Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2124000000066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: улсын иргэн, төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  регистрийн дугаартай ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийг талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн нутаг дэвсгэр Жинстийн 2 дугаар гудамж 211 тоотод байрлах гэртээ иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүн рүү хутга шидэж цээжний баруун талд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн нутаг дэвсгэр Жинстийн 2 дугаар гудамж 211 тоотод байрлах гэртээ хохирогч ******* маргалдаж улмаар түүн рүү хутга шидсэн гэх үйл баримт нь:

Хохирогч С.Сугардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгаас Ургамал сумын чиглэлд ачаа ачаад 34-72 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан чинь Нөмрөг сумын нутаг дэвсгэрт миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн мотор эвдрээд явах боломжгүй болсон. Би тухайн үед машинаа чирүүлээд айлын хашаанд авчирч тавиад Ургамал сум руу сэлбэгт яваад буцаж Нөмрөг суманд 2021 оны 8 дугаар сарын 21-ний орой ирээд буудалд хоносон. Өглөө эрт 08 цаг 30 минутын орчимд машинаа үлдээсэн айлаа хайгаад тухайн айлаа олохгүй явж байсан чинь нэг айлд олон хүмүүс дуугаралдаад байхаар нь орсон. Тухайн айл руу ороход 3 хүн архи уугаад сууж байсан бөгөөд намайг наашаа суу гээд архи өгөхөөр нь би тухайн үед өөрөө жоохон уучихсан халамцуу байсан болохоор өгсөн архинаас нь уусан. Би тухайн айлд 30 минут шахуу тэр хэдтэй жоохон юм яриад 100 гр орчим архи уусан байсан. Тухайн айлд байхдаа би хэл муутай залуу руу нь “хэл муутай ч гэсэн хүнд их тус болдог хүн юмаа” гэсэн утгатай зүйл хэлсэн чинь гэрийн эзэн болох ******* нь буруу ойлгоод над руу “Чи хэл муутай хөл муутай хүмүүсийг доромжиллоо” гээд агсарч эхэлсэн. Би тухайн үед хэрүүл хийхгүй гээд босоод хаалганы хажууд очих үед ******* нь юм шидэх шиг болохоор нь эргээд хартал хутга газарт унасан байсан бөгөөд миний баруун талын суганы доод хэсгээс цус гарч байсан. Миний биед баруун талын суганы доод хэсэгт хутганы үзүүр ороод 2 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед байхаа гэрээсээ гараад хүнээр юм гагнуулах гээд 2 дугаар гудамжид *******ын хашааны үүдээр гарч явтал *******ынд хүмүүс дугаралдаад байхаар нь яваад ортол *******, *******, С.Сугардорж нар юм яриад сууж байхаар нь би тэнд жоохон сууж байсан чинь гаднаас Мөнхтөр орж ирсэн. Тухайн үед ******* нь архи задлаад тойруулаад сууж байсан чинь С.Сугардорж нь ******* лүү “Нөмрөгийн хэлгүй, дүлийчүүд” гэх утгатай юм хэлсэн чинь ******* “Юу гэнээ” гээд босоод ирсэн чинь ******* нь ******* лүү “Зүгээр зүгээр чи буруу сонсчихлоо” гээд суулгасан. Тэгээд С.Сугардорж нь хундагатай архиа бариад салгануулаад асгаад байхаар ******* уурлаад “Чи ингэж хэлж болохгүй ээ, энэ хүнийг чинь хамгаалах хүн байдаг юм шүү” гэж хэлээд С.Сугардорж руу хутга гаргаж ирээд шидсэн. Тэгсэн С.Сугардорж шууд гараад явчихсан бөгөөд би араас нь гартал *******ын гэрийн үүдэнд цус дусчихсан байхаар нь би *******ын С.Сугардорж руу шидсэн хутга зоогдоод орсон юм байна гэж бодоод *******т цус дусчихсан байна гэж хэлээд эмч дуудсан. Тэгээд Ганбат эмч ирээд С.Сугардоржид оёдол тавина гээд эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг *******ынд ороход ******* ганцаараа байсан бөгөөд араас С.Сугардорж, , ******* нар нь цуваад орж ирсэн. ******* бид хэдийг та нар ярьж байгаад орж ирсэн үү гээд байсан. ******* нь бид хэдийг орж ирсэн болохоор 1 шил “Хараа” нэртэй 0,5 литрийн савлагаатай архи гаргаж ирээд задлаад тойруулсан. С.Сугардорж, *******той яриад бөх таних уу гээд том том яриад байснаа ******* лүү С.Сугардорж нь “хэлгүй, дүлий” гээд томрох гээд байсан. Тэгээд нэг харсан чинь ******* нь С.Сугардорж руу хутга шидсэн чинь С.Сугардорж хэвлийн баруун хэсгээ дараад гараад явчихсан...” гэсэн /хх 27-28/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 09 цагаас жижүүртэй байсан бөгөөд ажилдаа явах гэж байхад буюу 08 цаг 45 минутад Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр, сувилагч Бүрэнцогт залгаад “1 дүгээр гудамжны өнцөг дээр хүн цус алдаад байна гэсэн дуудлага ирлээ та үзээдхээч” гэж хэлэхээр нь би тухайн газарт очиход 1 танихгүй хүн газарт унаад хэвтэж байсан бөгөөд өмсөж явсан хувцас нь нэлээн их цус болсон байхаар нь цамцыг нь сөхөөд харсан чинь баруун суганы доод хэсэгт 1,5 см орчим урттай зүсэгдсэн шарх үүссэн, цус ихээр гарч байсан. Тэгээд тухайн хүний шарханд даралттай боолт хийгээд эмнэлэг орох шаардлагатай учир эмнэлгийн тэрэг дуудаад эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд тухайн хүнд цус тогтоох тариа шингэнүүд хийж, үүссэн шарханд 3 оёдол тавьсан. Намайг дуудлагаар очиход *******, хоёр танихгүй хүнийг хараад зогсож байсан...” гэсэн /хх 30-31/ мэдүүлэг

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед байхаа гэрээсээ гараад 2 дугаар гудамжинд *******ын хашааны үүдээр гаргаж явтал *******ынд хүмүүс дуугаралдаад байхаар яваад ортол *******, *******, С.Сугардорж, нар юм яриад ширээн дээрээ 1 шил архи задлаад тавьчихсан сууж байсан. Тухайн архинаас тэр хэд ууж байгаа бололтой халчихсан байсан бөгөөд архи нь доороо 4 хуруу хэмжээний үлдчихсэн байсан. Би том өрөөний үүдэнд сандал байхгүй гээд газарт сууж байсан чинь С.Сугардорж гэдэг хүн хундагатай архи бариад тэрийгээ далайгаад байсан. Тэгэхээр нь би маргалдахгүй гээд шууд гарч яваад үүдэн дээр тамхи татаад зогсож байсан чинь дотор хүмүүс чанга дуугаралдаад байхаар нь би яваад ортол ******* намайг өмөөрөөд С.Сугардорж руу хутга шидсэн гэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд С.Сугардоржийн хэвлийн баруун хэсгийг хартал цус гарч байхаар нь даавуу аваад тэнд нь дараад цусыг нь тогтоогоод С.Сугардоржийг өргөөд гаргасан. Тэгээд эмнэлэг дуудахад эмнэлгээс хүмүүс ирээд С.Сугардоржийг аваад явсан...” гэсэн /хх 33-34/ мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ын “...Би 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө гэртээ байж байхад Буянбат, Сугардорж, Батмагнай, Мөнхтөр нар орж ирсэн. Тэд нар архи уусан байхаар нь нэг шил архи гаргаж ирээд хийж өгч тойруулаад байж байтал Сугардорж Мөнхтөрийг “хэлгүй, дүлий” гэх маягийн юм яриад байхаар нь “Чи айлд орж ирчхээд юу гээд байгаа юм, юу гэж хүн доромжлоод байгаа юм, чи яв, чамайг орж ирэхээр архи гаргаж өглөө өөр яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Сугардорж хундагатай архиараа Мөнхтөрийг цохих гээд далайж байгаад асгачхаар нь миний уур хүрээд ширээний нүднээс хутга гаргаж ирээд Сугардорж руу шидсэн чинь Сугардоржийн баруун тал сүвээний доод хавирга хэсэг рүү хатгасан юм шиг байсан. Намайг хутга шидтэл Сугардорж гараад явсан. Би араас нь гараад иртэл гэрийн үүдэнд цус дусчихсан байсан. Тэгээд би миний шидсэн хутга Сугардоржийг хатгасан юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хохирогч ******* маргалдаж улмаар түүн рүү хутга шидсэний улмаас түүний баруун суганы доод хэсэгт шарх гэмтэл учруулсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч С.Сугардоржид хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 293 дугаартай: “...С.Сугардоржийн биед гэмтэл учирсан байна. Цээжний баруун талд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. С.Сугардоржийн биед учирсан гэмтэл нь шинээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Сугардоржийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 38/ шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын хохирогч С.Сугардорж руу хутга шидсэн үйлдэл хохирогчийн цээжний баруун талд хурц ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь хохирогчийн “...Надад ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь 60 хувийн группэд байдаг зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй, 19,5 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 1,000,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих ухам имтэй, бөөр цагаан, улаан алаг зүсмийн 5 настай бүдүүн үнээг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй, 19,5 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 1,000,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих ухам имтэй, бөөр цагаан, улаан алаг зүсмийн 5 настай бүдүүн үнээг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ