Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох 2124000260033 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын төвийн баруун зах хэсэгт өөрийн гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******ыг бусадтай бэлгийн харьцаанд орсон гэх шалтгааны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын төвийн баруун зах хэсэгт хохирогч *******ын нүүр нь тус газарт цохисон гэх үйл баримт нь:

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд  өгсөн: “...Намайг үнэнээ хэл гээд намайг зодсон. Тэгээд миний нүүр, ам, бие рүү гараараа хамаагүй цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /16-17/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард би орон нутгийн сонгуульд ажилласан. Тэгээд сонгуулийн ажил дуусаад манай дүү ******* Завхан аймгийн иргэдийн хуралд нэр дэвшээд ялалт байгуулсан гээд тэдний гэрт бид бөөндөө цуглаад архи уусан. Тэндээсээ гараад *******ын гэрт очсон юм шиг байна лээ. Гэртээ ирээд унтаж байхад ******* 10 цагийн орчим манай гэрт ирэхдээ архи уусан байсан. Намайг сэрээгээд манай эхнэр бид хоёрыг гараад ир гээд хамт гарсан. Эхнэр бид хоёр *******ын машинд суухад эхнэр Энхтуул нь урд суудал дээр сууж байсан. Манай гэрийн гаднаас хөдлөөд ******* намайг 1 шил архи авчих гэхээр нь би 1 шил 0.700 граммын “Ерөөл” гэдэг архи авсан. Тэгээд бид нар Их-Уул сумын төвөөс баруун тийш гараад нэг газар очиж зогсож байгаад ******* бид хоёр нөгөө 1 шил архиа уугаад бид 4 машинд юм яриад суусан. Тэгээд машинд сууж байгаад ******* согтоод эхнэр Энхтуул руу дайраад Энхтуулын нүүрэн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд машинаас буугаад бас эхнэрээ цохиж зодоод байсан. Тэгэхээр нь би боль гээд салгаж байсан. Тэгж байгаад дахин Энхтуулыг зодох гэхэд Энхтуул зугтаагаад ******* араас нь хөөгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-30/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонгуулийн ажилтай явж байгаад өглөө үүрээр 05 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай 3 хүүхэд унтаж байсан. Би ирээд унтаж байхад 07 цагийн орчим манай нөхөр гэртээ ирсэн. Тэгээд байж байтал ******* манай гэрт орж ирээд манай нөхөр бид хоёрыг гараад ир уулзах хэрэгтэй байна гэсэн. Нөхөр бид 2 гараад машинд нь суухад *******ын эхнэр Энхтуул машины урд суудал дээр сууж байсан. Тэгээд ******* манай эхнэр танай нөхөр Дагвадоржтой явалдаад байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би сонин болоод шокийн байдалд орсон. Тэндээс хөдлөөд сумын захад гарч зогсоод машин дотор тэр хоёрын талаар ярилцаж суусан. ******* манай нөхөр хоёр хамт архи уугаад сууж байсан. Би эхнэр Энхтуултай машин дотор юм яриад сууж байтал ******* согтсон юм шиг байна лээ эхнэрээ ална гээд дайраад эхэлсэн. Машин дотор сууж байхдаа ******* эхнэр Энхтуулыг 1-2 удаа цохисон санагдаж байна... ******* эхнэрээ ална гээд дайраад байхаар эхнэр Энхтуул нь зугтаагаад явсан...” /хх 32-34 гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох *******ыг гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар зодсон хэрэг үйлдсэн. Би эхнэрийнхээ хамар болон нүүр хэсэг рүү 2 удаа цохисон, миний энэ үйлдлээс болж эхнэрийн нүүрэнд гэмтэл учирсан байхаа энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйл баримтыг давхар нотолж байна дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч *******д хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 000000153 дугаартай: “...*******ын биед гэмтэл учирсан байна. *******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн өмнөд хэсгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. *******ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 40/ шинжээчийн дүгнэлт, “...******* 34 настай, 2020 оны 10 дугаар сарын 18-нд шинжилгээнд орсон, дүгнэлт бичсэн. Хамрын хянга ясанд хоёр талаас дотогш 3,7 мм гүн цөмөрсөн хугаралтай, эргэн тойрны зөөлөн эдэд цус хуралттай, хамрын таславч өмнөд хэсгээр бага зэрэг зөрүү бүхий хугаралтай ба таславч зүүн тийш мурийлттай...” гэсэн компьютер, томографын шинжилгээ зэргээр нотлогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын хохирогч *******ын нүүрэн нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдэл нь хохирогчид учирсан хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамрын таславч өмнөд хэсгийн хугарал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болох нь “...******* нь хохиролд хохирол  төлбөргүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбараар тус тус нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ