунд боловсролгүй Х.Х*******ийг нэр дэвшүүлсэн маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас Х.К*******н тус шүүхэд гаргасан "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 01 дугаартай "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай "Х.К*******г үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Х*******ийг Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4"Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. 56.4.1"хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой" гэж хуульчилсан байна. Гэтэл гуравдагч этгээд Х.Х******* болон шүүхэд хариуцагчаар татагдсан Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч Д.Н*******ээс шүүхэд гаргаж өгсөн дараах бичгийн нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзэж байна. Үүнд:

Павлодар мужийн Боловсролын газар Ертис дүүргийн Боловсролын хэлтсийн "Панфилов ерөнхий боловсролын дунд сургууль" төрийн нийтийн байгуулагаас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон № 01-34-18 тоот "тодорхойлолт",

Павлодар мужийн Боловсролын газар Ертис дүүргийн Боловсролын хэлтсийн "Панфилов ерөнхий боловсролын дунд сургууль" төрийн нийтийн байгуулагаас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон № 01-34-19 тоот "тодорхойлолт",

Казакстан Улсад боловсрол эзэмшсэн гэх ЖОБ №1412094 дугаартай аттестат /Бүрэн дунд боловсролын гэрчилгээ)-ыг Казакстан Улсын Павлодар мужийн Боловсролын газрын Эртис дүүргийн Боловсролын хэлтсийн "Панифиловын бүрэн дунд сургууль" КММ-ийг төгсөж, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн гэх бичиг баримтыг тус сургуулиас 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгосон байна.

Бодит байдалд Х.Х******* нь 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ногооннуур сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвших үед дээрхи хоёр тодорхойлолтууд болон ЖОБ №1412094 дугаартай аттестат нь үйлдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Х.Х******* нь тус сургуулийг төгссөнөөс хойш 18 жилийн дараа буюу 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр олгосон "Тодорхойлолтууд", 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгогдсон гэх аттестат нь эргэлзээтэй нотлох баримт гэдэг нь илт тодорхой байна. Учир нь Х.Х******* нь тус сургуулийг төгссөн бол 1998 онд аттестатыг олгох учиртай ба хэрвээ үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгосон бол Х.Х*******т урьд сургуулийн захиргаанаас ямар дугаартай аттестаттыг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр олгогдож байсан тухай нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг гуравдагч этгээдээс захиргааны хэрэгт гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Харамсалтай нь энэ талаар гуравдагч этгээдээс анх 1998 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэх нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

3.3.Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоол болон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар "Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, зөвлөл байгуулах тухай" тогтоолд хуралдааны даргалагч гэх Д.Н******* гарын үсэг зурсан боловч тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга тус тус дарагдаагүй байна. Иймээс дээрхи 2 тогтоолуудад багийн Иргэдийн Нийтийн Хурлын тамга дарагдаагүй нь уг тогтоолуудыг хууль ёсны эсэхэд эргэлзээтэй гэж үзэж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримтууд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй" гэснийг үндэслэн дээрхи 5 төрлийн нотлох баримтыг нотлох баримтаас хасах тухай шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5"Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэснийг ноцтой зөрчиж эргэлзээтэй дээрхи таван төрлийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2"Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110\ШШ2026\0071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 01 дугаартай "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай "Х.К*******г үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Х*******ийг Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдэрийг хэвээр үлдээв.

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1-т заасан багийн Засаг даргад нэр дэвшигч нь “…бүрэн дундаас дээш боловсролтой” байх шаардлагыг нэхэмжлэгчтэй өрсөлдөж олонхийн санал авсан гуравдагч этгээд Х.Х******* хангасан эсэх нь энэхүү маргааны тухайд гол асуудал байх бөгөөд энэ талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэлт өгчээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Х.Хумирбекийн БНКУ-д 1998 онд ерөнхий боловсролын 11 дүгээр анги төгссөн гэх бүрэн дунд боловсролын гэрчилгээг 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дахин олгосон байгааг эргэлзээтэй гэж маргасан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болсон ч, цаг хугацааны хувьд дээрх гэрчилгээг энэхүү хурлаас хойш дахин олгосон нь, анх багийн Засаг даргад дэвших үед гаргаж өгөөгүй зэрэг нь гуравдагч этгээдийг бүрэн дунд боловсрол эзэмшээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-д дурдсанчилан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар баталсан Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-д зааснаар Х.Хумирбекийн дээрх бүрэн дунд боловсролын гэрчилгээг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлж үзэх бөгөөд дахин нөхөн олгосон гэрчилгээг 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөр огноолсон нь энэхүү маргаанд төдийлөн ач холбогдолгүй.

2.Давж заалдах гомдолд “...1998 оны аттестатаа үрэгдүүлсэнийг нөхөн олгосон бол Х.Хумирбект урьд нь сургуулийн захиргаанаас ямар дугаартай аттестатыг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр олгож байсан тухай нөхцөл байдлыг нотлох баримтыг гуравдагч этгээдээс гаргаж өгөх ёстой…” гэх боловч хэрэгт БНКУ-ын Павладор мужын Боловсролын газар, Ертис дүүргийн боловсролын хэлтсийн “Панфилов ерөнхий боловсролын дунд сургууль”-ийн захирлын 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт авагдсан энэ тохиолдолд үрэгдүүлсэн гэрчилгээг анх хэзээ, хэрхэн олгосон талаарх нотлох баримтыг шаардах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, …баримтыг …шаардан гаргуулж болохгүй” гэсэнтэй зөрчилдөхөд хүргэнэ.

Харин тус сургуулийн тодорхойлолтууд болон нөхөн олгосон аттестат хуурамч болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдвол гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх төдийгүй энэ нь энэхүү шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болох тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах үндэслэл болно.

3.Шүүхийн шаардсаны дагуу нотлох баримтаар ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01, мөн өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, зөвлөл, байгуулах тухай” 02 дугаар тогтоолд тус тус тамга, тэмдэг дарагдаагүй, тийм ч учраас нэхэмжлэлийн нэг шаардлагад хамаарах маргаан бүхий 01 дүгээр тогтоолыг энэхүү үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, гэвч үүнийг нотлох баримтаас хасах тохиолдолд хэрэгт маргаан бүхий акт байхгүй болох үр дагаварт хүргэхээс гадна тус тогтоолыг үндэслэн Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаар захирамжаар “бүрэн эрийн хугацаа нь дуусгавар болж, багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авч чадаагүй” нэхэмжлэгч Х.Куркебекийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гуравдагч этгээд Х.Х*******ийг Улаанчулуу багийн Засаг даргаар томилсон байх тул зөвхөн тамга дарагдаагүй гэдгээр нь нотлох баримтаас хасах боломжгүй, энэ талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс БНКУ-ын ерөнхий боловсролын аттестатыг хуурамч нотлох баримт гэж үзээгүй, мөн үгүйсгээгүйг болон гуравдагч этгээд Х.Х******* нь 2025 онд The Rice сургалтын төвд нягтлан, нярав мэргэжлээр суралцаж төгссөн байгааг тус тус тэмдэглэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2026/0071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                        ШҮҮГЧ                                             Б.АДЪЯАСҮРЭН

                  ШҮҮГЧ                                             М.ЦЭЦЭГМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН