Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б*******

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.О*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 565 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0214/3

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б*******эс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.О*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 565 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******эс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.О*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүх маргаан бүхий захирамжид "шүүхийн шийдвэрээр" гэх үндэслэлийг дэлгэрэнгүй тодорхойлоогүй, холбогдох баримт дурдаагүй гэх шалтгаанаар "акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" хэмээн үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан "илт хууль бус" актын шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх шийдвэрийнхээ Үндэслэл хэсгийн 5.8-д "Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар ... захирамж гаргах, иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох" хуулиар олгогдсон бүрэн эрхтэй субъект болохыг тодорхой хүлээн зөвшөөрсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт нь захиргааны байгууллага, албан тушаалтанд тухайн шийдвэрийг гаргах хуулиар олгогдсон эрх мэдэл, чиг үүрэг огт байхгүй буюу дур мэдэн гаргасан, эрх зүйн ямар ч үр дагавар үүсгэх боломжгүй актад хамаардаг. Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, газар зохион байгуулалт болон өмнөх гаргасан шийдвэрээ хянах чиг үүргийн дагуу тухайн актыг гаргасан байдаг.

Акт гаргах эрх зүйн үндэслэл болон эрх мэдэл бодит байдалд байсаар байтал захирамжийн бичвэрт "шүүхийн шийдвэрээр" гэх үндэслэлийг дэлгэрэнгүй тодорхойлоогүй нөхцөл байдлыг шууд "илт хууль бус" гэж үзэх нь хуулийн ухагдахууныг хэтрүүлэн тайлбарласан алдаа юм. Захиргааны актын хууль зүйн үндэслэл тодорхой бус байх, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх нь тухайн актыг "Хүчингүй болгох үндэслэл болохоос биш, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн ямар ч үр дагавар үүсгэдэггүй "илт хууль бус" актын шинжид хамаарахгүй.

Шүүх актыг буруу ангилснаас үүдэж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу хэрэглэсэн тухай:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зөвхөн "илт хууль бус" болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй хууль зүйн зохицуулалттай. Хариуцагч тал энэхүү хуулийн зохицуулалтыг үгүйсгээгүй болно. Гэвч анхан шатны шүүх маргаан бүхий актыг "илт хууль бус" гэж буруу ангилснаас үүдэж, нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг ноцтой хэтрүүлсэн алдааг анхаарч үзэлгүй, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий акт нь ердийн хууль бус актын шинжтэй тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тухай:

 Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын А/639 дүгээр захирамж нь 2013 онд гарсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус захирамжийн агуулга, "шүүхийн шийдвэрээр" гэх үндэслэлийн талаар тодорхой авч хэлэлцэн хууль зүйн дүгнэлт хийсэн байдаг.

Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч Б.Б******* маргаан бүхий актыг хамгийн багадаа 2014 онд гарцаагүй мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсныг хангалттай нотолж байна. Маргаан бүхий захирамж нь "илт хууль бус" биш, харин ердийн захиргааны актын шинжийг агуулж байх тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд хандах үүрэгтэй байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь тухайн актад холбогдуулан 2026 онд буюу 12 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр илт хэтрүүлсэн үйлдэл юм.

Анхан шатны шүүх актыг зөв ангилж, ердийн хууль бус актын хүрээнд авч үзсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль ёсны үндэслэлтэй. Шүүх актыг буруу ангилснаас үүдэж, хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хугацаагүй мэтээр хүлээж авч шийдвэрлэсэн нь процессийн хуулийг ноцтой зөрчсөн алдаа мөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгов.

1.Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх”, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар “…дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхтэй.

Түүнчлэн 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/639 дүгээр захирамж гарах үед үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, …өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд дээрх захирамжийн нэгдүгээр хавсралтаар нэр бүхий 893 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн төдийгүй дөрөвдүгээр хавсралтаар нэр бүхий 253 иргэн, түүний дотор Б.О*******т газар өмчилсөн 2005 оны 74 дүгээр захирамжийн түүнд холбогдох хэсгийг “шүүхийн шийдвэрээр” гэсэн үндэслэлээр хүчингүй болсонд тооцсоныг илт хууль гэж үзэхгүй, гэтэл шийдвэрт энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Учир нь хариуцагч нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий дээрх захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарахгүй. Захиргааны акт илт хууль бус болох тохиолдлын нэг болох дээрх зохицуулалтыг энэ тохиолдолд Засаг дарга хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн эсэхтэй илүүтэй холбон тайлбарлах бөгөөд харин чухам ямар шүүхийн, ямар шийдвэрийг үндэслэсэн нь тодорхойгүй байгаа нь хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл болно. 

2.Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 252 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны мөн оны 156 дугаар тогтоол гарсаны дараа маргаан бүхий захирамж гарч, улмаар тухайн хэргийн гуравдагч этгээд Ж.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулахаар гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 6 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан байгаагаас үзэхэд энэ үед нэхэмжлэгч Б.Б******* одоогийн маргаан бүхий захирамжийг мэдэж байсан, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул хүчингүй болгох боломжгүй юм.

Харин дээрх тогтоолд “…Б.О******* нь газар өмчлөх эрхээ 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Бэлэглэлийн гэрээгээр иргэн Я.Б*******д, Я.Б******* нь 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Б.Б*******д тус тус шилжүүлсэн, эдгээр хэлцлүүдийн талаар талууд маргаж байгаагүй, хэлцлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй /хэрэгт авагдаагүй/, Б.О*******ийн өмчлөх эрх 2007 онд дуусгавар болжээ. Түүнчлэн Б.О*******ийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь аль шүүхийн, ямар шийдвэрт үндэслэж нийслэлийн Засаг дарга 2023 оны А/639 дүгээр захирамжийг гаргасан нь тодорхой бус байна. Гуравдагч этгээд Ж.Д******* нь дээрх хашаанд байршилтай зээлийн барьцааны зүйл болох 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “А***” банкнаас худалдан авч, эрхийн улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болно…” гэж дүгнэснийг энд тэмдэглэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2008 онд бусдаас худалдан авсан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 1074 дүгээр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон 455.46 м.кв газрын өмчлөх эрх маргаан бүхий захирамжийн улмаас ямарваа хэлбэрээр зөрчигдөхгүй.

3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно”, 36.2-т “Иргэний газар өмчлөх эрхийг сэргээн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь уг газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх, эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид нэгэнт шилжсэн, бүртгэгдсэн, сэргээгдсэн газар өмчлөх эрхийг 2013 оны А/639 дүгээр захирамжийн дагуу хүчингүй болгох үндэслэлгүй, нөгөөтэйгүүр Б.О*******ийн газар өмчлөх эрх уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасны дагуу 2007 онд газраа Я.Б*******ын өмчлөлд шилжүүлснээр дуусгавар болсон тул түүнд газар өмчлөх эрх анх олгосон захирамжийг ийнхүү хүчингүйд тооцох нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй болно.

Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.4-т “...маргаан бүхий захиргааны акт бодит байдал дээр газар өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, зорилгодоо нийцээгүй, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий газрын өмнөх өмчлөгч болох Д.О*******ийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосноор тодорхой үр дагавар үүсгэсэн байна…” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан Б.Бат-Эрдэнийн гаргасан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.О*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасны дагуу, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                          Б.АДЪЯАСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН