Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

2020           05             06                                           2020/ДШМ/35

 

 

Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Э.Энхманлай,

            Шүүгдэгч /Г.Н-, Б.Ш-/ нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Шүүгдэгч /Д.Г-/-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

            Шүүгдэгч Г.Н-, Б.Ш-, Д.Г-,

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/93  дугаар шийтгэх тогтоолтой Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарт холбогдох 1934011750039 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 27-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Батсүхийн Ш-, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан 20 дугаар хороо Алтан овоо 29-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ____________,

Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-, Төв аймгийн Дэлгэрхаан суманд, 1995 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Төв аймаг, Дэлгэрхаан сумын Давст багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд ял Төв аймгийн Сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: __________,

Боржигон овгийн Батсүхийн Н-, Төв аймгийн Дэлгэрхаан суманд, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Монос хавтангийн үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт, Төв аймаг, Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ____________,

Шүүгдэгч Г.Н-. Б.Ш-, Д.Г- нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг "Мэргэн даваа" гэх газраас хохирогч Л.Батчулууны эзэмшлийн нэг тооны адууг хулгайлж 961.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Ш-,

Эрүүгийн хуулийи ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Н- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-, Боржигон овгийн Батсүхийн Ш-, Боржигон овгийн Гансүхийн Н- нарыг бүлэглэн, бусдын малыг машин механизм ашиглан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан сарын хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хорих ялаар,

шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Давст овгийн Дамдинсүрэнгийн Д.Г-, Боржигон овгийн Батсүхийн Ш- нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны 01 цаг 00 минутаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны 18 цаг 00 минут хүртэл баривчлагдсан тус бүрийн 1 /нэг/ хоногийг тэдний тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 1934011750039 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Н- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эрүүгийн 1934011750039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгдэгч Б.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн "эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг "НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ" ХХК-д олгож шийдвэрлэснийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-, Боржигон овгийн Батсүхийн Ш-, Боржигон овгийн Гансүхийн Н- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4.421.767 /дөрвөн сая дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч П.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “...Нэр бүхий 3 шүүгдэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг "Мэргэн даваа" гэх газраас хохирогч Л.Батчулууны эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, 961.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Миний үйлчлүүлэгч Д.Г-гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Хэргийн материалаас үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагддаг. Тодруулбал: Эрүүгийн Хуулийн 6.5-р зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх нөхцөл байдлууд байх ба харин 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд байдаггүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Д.Г- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, зүйлчлэл, хэргийн бүрдэл дээр анхнаасаа огт маргадаггүй ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад бэрхшээл огт учруулаагүй болох нь хэргээс харагддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-гийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн 0-3 насны буюу 2 бага насны хүүхдүүдтэй хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийсэн байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй байна.  

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан өөрт холбогдох хохирол болох 321.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Л.Батчулуун шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэлж  мэдүүлсэн байгаагаас гадна шүүгдэгч нар нь анх мал хулгайлах талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй болох нь хэргээс шууд нотлогддог.

Шүүх энэ мэт анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ид ажиллаж хөдөлмөрлөх насны залуусыг анхны алдаан дээр нь хорих анги руу явуулаад байвал эдгээр хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гаргасан алдаагаа дахин давтахгүй ухамсарлах үйл явц хүмүүжил, ар гэрийн нөхцөл байдал, түүнээс үүдэн гарах олон сөрөг үр дагаврууд үүсч болзошгүй харагдаж байна.

Иймд давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №93 тоот шийтгэх       тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1-р зүйлийн 1 дэх хэсгийн алинд ч хамрагдахаар байх тул миний үйлчлүүлэгч Д.Г-г тэнсэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Ш-, Г.Н- нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Миний үйлчлүүлэгч Б.Ш-, Г.Н- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлэн, гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл буюу хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн.

Б.Ш-, Г.Н- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" нөхцөл байдлыг хангасан гэж үзэж байна.

2. Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Нэткапитал Лизинг” ХХК-ний өмчлөлийн 99-75 УАА улсын дугаартай тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Давст овгийн Дамдинсүрэнгийн Г-, Боржигон овгийн Батсүхийн Ш-, Боржигон овгийн Гансүхийн Н- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13.265.300 төгрөгийн хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4.421.767 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна." гэж заасан буюу гэм буруутай этгээд Б.Ш-ын өмчлөлийн биш, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн улмаас хохирогч Л.Батчулуунд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад шүүгдэгч тус бүрээс 4.421.767 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд миний үйлчлүүлэгч Б.Ш-, Г.Н- нарын биечлэн эдлэх ялыг тэнсэж, шүүгдэгч тус бүрээс 4.421.767 төгрөг гаргуулсныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Энэ хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг. Хохирлоо нөхөн төлсөн байдаг. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулсан нь үндэслэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Э.Энхманлай гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг байгаа. Эрүүгийн хуульд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан. Холбогдсон хэрэг, хэргийн зүйчлэл, гэм бурууд маргадаггүй. Үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан саналдаа: Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо төлсөн, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Иймд тэнсэж өгнө үү. Хохирол төлөгдсөн байтал автомашины үнийг шүүгдэгч тус бүрээс 4.421.767 төгрөгийг гаргуулахаар заасныг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ш-, Г.Н-, Д.Г- нар гаргасан тайлбартаа: Хорих ялыг тэнсэж, шүүгдэгч тус бүрээс 4.421.767 төгрөгийг гаргуулахаар заасныг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарт холбогдох эрүүгийн 1934011750039 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Г.Н-, Б.Ш-, Д.Г- нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг "Мэргэн даваа" гэх газраас хохирогч Л.Батчулууны эзэмшлийн нэг тооны адууг хулгайлж 961.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн: хохирогч Л.Батчулуун /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Энхманлай /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

яллагдагч Б.Ш- /хх-ийн 76-77, 68 дугаар хуудас/,

яллагдагч Д.Г- /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

яллагдагч Г.Н- /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

"ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/495 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-49 дүгээр хуудас/,

"ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/496 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-62 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Л.Батчулууны 2018 оны малын А дансны хуулбар /хх-ийн 26-28 дугаар хуудас/, “Нэткапитал финанс корпорафи” ББСБ ХХК-ийн албан тоот /хх-ийн 30 дугаар хуудас/, 406202487 дугаартай гэрээний хуулбар /хх-ийн 103-109 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Ш-ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 110-114 дүгээр хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-121 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Н-ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 123-127 дугаар хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-134 дүгээр хуудас/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 135-138 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 141-142 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг” гаргуулахаар заасан байх тул шүүгдэгч Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Ш- болон “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-ийн хооронд 2019 оны 08 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хийгдсэн ба зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэмт хэргийн улмаас “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-д эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учраагүй, фидуцийн гэрээний зүйл болох "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай автомашины талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг "НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ" ХХК-д олгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-р заалтын  “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг "НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ" ХХК-д олгож шийдвэрлэснийг тус тус дурдсугай” гэсэн хэсгийг хасч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий "TOYOTA PRIUS-20" маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг "НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ" ХХК-д олгож шийдвэрлэснийг тус тус дурдсугай.” гэсэн хэсгийг хассугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар, Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-, Б.Ш-, Д.Г- нарт 2020 оны 03 сарын 19-ний өдрөөс 2020 оны 05 сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 48 /дөчин найм/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

 

                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ