Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Нямжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох 2124000360036 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Улсын иргэн, суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд байсан, регистрийн дугаартай, Мугуй бүргэд овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 19-1919 тоотод цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын дагуу очсон эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч ******* биед халдаж хүч хэрэглэн улмаар албаны дүрэмт хувцас болон албаны дүрэмт хувцасны гадуур өмсөх хантааз, дотуур өмссөн байсан хар фудволкийг урсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Дэнжийн 19-1919 тоотод цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын дагуу очсон эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч ******* биед халдаж хүч хэрэглэн түүний өмсөж явсан албаны дүрэмт хувцсыг урсан үйл баримтууд нь:

Хохирогч Д.Жамъяндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 09 цаг хүртэл Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн томилгоот жижүүрийн үүрэг буюу эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр цагдаагаар гарч байсан. Тэгээд би 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 01 цаг 30 минутын орчимд жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* нь эрүүлжүүлэх саатуулах байранд орж ирээд дуудлага гарлаа, жижүүрийн офицер та бид хоёрыг хамт явчхаад ир гэж хэлэхээр би за тэгье гэж хэлээд эрүүлжүүлэх саатуулах байраа түгжчихээд өрөөнөөс хамт гарсан. Тэгээд би болон мэдээлэл хүлээн авагч цагдаа, тухайн өдөр жолоочоор гарч байсан цагдаагийн дэд ахлагч ******* хамт цагдаагийн хэлтсээс гараад, алаг тэргэнд суугаад дуудлага мэдээлэл өгсөн гэх айл руу явсан. Тэгээд би замдаа мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ээс ямар дуудлага ирсэн талаар асуухад намайг хэл амаар доромжлоод явчихлаа гэх дуудлага ирсэн гэж хэлсэн. Тэгээд мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* нь “Дуудлага мэдээлэл өгсөн гэх хүний дугаар руу залгаад та гэр хаана байдаг вэ” гэж асуухад “Эсээгийн гуанз” гэж хариулсан гэж надад хэлсэн юм. Дуудлага мэдээллээр “Эсээгийн гуанз” гэсэн тул тухайн газар бид гурав очсон. Тэгээд дуудлага өгсөн гэх эмэгтэй буюу Баяржаргал гэх хүнийг дугаар руу залгаад гараад ир гэж мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* өөрийн утсаар залгаж байсан. Уг дуудлага мэдээлэл өгсөн гэх Баяржаргал нь гарч ирэхээр нь алаг тэргэнд суулгаад юу болсон талаар асуухад Оогоо гэдэг бүтэн нэрийг сайн мэдэхгүй байна, Амгаланбаатар, Алтангэрэл нар манай гэрт орж ирээд, гарахдаа Алтангэрэл гэх эмэгтэй намайг хэл амаар доромжилсон гэж хэлсэн. Тэгээд тухайн дуудлага өгсөн гэх Баяржаргалыг алаг тэргэндээ суулгаад “Гэрийг нь заагаад өг” гэж хэлэхэд “За” гэж хариулаад Алтангэрэл гэх айлд очих үед тухайн хүн байхгүй байсан. Тэгээд буцаж гарч ирээд Амгаланбаатар гэх хүнийг хаана байдаг гэж асуухад “Би гэрийг нь мэднэ заагаад өгье” гэж хэлээд тухайн Амгаланбаатар гэх айлын хашаанд очсон. Тэгээд би болон мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар, дуудлага мэдээлэл өгсөн Баяржаргал нар машинаас буугаад тухайн хашааны хаалга онгорхой байхаар нь хашаан дотор ороод явж байтал байшингийн хаалгаар урдаас жирэмсэн бололтой нэг эмэгтэй хүн ирж байсан. Тэгээд би тухайн эмэгтэй хүнээс Амгаланбаатар гэх хүн байдаг уу гэж асуухад надад хариу хэлээгүй, харин бид нартай цуг явж байсан дуудлага мэдээлэл өгсөн Баяржаргал гэх хүнийг хараад, тухайн өмнөөс гарч ирсэн эмэгтэй нь өө ашгүй дээ өөрөө ч гэсэн хамт хүрээд ирээ шив дээ гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Тэгээд тухайн эмэгтэй хүний араас дагаад явж байтал хаалга онгойлгоод нэг эрэгтэй хүн гал түлж байгаа бололтой эрэгтэй хүнийг алгадсан, алгадсаны дараа тэр эмэгтэй түүнд хандан “очсон айлын чинь хүн хүрээд ирлээ” гэж хэлсэн. Алгадуулсан эрэгтэй нь гарч ирээд “муу гөлөгнүүд минь миний эзэмшлийн талбайд юу хийж байгаа юм” гэхээр би дуудлага мэдээллийн дагуу ажлаа хийж байна гэж хэлээд, цааш юу болсон талаар тодруулах гэтэл тухайн алгадуулсан хүн “юу гэнэ ээ пязда минь гээд” миний өмсөж байсан дүрэмт хувцасны энгэрээс барьж аваад над руу цохих гээд гараа далайгаад цохих гээд дайрсан. Тэгэхлээр би өөрийн биеэ хамгаалан хүч хэрэглэхээс өөр арга байгаагүй. Тэгээд би хөл тавих мэх хийж газар унагаасан юм. Газарт унагаасны дараагаар “муу сайн гөлөгнүүд минь ална даа та нарыг гэж хэлээд хутга дүрж ална даа та нарыг” гэж хэлээд хутга аваад ир гэж тухайн жирэмсэн гэх эмэгтэй хүнд хандан олон дахин хэлээд байсан юм. Тэгээд би тухайн үед гав байхгүй байсан учраас цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатарыг гав аваад ир гэж хэлсэн. Тэр үед дуудлага мэдээлэл өгсөн Баяржаргал болон тэнд байсан Алтангэрэл гэх нэртэй эмэгтэй хүн, бас нэг залуугийн хамт цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ******* хамт хэлтэс рүү явуулсан. Явуулсны дараагаар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн эрэгтэй хүнийг босгохгүйгээр байлгахаар шийдсэн. Тухайн үед тухайн хүний биеийн хэсэг нь дээш харсан байдалтай байсан ба тэр үед би тухайн эрэгтэй хүний гарыг бариад байж байтал эсэргүүцэл үзүүлж дүрэмт хувцас болон ногоон хантааз, дотуур өмсөж байсан хар өнгийн фудволкийг урсан. Мөн толгой хэсэг рүү алгадах болон цохих үйлдэл, бас хөлөөрөө өшиглөх үйлдэл хийж байхад мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* нь тухайн хүний хөлийг барьж хөдөлгөөний хязгаарласан юм. Тэр үед тухайн эрэгтэй хүн нь Төлөгнүүд, пязданууд, та нарыг ална даа гэж хэлээд” хэл амаар доромжилж, хэрцгий догшин авир гаргасаар байсан. Тэгээд байж байтал цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар алаг тэрэгтэй ирсэн. Тэгээд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар хашаан дотор орж ирээд гав аваад ирлээ гээд гав өгөхөөр нь би тухайн гавыг аваад тухайн эрэгтэй хүнийг цээжин хэсгийг доош харуулан хоёр гарыг нь ард нь байрлуулаад гавласан юм. Тэгээд гавласныхаа дараагаар тухайн хүнийг босгоод хоёр талаас нь сугадаад дэд ахлагч *******ийн хамт алаг тэргэнд суулгаад, хоёр талд нь суугаад, тухайн жирэмсэн гэх хүнийг машины урд талын суудал дээр суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Тэгээд тухайн эрэгтэй хүн цагдаагийн хэлтсийн үүдэнд ирээд машинаас буухгүй хоёр хөлөө суудал доогуур жийгээд байсан, гарахгүй гээд эсэргүүцэл үзүүлээд байсан учир тухайн залууг машины хаалгаар хүчээр татаж гарган дэд ахлагч *******ийн хамт хоёр талаас нь сугадаж хэлтэс рүү оруулсан. Тухайн залууг эрүүлжүүлэх байр руу оруулсан юм. Тэгээд би эрүүлжүүлэх саатуулах байрны эмчид утсаар мэдэгдсэн. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байрны эмч ирээд тухайн залууг үзэх гэтэл эсэргүүцээд, хэл амаар доромжлоод үзүүлээгүй юм аа. Тухайн үед би тэр эрэгтэйг Амгаланбаатар биш Энх- Амгалан болохыг нь мэдсэн. Тухайн эрэгтэй эрүүлжүүлэх байранд хоносон...” гэсэн мэдүүлэг/хх 19-20/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 03 сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутад цагдаагийн хэлтсийн цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 цаг 20 минутад цагдаагийн хэлтсийн 80251102 дугаараас миний өөрийн дугаар болох 95102226 дугаар руу залгаад “Дуудлага гарсан яаралтай ороод ир гэж тухайн өдрийн жижүүрийн мөрдөгчөөр гарч байсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч ******* утсаар холбогдон ярьсан” юм...Тухайн согтуу хүнд “Амрыг эрье” дуудлагын дагуу ирлээ гэхэд *******д хууль ёсны дагуу шаардлага тавих үед байшингийн хаалганы довжооноос шууд эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж руу чиглэн ирээд, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндоржийг цохих шиг болох үед нь иргэн *******г эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж нь өөрийн биеийг хамгаалан тонгорох үйлдэл хийгээд тухайн иргэн ******* гэх хүний хоёр гарыг биеийн ард байрлуулан гавлах үйлдэл хийх үед нь гав байхгүй учраас намайг эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж болон дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* нар нь гав аваад ир гээд хэлтэс рүү явах үед дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй болон үл таних эмэгтэй, тухайн хүний нөхрийнх нь хамт цагдаагийн хэлтэс дээр ирээд, тухайн гурван иргэнийг жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгөөд, гав аваад тухайн айлд эргээд очсон. Тэгээд иргэн *******г гавлаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Баян-Улаан хорооллын 11-1101 тоотод ******* гэх хүн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01 цагийн үед найз болон түүний эхнэр болох хашаан дотор ирээд, ******* нь танай гэрт архи байна уу гэж асуухад би архи байхгүй гэж хэлэх үед Алтангэрэл гэх эмэгтэй нь намайг балай авгай минь гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагын дугаар болох 70461102 дугаар руу залгаад дуудлага өгсөн юм. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байхад *******, найз болон түүний эхнэр болох Алтангэрэл нь манай хашаанаас гараад явсан юм. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч нар дуудлагаар ирлээ юу болсон юм гэж асуухаар би дүн гэж сая манай хашаан дотор ******* гэх хүн хэл амаар намайг доромжлоод яваад өгчихлөө гэж хариулахад хашаа явсан юм, та гэрийг нь мэдэх үү гэж асуухаар нь би мэднэ гэж хариулахад намайг алаг тэргэнд суулгаад, би *******гийн гэр болох Улаантолгой багийн Дэнж хорооллын 19-1919 тоот хашааны үүдэнд ирээд, би энэ хашааны хаалга нь ******* гэх хүний хашаа гэж хэлсэн. Тэгээд тухайн алаг тэрэгнээс буугаад тухайн хашааны хаалгаар орох үед тухайн хашаан дотор гадна талаараа байшин нь тоосогдсон байсан. Тухайн байшингийн хаалгаар орох гэтэл *******гийн эхнэр нь байшингийн хаалгаар гараад ирсэн. Тэр үед цагдаагийн алба хаагчид би ******* гэх хүний нэрийг Амгаланбаатар гэх хүн гэж буруу хэлээд байж байтал байшингийн дотор талаас ******* гараад ирсэн. Цагдаагийн алба хаагч нь ******* гэх хүнд “та бусдын амгалан тайван байдлыг алдуулсан байна” гэж хэлэх үед ******* нь “та нар намайг гэртээ байхад хааш нь авч явах гээд байгаа юм” гэж цагдаагийн алба хаагчид хандан хэлээд байсан. Тэгээд байж байтал ******* нь төрийн хувцас өмсчхөөд та нар намайг яаж ч чадахгүй шүү гэж хэлээд цагдаагийн алба хаагчийн өмнөөс чиглээд ирэхээр нь тухайн цагдаагийн алба хаагч өөрийн биеэ хамгаалан Энх- Амгаланг тонгороод, ******* нь газар унасан. Газарт унасны дараагаар нь цагдаагийн алба хаагч нь *******гийн хоёр гарыг биеийнх нь ард тал болгож байх үед цагдаагийн нэг алба хаагч нь гав аваад ир гээд хэлж байсан. Тэгээд намайг алаг тэргэнд суулгаад цагдаагийн хэлтэс дээр хүргэж ирсэн. Тэгээд байж байтал цагдаагийн хэлтсийн үүдээр *******г цагдаагийн алба хаагч нар гавлачихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи ууж байхад ******* нь гэрийнхээ галыг түлнэ гээд галынхаа өрөө рүү орох үед би хамт тухайн өрөө рүү орсон юм. Тухайн галын өрөөнд тамхи татаж байхад цагдаагийн алба нар орж ирээд Амгаланбаатар гэх хүн мөн үү гэж асуухаар нь ******* нь тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд ******* найз маань галын өрөөнөөс гарсан юм. Намайг галын өрөөнөөс гараад ирэх үед ******* гэх найзыг дуудлагаар ирсэн цагдаа нар нь дээр нь дарчихсан байсан. Тэгээд намайг болон манай эхнэрийг нэг цагдаа нь машинд ороод суу гэхээр би болон манай эхнэр хамт суусан. Тухайн *******гийн хашаанд Энх- Амгалангийн эхнэр болон *******, цагдаагийн хоёр алба хаагч нар үлдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 03 сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутад цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 01 цаг 10 минутад цагдаагийн хэлтсийн 70461102 дугаар руу 85222668 дугаараас залган “согтуу хүмүүс ирж хэл амаар доромжлоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу би жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч *******т уг дуудлага мэдээлэл ирлээ гэж танилцуулаад, би болон эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ******* хамт тухайн дуудлага мэдээлэл өгсөн Баяржаргал тэх хүний хаягаар очиж, дуудлага мэдээлэл өгсөн 85222668 дугаарын утас руу өөрийн дугаар болох 91117424 дугаараас залгаад “дуудлага мэдээллийн дагуу ирлээ, танай гэрийн хаяг нь дээр ирчихсэн байна. Та гараад ирэх үү” гэж асуухад “за” гэж хэлээд гэрээсээ гарч ирсэн. Тэгээд би тухайн мэдээлэл өгсөн гэх Баяржаргал гэх хүнээс хэн гэдэг хэл амаар доромжилсон юм гэж асуухад Амгаланбаатар гэх хүн ирээд, тухайн хүнтэй цуг явж байсан гэх хүний эхнэр нь намайг хэл амаар доромжлоод явчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд дуудлага мэдээлэл өгсөн гэх Баяржаргалаас тухайн хэл амаар доромжилсон гэх хүний гэрийн хаягийг нь мэдэх юм уу гэж асуухад “мэднэ” гэж хэлээд, алаг тэргэнд суулгаад тухайн хаяг руу явсан юм. Тэгээд тухайн хаягт дээр очих үед тухайн газарт хэн нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд тухайн газраас хөдлөөд Амгаланбаатар гэх хүний гэрийн хаягийг асуухад дуудлага мэдээлэл өгсөн гэх Баяржаргал нь Амгаланбаатар гэх хүний гэрийн хаягийг нь мэднэ гээд цааш алаг тэргээр Амгаланбаатар гэх айлд очсон юм. Тухайн гэрийн хаягаар очих үед хашааны хаалга нь онгорхой байсан учраас алаг тэрэгнээс эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар, би, дуудлага мэдээлэл өгсөн Баяржаргал нар буугаад тухайн хашааны хаалгаар орох үед байшингийн үүдэнд нэг эмэгтэй хүн явж байсан. Тухайн хүнээс эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж нь “Амрыг эрье? Дуудлага мэдээллийн дагуу явж байна. Амгаланбаатар гэх хүн танайд байдаг уу?” гэж асуухад юу ч хэлэлгүй байшингийн хаалгаар орсон юм. Тухайн хаалгаар тухайн эмэгтэй хүн ороод нэг эрэгтэй хүнийг хаагуур завхайрч яваад ирсэн юм гэж хэлээд 2 удаа алгадсан юм. Тэгээд галлагааны өрөөнөөс гарч ирсэн Амгаланбаатар гэх хүн нь гарч ирээд эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж руу шууд заамдаад дайрах үед эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж нь тонгорч Амгаланбаатар гэх хүнийг газарт унагаасан юм. Тухайн газар унасны дараа эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж нь тухайн хүнийг цээжин хэсэг дээр дарсан байдалтай суухад тэр үед тухай Амгаланбаатар гэх хүн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндоржийг хөлөөрөө өшиглөх гээд байхаар нь би хөл дээр нь очоод суусан юм. Тухайн үед Амгаланбаатар гэх хүн газарт унасны дараагаар эхнэрээ гэрээсээ хутга аваад ир, энэ хоёр шиг хүнийг бүлээд орхино гэж хашхираад байсан. Суусны дараагаар аргалаад авч явах гэтэл хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед бид нарт гав байхгүй байсан. Тэгээд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатарыг эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж нь гав аваад ир гэж хэлээд, дуудлага мэдээлэл өгсөн гэх Баяржаргал, , түүний эхнэрийн хамт цагдаагийн хэлтэс рүү явуулсан юм. Тэгээд удаа ч үгүй байж байтал эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндоржийн гадуур өмсөж байсан ногоон хантаазыг Амгаланбаатар гэх хүн заамдаад урчихсан. Ойролцоогоор 3-4 минутын дараагаар цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар цагдаагийн хэлтсээс гав авчирч ирсэн юм. Тэгээд тухайн гавыг эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндоржид өгсөн. Тэгээд би болон эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж нь ******* гэгчийг гавлаад алаг тэргэнд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Алаг тэргэнд суулгаад явж байхад тухайн Амгаланбаатар гэх хүн нь та нар нь цагдаагийн угаадсанд цадчихаж ээ, цалин хэдийг авдаг юм, тухайн цалингийн чинь би өгчих гэж хэлээд алаг тэргэнд орилоод байсан. Тэгээд тухайн машинаас Амгаланбаатар гэх хүнийг буулгах гэтэл буухгүй эсэргүүцээд байсан. Буухгүй байсан болохоор би тухайн Амгаланбаатар гэх хүний сууж байсан хаалганы эсрэг талын хаалгаар ороод тухайн хүнийг түлхэж өгөөд, тухайн хүнийг алаг тэрэгнээс буулгасан юм. Буулгах үед Амгаланбаатар гэх хүнийг эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндоржийн гараас нь тийчгэнээд байсан болохоор гараасаа алдаад хажуу мөрөөрөө цементэн шалан дээр унасан юм. Тэр үед түүний эхнэр болох хүн нь та нар яаж байгаа юм гэж хэлээд байсан. Тэгээд тухайн Амгаланбаатар гэх хүнийг эрүүлжүүлэх саатуулах байр руу оруулсан юм. Тэр үед би тухайн хүнийг ******* гэх нэртэй байсныг мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 47-49/,

Гэрч Л.Хишигтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шөнө 03 цагийн орчим цагдаагийн хэлтсийн жижүүрийн утаснаас эрүүлжүүлэх байранд хүн хүргэгдэн ирсэн талаар над руу ярихад би очсон. Тухайн үед манай цагдаагийн албан хаагч ахлагч Д.Жамъяндорж ******* гэгчийг эрүүлжүүлэх байранд хүргэн ирсэн байсан бөгөөд эмчийн үзлэг хийх гэхэд маш их согтолттой үзлэг хийх ямар ч боломжгүй, эрүүлжүүлэхийн камерын өрөөнд гарыг нь ард нь гавласан байдалтай орилж хашхираад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 03 сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутад цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* дуудлага мэдээллийг хүлээн авсан. Тухайн мэдээллийг хүлээн авмагц надад танилцуулсан юм. Тэгээд би тухайн дуудлага мэдээллийн дагуу цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар болон эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* нарыг явуулж би өөрөө цагдаагийн хэлтсийг хариуцаж үлдсэн юм. Тухайн ирсэн дуудлага мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн “ОД” программд шивж байхад цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбаатар нь 2-3 иргэн авчирч тус хэлтсийн үүдэнд оруулж ирж, сандал дээр суулгасан. Тэгээд надаас гав сураад явсан юм. Дуудлагад явсан алба хаагч нар ирэхдээ нэг согтуу хүн авчирч эрүүлжүүлэх байр руу хүлээлгэж өгөхөөр жижүүрийн өрөөний цонхны хажуугаар эрүүлжүүлэх байр руу авч явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 51-52/ болон Замын цагдаагийн пост, сум дундын шүүх, эргүүл, эрүүлжүүлэх баривчлах байранд ажиллах алба хаагчдын томилгооны хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрийнхээ галыг түлэх гээд гал тогооныхоо өрөөнөөс галынхаа өрөө рүү орсон. Тэгээд би галаа түлээд тамхиа татаад байж байсан чинь зуухны өрөөний хаалгыг цагдаагийн алба хаагч онгойлгоод, тухайн зуухны өрөөнд цагдаагийн алба хаагч орж ирээд Амгаланбаатар гэх хүн мөн үү гэж асуухаар нь би энд тийм хүн байхгүй би биш гэж хариулсан. Тэгээд намайг наашаа гараад ир гэхээр би гарахгүй гэж хэлсэн. Би энд Амгаланбаатар гэх нэртэй хүн байхгүй гэж цагдаагийн алба хаагчид хэлэхэд чамайг авч явна гэхээр нь би гэр орондоо байх эрхтэй биз дээ гэж хэлэх үед цагдаагийн алба хаагч эрхийг чинь би мэдэж байна гэж хариу өгсөн. Тэгээд намайг байшингийнхаа дотор шатны дээр зогсож байхад, намайг байшингаас гаргах гээд намайг барьж аваад байшингаас татаад гаргаад ирсэн. Тухайн үед би байшингийн хаалганы хоропоос татах үед, байшингийн хоропноос бариад, гар хальтраад, байшингийн хаалгаар татаад гаргаад ирсэн. Тэгээд би тухайн үед их уур хүрсэн. Тэгээд намайг дараад цагдаагийн алба хаагч нэг алба хаагч буюу хамгийн том биетэй цагдаа нь намайг цээжин дээр дараад, шилэн хүзүүн дээр өвдөглөөд, тэгээд намайг боосон. Тэр үед би дээр дарчихсан байгаа хүнийг холдуулах гээд гар таарсан зүйлээсээ атгаж, түлхсэн юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би ухаан алдсан байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг нэг хүн алагдаж байсан, тэгээд би сэрсэн юм. Тэр үед намайг цагдаагийн алба гавлаж байсан. Намайг гавлаад хашааны хаалгаар гараад цагдаагийн машинд хийж явцдаа цагдаагийн машины хаалгыг мөргүүлээд машин суулгасан юм. Тэгээд намайг цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд намайг цагдаагийн хэлтэс дээр ирээд машинаасаа буулгах явцдаа шууд татаад, газарт унагаасан. Тэгээд би гавтай цагдаагийн хэлтэс дээр орж ирээд эрүүлжүүлэх саатуулах байранд орж ирсэн. Эрүүлжүүлэх саатуулах байранд орж ирээд мах дээр гавласан байсан. Тухайн саатуулах байранд оруулж ирээд гавыг тайлан өмсөж явсан цамцны ханцуй урагшлуулан дахин гавласан. Тэгээд би эрүүлжүүлэх саатуулах байранд хоносон...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг /хх 91-92/ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд албан үүргээ биелүүлж байсан хууль сахиулагч цагдаагийн ахлагч Д.Жамъяндоржийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хохирогч Д.Жамъяндорж нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж ажиллаж байсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон “...Томилгоо: Оройн эргүүл 18:00-00:00, Бүх чиглэлд, Цол, нэр: Цагдаагийн ахлагч Д.Жамъяндорж...” гэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн цагдаагийн хэлтсийн жижүүр, замын цагдаагийн пост, сум дундын шүүх, эргүүл, эрүүлжүүлэх баривчлах байранд ажиллах алба хаагчдын томилгооны хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******гийн хууль сахиулагч Д.Жамъяндоржийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед халдаж улмаар түүний өмсөж явсан албаны дүрэмт хувцсыг урж хүч хэрэглэн, “ална шүү” гэж заналхийлсэн үйлдлүүд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,   хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ******* *******г хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид баримтаар хохиролд 46,661 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ӨЛЗИЙХИШИГ