Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 01414

 

   Б.Ч-н нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00678 дугаар шийдвэртэй, Б.Ч-н нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох

     “М” ХХК нь М HD телевизээр дамжуулан 2016 оны 06 дугаар сарын Орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөр “Б.Ч оффшор данстай, тус дансаар дамжуулан гүйлгээ хийсэн” гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц үндэслэлгүй мэдээллийг цацаж, “Б.Ч-н нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ хүлцэл өчье" гэсэн үг бүхий мэдэгдлийг "М" телевизийн "Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр 3 долоо хоногийн хугацаанд цацаж,  няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж-ын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 оны 06 дугаар сард Сингапур улсын Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан Олон улсын хууль дүрмийн дагуу “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/ болон “Эири инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-иудыг байгуулсан. “Стратежик майнс инк” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан. Мөн “Эири инвестмент холдингс“ ХХК нь байгуулагдсан цагаас хойш өөрийн харилцах дансыг нээлгээгүй, үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр татан буугдсан. Энэ үйл ажиллагаа нь ямар нэгэн Олон улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй. Ямар нэг татвараас зайлсхийх, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгийг эргийн цаана нуух гэсэн санаа зорилго байхгүй ба Монгол улсад уул уурхайн болон махан бүтээгдэхүүн боловсруулах бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах зорилгоор гадаадын бизнес хамтрагч нараас тавьсан саналын дагуу Их Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан компаниуд юм. Тус компаниуд Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан ба компанийн нэр дээр ямар нэг банкны данс огт нээлгээгүй байж байгаад тухайн үед Монгол улсад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсаны улмаас хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зогсоосон тул цаашид үйл ажиллагаа явуулалгүй татан буугдсан компаниуд юм.

    Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол HD телевизийн 21:00 цагийн “Оргил цаг” нэвтрүүлгээр “Монгол телевиз олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран Панамын бичиг баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авлига хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн ирүүлэн, тодруулж олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Гэвч бидэнд байгаа баримтууд түүний хэлж байгаагаас өөр дүр зургийг харуулж байна. Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Ч-г оффшор компани ашиглаж гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Б.Ч болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан” гэх мэт бодит байдалд огт нийцээгүй, худал, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн мэтээр гуйвуулсан мэдээлэл тарааж Б.Ч миний нэр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, тухайн мэдээлэл нь 2016 оны 06 дугаар сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгуульд өрсөлдсөн миний эцэг Э.Б-ийн нэр хүндийг гутааж, тухайн мэдээлэл нь 2016 оны 06 дугаар сар болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшин сонгуульд өрсөлдсөн миний эцэг Э.Б-ийн нэр хүндийг нийгэмд гутаасан үйлдэл болсон гэж үзнэ. “М” ХХК нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу нийтэлж буй мэдээ, мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгахгүй, бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй гуйвуулж мэдээлсэн байна.

     Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан М телевизээр дамжуулан 2016 оны 06 дугаар сарын Орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн “Оргил цаг“ мэдээллийн хөтөлбөрөөр “Б.Ч оффшор данстай тус дансаараа дамжуулан гүйлгээ хийсэн” гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц үндэслэлгүй мэдээллийг цацаж Б.Ч-н нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн мэдэгдлийг “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр 3 долоо хоногийн хугацаанд цацаж няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

    Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Панам Улсын Моссак Фонсека & Ко хэмээх хуулийн фирмийн алдагдсан мэдээлэл буюу “Панамын Бичиг Баримт”-тай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж эхэлсэн. Тус мэдээллийг бид ХБНГУ-ын Зюддойче Цайтунг /Sueddeutsche Zeitung/ болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /International Consortium of Investigative Journalists/-с хүлээн авсан юм. 

      2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр “Панамын Бичиг Баримт-“тай холбоотой ээлжит мэдээллийг хүргэсэн ба хөтөлбөрийн эхний хэсэгт “М телевиз олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран панамын баримтууд дээр ажиллаж байгаа билээ. Олон сар үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагаанд олон орны хэдэн зуун сэтгүүлч улс төрчид, олон нийтийн албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан татвараас зайлсхийх гэсэн оролдлого, авлига хээл хахуулийн мөнгөө эргийн гадна байлгах гэсэн оролдлогуудыг эдгээр сая сая баримт бичиг дундаас хайн илрүүлэн, тодруулж олон нийтэд мэдээллэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна” гэж цуврал мэдээллийн ерөнхий агуулгын талаар товч танилцуулсан энэ хэсэгт Б.Ч-г нэр цохож, түүнийг татвараас зайлсхийсэн, онц ноцтой гэмт хэрэг хийсэн, хээл хахуулийн болон хууль бус мөнгөн хөрөнгө эргийн гадна буюу оффшор дансанд нуусан гэх мэт нэг ч зүйл хэлээгүй. Мэдээллийн хөтөлбөрийн хоёрдугаар хэсэгт нэхэмжлэгчийн оффшор буюу эргийн гадна бүсэд бүртгүүлсэн компани өмнө нь илэрсэн тухай тус мэдээ олон нийтэд ил болсны дараа нэхэмжлэгч болон түүний эцэг Э.Б нар мэдэгдэл хийсэн талаар мэдээлсэн. Тус “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/ Б.Ч нь Сингапур улсын иргэн Элтон Пинг Мэнг Кионг гэгчтэй хамтран байгуулсан талаар тодруулга мэдээлэл хийсэн ба эдгээр мэдээллийн үнэн худлын талаар нэхэмжлэгч нь маргаагүй байна.

     Мэдээллийн хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт дээрх оффшор компаниас гадна “Стратежик майнс инк” ХХК /Strategic Mines Ing/ болон “Эири инвестмент холдингс “ХХК /Eyrie Investment Holding/-иудтай түүний нэр холбогдож байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй ба нэхэмжлэлд дурдсанаар “Эири инвестмент холдингс“ ХХК /Eyrie Investment Holding/-ийг үүсгэн байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

   Мэдээллийн хөтөлбөрийн дөрөвдүгээр хэсэгт буюу 05:36 секундээс эхлэн дараах мэдээллийг хүргэсэн: Бидэнд байгаа дараагийн баримт нь Б.Ч-г оффшор компани ашиглан гүйлгээ хийсэн болохыг нотолж байна. Харин Б.Ч болон түүний аав гүйлгээ хийгээгүй гэдгээ олон нийтэд удаа дараа хэлж байсан. Б.Ч нь “Стратежик майнс инк” ХХК-ийг эзэмшиж байсан бөгөөд тэр үед өөр нэгэн оффшор компанийн хувьцаа худалдаж авсан баримтыг яг одоо үзэгч та бүхэн харж байна. Энэ бүхэн хоорондоо яаж холбогдож уялдаж байна вэ? олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны сүлжээнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл явцдаа ашиглаж байгаа мэдээллийн санг ашиглаж одоо та бүхэнд холбоос дүрслэлийг тайлбартай хүргэе:

     - Б.Ч нь Хятад гаралтай Сингапур улсын иргэн Элтон Пинг Мэнг Кионг-тай хамтран “Стратежик майнс инк” /Strategic mines inc/ нэртэй оффшор компани байгуулсан.

     -Уул уурхайн 12 лиценз эзэмшдэг “Монголын сод газар” компанийн захирал н.С тус “Голден мастерс майнингс инк” /Golden masters mining inc/ гэх нэртэй оффшор компанийг Б.Ч-н компанитай ижил хаяг дээр байгуулжээ.

    -Английн иргэн Найжел Франсис Оукс болон Хятад ба Английн иргэн Жэкон Лю-тай хамтран “Тандер три лимитед” /Thunder tree ltd/ оффшор компанийг байгуулав. Энэ компани нь Б.Ч-н “Стратежик майнс инк” /Strategic mines inc/ компанитай хамтран 40/60 харьцаатайгаар “Эири инвестмент холдингс лимитед“ /eyrie investment holdings ltd/ нэртэй дахин нэг оффшор компанийг байгуулжээ. Нэхэмжлэлээс харахад сүүлийн дөрөвдүгээр хэсгийн мэдээллийг буруу тайлбарлаж, “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр “түүнийг оффшор дансаар дамжуулж гүйлгээ хийсэн” гэж мэдээлсэн мэтээр мэдээний агуулгыг гуйвуулжээ. Дээрх мэдээллийг хийх үед хөтөлбөрийн 05:48 секундээс эхлэн “Стратежик майнс инк” ХХК-ийг ашиглан Б.Ч нь ямар гүйлгээ хийсэн талаар тайлбарладаг ба үүнд “Эири инвестмент холдингс“ ХХК-ийн 40 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийн 1 ам.доллараар худалдан авсан тухай баримт гардаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ч өөрийн “Стратежик майнс инк” ХХК-ийг 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулснаас хойш түүгээрээ дамжуулан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Эири инвестмент холдингс“ ХХК-ийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн. Энэ нь болж өнгөрсөн бодит үнэн явдал бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар “Эири инвестмент холдингс“ ХХК-ийг байгуулснаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Бидний зүгээс өөр ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийг оффшор бүсэд банкны данс нээсэн тэрхүү оффшор данснаар гүйлгээ хийсэн гэх мэт зүйл огт дурдаагүй болно.

     Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. “М” ХХК-иас Б.Ч-г өөрийн “Стратежик майнс инк” ХХК-иар дамжуулан “Эири инвестмент холдингс“ ХХК-ийн 40 хувьцааг худалдан авсан талаар мэдээлсэн ба энэ нь үнэн зөв болсон явдал. Иймд мэдээ буруу байсан гэж няцаалт хийх эрх зүйн үндэслэл байхгүй.

          Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч 13 000 000 төгрөгийн эдийн бус гэм хор учирсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Дээр дурдсан хариуцагчаас хийсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа тул гэм хорын хохирол арилгах ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тухайн үед иргэн Б.Ч-гаас сэтгүүл зүйн тэнцвэртэй байдлыг хангах ёс зүйн хэм хэмжээний хүрээнд утсаар холбогдож түүний нэр дээрээ бүртгүүлсэн болон нэр холбогдсон компаниудын талаар мэдээлэл авах оролдлого хийсэн боловч “Стратежик майнс инк” ХХК-ийн талаар тайлбар өмнө нь өгсөн бөгөөд бусад мэдээллийн талаар мэдэхгүй гэсэн хариулт өгсөн түүний тайлбарыг мэдээндээ оруулан олон нийтэд хүргэсэн. “Панамын Бичиг Баримт”-ын оффшор бүстэй холбоотой мэдээлэл 2016 оны 05 сард илэрч Дэлхий нийтийг хамарсан үйл явдал болсон нь 2016 оны 06 дугаар сарын УИХ-ын сонгуультай холбоогүй. “М” ХХК нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хүрээнд мэдээлэл хийсэн, мөн хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар хариуцагч “М” ХХК-д холбогдох М HD телевиз 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Б.Ч оффшор данстай, тус дансаар дамжуулан гүйлгээ хийсэн гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц мэдээллийг цацаж, Б.Ч-н нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн үг бүхий мэдэгдлийг Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр гурван долоо хоногийн хугацаанд няцаалт хийхийг хариуцагчид даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Ч-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 150 төгрөгийг улсын төсвийн төвлөрсөн дансанд хэвээр үлдээж,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.4-д зааснаар хэрэгт зохигчдоос гаргаж өгсөн 3 /гурван/ ширхэг CD-ийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж давж заалдах гомдолдоо: Хариуцагч “М" ХХК 2016 оны Орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийн өмнөх өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн "Оргил цаг" нэвтрүүлгээр үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтийн радио, телевизээр дамжуулан бодит байдлыг гүйцэд мэдээлээгүйн улмаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

      Шүүх "...уг нэвтрүүлгийн агуулга Панам улсын "Моссак Фонсека Ко" хуулийн фирмиин алдагдсан мэдээлэлтэй холбоотой буюу “Панамын Бичиг Баримт”-тай холбоотой бичиг баримтын талаар, уг баримтуудаас Б.Ч-тай холбоотой шинэ оффшор компаниуд илэрсэн тухай мэдээлжээ, ....Иймд хариуцагч "М" ХХК нь нэхэмжлэгч Б.Ч-г 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Стратежик майнс инк” компанийг байгуулж, тус компани 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Эири инвестмент холдингс лимитед” компанийн 40 хувийн эзэмшигч болсон талаар мэдээллийг мэдээлсэн гэж үзэхээр байна..." гэж хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээний агуулгыг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн.

    Хариуцагчийн цацсан мэдээллийн гол агуулга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б-ийн хүү Б.Ч оффшор бүсэд аавынхаа хууль бусаар олсон их хэмжээний мөнгийг нуусан гэх агуулга бүхий мэдээллийг М HD телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байхад шүүх "...Дээрх "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн мэдээлэлд нэхэмжлэгчийг оффшор данстай, тус дансаар дамжуупж, гүйлгээ хийсэн гэх үг үсэг тусгагдаагүй...", "...Хариуцагч нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны оффшор мэдээллийн сангаас олж авсан мэдээлэлд тулгуурласан гэж эх сурвалжаа тодорхой заасан, уг нэвтрүүлгийн утга, агуулга бүхэлдээ нэхэмжлэгчийн нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна..." гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

     Анхан шатны шүүхийн "уг нэвтрүүлгийн утга, агуулга бүхэлдээ нэхэмжлэгчийн нэр төp, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл тотоогдохгүй байна" гэх дүгнэлтээс үзвэл хариуцагч М HD телевизээр дамжуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн "Оргил цаг" нэвтрүүлэг бүхэлдээ нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мэт харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч “М” ХХК-д холбогдуулан “М” ХХК нь М HD телевизээр дамжуулан 2016 оны 06 дугаар сарын Орон нутгийн болон Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөр “Б.Ч оффшор данстай, тус дансаар дамжуулан гүйлгээ хийсэн” гэх ойлголт олон нийтэд төрүүлэхүйц үндэслэлгүй мэдээллийг цацаж, “Б.Ч-н нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ хүлцэл өчье" гэсэн үг бүхий мэдэгдлийг "М" телевизийн "Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр 3 долоо хоногийн хугацаанд цацаж,  няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах, эдийн бус гэм хорын хохиролд 13 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

“М” ХХК-ийн М HD телевизийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагийн “Оргил цаг” хөтөлбөрийн мэдээллийг бэхжүүлсэн цахим баримт болох сиди бичлэгт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн сургалтын танхимд үзлэгийг зохигчдоос хариуцагч талын өмгөөлөгчийг оролцуулан эхлүүлж үзлэгийн дунд хэсэгт “...хариуцагчийн өмгөөлөгчөөс 26:44 секундын бичлэгийг үзэж судлуулж, үүнээс цааш үзэх шаардлагагүй гэж бичлэгийг зогсоов. /Chuluudai 0518/ бичвэр хэсэгтэйгээ таарч байв. Бичвэрийг хуулбарлаж хавсаргав” гэж тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-115-116/

 Дээрх мэдээллийн хөтөлбөрийг хэргийн оролцогч өөрөө бэхжүүлсэн баримтыг үндэслэж үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, үзлэгт зөвхөн хариуцагч талын өмгөөлөгч оролцсон байхад нэг талын санаачилгаар буюу “цааш нь үзэх шаардлагагүй” гэснээр бичлэгийг зогсоосон байна.

     Үзлэгийн тэмдэглэл хөтөлж, үзлэг хийхдээ хэргийн оролцогч нарыг байлцуулан тухайн үзлэгээр юу илэрсэн талаар нэг бүрчлэн баримтжуулсан тохиолдолд үзлэгийн тэмдэглэлийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.  Иймд хэргийн оролцогчоос гаргаж өгсөн цахим мэдээлэл бүхий сиди бичлэгт  үзлэгийг зохих журмын дагуу хийгээгүй байхад түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болно.          

     Анхан шатны шүүх үзлэгийн үр дүнг бүрэн баримтжуулаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.  

Давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА