Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

2020           05             06                                           2020/ДШМ/34

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат,

Шүүгдэгч Б.М-,

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолтой Б.М-д холбогдох 1934008640010 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэрээд овгийн Баярхуягийн М-, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймаг, Халзан сумын 4 дүгээр баг, 11-2 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ___________,

Шүүгдэгч Б.М- нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газарт Жаргалант сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 10-29 БНА улсын дугаартай “TOYOTA PRIUS-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-т заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Чулуунсүхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрээд овгийн Баярхуягийн М-г Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Хэрээд овгийн Баярхуягийн М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баярхуягийн М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Б.М-гийн жолоочийн 961.560 дугаартай үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг, Тоёота приус-10 маркийн 10-29 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0883497 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.М-д буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Гансувд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.М-д сонсгосон ялыг үндэслэлгүйгээр өөрчилж, хөнгөрүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь хэрэгт цугларсан гэрч Б.Мөнхбатын "...тэгээд бид 4 уулзаад юм ярьж суугаад бид 4 машиндаа 0.75 гр Хараа архи уусан, тэгээд ууж дуусаад би талийгаачийн хамтаар гэртээ ороод амарсан. М- Сувдаа хоёр машиндаа амарсан. Тэгээд цагийг нь мэдэхгүй байна өглөө 08 цагийн үед босоод хоёр найзыгаа Улаанбаатар хот явуулахаар Тал булаг орсон ...Өглөө Тал булаг ороод нэмж архи авч уугаагүй машинд тал шил архи үлдсэн байсан тэрийгээ өглөө Сувдаа уугаагүй бид 3 хуваагаад уусан. Нийт 3 шил архи уусан... Талийгаач жолоочийн ард сууж явсан... М-... харахад нээх их согтуу байгаагүй, хэр зэрэг согтуу байсанг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/, гэрч Б.Сувдан-Эрдэнийн: "...тэгээд бид 4 уулзаад байрлаж байгаа газрых нь наана очоод машиндаа 3 шил 0,75 гр Хараа архи хувааж уусан. Тухайн үед орой шөнийн 00 цаг болж байсан. Тэгээд М- бид 2 машиндаа амарсан. Талийгаач Менхбаттай цуг гэрт ороод амарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, Ч.М-гийн согтуурал шалгасан: "...шалгахад 0,84% согтолттой байсан болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив..." гэх тэмдэглэл /хх-ийн 57 хуудас/, яллагдагч Б.М-гийн: "...архинаас тухайн үедээ нэг их уугаагүй, нэг их согтоогүй байсан...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна... " гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар Б.М-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан байсныг нотолж тогтоосон байхад шүүхээс түүний согтуурсныг тогтоож чадаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.М- нь цагдаагийн алба хаагчаас согтуурлыг шалгаж драгерь багаж үлээлгэсэн, үлээлгэхэд 0,80 орчим хувьтай гарсан талаар мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, бичлэгт бичигдсэн нь түүнийг согтуурсан байсныг цагдаагийн алба хаагчаас огт шалгаагүй атлаа шалгасан мэтээр тэмдэглэл үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөгч, хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэсүхээс осол болсон газар дуудлагаар очиж, жолооч Б.М-гээс согтуурлыг драгерь багаж үлээлгэн, улмаар тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг Б.М-гийн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болохгүй юмаа.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй. Гэрчүүдээс мэдүүлэг авахад шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал үүсээгүй. Прокурорын эсэргүүцэл хууль ёсны үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат гаргасан саналдаа: Гэрч Мөнхбатаас 23.20 цагаас 23.36 цаг мэдүүлэг авсан нь хавтаст хэргийн 30-р хуудсанд байдаг. Энэ шөнийн цагаар авсан мэдүүлгээ хойшлуулшгүй ажиллагаа гэж прокурор тайлбарладаг. Энэ бол хойшлуулшгүй ажиллагаа биш. Харин цуснаас дээж авах нь хойшлуулшгүй ажиллагаа. Энэ хүмүүс согтуу байсан бол эрүүлжүүлсэн нь хойшлуулшгүй ажиллагаа болох байсан. Гэрч архи уусныг нотлохоос биш хэр хэмжээний согтолттой байсныг нотолж чадахгүй. Драгериар шалгаж болно. Энэ талаар журам бий. Анхан шатны шүүх маш зөв үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М- гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн 1934008640010 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газарт Жаргалант сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 10-29 БНА улсын дугаартай “TOYOTA PRIUS-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-т заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган уг ослын улмаас зорчигч Б.Чулуунсүхийн амь насыг хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баатарчулуун /хх-27-28 тал/, гэрч Б.Мөнхбат /хх-30 тал/, гэрч Б.Сувдан-Эрдэнэ /хх-31 тал/, гэрч Б.М- /хх-32-33 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Буян мэдүүлэг /хх-54 тал/, гэрч Р.Наранбаатар /хх-55 тал/, гэрч Г.Батсүрэн /хх-56 тал/ нарын болон яллагдагч Б.М-гийн /хх- 50-52, 94-95 тал/ мэдүүлгүүд,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-40 тал/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Ч.Энхдалайгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаартай дүгнэлт /хх-42 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Монгол Улсын эрүүл мэнд, Спортын сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаар “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 2.3-т зааснаар Б.М-гийн согтолтыг тогтоогоогүй, дан ганц мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлгүй байна гэж дүгнэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт шүүгдэгч Б.М-г согтууруулах ундаа хэрэглэсэн талаар гэрч Б.Мөнхбат, шүүгдэгч Б.М- нар мэдүүлсэн боловч хэрэг учрал болох үед түүнийг согтуу байсан талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн үйлдсэн согтуурал шалгасан гэх тэмдэглэл байх бөгөөд Монгол Улсын эрүүл мэнд, Спортын сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заасны дагуу шүүгдэгч Б.М-г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоосон эсэх нь тодорхойгүй, мөн шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдээгүй байх тул дан ганц мөрдөгчийн тэмдэглэлээс өөр шүүгдэгч Б.М-г согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нотолсон баримт алга байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрх хасах ялыг хорих  ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг ямар үеэс тоолж эхлэх нь тодорхойгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн заалтыг нэмж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурор М.Гансувдын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ