Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Д.Нямжав,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох 2124000000043 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд нь регистрийн дугаартай ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагийн орчимд Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг Доголонгийн өвөлжөө гэх газарт өөрийн гэртээ иргэн ******* зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг Доголонгийн өвөлжөө гэх газарт өөрийн гэртээ хохирогч ******* зүүн гуянд нь хутгалсан гэх үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад би эхнэр Н.Сувд-Эрдэнэтэй өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклтой Тэс сумын төв орж ирээд саналаа өгчхөөд буцаад гэр лүүгээ гарч байхад ******* 56-23 ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинтай *******, эхнэр *******тэй тааралдаад би мотоциклоо ******* машин дээр ачаад бид хэд цуг явсан.Тэгээд хөндлөнгийн залга гэх газар явж байгаад зогсоод нэг шил “Ерөөл” нэртэй 0,500 граммын архи уусан. Цаашаа хөдлөөд 03 цаг өнгөрч байхад ******* гэрт ирээд *******, эхнэр |******* нарыг буулгах гэтэл ******* гэртээ орчхоод эхнэр ******* гэртээ орохгүй суугаад байсан. ******* машинд нэлээд удаан сууж байгаад үүр цайхад наан чинь нэг шил архи байгаа гээд ******* машины суудлын араас нэг шил “Ерөөл” нэртэй 0,750 граммын архи гаргаж ирээд Д.Баяраа, *******, манай эхнэр Сувд-Эрдэнэ бид хэд ууж дуусаад Д.Баяраа машиндаа үлдээд манай эхнэр бид хоёр *******ийг гэрт нь оруулж өгөхөд ******* гэрийн зүүн талын орон дээр унтаж байгаад бид 3-ыг ороход сэрээд эхнэр *******ийг “чи хаагуур яваад байгаад банзал жингэр вэ хэнтэйгээ банзалдаж яваад ирж байгаа юм” гээд босоод ирэхээр нь та боль гээд гарыг нь бариад авсан чинь “чи юу юм холд” гээд миний цээж рүү гараараа нэг цохисон. Тэгээд би жоохон холдох гэтэл ******* эхнэр лүүгээ банзал янхан жингэрийг ална гэхээр нь би “болиоч цуг архи уучхаад” гээд салгах гэтэл миний зүүн гуяны урд хэсэг рүү нэг юмаар цохих шиг л болохоор нь юу болов гээд хартал өмдний цаанаас цус гоожоод өмд нэвтэрч байхаар нь хартал ******* гартаа хутга /тонгорог/ барьчихсан дахиад миний зүүн гар луу чичихээр нь хутгатай гараас нь барьж аваад чирээд гэрээс нь гарсан. Гэрээс гараад та яаж байна гэхэд чамайг ална гээд хөөхөөр нь гэрийн урд талын бууцны баруун хэсэгт барьж  аваад боогоод унагахад ******* гартаа барьж байсан хутгаа бууц руу шидчихээр нь *******ийг хаячхаад гэрийн зүүн талын хамар дээрээс өөрийн охин ******* рүү утсаар яриад аавыг чинь хүн хутгалчихлаа хурдхан шиг цагдаад хэлээрэй гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 20 минутын орчим намайг унтаж байхад 86900164 дугаарын утас руу аавын 90223422 дугаарын утас залгахаар нь авсан чинь “аав нь хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь та юу яриад байна яасан талаараа тодруулаад асуухад цагдаад мэдэгд гээд утас нь тасарчихсан юм. Би тухайн үедээ цочирдож сандраад яаж учраа олохгүй сууж байтал дахиж над руу залгаад аав нь хүнд хутгалуулчихсан *******ийн өвөлжөөн дээр байна гээд утас нь тасарсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гараад сумын цагдаа хэсгийн төлөөлөгч нарт өөрийн биеэр мэдэгдсэн..." гэсэн мэдүүлэг /хх 20/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад би нөхөр Х.Эрдэнэбаатартай улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклтой Тэс сумын төв орж ирээд саналаа өгчхөөд буцаад гараад явж байхад ******* цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ******* эхнэр П.******* нар тааралдаад бид хоёр мотоциклоо ******* машин дээр ачаад бид хэд цуг явсан. Тэгээд *******ийн гэрт ирээд ******* эхнэр П.******* нарыг буулгах гэтэл ******* гэртээ орчхоод эхнэр Д.******* нь гэртээ орохгүй машинд суугаад байсан. Д.******* машинд нэлээн удаан сууж байгаад үүр цайхад манай нөхөр Х.Эрдэнэбаатар бид хоёр П.*******ийг гэрт нь оруулж өгөхөд ******* гэрийн зүүн талын орон дээр унтаж байгаад бид 3-ыг ороход сэрээд эхнэрээ хардаад уурлаад банзал жингэрээр нь дуудаад эхэлсэн. Тэгсэн манай нөхөр Х.Эрдэнэбаатар нь та настай хүн байж яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чамд хамаагүй гээд манай нөхрийн цээж рүү ******* гуай нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр хойшоогоо болсон чинь өмднийхөө халааснаас нэг жижиг хутга гаргаж ирээд манай нөхрийн гуя руу хатгачих шиг болсон. Тэгээд тэр хоёр барьцалдаад гэрээс гарсан. Гэрийн гадна талд манай нөхөр ******* гуайг унагаж хоолойг нь боогоод хутгийг нь гараас нь булааж аваад шидсэн. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад манай нөхөр зугтааж гэрийн хажуу талын хамар дээрээс утсаар ярьсан. Манай нөхрийн зүүн гуянд 3-4 см гүнтэй шархтай байна 2 оёдол тавилаа гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад би *******, П.******* хоёртой таараад сонгуулийн байранд очиж саналаа өгчхөөд *******ийн хүүхэд Бямбадоржийн гэрт нь очиж хоол унд идчихээд Нацагдоржийн гэрт очиж усны сав аваад худгаас ус авч байсан чинь Х.Эрдэнэбаатар, эхнэр Н.Сувд-Эрдэнэ хоёр мотоциклтой ирсэн. ******* машин дээр мотоциклоо ачаад бид хэд цуг явсан. Замын дунд явж байгаад зогсож бид хэд “Хараа” нэртэй 0,500 граммын архи уусан. Шөнийн 01 цагийн үед очсон. ******* эхнэр П.*******, Н.Сувд-Эрдэнэ машин дотор үлдээд Х.Эрдэнэбаатар бид хоёр хойд энгэрт хонь нь талаар нэг тарчихсан байхад нь хурааж ирээд нөгөө хэд гэр лүү орчихсон байсан тул Х.Эрдэнэбаатар гэр лүү орсон би машинаа гадаа нь авчраад гэрт нь орсон чинь Ерөөл нэртэй 0,500 граммын тал архи аваад ороод ирсэн байсан. Би тэр архинаас хамт ууж байгаад дуусгаад байж байтал ******* авдраас 0,750 граммын архи гаргаж ирсэн. Тэрнээс нь би уугаагүй гэрээс нь гараад машиндаа унтсан. Өглөө сэрэхэд цагаан өнгийн машинтай Орос гэгч эхнэртэйгээ ирсэн байсан яах гэж ирснийг нь би мэдээгүй машиндаа хэвтэж байсан чинь Х.Эрдэнэбаатар машины хаалга тогшоод намайг ******* хутгалчихлаа гэж надад хэлээд гэрийн хажуу талын хамар луу охинтойгоо ярина гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

Хүний их эмч 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн “...Зовиур зүүн гуянд хутгалуулсан цус гоожсон. 07 цагийн орчим архи ууж байгаад хутгалуулсан гэх. Үзлэгээр: Зүүн гуяны дунд урд хэсэгт зүсэгдсэн шарх гүн 3 см урт 1,5 см...” гэсэн /хх 37/ тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ийн: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн үед би манай эхнэр П.******* бид хоёр ******* 56-23 ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинтай хамт худгаас ус авч байхад Х.Эрдэнэбаатар, эхнэр Н.Сувд-Эрдэнэ хоёр мотоциклтой ирээд машин мотоциклоо ачаад сумын төвөөс гараад манай гэрт 00 цагийн үед очсон чинь хонь энгэрээр нэг тарсан байхаар нь явган явж хурааж явж ирээд гэртээ орсон чинь манай эхнэр цай чанаад байж байсан. Х.Эрдэнэбаатар эхнэр Н.Сувд-Эрдэнэ, Д.Баяраа нар машин дотор сууж байсан би тэр хэдийг манайд орж цай уу гэж хэлээд миний араас орж ирсэн. Бид хэд цай ууж юм ярьж сууж байгаад би гэрийнхээ авдраас 0,500 граммын хараа нэртэй архи гаргаад хоорондоо юм ярьж ууж дуусаж байхад нь би дахин хараа нэртэй 0,750 граммын архи гаргаж ууж дуусгаад гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байгаад нэг сэрсэн чинь гаднаас манай эхнэр П.*******, Х.Эрдэнэбаатар, Н.Сувд-Эрдэнэ нар орж ирсэн. Тэгээд харсан үүр цайж байхаар нь эхнэр рүүгээ чи муу банзал жингэр хаагуур яваад өдийд орж байгаа юм гэсэн чинь Х.Эрдэнэбаатар дундуур орж ирээд та настай хүн байж яагаад байгаа юм бэ гэхээр нь чамд хамаагүй гээд цээж рүү нь цохиод цаашаа болохоор нь энэ миний эхнэрийг надаас өмөөрдөг хэн бэ гээд уур хүрээд жинсэн өмднийхөө халааснаас жижиг хар өнгийн хутга /тонгорог/ гаргаж ирээд ******* гуяны хэсэг рүү хутгалсан. Тэгсэн миний гараас барьж аваад намайг гадагшаа чирч гараад газар унагаагаад миний хоолойг боогоод гараас хутга булааж аваад шидчихсэн Би ******* биеийн цээжин хэсэг рүү нэг цохисон зүүн гуяны урд хэсэг рүү нь нэг удаа хар өнгийн тонгоргоор хутгалсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Х.Эрдэнэбаатарыг зүүн гуянд нь хутгалсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Базардаргиа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000194 дугаартай “...******* зүүн гуяны гадна дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ******* биед үүссэн дээрх гэмтэл нь гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт...” /хх 35-36/ гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн хохирогч ******* зүүн гуянд нь хутгалсан үйлдэл нь хохирогчид учирсан зүүн гуяны гадна дээд хэсгийн шарх гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Х.Эрдэнэбаатар нь хохиролд 100,000 төгрөг өгсөн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 100,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутгыг устгаж, хохирогчийн саарал өнгөтэй хөндлөн цагаан хөх өнгийн оруулгатай цамц, цэнхэр өнгийн женсэн өмдийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 100,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж, хохирогчийн өмсөж байсан 1 ширхэг цэнхэр өнгийн хуучирсан женсэн өмд, 1 ширхэг саарал өнгөтэй хөндлөн цагаан, хөх өнгийн оруулгатай цамцыг хохирогчид буцаан олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ӨЛЗИЙХИШИГ