Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2124000140014 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсын иргэн, төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мараат гэх Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.336 м3 түлээний модыг бэлтгэж ойн санд 1,316,318 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мараат гэх Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 50 ширхэг 4.336 м3 модыг бэлтгэсэн болох нь:

Гэрч *******: “...Манай нөхөр ******* 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр надад ярихдаа Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мараат гэх газрын ойгоос 4 метрийн 50 ширхэг мод хийчихлээ гэж ярьж байсан юм. Манай нөхөр ******* тэр ойгоос бэлтгэсэн гэх моднуудаа миний мэдэхийн тэндээс авч чадаагүй байх надад мод ачиж ирлээ гэж хэлээгүй юм. Тэгсэн манай нөхөр *******ын 2020 оны 10 сард ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгагдах болсныг би өнөөдөр мэдлээ. Манай нөхөр тэр  моднуудыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй юм шиг байна лээ. Надад гоожин авсан талаар ямар нэгэн юм хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх 24/,

Гэрч *******: “...Манай аав ******* 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний үед байх надад ярихдаа “2020 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мараат гэх газраас 4 метрийн урттай хэрэглээний 50 ширхэг мод хийчихлээ удахгүй тэгж байгаад унааны эв харж байгаад очиж авчирна” гэж байсан юм. Харин манай аав ******* тэр моднуудаа тухайн газраас тээвэрлэж чадаагүй юм. Миний хувьд манай аав тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авсан байсан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан манай аав Мараат гэх газраас мод хийсэн гэж надад ярьж байсан юм. Миний хувьд аавтай хамт мод хийгээгүй учир хэчнээн ширхэг мод хийж бэлтгэснийг яг үзэж хараагүй надад аав хэлэхдээ хэрэглээний 50 ширхэг 4 метрийн урттай мод хийчихлээ гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 27/,

Гэрч *******: “...******* нь 2020 оны 10 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2020 онд ч ямар нэгэн эрхийн бичиг гоожин аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 29/,

Гэрч *******: “...Би Тэлмэн суманд байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сард Тосонцэнгэл суманд ажиллах тушаал гарсан юм. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж Рашаант багийн нутаг дэвсгэрт сумын ойн сангаас иргэдэд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгож байсан. Тэлмэн сумын иргэн ******* гэх хүн 2020 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 33/,

Гэрч *******: “...******* нь 2020 оны 10 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ер нь бол тухайн иргэн 2020 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 31/,

Гэрч : “...Тухайн иргэний зүгээс 2020 онд надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 35/,

Иргэний нэхэмжлэгч : “...Иргэн *******ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болон Тосонцэгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх 12/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай “...*******ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний мод байна. Уг моднууд нь 4.336 м3 хэрэглээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Рашаант багийн нутаг “Мараат” гэх газар нь ойн сангийн 1-р мужлалд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт хамрагдана. *******ын ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг, бэлтгэсэн 4.336 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,316,318 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 15-18/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ын: “...Би 2020 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 сарын 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мараат гэх газрын ойгоос 4 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 50 ширхэг модыг ганцаараа ойгоос хийж бэлтгэсэн. Би тухайн моднуудыг бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан хөрөөг ашиглаж моднуудыг гараараа өнхрүүлж, биеэрээ чирж бөөгнүүлж бэлтгэсэн. Харин би мод хийхээр очих үедээ өөрийн эзэмшлийн зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй дөл тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морийг унаж ой модонд очиж байсан. Би тухайн моднуудыг ойгоос бэлтгэх үедээ ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр хууль бусаар бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Мараат” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 4.336 м3 хэрэглээний хуурай модыг бэлтгэсэн болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 1,316,318 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай “...*******ын ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг бэлтгэсэн 4.336 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,316,318 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Мараат” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4.336 м3 хэрэглээний хуурай модыг бэлтгэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 77-78/ тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын 4.336 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,316,318 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,948,954 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.******* нь төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор зүсмийн нас гүйцсэн морь, Хятад улсын үйлдвэрлэсэн цахилгаан цагаан өнгийн хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь “...Би тухайн моднуудыг бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан хөрөөг ашиглаж...мод хийхээр очих үедээ өөрийн эзэмшлийн “Зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй дөл тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морь”-ийг унаж ой модонд очиж байсан юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй дөл тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсын үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай, 50 ширхэг хэрэглээний 4.336 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй дөл тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морь, цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, 4 метрийн урттай 50 ширхэг хэрэглээний 4.336 м3 модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 3,948,954 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, прокурорын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******ад хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй дөл тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 50 ширхэг хэрэглээний 4.336 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 3,948,954 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй дөл тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морь, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, 4 метрийн урттай 50 ширхэг хэрэглээний 4.336 м3 модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ