| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2020/0610/Э |
| Дугаар | 2020/ДШМ/738 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2020/ДШМ/738
Н.Мод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
хохирогч С.Хы өмгөөлөгч Б.Цэрэндолгор,
яллагдагч Н.М, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 959 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжиний бичсэн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Н.М холбогдох 1905011480281 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Нийн М, 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Н.М нь 2018 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны орчим иргэн С.Хы эзэмшлийн 1 ширхэг их гарын шүрэн толгойтой мана хөөрөг, 1 ширхэг их гарын шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг “зараад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, нийт 167.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
1. Яллагдагч Н.М нь хохирогчийн мана болон хаш хөөргийг зарж өгнө гэж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны гадна очиж залилан авсан, эсхүл хохирогч нь “чи миний машиныг зарахдаа машины үнэд оролцуулан авсан мана болон хаш хөөрөг чинь зарагдахгүй байна. Намайг машингүй болгосон тул үүнийгээ зарж өг” гэж Н.Мын ажлын газар болох Хан-Уул дүүрэгт байрлах Алтаргана байранд аваачиж өгсөн эсэхийг нарийн шалгаагүй байна.
2. Н.М нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Т.Нямдаваагаас 15.000.000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд нь хаш хөөргийг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Итгэл ананд” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас (М.Лхагварагчаа) 15.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд их гарын мана хөөргийг тус тус барьцаалжээ. Гэтэл зээлдүүлэгч Т.Нямдаваа нь барьцааны эд зүйлийг 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Б.Содномпилд 30.000.000 төгрөгөөр, Б.Содномпил нь дээрх хөөргийг худалдан авснаас хойш 10 хоногийн дараа “Сүлд” угаалгын газарт Баясаа гэдэг хүнд 50.000.000 төгрөгөөр худалдсан гэж мөрдөн байцаалтад тус тус мэдүүлжээ. Зээлийн барьцаанд тавьсан хаш хөөрөг гар дамжин зарагдаж, зарсан хүмүүс нь үндэслэлгүй хөрөнгөжиж эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байгаа эсэх, одоо уг хөөрөг хэнд байгаа, мөн мана хөөрөг хаана, хэнд байгааг шалгаж олж тогтоон, хөөрөгнүүдийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, хохирогчийг хохиролгүй болгох ажиллагааг хийгээгүй байна.
Иймд Т.Нямдаваа, Б.Содномпил, Баясаа гэх хүн, “Итгэл ананд” ХХК-ийг (М.Лхагварагчаа) шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасан болон хуульд заасан бусад ажиллагааг явуулах шаардлагатай.
З. Хөөрөгний үнэлгээг яллагдагч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Х анх 21-22 улсын дугаартай “Range Rover” загварын машинаа хэдэн төгрөгөөр зарахаар хэнтэй хэлцэл хийсэн, төлбөрт нь хэнээс хэдэн төгрөг, юу авсан, зээлийн төлбөрт авсан 2 хөөргөө хэдэн төгрөгөөр заруулахаар Н.Мод өгсөн, Н.М 2 ширхэг хөөргийг хэдэн төгрөгт зарахаар авсан эсэхийг шалгаж, хөөрөгний үнэлгээг дахин хийлгэж, хохирлын хэмжээг бодитой, зөв тогтоох нь зүйтэй.
Дээрх байдлыг шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заасан нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. ...” гэх үндэслэлээр Н.Мод холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Н.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Н.М нь 2018 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны орчим иргэн С.Хы эзэмшлийн 1 ширхэг их гарын шүрэн толгойтой мана хөөрөг, 1 ширхэг их гарын шүрэн толгойтой хөөрөг зэргийг “зараад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч нийт 167.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй юм. Хохирогч С.Хы “...Би 2 хөөргийг анхнаасаа өөрөө хэрэглэх зорилгоор машинаар сольж авсан. Шаардлага гарвал зарах л байсан байх. Гэхдээ тухайн үед 2 хөөргийг зарах шаардлага надад байгаагүй. ...Би хөөргийг зараад өг гэж хэлээгүй. Н.М “би таны 2 хөөргийг зарж дундаас нь мөнгө унагааж авмаар байна, түрээсийн байр оронтой хэцүү байна” гэхээр нь “за тэгээ” гэж боломж олгосон юм. Надад М ямар ч мөнгө өгөөгүй. ...М 2 хөөргийг үнэ хүрэх хөөрөг гэдгийг мэдэж байгаа учраас намайг эргүүлдсээр байгаад аваад явсан. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр уг хөөргийг өгсөн байна. Би 2017 оны 1 дүгээр сард Дамдинсүрэнд өгснийгөө 2018 оны 1 дүгээр сард Мод өгсөн гэж андуурч хэлсэн байна. ...” гэх мэдүүлгээр яллагдагч Н.М нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны гадаа хохирогч С.Хаас мана болон хаш хөөргийг авсан болох нь тогтоогдсон бөгөөд яллагдагч Н.Мын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, хаана яаж үйлдсэн, мөн гэмт хэргийн сэдэлт зорилго илэрч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол ...” гэж хуульчилжээ. Гэрч Т.Нямдаваагийн “...2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд байхад миний таньдаг хүн болох Базараатай хамт М гэх залуу цагаан өнгийн буюу сүүлийн үеийн хаш хөөргийг барьж ирсэн. Тэгээд надад “энэ хөөргийг барьцаанд авчих, 1 сар болгоод авна” гэж хэлэхээр нь би тухайн хөөргийг нь барьцаанд авсан. Тухайн үедээ 15.000.000 төгрөгийг Мод бэлнээр өгсөн. Нэг сарын хугацаа дуусч 2018 оны 7 дугаар сарын сүүлээр М руу удаа дараа залгаж “хөөргөө аваач ээ, энэ хөөргийг чинь зарлаа шүү” гэж хэлэхэд “ажил хийж байна, одоохон авна, хэд хоног хүлээчих” гэх мэтчилэн үгийг хэлсээр байгаад 10 сар болсон. ...М нь тавьсан хөөргөө авахгүй болохоор нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Со гэж дууддаг хүнд 30.000.000 төгрөгөөр зарсан. ...” гэх, гэрч М.Лхагварагчаагийн “...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр М гэх залуу манай ломбардад шүрэн толгойтой, мөртэй их гарын манан хөөргийг үзүүлээд 15.000.000 төгрөгт тавьсан. Уг хөөргийг барьцаанд тавихдаа 1 сарын хугацаатай гэрээ хийсэн ба түүнээс хойш гар утас руу нь залгахаар гар утас нь холбогдохгүй, хөөргөө ирж аваагүй. 2019 оны 2 дугаар сарын эхээр хөөргийг хүнд 25.000.000 төгрөгт өгсөн. ...” гэх мэдүүлгүүдээр Н.Мын барьцаанд тавьсан мана болон хаш хөөргийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдээгүй болох нь тогтоогдсон байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол...” хуульчилсан бөгөөд уг гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаал эрхэлдэг этгээд байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хөөргийг барьцаанд авсан, худалдан авсан гэрч Т.Нямдаваа, М.Лхагварагчаа, Б.Содномпил нар нь нийтийн албан тушаал эрхэлдэггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах”, 22.10 дугаар зүйлд заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно. “ гэж заасныг зөрчжээ. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаанд хөөргийг олж тогтоох бүхий л ажиллагаа хийсэн боловч хэний эзэмшил, хаана байгаа нь тогтоогдоогүй болно.
Хохирогч С.Хы эзэмшлийн хаш болон мана хөөргийг үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хөөрөгний хэмжээ, гэрэл зураг, шинж чанарыг харгалзан тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар үнэлүүлэн хохирлын үнэлгээг гаргуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан нотлон тогтоосон. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 959 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.
Хохирогч С.Хы өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн боловч шүүх хуралдааныг хийсэн. Прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хоёр хөөргийг хайж олох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Нямдаваа гэх хүн нь Цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн юм гэсэн. Тиймээс шүүгчийн захирамжид тусгагдсан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Х гэрийн гадаа хүлээж байгаад хөөрөг аваад явсан нь тогтоогддог. Н.М нь Хтай тааралдахаараа “уучлаарай” гээд юм хэлж чаддаггүй. М.М нь надтай уулзаад хохирлыг барагдуулна гэж хэлээд маш их хугацаа авсан. Өөрийн бие муутай байдлыг далимдуулж залилангийн гэмт хэрэг үйлдэж байна. Энэ хэрэг 2011 оноос хойш шалгагдаж байгаа бөгөөд олигтой ажиллагаа хийгдээгүй. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хөөрөг авахаар Хы гэрийн гадаа очоогүй. Тухайн үед Хд хөөрөг байгаагүй Дамдинчулуунд байсан. Намайг Хан-Уул дүүрэгт оффис түрээслэж байхад Х ирээд “үүнийг зараад машин болгож өг” гэж хэлсэн. Х намайг олон удаа зодож дарамталж байсан учираас би дэлүүгээ авахуулсан. Тэр 2 хөөргийг 70.000.000 төгрөгөөр бодож, дээр нь би 20.000.000 төгрөг нэмж машин авч байсан. Би Б.Цэрэндолгорт 20.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгч байсан. Х нь Тагнуулын газрын өндөр албан тушаалтан байгаа юм. Баянгол дүүргийн хоёр цагдаа намайг өдөржин дагаад явдаг байсан. Би энэ талаар прокурорт гомдол гаргаж байсан. Тухайн үед Дамдинсүрэн, Х нар 70.000.000 төгрөгөөр бодож наймаа хийж байхад би хажууд нь байсан. Хөөрөг ямар үнэлгээтэй болохыг би мэдэхгүй. ...” гэв.
Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хөөрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй ба дахин бүрэлдэхүүнтэй үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Монголын хохирол үнэлэгчдийн холбоо гэх газарт үнэлгээ хийлгэхээр хүсэлт өгсөн боловч хоёр хөөрөг бодитоор байхгүй учир үнэлгээ хийх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Монгол Улсад үнэлгээний байгууллагууд нэг хууль, журмаар үнэлгээ гаргадаг. Байхгүй хөөрөгний өндөр, нам, өргөн, алтан нуухны хэмжээг яаж үнэлээд байгаа юм бэ. Биет байдлаар байхгүй байхад үнэлгээ хийсэн байсан. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Прокурор хэргийн бодит байдлыг тогтоогоогүй хэрнээ яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй байхад хохирлын хэмжээг тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Содномпилийг иргэний хариуцагчаар тогтоосон. Гэтэл прокурор 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Шинжээчийн гаргасан 2 дүгнэлт нь үндэслэлгүй гарсан гэж үзэж, удаа дараа Геологийн төв лабораторийг шинжээчээр томилох санал, хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хангаагүй. Энэ бүхнийг эцэслэн шийдвэрлэсний дараа шүүхэд хэргийг шилжүүлэх байсан. Энэ гэмт хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй. Мөн яллагдагч М.М нь хэрэг хариуцах чадвартай эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Н.Мыг 2018 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны орчим иргэн С.Хы эзэмшлийн 1 ширхэг их гарын шүрэн толгойтой мана хөөрөг, 1 ширхэг их гарын шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг “зараад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, нийт 167.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Прокуророос “Н.М нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан хохирогч С.Хы 2 ширхэг хөөргийг залилан авч, нийт 167.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримтыг дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэдий боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд прокуророос хөөрөгнүүдийг олж тогтоогоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, хохирогчийг хохиролгүй болгох ажиллагааг хийгээгүй, яллах үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс “...2 ширхэг хөөрөгний үнэлгээг дахин хийлгэх, хохирлын хэмжээг бодиттой зөв тогтоох” гэсэн нь үндэслэл бүхий байна.
Учир нь, “Мөнх Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2 ширхэг хөөрөгний үнэлгээний дүгнэлт /2хх 53-70/ гаргасан шинжээч Х.Калимат нь “биетээр хөөрөг байхгүй тул зураг болон холбогдох материалыг үндэслэн зах зээлийн ханшаар үнэлгээг гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн Royal HD телевизийн “Монгол гангараа” шууд нэвтрүүлгийн үнийн саналыг үндэслэсэн гэх /2хх 71/ тайлбараас үзэхэд хохирлын хэмжээг бүрэн зөв, бодитой тогтоосон гэж үзэх боломжгүй бөгөөд хуульд нийцэхгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заасан нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. ...” гэх үндэслэлээр Н.Мод холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах тухай захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 959 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ