Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2124000000078 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Улсын иргэн, төрсөн, 51 настай, эрэгтэй,  боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл-6 эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Цагаан Энгэр” гэх газарт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.762м3 түлшний хуурай мод бэлтгэж байгаль экологид 1,140,445 төгрөгийн шууд хохирол учруулсан, тухайн хууль бусаар бэлтгэсэн модыг Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Цагаан Энгэр” гэх газраас тус багийн “Шонт” гэх газар хүртэл Бонго маркийн 27-16 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Цагаан Энгэр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.762м3 түлшний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Шонт” гэх газар хүртэл Бонго маркийн 27-16 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 1,140,445 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч ******* “Иргэн ******* нь ойгоос мод бэлтгэсэн асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23/,

Гэрч ******* “...Би Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар “Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч *******, Баян-Айраг багийн засаг дарга *******, Нуур багийн засаг дарга ******* нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантер маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклтой хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Мөсөн түрүү“ гэх газарт очиход тухайн газарт 1.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн шинэс төрлийн хуурай галын түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байдалтай байсан. Тухайн моднууд нь хэмжээний хувьд ойролцоогоор 2 бонго түлээний мод байсан юм. Тэгсэн дээрх галын түлээний моднуудыг Баян-Айраг багийн иргэн ******* гэгч ойгоос бэлтгэсэн байсан. ******* нь 2021.07.23-ны өдөр Тэлмэн сумын төвд манай ажил дээр хүрч ирээд надтай уулзаад “Цагаан энгэр” гэх газраас 07 сард би түлээний мод бэлтгээд “Мөсөн түрүү” гэх газарт буулгасан гэж хэлсэн. Харин тэр үед ******* би танай байгаль хамгаалагч *******гээс өнөөдөр түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа гээд надад түлээний мод бэлтгэх эрхийн бичиг харуулж байсан юм. Тухайн үед би *******т та ойгоос мод бэлтгэхээс өмнө эрхийн бичиг гоожингоо авах ёстой болохоос биш мод бэлтгэсний дараагаар гоожин авч болохгүй шүү дээ гээд хэлж байсан юм. Тэгээд иргэн *******ийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэх асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч *******ын “...Тухайн үед тэр галын түлээний модыг хэн бэлтгэсэн болохыг олох зорилгоор байгаль хамгаалагч ******* ах бид хоёр мотоциклоор яваад Баян-Айраг багийн иргэн Дуламсүрэн гэдэг айлд очоод “Мөсөн түрүү” гэх газарт хураасан байгаа модыг хэн бэлтгэсэн талаар мэдэх зүйл байна уу гэж асуухад тэр эгч ******* ахыг тэр галын түлээний модыг бэлтгэсэн гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр тэр айлаас мотоциклтойгоо нөгөө модон дээр дээрээ дахиж очоод модных нь зургийг авчхаад буцаад БОХ-ын улсын байцаагч ахтай Дуламсүрэн эгчийн дээхэн талд нь очиж уулзаад “Мөсөн түрүү”  гэх газарт хураалгаастай байгаа модыг манай багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ******* ах ойгоос бэлтгэсэн байна гэж хэлсэн юм. Тэгсэн 2021.07.23-ны өдөр ******* ах над руу утсаар яриад “Мөсөн түрүү гэх газарт хураалгаастай байгаа галын түлээний модыг ах нь Баян-Айраг багийн нутаг “Цагаан энгэр” гэх газраас өвөлжөөнийхөө галын түлээний модонд хэрэглэх зорилгоор 2021 оны 07 дугаар сард эрхийн бичиг гоожингоо авч чадалгүй бэлтгэсэн юм. Миний тэр моднуудыг та нар хяналт шалгалтаар явж байгаад очиж үзсэн гэнэ тэр модны асуудал юу болж байна” гээд хэлж байсан юм. Би тэр үед ******* ахад та тэр модныхоо асуудлыг  БОХ-ын улсын байцаагч , байгаль хамгаалагч ******* ах хоёртой уулзаж ярихгүй юу гээд хэлж байсан юм. Хяналт шалгалтаар 2021.07.22-ны  өдөр  ******* ахын  ойгоос  бэлтгэсэн  байсан  түлээний модыг үзэж харсны дараагаар байгаль хамгаалагч ******* ах манай ах *******ийг мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй мод бэлтгэсэн байна гээд ярьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 36/,

Гэрч *******гийн “... Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч , Баян-Айраг багийн засаг дарга *******, Нуур багийн засаг дарга ******* нарын хамт Засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт Ойн тухай хууль Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Мөсөн түрүү гэх газарт очиход тухайн газарт 1,50-1,60 метрийн уртаар тайрч бэлтгэсэн шинэс төрлийн хуурай галын түлээний модыг ойгоос бэлтгэж хураасан байдалтай байсан. Тухайн моднууд нь хэмжээний хувьд ойролцоогоор 2 бонго түлээний мод    байсан бөгөөд дээрх галын түлээний моднуудыг Баян-Айраг багийн иргэн ******* гэгч ойгоос бэлтгэсэн байсан юм. Иргэн ******* нь 2021 оны эхний 07 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй юм. Тэгээд *******ийн ойгоос бэлтгэсэн асуудлыг манай сумын БОХ-ын улсын байцаагч цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/

Гэрч *******ийн “... Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч байгаль хамгаалагч *******, Баян-Айраг багийн засаг дарга ******* нарын хамт засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Мөсөн түрүү гэх газарт очиход тухайн газарт 1,50-1,60 метрийн уртаар тайрч бэлтгэсэн шинэс төрлийн хуурай галын түлээний моднуудыг Баян-Айраг багийн иргэн ******* гэгч ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан гэдгийг сумын БОХ-ын улсын байцаагч , байгаль хамгаалагч ******* нараас сонсож мэдсэн юм. Миний хувьд тухайн моднуудыг хэзээ хаанаас бэлтгэсэн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн иргэний мод бэлтгэсэн асуудлыг сумын БОХ-ын улсын байцаагч , байгаль хамгаалагч ******* нар сайн мэдэж байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай “...Иргэн *******ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS5413:2011 Монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах. Уг моднууд 6,762 метр куб түлшний хуурай мод байна. Иргэн *******ийн ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оны 7 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой. ...Иргэн *******ийн ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх 40-42/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 43-45/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай “...Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Цагаан энгэр” гэх нэртэй газар нь улсын байгалийн цогцолбор газар 1-р мужлалд хамаарна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №33 дугаартай дүгнэлтэд тусгагдсанаар 2 дугаар мужлалд хамаарна гэсэн учир нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот Улсын Их Хурлын тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумын нутгийн дамжин орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолбор газрын ангилалд багтаасан. Өнөөдрийг хүртэл хамгаалалтын захиргаа байгуулагдаагүй газар нутаг дээр байгалийн цогцолбор газрын хилийн цэс тогтоосон зураг тавигдаагүй нутгийн иргэд мэдэхгүй, УИХ-ын тогтоол хэрэгжээгүй гэж үзэн 2-р мужлалд багтаасан. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Цагаан энгэр” гэх нэртэй газраас бэлтгэсэн 6,762 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж, бэлтгэсэн мод 6,769 м3 үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,140,445 төгрөг болж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 50-51/,

“Шалгаж буй 1. N49 12201, Е9768771. 2. N49 109828 E97.55992 цэгүүд нь Тэлмэн сумын нутаг мөн бөгөөд Булнай нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байна гээд мэргэжлийн хяналтын байцаагч гэж тамга дарсан...” гэх газар нутгийн зураглал /хх 89/, мод бэлтгэсэн гэх газрын зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ийн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 19-20-ны хооронд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Цагаан энгэр” гэх газарт түлээний мод бэлтгэж уулнаас буулгаад зусландаа буулгасан юм. Миний бэлтгэж буулгасан байсан модыг Тэлмэн сумын байгаль орчны байцаагч Гантөмөр, Одхүү багийн засаг дарга Батмягмар, Нуур багийн засаг дарга Пүрэвдорж нар ирж үзээд зургийг нь дараад явсан байсан. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр сумын төв ороод мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Би мод бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Цагаан Энгэр” гэх газарт байх улсын тусгай хамгаалалттай гаар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.762м3 түлшний хуурай мод бэлтгэж, Бонго маркийн 27-16 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, шууд хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6,762м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шууд хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo” маркийн 16-27 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Би машинаа 2010 онд Улаанбаатар хотоос 4,000,000 төгрөгөөр авч байсан. Хөрөөгөө 2018 онд Тосонцэнгэл сумаас 80,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo” маркийн 16-27 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө, 63 ширхэг, 6,762м3 модыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2,280,890 төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгчид олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 27-16 ЗАА улсын дугаартай “Kia Bongo” маркийн тээврийн хэрэгсэл, Хятад улсын үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн 40,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 метр урттай, 63 ширхэг буюу 6,762 м3 модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,140,445 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохиролд 2,280,890 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ