Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох 2024000980026 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улсын иргэн,  төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай ******* овогт ******* Сэргэлэн.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэрт байрлах ******* гэрт түүний нүдэн тус газарт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч ******* гэрт түүний нүдэн тус газарт 2 удаа цохисон үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сэргэлэн гэх залуу согтуу орж ирсэн араас нь манай эхнэр орж ирсэн, манай эхнэрийн араас /******* нутгийн хүмүүс жуунай гэж дууддаг/ орж ирсэн тэгтэл түрүүлж орж ирсэн Сэргэлэн гэх залуу над руу шууд ирээд үг, мэндийн зөрүүгүй цохисон, миний зүүн мөр хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон би тэр үед малдаа гарах гээд хувцсаа өмсчхөөд гадаа машинтай хүн ирсэн болохоор юу хүмүүс байдаг юм бол гэж бодоод ширээнийхээ хажууд сууж байсан юм. Сэргэлэн намайг цохисны дараа би шууд өөдөөс нь барьцалдаж аваад босох гэтэл намайг гэрийн зүүн талын хөлдөөгчийн хажуу руу дараад унагаасан тэгээд ахиад цохихдоо миний зүүн нүд рүү цохисон. Би доод талд нь байсан болохоор шууд зүтгээд босож болохгүй байсан. Тэгтэл манай эхнэр Сэргэлэнг араас нь татаад надаас салгахаар нь би боссон. Надтай Сэргэлэн ахиад гэрийн баруун талд бас барьцалдаж авсан тэгээд миний зүүн нүд рүү маш хүчтэй цохиход би нүдээ дараад доошоо суусан. Намайг Сэргэлэн адуу мал хөөсөн чи дандаа адуу мал хөөдөг гэж байна гээд л зодоод байсан. 12 дугаар сарын 07-ны өдөр Улиастай сум руу явж нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний зовхи гэмтэлтэй байна. Хотод очиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Улаанбаатар хотод очоод хагалгаанд орсон. Миний ухархай яс цөмөрсөн, мөн нүдний доод талд байдаг саран хэлбэртэй нэг ял хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 15-17/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 4-ний өглөө 11 цагийн үед ******* гэх хүн хүнд зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Тэгээд манай эмнэлгийн машинаар жолооч ******* хамт яваад дуудлага өгсөн газар нь очсон. Тухайн үед *******х өвөлжөөндөө нэг гэрээрээ байсан гэрт нь ороход зодуулсан гэх ******* зүүн хоймортоо толгой маш их өвдөж байна бас зүүн гар нь даагдахгүй байна гээд хэвтэж байсан тэгээд намайг үзлэг хийхэд зүүн нүд нь хөхөрч хавдсан, нүдний салстанд цус хуралттай өөр бусдаар биед ил харагдах шарх соривгүй байсан. Тэгээд би даралтыг нь үзэхэд даралт нь 160х90, 150х80 гэсэн заалттай, зүрхний цохилт нь өндөр 1 минутад 92 удаагийн заалттай, ******* их өвдөж шаналсан байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гадаа нэг машин ирж зогсоод манайд Сэргэлэн, гэж дууддаг би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй хоёр хүн согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд шууд манай нөхөр рүү Сэргэлэн нь чи яасан их адуу мал хөөдөг новш вэ гэж хэлээд очоод шууд нүдэн тус газар нь хоёр удаа цохиод барьцалдаад авсан. Тэгэхээр нь би хүүш та нар чинь юу болж байгаа юм бэ болиоч гээд Сэргэлэн, өөрийн нөхөр хоёрын дундуур орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч : “...Нэг сэрээд ухаан ороход *******д /Амбаг гэж нутгийн хүмүүс авгайлж дууддаг нэр/ бид хоёр ирээд гэрт нь орж байсан санагдаж байна. Би тэгж ухаан орсон. Тэгээд би гэрт нь ороод шууд зүүн багана тушаа нь очоод суусан. Харин Сэргэлэн гэрийн баруун талаар өгсөөд шууд барьцалдаад цохиж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авсан. Амбаг ч гэсэн Сэргэлэнг зөрүүлээд цохиж байгаа харагдсан тэр үед эхнэр нь орилоод дундуур нь ороод зууралдаж ноцолдоод Амбагийг гэрээс нь гаргасан араас нь Сэргэлэн гарсан тэгээд нэг их удалгүй гурвуулаа эргээд ороод ирсэн тэгээд эхнэр нь утас шүүрч аваад цагдаа дуудна гэсэн. Сэргэлэн ******* өөдөөс чи муу пизда их адуу мал хөөдөг гэл үү гээд очиж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх 23-25/,

Хүний их эмч ******* 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн “...******* нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн  үед  хүнд  зодуулсан  гэх.  Үзлэгээр: Зүүн нүд хавдаж хөхөрсөн зүүн хөмсгөн дээр 1х2 см орчим улайсан, зүүн нүдний дээр цус хуралт, зүүн мөр хавдсан...” гэсэн /хх 34/ тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******гийн: “...Цэдэндорж ах өнгөрсөн намар хүүхдийн үсний найраас үлдсэн юм гээд том пивоны савтай монгол архи гаргаж ирсэн. Түүнийг нь бид хоёр хувааж уусны дараа ахиад 2.5 литрийн пиво гаргаж ирсэн. Түүнийг нь уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд би гэрээс нь гэртээ харина гэж гараад ухаан алдаж тасарсан байсан. Тэгээд өглөө 09 цагийн үед сэргэтэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэр овгор улаан гэх газарт нутаглаж байсан Амбага ахынд Цэдэндорж ах бид хоёр ирсэн. Тухайн үед бид хоёр согтуу байсан. Тэгээд би Цогбадрахын гэрт нь муудалцаад зодолдсон байдалтай миний хамраас цус гарсан гэрийн зүүн урд хэсэгт зогсож байсан. Тэгээд би Цогбадрах ахын эхнэр Нараа эгчээс юу болсон талаар асуухад нараа эгч чи сая Амбагыг зодчихлоо одоо цагдаа дуудлаа гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч ******* нүдэн тус газарт цохисон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь:

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаярын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000000358 дугаартай “...******* биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ******* биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 31/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай: "...******* биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд учирсан байна. ******* биед учирсан...гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ******* биед үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх ба тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 59/ шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ч.******* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******гийн хохирогч ******* нүдэн тус газарт 2 удаа цохисон үйлдэл, хохирогч ******* биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд *******гийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...******* нь хохиролд 3,000,000 төгрөг өгсөн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 3,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Сэргэлэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 3,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ