Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01098

 

 Тэргүүн тээвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02413 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2217 дугаар магадлалтай,

 

Тэргүүн тээвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

Винс конкрейт ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 178,138,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК-иас Винс конкрейт ХХК, Я.Чойждаваа нарт холбогдуулан 151,041,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Чойждаваад холбогдох шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Тэргүүн тээвэр ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02413 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Винс конкрейт ХХК-иас 178,138,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Чойждаваад холбогдох шаардлагаас нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,048,644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2217 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Винс конкрейт ХХК-аас 118,759,313 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,379,657 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтын ...1,048,644 төгрөг гэснийг ...751,746 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК нь Винс конкрейт ХХК-тай 2016.07.25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 0-5мм-ын угаасан хайрга м.вк-ыг нь 12,500 төгрөгөөр, тээврийг нь 8,000 төгрөгөөр борлуулахаар тус тус тохирч 2016.07.25-ны өдрөөс 2016.09.06-ны өдрийг хүртэл нийт 154,542,813 төгрөгийн хайрга нийлүүлснээс хариуцагч компанийн зүгээс 35,783,500 төгрөгийн төлөлт хийж, 118,759,313 төгрөгийн төлөлтийг хийгээгүй тул хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож худалдсан, талуудын хэлцэл хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй гэж үзэж анхан шатны шүүх алданги болох 59,379,657 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байсныг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Хариуцагч Винс конкрейт ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, үүрэгтэйгээ танилцсан, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан эрхээ хэрэгжүүлж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй атал дээд шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг үл харгалзан эрх хэмжээгээ хэтрүүлж дээрх дүгнэлтийг хийсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.6-д заасны дагуу зохих зөвшөөрлийг авсан Сүлд тогтох ХХК-аас хэлцлийн үндсэн дээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож бусдад гэрээгээр угаасан хайрга нийлүүлснээс үүдсэн гэрээний үүрэг шаардсан иргэний эрх зүйн маргаан нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах эсэх төр, захиргааны байгууллага, хуулийн этгээдийн хооронд үүсэх захиргааны эрх зүйн маргаанд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч тал бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хууль зөрчихгүйгээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээний үндсэн дээр хийгдсэн хэвийн үйл ажиллагаа гэдгийг дээд шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тэргүүн Тээвэр ХХК нь Винс конкрейт ХХК-тай 2016.07.25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9-д Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй гэдэг хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг хяналтын шатны шүүхээр хянуулахыг хүсэхийн сацуу хариуцагчийн зүгээс гэрээний үндсэн дээр авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг төлөх, түүний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2016.07.25-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн хайрга, тээврийн үнийн үлдэгдэл төлбөр 118,759,313 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 59,379,657 төгрөг, нийт 178,138,970 төгрөг гаргуулна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч Винс конкрейт ХХК: ...нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, олборлолт явуулсан тул гэрээ хүчин төгөлдөр бус, түүнчлэн хариуцагч нь 52,000,000 төгрөгийн хайрга хүлээн авсан, тооцоо нийлсэн Алтансувдад тооцоо нийлэх итгэмжлэл олгоогүй, тооцоо нийлсэн баримтаар бус бүтээгдэхүүн нийлүүлсэн санхүүгийн баримтаар нэхэмжлэлээ тодорхойлох шаардлагатай... гэж маргажээ.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2016.07.25-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээгээр худалдагч Тэргүүн тээвэр ХХК худалдан авагчийн захиалгын дагуу чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх /0-5мм, 1,6 нягттай, угаасан хайрга/, худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлөх, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, гэрээний дагуу худалдагч бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авагч хүлээн авсан болох нь зарлагын баримтуудаар, улмаар талууд 2016.09.06-ны өдөр тооцоо нийлж 154,542,813 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, 35,783,500 төгрөгийн төлбөр төлсөн, үлдэгдэл төлбөр 118,759,313 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, компанийн санхүүгийн тэмдэг, тамга тус тус дарагдсан үйл баримт тогтоогджээ.

 

8. Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд хүчин төгөлдөр гэрээний дагуу хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн, төлбөрийн үлдэгдлийг харилцан тооцоо нийлж, акт үйлдсэн, хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй тул актаар тогтоогдсон үлдэгдэл төлбөрөө төлнө, түүнчлэн гэрээнд зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага болох алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж... шийдвэрлэсэн бол,

 

Давж заалдах шатны шүүх ...Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.6 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал ашиглахад тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаантай байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Гэвч нэгэнт гэрээ хэрэгжээд дууссан тул хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас харилцан буцаах зүйлгүй, харин нэхэмжлэгч нь 118,759,313 төгрөгийн авлагатай байх тул хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй, иймд хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлнө, харин гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээгээр хүлээсэн алданги төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй... гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

9. Магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй... гэжээ.

 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмал гэх бөгөөд энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглэх эрх авсан хуулийн этгээдийг түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч гэж 4.1.12-т тодорхойлжээ.

 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.4.4-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 38.1.2-т заасан нөхөн сэргээх арга хэмжээ авах үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Сүлд тогтох ХХК нь өөрийн ашигласан талбайн эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Тэргүүн тээвэр ХХК-тай 2016.03.20-ны өдөр №04 дугаартай Нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан, гүйцэтгэгч Тэргүүн тээвэр ХХК гэрээний гуравдугаар зүйлд зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг явуулахдаа ашиглагдаагүй орхигдсон бохир хайргыг ангилан ялгах үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү гэрээний дагуу ялгасан хайргыг угааж, хариуцагч Винс конкрейт ХХК-д нийлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иймд эрх бүхий этгээдийн буюу Сүлд тогтох ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлийн үйл ажиллагаа явуулж байгаа Тэргүүн тээвэр ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл шаардахгүй тул нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2217 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын гомдлыг хангасугай.

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Тэргүүн тээвэр ХХК-иас 2020.12.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,848 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                           Г.БАНЗРАГЧ

                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                   Х.ЭРДЭНЭСУВД