| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 110/2026/0053/З |
| Дугаар | 221/МА2026/0524 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0524
К.С*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******
Нэхэмжлэгч: К.С*******
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Улаанхус сумын Засаг дарга К.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2026/0045 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 110/2026/0053/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.С*******аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Улаанхус сумын Засаг дарга К.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгох”-оор маргасан.
2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2026/0045 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 65 дугаар зүйлийн 65.3, 65.3.1, 65.4, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Улаанхус сумын Засаг дарга К.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Болатбек нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан тул 2026 оны 01 дүгээр сард явагдах багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаан болох буюу тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдах хүртэл малын их эмчийн мэргэжилтэй Х.Е*******ыг албан ажлын шаардлагаар түр хугацаагаар тус багийн Засаг даргаар 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түр томилсон байна. Өөрөөр хэлбэл Х.Е*******ыг тус багийн Засаг даргаар түр томилох болсон шалтгаан нөхцөл нь албан ажлын шаардлага буюу тэрээр тус багийн ард иргэдийг сайн таньдаг, тэнд байнга амьдарч малын бага эмчээр ажиллаж малчдад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байсан ажлын дадлага, туршлагыг харгалзан 2025 оны 11, 12 дугаар сард багийн иргэд өвлийн идэш бэлтгэх, малын хөдөлгөөн ихсэх буюу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, жилд нэг удаа явагддаг улсын мал тооллогын ажлыг хэвийн явуулах, мал тооллогын А картыг үнэн зөв хөтлөх, тус багийн үйл ажиллагааны 2025 оны ажлын тайлан мэдээг гарган холбогдох байгууллагад хүргэх буюу төрийн үйлчилгээг малчдад газар дээр нь шуурхай хүргэх зэрэг ажлын албан шаардлагыг харгалзан үзсэн юм. Анхан шатны шүүх дээрх бий болсон албан ажлын бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй явдалд гомдолтой байна.
3.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “...Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4, 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга К.С*******ад сахилгын шийтгэл ногдуулсан 2026 оны Б/11 дүгээр захирамждаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1, 65.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
3.3.Хариуцагчаас К.С*******ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа Авлигатай тэмцэх газрын 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 05/3687 дугаар албан бичгийг үндэслэсэн тухай дурджээ. Гэтэл уг албан бичиг нь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирсэн ба харин аймгийн Засаг дарга 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б/11 дүгээр захирамжаар К.С*******ад сахилгын шийтгэл тооцсон нь хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болохыг харуулж байна.
3.4.Нэхэмжлэгч К.С******* нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар түр томилогдсон Е*******ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110\ШШ2026\0045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгов.
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “хууль тогтоомж, …-ыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга үзсэн” тохиолдолд доод шатны Засаг даргад хариуцлага тооцох эрхтэй ч энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Улаанхус сумын Засаг даргад “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад хууль хэрэглээнээс илүүтэй маргааны үйл баримтын талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэлт өгсөнгүй.
Нэхэмжлэгчийг буруутгаж буй Х.Е*******ыг 6 дугаар багийн Засаг даргаар түр томилсон 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/36 дугаар захирамж түүнийг чөлөөлсөн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/01 дүгээр захирамж гаргах хүртэл 1 сар 25 орчим хоногийн хугацаанд хэрэгжсэн, мөн Б/36 дугаар захирамж гарснаас хойш 3 хоногийн дараа буюу 13-ны өдрийн 1/260 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Х.Е*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгөхийг хүссэн байх бөгөөд энэ талаар маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон дүгнэлтэд тодорхой дурджээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5-д Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар тус тус зохицуулсан боловч Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Б*******ыг өндөр насны тэтгэвэрт гарах өөрийнх нь хүсэлтийг үндэслэн мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, дараагийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх хүртэлх хугацаанд багийн ажлыг тасралтгүй явуулах, тухайлбал нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан тухайн багийн мал тооллого, жилийн эцсийн мэдээ тайлан гаргах, төрийн үйлчилгээг багийн оршин суугчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зэрэг ажлын зайлшгүй шаардлагыг, мөн багд Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хүн байхгүй бодит нөхцөл байдлыг тус тус харгалзан богино хугацаанд түр томилгоо хийснийг хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх, цаашлаад сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй.
Т.Е*******ыг 6 дугаар багийн Засаг даргаар томилсон Улаанхус сумын Засаг даргын 2026 оны Б/22 дугаар захирамжаас үзэхэд тус багийн иргэдийн Нийтийн Хурал мөн оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан байх бөгөөд хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлох эрх сумын Засаг даргад олгогдоогүй, иймд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс дараагийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл багийн Засаг даргагүй байх нөхцөл байдал үүсэхээр байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарсангүй.
2.Маргаан бүхий захирамжид мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу Х.Е*******ыг томилохоос өмнө түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгадаг.
Гэтэл хуулийн уг заалтын агуулга нь тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн тухайд тавигдах зохицуулалт, харин энэ тохиолдолд Х.Е*******ыг иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн хувьд дээр дүгнэсэнчилэн тодорхой шалтгааны улмаас түр томилсон тул түүний мэдүүлгийг хянуулах шаардлагагүй, гэхдээ томилгоо хийснийхээ дараа дээрх байдлаар хянуулахаар хандсан нь зөрчлийн шинжийг хэлбэрийн хувьд үгүйсгэхээр байна.
Энэ талаар ч шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д “…Улаанхус сумын Засаг даргаас томилох эрх бүхий этгээдийн хувьд …Х.Е*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлэх үндэслэл үүсэхгүй…” гэж зөв дүгнэсэн атлаа маргааны гол үйл баримт болох Х.Е*******ыг түр томилох болсон шалтгаан, үндэслэлийн талаар дүгнэлт өгсөнгүй.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” 05/3687 дугаар албан бичгийн хүрээнд нэхэмжлэгчид хариуцлага тооцсон гэж үзэхгүй, хэдийгээр маргаан бүхий захирамж үүнээс 2 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 5-ны өдөр гарсан боловч энэхүү албан бичиг аймгийн Засаг даргын Тамгын газарт 3 дугаар сарын 9-ний өдөр цахимаар ирсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* бичгээр тайлбар гаргасан, нотлох баримтын шаардлага хангахгүй ч холбогдох баримтыг ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
Цаашид шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг бүтэн бичиж байх шаардлагатай болохыг анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Улаанхус сумын Засаг дарга К.С*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН