Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 124/ШШ2020/0019

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/26 УВА-2020-01/ГА дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймаг дахь Төрийн Аудитын газарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг: Үйл баримтын тухай

“Х М З” ХХК нь "Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээний ажлыг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэсэгчлэн 83.3 км; үлдсэн 52.2 км замыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус барьж дуусгасан билээ.

Увс аймаг дахь Аудитын Газраас гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 02/26 УВА 2020/01/ГА актаар дээр дурдсан авто замын барилгын ажлыг гүйцэтгэхэд ашиглагдсан 2081451.7 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 1,040,725,850? / Нэг тэрбум, дөчин сая, долоон зуун хорин таван мянга, найман зуун тавин төгрөг /-ийг төлүүлэхээр тогтоожээ.

Бид энэ актыг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэсэн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хоёр: Акт нь холбогдох хууль, журам зөрчсөн тухай

1. Увс аймаг дахь Төрийн Аудитын Газар акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 26.1 заалтуудыг зөрчсөн. Тодруулбал, акт тавихын өмнө холбогдох нөхцөл байдлыг тогтоох, оролцогч (манай компани)-ийг сонсох ажиллагаа хийх ёстой байсан боловч эдгээрийн аль алийг нь хийсэнгүй. Эдгээр ажиллагааг хуулийн дагуу зөв явуулсан бол үндэслэлгүй шийдвэр гарахгүй байх байсан.

2. Актаар тогтоосон төлбөрийн хэмжээ, түүнийг тодорхойлсон аргачлал нь Засгийн газрын 222 тогтоолоор баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ийн 5.2-т заасныг илтэд зөрчсөн. Уг заалтад "... түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны борлуулалтын үнэлгээг 1шоо метр-т 5000Т- өөс хэтрэхгүй байна" гэж заасан атал тус үнэлгээг 20000Т-өөр тооцсон.

Энэ нь манай компанийн хуулийн дагуу төлөх ёстой байсан хэмжээнээс 3 дахин их болсон тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эдгээрийг үндэслэн Увс аймаг дахь Төрийн Аудитын Газраас гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 21 -ны өдрийн 02/26 УВА 2020/01/ГА актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Увс аймаг дахь Төрийн аудитын газар акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 26.1 дэх заалтуудыг зөрчсөн. Тодруулбал: акт тавихын өмнө холбогдох нөхцөл байдлыг тогтоох, оролцогч /манай компани/-тай сонсох ажиллагаа хийх ёстой байсан боловч эдгээрийн аль алийг нь хийсэнгүй. Эдгээр ажиллагааг хуулийн дагуу зөв явуулсан бол үндэслэлгүй шийдвэр гаргахгүй байх байсан гэжээ.

Тайлбар: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын өрөөнд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт "Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна", 27.4.4 дэх заалтад Утсаар санал авах", 27.4.5 дахь заалтад "Цахим хэлбэрээр санал авах", 27.4.6 дахь заалтад "Төлөөлөгчөөр дамжуулан санал авах" гэж заасны дагуу"“Х М З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-тай утсаар холбогдож сонсох ажиллагааг явуулан тэмдэглэл хөтөлж, дуу хураагуураар бичлэг хийж баримтжуулсан. Актын төсөлтэй холбогдуулан албан бичгээр хариу ирүүлэхийг уламжилсан.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 103 дугаар албан бичгээр актын төслийг Б.Б захирлын цахим хаягаар хүргүүлсэн бөгөөд хариуг асууж дахин утсаар холбогдоход компанийн томоохон хувьцаа эзэмшигч эмчилгээтэй байгаа тул ТУЗ-ын хурлаар оруулах боломжгүй хүлээж байгаа талаар хэлсэн.

Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт "Тухайн нэг актын, албан шаардлагын хэвлэмэл хуудсыг гурван хувь үйлдэх бөгөөд нэг хувийг төлбөр хариуцагч байгууллагад өгөх ба хоёр дахь хувийг тухайн акт, албан шаардлагыг баталгаажуулсан тушаалын хамт аудитын байгууллагын бичиг хэрэгт хавсаргах, үлдэх хувийг нотлох баримтын хамт аудитын ажлын баримт материалд хадгална", 7.3.1 дэх заалтад "Гүйцэтгэл болон нийцлийн аудитаар тавигдсан акт, албан шаардлагыг аудитын тайлангийн хамт энэхүү журмын 7.1-т заасны дагуу баталгаажуулан аудитын тайлангийн хамт харилцагчид албан бичгээр хүргүүлнэ", 7.5 дахь хэсэгт "Төрийн аудитын байгууллагын ажилтан хариу тайлбартай буюу зөвшөөрөөгүй, эсвэл тайлбарыг бичгээр ирүүлэхээс татгалзсан акт, албан шаардлагыг ...., орон нутаг дахь аудитын байгууллагын хувьд тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан байдаг.

Гэтэл хэвлэмэл байдлаар бус цахим хэлбэрээр хүргүүлсэн манай байгууллагын актын төсөлд холбогдуулан хуулийн хугацаанд санал /хариу тайлбар/ ирүүлээгүй болно.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/23 дугаар бичгээр "Уг замыг барихад ашигласан байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой эргэлзээтэй асуудлууд үүсээд байгаа тул аудитад хамруулж өгөх тухай" хүсэлт ирүүлснийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын хамрах хүрээнд оруулан төлөвлөгөөнд тусгаж шалгасан.

Тухайн зам барилгын ажлын холбогдох баримт материалыг холбогдох чиг үүргийн байгууллагаас гаргуулах гэсэн боловч зураг төсөв, холбогдох баримт манай аймагт байхгүй байсан. Харин Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/140 дугаар захирамжаар дээрх ажлын баримт материалын холбогдох баримт материалыг бүрдүүлэх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулагдаж дараах тооцооллыг хийсэн. Үүнд:

- Аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нар Зам тээвэр хөгжлийн яам болон Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газарт очиж ажиллан холбогдох баримт материалыг тулган уг замын ажилд ашигласан Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тооцооллыг хийсэн.

- Уг тооцооллын дагуу аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нар орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн тооцооллыг гаргасан.

Аудитаар уг ажил гүйцэтгэх гэрээний дараах зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн дээрх тооцооллын дагуу төлбөрийн акт тогтоосон. Үүнд:

Монгол Улсын Засгийн газар “Х М З” ХХК-ийн хооронд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан "Сонгино сум- Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барих-шилжүүлэх /ВТ/ концессын гэрээний 1.5.2 дахь заалтад "Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж барилгын норм ба дүрэм, журамд тавигддаг шаардлагыг хангасан байх", 2.17 дахь хэсэгт "Концесс эзэмшигч нь Монгол Улсад мөрдөгдөж буй аливаа хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөнө", 2.19 дахь хэсэгт "Концесс эзэмшигч нь өөрийн зардлаар байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны бүхий л шаардлага, холбогдох хууль хэм хэмжээг бүрэн хангаж ажиллана", 2.22 дахь хэсэгт Холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигч нь ажлын талбайн гадна талаас олборлож буй түгээмэл тархацтай ашигт малтмал, байгалийн нөөц. ажлын талбайгаас гадна газар ашигласны төлбөр, түрээс бусад хураамжийг төлнө" гэсэн заалтуудыг зөрчиж"“Х М З” ХХК нь 86 508 551 /Наян зургаан сая таван зуун найман мянга таван зуун тавин нэг/ ам.долларын замын ажлыг хийж гүйцэтгэхдээ Орон нутгийн төсөвт Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байсанд төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй шийдвэр юм.

2. Актаар тогтоосон төлбөрийн хэмжээ, түүнийг тодорхойлсон аргачлал нь Засгийн газрын 222 тогтоолоор баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ийн 5.2-т заасныг илтэд зөрчсөн. Уг заалтад "... түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны борлуулалтын үнэлгээг 1 шоо метр-т 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна" гэж заасан атал тус үнэлгээг 20000 төгрөгөөр тогтоосон гэжээ.

Тайлбар: Актын төлбөрийг тооцохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт "Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна", Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын 3.4 дэх хэсэгт "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 3.4.2 дахь заалтад "Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тогтоох, өөрчлөх", аймгийн ИТХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/45 дугаар "Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын жишиг үнэлгээ тогтоох тухай" тогтоолын хавсралтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын 1 м.куб-ын үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр буюу 20 000 төгрөг байхаар тогтоосон, тогтоолын 3-д "Өнгөрсөн хугацаанд ногдуулсан түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн төлбөрийг төлөөгүй тохиолдолд энэхүү тогтоолын жишиг үнэлгээг баримтлан тооцож орон нутгийн төсөвт төвлөрүүлсүгэй" гэж заасныг тус тус үндэслэл болгосон.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчин 86 508 551 /Наян зургаан сая таван зуун найман мянга таван зуун тавин нэг/ ам.долларын буюу 200 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд орон нутгийн төсөвт Түгээмэл тархацтай ашигт малтмалын татварт нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь санаатайгаар татвараас зайлсхийсэн үйлдлийг илтгэж байх бөгөөд байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна", 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно", 4.5 дахь заалтад "Газарт учирсан хохирлыг ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр" гэж заасан байна гэжээ.

Нэхэмжлэгч “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэлийн даргалсан 2020 оны 10-р сарын 20-ны өдрийн хуралдааны 142 дугаартай Захирамжийн "ҮНДЭСЛЭХ" хэсэгт ...төлбөр тооцоотой холбоотой маргаантай хэсгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2020 оны 10-р сарын 19-ны өдрийн Увс аймаг дахь Төрийн Аудитын Газрын дарга бөгөөд Тэргүүлэх Аудиторын тушаалаар Монгол Улсын Засгийн Газрын 222-р тогтоолд зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг 1 шоо метрт 5000 төгрөгөөр тооцож актын мөнгөн дүнд өөрчлөлт оруулан уг өөрчлөлттэй холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч талд хүргүүлснийг дурдсан, хариуцагч тал нь өмнөх актаар тавьсан 1.040.725.850 /Нэг тэрбум дөчин сая долоон зуун хорин таван мянга найман зуун тавь/ төгрөгийн актыг нэхэмжлэгчийн хариу тайлбар, мөн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зөвтгөн өөрчлөлт оруулж 260.181.462 /Хоёр зуун жаран сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн жаран хоёр/төгрөгөөр тогтоосон 2020 оны 10-р сарын 19-ны өдрийн 02/26УВА2020/01/ГА актыг “Х М З” ХХК-ийн захирал Б.Б-д 2020 оны 10-р сарын 20-ны өдрийн 337 тоотоороо мэдэгдсэнийг гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан шуудангаар хариу хүргүүлсэн болно.

Иймд хариуцагчаас 2020 оны 10-р сарын 19-ны өдөр шинээр тавьсан актын дүнтэй эвлэрч, нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д миний нэхэмжлэлтэй Увс аймаг дахь Төрийн Аудитын газарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь шүүхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/26 УВА-2020-01/ГА дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын Газар нь өмнөх 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/26 УВА-2020-01/ГА дугаар актын мөнгөн дүнд өөрчлөлт оруулан 260.181.462 /Хоёр зуун жаран сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн жаран хоёр/ төгрөгөөр тогтоосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаас 2020 оны 10 сарын 19-ний өдрийн А/75 дугаар тушаалаар маргаан бүхий захиргааны актын мөнгөн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх аль үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х М З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02/26 УВА-2020-01/ГА дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, “Х М З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймаг дахь Төрийн Аудитын газраас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х М З” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ