Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2124000000072 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай Хотгойд овогт Содномдаржаагийн Энхтөр.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт “Нам даваа” гэх газарт байх ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.15м3 галын мод бэлтгэж байгаль экологид 345,744 төгрөгийн шууд хохирол учруулсан, тухайн хууль бусаар бэлтгэсэн модыг “Хьюндай Портер” маркийн 53-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн багийн нутаг дэвсгэрт “Нам даваа” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 140-150 сантиметрийн урттай, 80 ширхэг галын мод бэлтгэж, уг модыг “Хьюндай Портер” маркийн 53-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн *******ийн үйлдсэн хэрэгт холбогдуулж миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Нөмрөг сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Тосонцэнгэл суманд төрсөн эгч Хандармаагийн гэрт байхад надтай ирж уулзаад “Би өчигдөр модтой явж байгаад цагдаад баригдчихлаа, чиний 2021 оны 8 дугаар сард Нөмрөгийн араас Нам даваанаас галын мод бэлтгэсэн гоожин чинь байгаа биз дээ, надад тэр гоожингоо өгчих би цагдаад үзүүлээд шалгуулчихъя туслаач” гээд гуйгаад байхаар нь ах дүү улсууд бие биедээ тус дэм болж байвал зүгээр гэж бодоод өөрийнхөө №21-114505 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг *******д өгчихсөн юм. Над руу ******* яриад гоожин бичүүлж авхуулж байсан асуудал байхгүй. Тухайн үед ******* надад би Нөмрөг сумаас гоожингүй галын мод бэлтгэж оруулж ирээд цагдаад баригдчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 29/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Нөмрөг сумын улсын байцаагчаар ажиллаж байна. Манай суманд иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийн Я.Нямсүрэн, Б.Жамбалдорж, Ц.Баавгай нар бичиж олгодог. ******* нь 2021 оны 09 дүгээр сард манай сумын байгаль хамгаалагч нараас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тухайн газар нутаг нь сумын ойн сан учир улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх 31/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 4-7/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн Нам даваа гэх газрын уулнаас өөрийн эзэмшлийн 53-90 ЗАА улсын дугаартай Портер маркийн автомашинтай явж байгаад галын түлээний мод бэлтгээд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө модоо ачаад Тосонцэнгэл сум руу оруулж ирж байгаад цагдаад баригдсан. Цагдаа миний авч явсан модыг шалгаад бичиг баримтгүй гэх шалтгаанаар саатуулж журмын хашаанд оруулсан. Би тэнд газар унасан байсан унанги мод болон 5 ширхэг босоо үзүүр хэсэг нь хугархай нарийн мод зэргийг бэлтгээд. Тэр моднуудыг 140-150 см урттай тайраад 80 ширхэг мод болсон. Тэр модыг ачиж ирсэн. Мод бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл болон эрхийн бичиг аваагүй байсан. Орой болчихсон байсан болохоор зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлгийг Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн багийн нутаг дэвсгэрт “Нам даваа” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 140-150 сантиметрийн урттай, 80 ширхэг галын мод бэлтгэж, уг модыг “Хьюндай Портер” маркийн 53-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримтыг баримтыг давхар нотолж байна гэж үзээд шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 345,744 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай “...Иргэн *******ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Уг моднууд нь 3,15 метр куб  түлшний хуурай мод байна. Мод бэлтгэсэн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг “Нам даваа” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS5413:2011 Монгол сумын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Н.Гүржавын ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг, бэлтгэсэн 3,15м3  түлшний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 345,744 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 36-38/ тус тус тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.15м3 галын мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч *******ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас ойн санд нийт 1,037,232 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “...******* нь зөвшөөрөлгүй авсан 3.15м3 шинэс түлшний модонд тавигдсан ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 26 тоот дүгнэлтээр тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ 345,744 төгрөгийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 345,744 х 3 =1,037,232 төгрөг...” гэсэн актаар /хх 48/ тогтоогдож байх ба шүүгдэгч ******* нь ойн санд учруулсан 1,037,232 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгчийн “...******* нь нөхөн төлбөр болох 1,037,232 төгрөгийг төлсөн...” гэсэн албан тоот, ХААН банкны “...төрийн сангийн 100090900952 дугаартай дансанд 1,037,232 төгрөг төлсөн...” гэсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter” маркийн 53-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь түүний “...Уулнаас мод ачиж ирсэн 53-90 ЗАА улсын дугаартай Портер маркийн автомашин миний өөрийн машин байгаа юм. Би машинаа Их-Уул суманд байдаг Мөнхсайхан гэх хүнээс 2019 оны 7 сад 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машины тооцоо бүрэн төлөгдсөн, машин Ганбаатар гэдэг хүний нэр дээр байдаг. Дамжиж зарагдсаар байгаад надад ирсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter” маркийн 53-90 ЗАА улсын дугаартай 1,100,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 40,000 төгрөгийн үнэ бүхий цагаан алаг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 140-150 сантиметрийн урттай, 80 ширхэг 3.15м3 хуурай модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 29 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Содномдаржаагийн Энхтөрийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид  хохиролд 1,037,232 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,100,000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai Porter” маркийн 53-90 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 40,000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 140-150 сантиметрийн урттай, 80 ширхэг 3.15м3 хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ӨЛЗИЙХИШИГ