| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******, улсын яллагч Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр (томилолтоор), шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч ******, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ****** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ****** ургийн овогт ******, ****** оны ****** дугаар сарын ******-ний өдөр Ховд аймгийн ****** суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхнэрийн хамт Ховд аймгийн ****** сум 3 дугаар (******) багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн ****** ургийн овогт ******, ****** оны ****** дугаар сарын ******-ны өдөр Ховд аймгийн ****** суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ****** дүгээр (******) багийн ****** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Берикбол “шүүгдэгч ****** нар 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч ****** нь хохирогч ******гийн хурууг хазаж, толгойн тус газар чулуугаар цохиж зулайд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч ****** нь хохирогч ******г гараар цохиж духанд зулгаралт, зүүн доод 1-р шүд /31-р шүд/-ний уналт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогч ******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас), гэрч ******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), гэрч ******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас), Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ******гийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1007 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ******, ****** нарын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх анагаах ухааны дахин шинжилгээний дүгнэлт (хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас);
- Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч: Гэрч ******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), гэрч ******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), мал тооллогын баримт (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), иргэний бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаанууд (хавтаст хэргийн 53-57 дугаар хуудас);
- Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч: ******гийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ******гийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1013 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч ******, ****** нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дүгээр хуудас), мөрдөн байцаалтын ****** дугаартай хэргийн хохирлын тооцоо (хавтаст хэргийн 132 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
2.1. Хохирогч ******гийн “...Би ****** гэх хүнтэй айл саахалтын холбоотой амьдраад хориод жил болж байгаа. Өнөөдөр малаа туугаад урагшаа Ховд аймгийн Жаргалант сумын хогийн цэгийн дээд хэсгээр явж байтал ****** ирээд мал сигналдаж хөөгөөд мотоциклоосоо бууж ирээд “пязда минь малаа хойшоо ав, хүний бэлчээр битгий идээд бай” гэж хэлээд надтай маргасан. Маргалдаж байгаад миний цээж хэсэг рүү нулимахаар нь “чи яаж байгаа юм бэ” гээд хоорондоо хэрэлдэхэд ****** ах уурлаад миний цээж хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь “больё ах, та бид хоёр ингээд яахав, олон жил айл саахалт явлаа” гэхэд тайвшрахгүй над руу дайраад байхаар нь ар талаас нь цээж хэсгээр нь тэврээд больё гэтэл миний баруун гарыг сул байсан баруун гараараа татаж дунд хурууг амандаа хийж хазсан. Тэгэхээр нь би ёооё гээд хуруугаа татаад автал миний баруун гарын дунд хурууны өндгөн хэсэг язарсан байсан. Үргэлжлүүлээд ах уурлаад байсан тул би хэрэггүй гээд хойноос нь тэвэрсэн чигээрээ байсан бөгөөд би толгойгоороо ****** ахын зүүн суга орчим налсан байсан. Тэгтэл ****** ах гартаа барьсан байсан чулуугаараа миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд би ****** ахыг тавиад салсан. Миний толгой хоёр газар хагарч цус гоожсон тул эмнэлэг дээр очиж боолт хийлгээд цагдаа дээр ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);
- Хохирогч ******гийн “...****** нь малаа бэлчээгээд туухаар нь би очоод “нисэх чиглэл рүү хариулчих, энэ манай хаваржаа байгаа юм” гэж хэлсэн чинь “чи мэддэг юм уу хөгшин төгцөг минь ална шүү” гээд чулуу барьж дайрсан. Мөн барьсан чулуугаа хаячхаад миний дагзнаас үсдэж аваад нэг хуруугаа миний завж хэсэг рүү хийгээд доош дараад газарт унагаасан. Тухайн үед намайг хэд хэд удаа цохисон. Би ******г салгах гээд ноцолдож байх хооронд газарт чулуу тааралдахаар нь аваад нөгөө чулуугаар толгой хэсэгт нь хоёр удаа цохиод нөгөө залууг өөрөөсөө холдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас);
- Гэрч ******гийн “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед ямаагаа сааж дуусаад гэрт орж цай чанаж байгаад гараад иртэл ****** миний нөхрийг газар унагаачихсан цохиж байсан. Тэгэхээр нь би наанаас нь орилоод очтол цохихоо больчихсон. Би гүйж очоод дундуур нь ороод “боль юу болж байгаа юм, яаж байгаа юм” гээд асуугаад харахад ******гийн толгойноос цус гоожчихсон, ******гийн доод үүдэн шүдний нэг шүд далийчихсан, амнаас цус гарсан байдалтай байсан. Би “цагдаа дуудна, газар нь дээр нь асуудлыг нь шийднэ” гэтэл ****** “Баагий ах уучлаарай, миний буруу, би малыг ингэж явуулах ёсгүй байсан байна, тэр малыг буцаа” гээд хажууд явж байсан хоньчин хүүхдээр буцаалгаад салаад явцгаасан. ...Миний харсан зүйл энэ, анхны зодооныг нь хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);
- Гэрч ******ын “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хонинд явах гээд очсон. Хонио ****** ахтай хамт Ховд аймгийн хогийн цэгийн урд хэсэг рүү бэлчээх гээд туугаад явж байтал нэг үл таних 50 гаруй насны ах ирээд “наагуураа битгий мал бэлчээгээд бай, хаваржаа идэх гээд байна” гэхэд ****** ах “юу гэсэн үг юм бэ” гээд хоорондоо маргалдаж эхлээд шууд барилцаж аваад зодолдоод эхэлсэн. Би айгаад ойртож чадаагүй, яг хэн нь хэнийгээ хэрхэн цохиж, зодсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд үл таних ах ****** ахыг нэг гараараа хүзүүдээд, нэг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Тэгж байтал үл таних ахын эхнэр нь бололтой хүн гэрээсээ алхаж ирээд “болиоч ээ, наад хүмүүсээ салгаач” гэхээр нь би жаахан ойртож очоод хартал ****** ахын толгойноос нь цус гарчихсан байхаар нь сандраад, айгаад, больцгоо гээд орилсон. Тэгтэл нөгөө ахын эхнэр нь удалгүй ирээд тэр хоёрыг салгасан. Нөгөө үл таних ахын амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд намайг малаа буцаагаад туу гэхээр нь би малдаа явсан, өөр мэдэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас) зэргээр 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч ****** нар бэлчээрийн маргааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч ****** нь хохирогч (шүүгдэгч) ******гийн хурууг хазаж, толгойн тус газар чулуугаар цохиж, мөн шүүгдэгч ****** нь хохирогч (шүүгдэгч) ******г гараараа цохиж, завжнаас нь зулгааж харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хохирогч ******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1007 дугаартай “...******гийн биед зулайд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас);
- Хохирогч ******гийн биед хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай “...Шинжээч эмч ******гийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1013 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. ******гийн духанд зулгаралт, зүүн доод 1-р шүд /31-р шүд/-ний уналт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.51.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...******гийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ******гийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Дээр тогтоогдсон үйл баримтуудтай эдгээр дүгнэлтүүдийг харьцуулан дүгнэвэл хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу шүүгдэгч нар харилцан зодолдох явцаа уг гэмтлүүдийг нэгнийхээ биед учруулсан, уг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгч нар нэгнийхээ биед харилцан довтолсон идэвхтэй үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд учирсан байна.
2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ****** нар 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч ****** нь хохирогч (шүүгдэгч) ******гийн хурууг хазаж, толгойн тус газар чулуугаар цохиж зулайд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч ****** нь хохирогч (шүүгдэгч) ******г гараараа цохиж духанд зулгаралт, завжнаас нь зулгааж зүүн доод 1-р шүд /31-р шүд/-ний уналт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******, ****** нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж харилцан зодолдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч ******гийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) ******гийн эрүүл мэндэд, шүүгдэгч ******гийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) ******гийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгч тус бүрийн үйлдэл уг гэмт хэргийн үндсэн шинж хангасан гэж үзнэ.
2.4. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үздэггүй. Иймд шүүгдэгч нарын нэгнийхээ эсрэг идэвхтэй довтолсон үйлдлүүдийг арга хамгаалалт гэж үзэхгүй.
2.5. Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч ******, ****** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******гийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) ******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч ******гийн үйлдлийн улмаас хохирогч (шүүгдэгч) ******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Хохирогч ******, ****** нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар эвлэрсэн буюу нэгнээсээ хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч ******, ****** нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв. Шүүгдэгч нар нэгнээсээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй нь шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус тэдгээрийг хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахууныг бий болгохгүй юм.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******, ****** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч ******гийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч ******гийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Миний бие тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдов.
2.2. Шүүгдэгч ******, ****** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувийн байдал, ар гэртээ ганцаараа ажиллаж орлого олдог, оюутан хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч ******гийн өмгөөлөгч “...Энэ хэрэгт хэн хэнийх нь буруу байсан ба хөгшин залуу хоёр нэг нэгнээ хүндэтгээгүйгээс болж, ******гийн хувьд өөрийнхөө эцэг шиг хүний үгийг сонсохгүйгээр асуудалд хандсан гэм буруугаа ойлгож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******д торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч ******д торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, халдлагын хүчээ нэмэгдүүлэх зорилгоор чулуу ашиглаж хохирогчийн биед халдсан буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж;
- Шүүгдэгч ******д торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч ****** хөдөлмөрийн чадвараа 5 хувиар тогтонги алдсан буюу учирсан хохирлын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.
Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс болохыг дурдах нь зүйтэй.
3.2. Мөрдөгч 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч ******д (хавтаст хэргийн 38 хуудас), 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч ******д (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас) тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** ургийн овогт ******, ****** ургийн овогт ****** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар;
- Шүүгдэгч ******г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА