| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баатармаа,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2124000550068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: улсын иргэн, төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, оршин суудаг, регистрийн дугаартай ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийг талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 1-111 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Тосон зам” авто засварын газарт хохирогч ******* “Манай дүүг зодлоо” хэмээн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт чулуу атгасан гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 1-111 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Тосон зам” авто засварын газарт хохирогч ******* маргалдаж улмаар түүний нүүр нь тус газарт гараараа толгойн тус газарт чулуугаар цохисон гэх үйл баримт нь:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт хувиараа бизнес эрхэлдэг газар буюу 1-111 тоотод байрлах “Тосон зам” нэртэй авто засварын газрынхаа ажлынхаа байранд үйл ажиллагаагаа явуулж байхад тус багийн иргэн ******* хүүхдийн хамт манай авто засварын газарт орж ирсэн юм. Тэгээд ******* нь над руу хандан “Чи миний хүүхдийг зодсон байна” гэж хэлээд мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байснаа намайг ******* хүүхэд цохисон юм. Цохих үедээ ******* хүү нь гартаа чулуу атгасан байсан. Тэр үед намайг иргэн Баярбат бариад түүний хүү нь намайг миний нүүрэн хэсэг болох баруун хацар, эрүү лүү цохисон юм. Намайг ажлын байрандаа байж байхад иргэн ******* хүүхэд ажлын байрны цонх руу чулуу шидээд байхаар нь би өөрийн хүүхэд болох Мөнх-Эрдэнийг хэн чулуу шидээд байгаа юм бол миний хүү гараад хараад ир гэхэд миний хүү гараад Баярбат ахын хүүхэд чулуу шидээд байсан юм байна гэж хэлээд ажлын байранд орж ирсэн юм. Тэгээд байж байтал дахин тас няс хийгээд явчихаар нь би ажлын байрнаасаа гараад хартал ******* хүүхэд чулуу шидэж байхаар би “Хүүш” гэж чанга орилоход ******* хүүхэд учиргүй зугтаад цаашаа ухасхийгээд явчихсан. Тэр үед хойноос нь харахад газарт унах шиг харагдсан. Тэгээд би ажил руугаа орж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 15-23/,
Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим гэртээ мах идээд байж байтал манай эхнэр бага хүүг тэврээд гэрт орж ирсэн юм. Би тэгэхээр нь юу болсон талаар асуухад бага хүүг Туул ах зодсон гэж байна. Ганаа Туул ахын засвар луу явчихлаа араас нь гараад оч гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад очтол Туул лаазтай пиво уугаад сууж байсан. Тэгээд би Туултай маргалдаж барьцалдсан. Тэр үед эхнэр нь орж ирсэн. Манай хүү бид хоёрыг салгах гэхэд элдэв үгээр доромжлоод хүү Ган-Эрдэнийн гар луу төмрөөр цохисон юм. Миний том хүү болох ******* маань бага хүү болох Б.Пэлжээг Ч.Цэцэнтуул зодчихлоо гэж уурлаад ******* зүүн шанаа хэсэгт 1 удаа алгадсан. Мөн толгой хэсэг рүү 1-2 удаа авто засварын хаалганы хэсэгт маргалдаж байх үед гараараа цохиж байгаа харагдсан...” гэсэн /хх 47-51/,
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аавыг ******* том банди эхлээд гараараа хацар луу цохисон, дараагаар нь чулуутай гараараа толгой хэсэг рүү цохисон. Мөн Баярбат нь аавын хоолойг нь боосон, цохисон, зүйл байхгүй...” гэсэн /хх 58-59/ мэдүүлэг
Гэрч Б.Цэцэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Баярбаттай манай нөхөр зууралдсан, барьцалдсан байх үед ******* том хүү нь аавынхаа хажуугаар манай нөхрийн толгой дээгүүр баруун гараараа цохиж авсан...” гэсэн /хх 60-61/ мэдүүлэг,
Гэрч ******* “...Тухайн үед Ч.Цэцэнтуул гэх хүний толгой орой хэсгийн хуйх язарсан, зүүн талын хацар нь хавдчихсан орж ирсэн. Ч.Цэцэнтуул гэх хүн эмнэлэг дээр эхнэртэйгээ ирэх үедээ хүүхдүүдээсээ болоод хажуу айлын хүнтэй маргалдаад чулуугаар толгой руугаа цохиулчихлаа гэж хэлж байсан...” гэсэн /хх129-130/
Гэрч “...Баярбат болон түүний хүү нь ажлын байранд орж ирээд Цэцэнтуул гэх хүнийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ******* том хүү ******* нь Цэцэнтуулын хацар луу 1 удаа цохисон юм. Тухайн авто засварын хаалганы хэсэгт ******* том хүү ******* нь Цэцэнтуулын толгой хэсэг рүү нэг цохисон юм. Тэр үед маргалдаж байсан учраас сайн анзаарагдаагүй. Харин барьцалдаж байгаад салах үед Цэцэнтуулын толгойноос цус гарч байсан...” гэсэн /хх131-133/ мэдүүлэг, камерын бичлэг бүхий сиди, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би ******* маргалдаж муудалцсан зүйл байгаа. Би маш их уурласан байсан. Яагаад гэвэл манай дүү хүнд зодуулсан байхаар нь уурлаж, маш их балмагдаж сандарсан байсан. Тэгээд би ******* толгойн хэсэг рүү цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хохирогч ******* маргалдаж улмаар түүний нүүр нь тус газарт гараараа, толгойн тус газарт чулуугаар цохисон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.Цэцэнтуулд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 000000228 дугаартай: “...******* биед гэмтэл учирсан байна. Зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн гарын 1-р хурууны 1-р үе, баруун жавьжны дотор хэсэгт өнгөц хэгзлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. ******* биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021.07.12-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. ******* биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 135/ шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хохирогч ******* толгойн тус газарт чулуугаар цохисон үйлдэл хохирогчийн толгойн зүүн чамархайн дээд хэсэгт үүсгэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь хохирогчийн “...иргэн ******* болон *******тэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, уг ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаар чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ