Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2124000150015 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсын иргэн, суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт. регистрийн дугаартай ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хуруу эрээн гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5.01 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед Завхан аймгийн Тэлмэн сумын төв рүү Зил-131 маркийн 67-74 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,520,930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хуруу эрээн гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.30 метрийн урттай 80 ширхэг буюу 5.01 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед Завхан аймгийн Тэлмэн сумын төв рүү Зил-131 маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:

Гэрч *******н: “...Манай нөхөр ******* 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Магнай гэх залуугийн хамт Тэлмэн сумын төвд өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн автомашинаар хуурай шинэс төрлийн моднуудыг хөдөөнөөс тээвэрлэн оруулж ирээд хашаандаа буулгаж байсан юм. Манай нөхөр ******* надад хэлэхдээ тухайн моднуудыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр  Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хуруу эрээн гэх газрын ойгоос ганцаараа хийж бэлтгэсэн гэж хэлж байсан юм. Ойгоос бэлтгэсэн моднууд нь хуурай шинэс төрлийн 4.20-4.30 орчим метрийн урттай нарийхан моднууд байсан. Тухайн моднуудыг 2020 оны 10 сард ойгоос бэлтгэх үедээ ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авалгүйгээр бэлтгэсэн байна лээ. Эрхийн бичиг гоожин авалгүй бэлтгэсэн гэдгийг би саяхан өөрөөс нь мэдсэн юм...” гэсэн /хх 24/,

Гэрч *******: “...Би 2009 оноос хойш өнөөг хүртэл байгаль хамгаалагчаар тасралтгүй ажиллаж байна. Би Тосонцэнгэл сумын Рашаант багийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагч байгаа юм.  Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт Тэгшийн эхэнд Хуруу эрээн гэх нэртэй газар байдаг юм. ******* нь 2020 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тэлмэн сумын иргэн ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэж болохгүй...” гэсэн /хх 26/,

Гэрч *******: “...Би Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт сумын ойн сангаас 2020 онд иргэдэд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгож байсан. Тэлмэн сумын иргэн ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэж болохгүй хуулиар хориотой. ******* нь 2020 оны 10 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ер нь бол тухайн иргэн 2020 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн /хх 28/,

Гэрч *******: “...Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж Рашаант багийн нутаг дэвсгэрт сумын ойн сангаас иргэдэд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгож байсан. ******* нь 2020 оны 10 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Угаасаа надаас 2020 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн /хх 30/,

Гэрч : “...Манай гэр Тэлмэн сумын төвд байдаг би өөрөө хөдөө  мал малладаг юм. Миний одоо санаж байгаагаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна. Намайг Тэлмэн сумын төвд гэртээ байхад ******* ах надтай уулзаад ах нь хөдөө мод хийгээд бэлдчихсэн байгаа хэдэн мод ачиж ирэх гэсэн юм. Чи  завтай бол ахтайгаа хамт яваад мод ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би тэр үед зөвшөөрөөд 11 дүгээр сарын 20-ны үед ******* ахтай хамт түүний өөрийн эзэмшлийн бор ногоон өнгийн ЗИЛ-131 маркийн автомашинаар яваад Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хуруу эрээн гэх газарт очоод тэнд хийгээд бэлдчихсэн хураасан байсан 4 метр гарангийн урттай моднуудыг ******* ахын хамт ачилцаад Тэлмэн суманд хашаанд нь авчирч буулгасан. ******* ахыг тэр моднуудыг өөрөө бэлтгэсэн юм байлгүй гэж бодсон. Тухайн моднууд нь хуурай нарийвтар 4 метр гаран урттай шинэс төрлийн хар моднууд байсан юм. Тэр үед тухайн моднуудыг Зил-131 маркийн автомашин дээр хөндлөнгөөр ачиж тээвэрлэсэн...” гэсэн /хх 32/,

Гэрч : “...Манай суманд 2020 онд иргэдэд ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг хуулийн хүрээнд олгож бичилт хийсэн байгаа. Миний зүгээс иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг 2020 онд бичиж олгож байсан юм. Тухайн иргэний зүгээс 2020 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн /хх 34/,

Иргэний нэхэмжлэгч : “...Иргэн *******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэх /хх 13/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “...*******ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний мод байна. Уг моднууд нь 5,01 м3 хэрэглээний нарийн шургааг хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Рашаант багийн нутаг “Хуруу эрээн” гэх газар нь ойн сангийн 1-р мужлалд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт хамрагдана. *******ийн ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг, бэлтгэсэн 5,01 м3 хэрэглээний нарийн шургааг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,520,930 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 16-18/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Хуруу эрээн гэх газрын ойгоос 4.30 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 80 ширхэг модыг ойгоос хууль бусаар бэлтгэж 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Тэлмэн сумын төв рүү өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 67-74 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж цагдаагийн байгууллагаар шалгагдах болсон. Би тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ ганцаараа хийж бэлтгэсэн юм. Би ойгоос дээрх моднуудыг бэлтгэхдээ 30 гаран тооны босоо модыг огтолж тайрч унагаж 4.30-4.50 метрийн уртаар тайрч бэлтгэж байсан юм. Миний ойгоос бэлтгэсэн тухайн моднууд нь хуурай шинэс төрлийн хэрэглээний шургааг моднууд байгаа юм...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Хуруу эрээн” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 4.30 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 80 ширхэг буюу 5,01 м3 хэрэглээний хуурай модыг бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын төв руу Зил-131 маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 1,520,930 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “...*******ийн ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг бэлтгэсэн 5,01 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,520,930 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Хуруу эрээн” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.30 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 80 ширхэг буюу 5,01 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн 5,01 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,520,930 төгрөгийн хохирол учруулсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,562,790 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлж, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсын үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь “...Улсын дугаартай 67-74 ЗАА, марк “Зил”, эзэмшигч ******* *******...” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Н.Оюун-Эрдэнэ, Б.Баярмагнай нарын “...Модыг өөрийн эзэмшлийн “Зил-131” маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөсөн...” гэсэн, шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Зил-131” маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө миний өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Зил-131” маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4.30 метрийн урттай, 80 ширхэг буюу 5,01 м3 хэрэглээний хуурай модыг тус тус улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад “Зил-131” маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, 4.30 метрийн урттай, 80 ширхэг буюу 5,01 м3 хэрэглээний модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 4,562,790 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******эд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4.30 метрийн урттай, 80 ширхэг буюу 5,01 м3 хэрэглээний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 4,562,790 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Зил-131” маркийн 67-74 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, 4.30 метрийн урттай, 80 ширхэг буюу 5,01 м3 хэрэглээний модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ