Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 124/ШШ2020/0020

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, гуравдагч этгээд “Б Т Б” ХХК-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, гуравдагч этгээд “С Ө” ХХК, “Т Х” ХХК, “У А С” ХХК, “Бу” ХХК, “Э Т” ХХК, иргэн Д.Ө, Р.Э, Д.Л, С.Ш нарын өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б У” ХХК нь 2011 онд газар тариалангийн чиглэлээр уйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Б У” ХХК нь Баруунтуруун сумын засаг даргын 2018 оны 07 сарын 19-ны өдрийн А/76 тоот захирамжийн дагуу үр тариа тарих зориулалтаар тус сумын Баян айраг багийн нутаг Хар хадад байрлалтай 2000 оноос хойш ашиглаагүй, атаршсан 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмшиж авсан байдаг.

Улмаар 2020 оны 5 сард өөрийн эзэмшлийн газраа ашиглаж үр тариа тарихаар ХААДСангаас хөнгөлөлттэй зээлээр 165 м.х трактор 2 ширхэг, дагалдах хэрэгслүүдийн хамт, үрийн буудай болон тариалалтад шаардлагатай хүн хүч, шатахуун тослох материалыг Улаанбаатар хотоос авч ирсэн. Ингээд өөрийн эзэмшлийн талбайдаа тариалалт хийж эхлэх явцад Б У ХХК-ны эзэмшил газрыг өөр хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаж тус компаний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэдгийг олж мэдсэн. Улмаар тухайн асуудлыг судалж учрыг тодруулахад Б У компанид мэдэгдэлгүйгээр "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлүүдээр Баруунтуруун сумын засаг дарга хууль бус шийдвэр гарган 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар захирамжаар 1516 га газрыг, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар захирамжаар үлдсэн газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Баруунтуруун сумын засаг дарга дээрх захирамжуудыг гаргахдаа “Б У” ХХК-д урьдчилан мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулахгүйгээр тус компанийн хууль ёсны дагуу газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Б У” ХХК-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлээд тус компанийн эзэмшиж байсан газрыг Засаг дарга С.Лхагвасүрэн өөрийн эхнэрийн нэр дээрх “Т Х” ХХК-д 200 га, тус сумын агрономич Л.Батбаатарын эзэмшлийн “У А С” ХХК-д 254 га, сумын газрын даамал Б.Бд 100 га гэх мэтээр өөрсдийн хамаарал бүхий нийт 26 аж ахуйн нэгж, хувь хүмүүст уг газрыг олгосон байна.

Улмаар “Б У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А Баруунтуруун сумын Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны эрх бүхий албан тушаалтан буюу Аймгийн засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Тухайн өргөдлийн хариуг 2020 оны 06 сарын 12-ны өдөр авсан ба компаний зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Баруунтуруун сумын засаг даргын энэхүү хууль бус шийдвэрийн улмаас Б У ХХК-ны тариалалтын ажил зогсонги байдалд орж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Мөн ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.

Иймд Баруунтуруун сумын засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2020 оны 11 сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б У" ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э миний бие Баруунтуруун сумын засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудын Б У ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар 2020 оны 06 сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Манай компани 2020 оны 10 сарын 16-ны өдөр Баруунтуруун сумын засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 тоот захирамжуудын Б У ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан. Хавтас хэрэгт авагдсан хэргийн материалтай танилцахад Б У ХХК-ны эзэмшиж байсан газраас Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га газрыг 2019 оны 05 сарын 22-ны өдрийн захирамжаар Төрбатын Б, Бын Х, Бын Батбилгүүн нарт хуваан эзэмшүүлсэн байгааг олж мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн байсан боловч дээрх нэр бүхий иргэдэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар захирамжаар “Б Т Б” ХХК-д шилжүүлсэн байна. Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га газрыг эзэмших манай компанийн эрх одоог болтол хэвээр хадгалагдаж байгаа ба энэхүү газар эзэмших эрх хүчингүй болоогүй байхад “Б Т Б”ХХК-д дахин эзэмшүүлснээр эзэмшил давхацсан байна. Мөн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаартай эрх шилжүүлэх захирамжаар С-ын Н-ын эзэмшиж байсан 80 га газрыг “М О А” ХХК-д, Түмэнбаяр овогтой Пгийн эзэмшиж байсан 100 га газрыг “А Х” ХХК-д тус тус эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газрыг хууль бус захирамж гарган бусдад эзэмшүүлсэн, эзэмших эрх шилжүүлсэн, эзэмшил давхцуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж байна.

Баруунтуруун сумын Засаг дарга нь “Б У” ХХК-ны хууль ёсоор эзэмшиж байсан газрыг хураан авч нэр бүхий иргэн, хуулийн этгээдүүдэд эзэмшүүлсэн байх ба энэ талаар 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны А/49 тоот захирамжууд гарсан байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92. 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны А/49 захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б У” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/91 тоот захирамж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдүүдэд “Б У” ХХК-ийн холбогдох хэсгийн газруудыг нэмж захирамжаар олгосон байсан тул манай компанийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/38 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан. Хувь хүнээс аж ахуй нэгжид эрх шилжүүлж дахин захирамж гаргасан байсныг олж мэдээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн. “Б У” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А/91 тоот захирамж, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/31 тоот тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл дээрээ нэмээд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/49 тоот захирамжуудын “Б У” ХХК-н эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлэн нийт 7 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

   “Б У” ХХК-ийн хуулийн дагуу авсан газрыг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга манай компанид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар ашиглах хоёр жилийн хугацаа болоогүй байхад гуравдагч этгээдүүдэд хууль бусаар олгосон. Бид ийм хууль бус зүйл болсныг мэдээгүй байж байгаад 2020 оны хавар өөрсдийн газар дээр зориулалтын тариалангийн ажил эхлэх гээд техник тоног төхөөрөмж шатахуун тос, буудай хүн хүч гээд бусад шаардлагатай зүйлсийг цуглуулж аваад Увс аймгийн Баруунтуруун сумын “Хар хад” гэх газарт ирсэн. Гэтэл тухайн газарт гуравдагч этгээдүүд миний чиний газар гэсэн маргаан гарч байсан. Тухайн асуудлаар сумын Засаг дарга, газрын даамалтай холбогдоход манай компани хоёр жилийн хугацаанд уг газрыг ашиглаагүй учир гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн гэх хариу өгсөн. Гуравдагч этгээдүүдтэй уулзаж хоорондоо зохицох талаар ярьж үзсэн.Тэгэхэд  “Б Б”ХХК-ийн Бын эхнэр тийм боломж байхгүй гэсэн хариу өгсөн. Ганц хоёр гуравдагч этгээд нь хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа талаараа хэлсэн. Зарим гуравдагч этгээдүүдтэй ярилцаж зохицох боломжтой байгаа.Бид зарим иргэдтэй ярилцан ойлголцоод энэ жилийн тариалалтыг тодорхой хэмжээний газарт хийсэн. Зарим газрыг түрээсийн зохицуулалтаар газар түрээсэлж аваад тариалалт хийсэн. “Б У” ХХК-ийн зүгээс тариалан хийхээр авч ирсэн техник тоног төхөөрөмжийг буцаахгүйн тулд гуравдагч этгээдүүдтэй тохиролцож 700 га газарт тариалалт хийсэн” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. “Б У” ХХК нь 2011 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Б У” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 тоот захирамжаар үр тариа тарих зориулалтаар Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн нутаг Хар хад нэртэй газарт байрлалтай 2000 оноос хойш ашиглагдаагүй атаршсан газраас 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшихийг “Б У” ХХК-д олгосон байдаг.

“Б У” ХХК-д мэдэгдэхгүйгээр “эрхийн гэрчилгээ эзэмшигч, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл боломжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалал нь ашиглаагүй” гэх үндэслэлийг зааж Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91 тоот,1516 га газрыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудаар газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ 7 дугаартай 543 га газрыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжаар 17 дугаартай 495 га газрыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжаар 18 дугаартай 131 га газрыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжаар тус тус үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 тоот захирамжаар сортын 1544 га газрыг эзэмшүүлсэн байдаг. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаар захирамжаар 1516 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Б У” ХХК-д 3016 га газар эзэмшүүлсэн. Тухайн газраас сортын 1516 га газар, үр тарианы зориулалтаар 1170 га газар нийт 2686 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 19 дугаартай 299 га газар эзэмших эрхийг А/91, А/31 тоот захирамжаар хүчингүй болгоогүй учир “Б У” ХХК-ийн газар эзэмших эрх хэвээр хадгалагдаж байгаа. Гэтэл тухайн газрыг гуравдагч этгээдэд давхцуулж олгосон учир хууль бусаар “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй. Зайлшгүй сонсох ажиллагаа хийгдэх ёстой байхад хийгдээгүй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Б У” ХХК-д тухай захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байдаг. 2020 оны 5 дугаар сард тариалалт хийхээр “Б У” ХХК нь тракторыг 121.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан мөн шатахуун тээвэрлэлтийн зардалд 1.350.000 төгрөг, үр тариа 9.500 төгрөг зэрэг зардал гаргаад өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газартаа тариалалт хийхээр очтол “Б У” ХХК-ийн газрыг давхцуулан гуравдагч этгээдүүдэд олгож маргаан бүхий захиргааны акт гарсан байхыг мэдсэн. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг үндэслэн захирамж гаргасан байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад тухайн зохицуулалтыг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Гуравдагч этгээдүүдэд тухайн газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн захирамж гаргасан байсан. Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсны дагуу эзэмшүүлсэн гэх заалтаар гуравдагч этгээдүүдэд тухайн газрыг эзэмшүүлсэн байсан. Гэтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан нь мөн хууль зөрчиж байна. Үр тариа худалдан авсан баримтаа нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Нэгж талбарын 8502001130 дугаартай 543 га газрыг мөн нэгж талбарын 8502001131 дугаар бүхий 495 га газрыг барьцаалж үр тариа зээлээр худалдан авсан байдаг. Гэрчилгээний ард талд газрын даамал Бы 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газар барьцаалахыг зөвшөөрсөн тэмдэглэлийг хийсэн байдаг. Үр тариа болон техник хэрэгсэл худалдан авахад энэ газрыг барьцаалж болно. Ямар нэгэн зөрчилгүй гэсэн тэмдэглэлийг газрын даамал Б тэмдэглэл үйлдэж өгсөн тул маргаангүй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл аль эрт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон газрыг барьцаалж болох талаар тэмдэглэл үйлдэж барьцаалуулах зөвшөөрөл олгож байсан тул төрийн буруутай үйл ажиллагаанаас болж компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Трактор худалдан авахдаа 848 га газрыг барьцаалж зээл авсан байдаг. Зориулалтын дагуу газраа ашиглах 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар  “Б У” ХХК-д газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай  олгосон. 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өнгөрч байж 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл бий болох ёстой байсан боловч 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2020 оны 3 дугаар сард 2 жил ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. “Б У” ХХК-ийн зүгээс өөрсдийн газар эзэмших эрхэд итгэж тодорхой хэмжээний зардал гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт зааснаар хууль ёсны итгэлийн хамгаалах зарчим хэрэгжих ёстой гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт гаргасан талаар сонсох ажиллагаа явуулж мэдэгдээгүй мөн газар эзэмших 2 жилийн хугацаа дуусаагүй байсан гэх шалтгаануудыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий захиргааны актын “Б У” ХХК-т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК нь нэхэмжлэлдээ 2011 оноос газар тариалан эрхэлж байсан гэж бичсэн боловч 2011 оны 10-р сарын 10 нд тухайн үеийн засаг даргын А.Сайнбилэгийн А/75 тоот захирамжаар үр тариа тариалах зориулалтаар Хар хад гэдэг газарт 3016 га тариалангийн талбайг эзэмших шийдвэр гаргуулан талбай бүрд гэрчилгээ авч 2018 оны 07-р сарын 19 хүртэл нэг ч га талбайг зориулалтаар нь ашиглаагүй бөгөөд энэ хугацаанд хуулийн хүрээнд ноогдуулсан газрын төлбөрийг огт төлөлгүй орон нутгийн орлого, төсвийн төлөвлөгөөг тасалдуулж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр ирсэн юм.

Иймд тус компанийн удирдлагад удаа дараа улсын байцаагчид, газрын даамал нар утсаар болон биечлэн хандаж байсан боловч зөрчил арилгаж газраа ашиглаж төлбөрийн тооцоо хийгээгүй ирсэн нь газрыг эзэмшлээс чөлөөлөх эрх зүйн үндэслэл болсон юм.

Тус компанийн газрын гэрчилгээ солих, эзэмшлийг албажуулж, газрын мэдээллийн санд албан ёсоор кадастржуулан оруулах зорилгоор 2018 оны 07-р сарын 19 нд А/76 тоот захирамжаар уг талбайг үргэлжлүүлэн ашиглах гэрээ хийж, гэрчилгээг шинэчилсэн боловч “Б У” ХХК нь уг асуудалд санаачилгагүй хандаж газрын төлбөрийг төлөхгүйн дээр 2020 оны 05-р сарыг хүртэл газраа зориулалтаар ашиглаагүй, талбайд кадастр хийлгэж газрын нэгдмэл санд бүртгүүлж өөрийн эзэмшлийг албан ёсны болгох ажлыг хийж хэрэгжүүлээгүй тул тухайн 3016 га талбай нь уг компанийн эзэмшлийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. 2019 оны А/91, 2020 оны А/31 тоот захирамжаар, газар эзэмшиж үр тарианы үйлдвэрлэлээ өргөтгөх, Засгийн газрын 138-р тогтоолд хамрагдаж техник технилогоо шинэчлэх хүсэлт илэрхийлсэн 5-10 жил газар тариалан эрхэлж орон нутгийн хөгжилд бодит хувь оруулж ирсэн 26 иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд захирамж гарган эзэмшүүлсэн бөгөөд уг эзэмшүүлсэн иргэн аж ахуйн нэгжүүд талбайгаа кадастр хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлсэн болно. Хуваарилж эзэмшүүлсэн иргэн аж ахуйн нэгжүүд нь хуулийн хүрээнд хүсэлтээ илэрхийлэн шийдвэрлүүлсэн болно. Харин удаа дараа хөнгөлөлт боломж олгоод байхад газраа 9 жил ашиглаагүй, мөн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй “Б У” ХХК-иас уг төлбөрийг гаргуулан хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Т Х” ХХК-ийн захирал Ш.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т Х ХХК нь 2010 онд газар тариалан эрхлэх чиглэлээр байгуулагдаж жил бүр үр тариа тасралтгүй тариалж ирсэн ба цаашид газар тариалан эрхлэхэд техник тоног төхөөрөмж шаардлагатай болсон тул эргэлтийн талбайтай болох хүсэлтээ 6 жилийн өмнөөс Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт жил бүр хүсэлт гаргаж байсан боловч талбай байхгүй гэж шийдвэрлэхгүй байж байгаад 2019 оны 08-р сарын 05-ны А/92 тоот захирамжаар 200 га талбай шийдвэрлэгдсэн. 100 га талбайд нь улаан буудай тариалсан. Нэхэмжлэлд Засаг даргын хамаарал бүхий гэж дурдсан байна. Манай компани 10 жил тасралтгүй тариа тарьж ирсэн тул хэн гуай засаг дарга байсан ч газар авах эрхтэй. Нэхэмжлэгч  “Б У” ХХК хууль бусаар авсан, үйл ажиллагаа явуулалгүй 10 жил болж газрын төлбөрөө ч төлөөгүй мөртлөө үйл ажиллагаа явуулж байсан мэт бичсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүй нэг ч га-д тариа тариагүй олон жил болсон тул хуулийн дагуу хураагдаж иргэн аж ахуйн нэгжид олгогдсон гэж үзэж байна. Ер нь 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, татвар татвар төлөөгүй бол газар нь хураагдах ёстойг иргэн аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээрээ мэдсэн байх ёстой.

Иймд хуулийн дагуу газрын гэрчилгээ авч кадастр хийлгэсэн 26 аж ахуйн нэгж хувь хүний талд шүүх шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. “Б У” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “У А С” ХХК-ийн захирал Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт хөдөө аж ахуйн газар тариалангийн зориулалтаар ашиглах зорилгоор Газрын тухай хууль болон бусад хуульд заасан болзол журмын дагуу Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт орших “Хар хад” гэх газарт нийт 254 га газрыг эзэмшсэн бөгөөд энэ жил нийт 254 га газарт үр тариа тариалсан байна. нэхэмжлэгч болох Б У ХХК 2011 онд уг газрыг авсан нь үнэн бөгөөд уг газрыг аваад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй цаашлаад газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, Татварын тухай хуульд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, шалтгаангүйгээр зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн аж ахуйн нэгжүүд нь Газрын тухай хууль болон Татварын тухай хуульд заасан болзол журмыг биелүүлж уг газрыг авснаас хойш газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг биелүүлж үйл ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Э Т” ХХК-ийн захирал Х.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Э Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч Хархүү овогтой Ө миний бие “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2006 оноос хойш тогтмол газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Э Т ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани нь газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болж, хууль дүрмийн дагуу удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 03-р сард 200 га талбайг шийдэж өгч эзэмших гэрчилгээ олгогдож, уг талбайг ХААДС-нд барьцаалж 90 морины хүчтэй трактор, үрлэгч, хор бордоо цацагч, хогт ургамлын бодис, бордоо гэх мэт зүйлсийг авснаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Эргэлтийн талбайтай болсноор 08-р сард уринш боловсруулалтаа хийсэн.Уг талбай нь 2000 оноос хойш ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй атаршсан байдалтай байсан.

“Б У” ХХК-ны нэхэмжлэлийн агуулгад дурдсан дараах мэдээллүүд болох "2011оноос хойш тасралтгүй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн” гэсэн нь, мөн сумын засаг дарга С.Лхагвасүрэн өөрсдийн хамаарал бүхий ААН, иргэн, хувь хүмүүст уг газрыг олгосон байна гэсэн нь ор үндэсгүй худал болохыг илэрхийлж байна.

Мөн уг талбайг 2000 оноос хойш ашиглаагүй, түүнчлэн “Б У” ХХК-ийн нэр дээр шилжээд ашиглагдаагүй, хадгалаастай байсанд Баруунтуруун сумын Засаг дарга энэхүү шийдвэрээ гаргаж сум орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, ААН, цаашлаад сум орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхүйц хувь нэмрээ өгсөн оновчтой шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Бу Т” ХХК-ийн захирал О.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн О.А миний бие 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Бу Т ХХК-ийг үүсгэн байгуулсан. Бу Т ХХК-ийн газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай техник, тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 3 дугаар сард 100 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭД санд барьцаалж техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал үр, хор, бордоо авснаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг 100 га талбайг авч эргэлтийн талбайтай болсноор уринш боловсруулалтаа 2020 оны 7 дугаар сард хийсэн. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас “Бу Т” ХХК-д шилжин ирсэн болно. Уг талбай “Бу Т” ХХК-ийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болно. Уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. “ Бу Т” ХХК нь намрын ургац хураалтын бэлтгэл ажил явагдаж байгаа учир уг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна” гэжээ. 

 

Гуравдагч этгээд “Г Х Б” ХХК-ийн захирал М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн М.Э миний бие 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр “Г Х Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Г Х Б” ХХК-ийн газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай техник, тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 3 дугаар сард 100 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭД санд барьцаалж техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал үр, хор, бордоо авснаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг 100 га талбайг авч эргэлтийн талбайтай болсноор уринш боловсруулалтаа 2020 оны 7 дугаар сард хийсэн. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас “Г Х Б” ХХК-д шилжин ирсэн болно. Уг талбай “Г Х Б” ХХК-ийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болно. Уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. “Г Х Б” ХХК нь намрын ургац хураалтын бэлтгэл ажил явагдаж байгаа учир уг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Туруун буудай” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Туруун буудай ХХК-г үүсгэн байгуулагч Бямбацогт овогтой Б миний бие “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2012 оноос хойш тогтмол газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Туруун буудай” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай Компани нь газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болж хууль дүрмийн дагуу удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 03 сард 213 га талбайг шийдэж өгч эзэмших гэрчилгээ олгогдож, уг талбайг ХААДС-д барьцаалж Омичка СКП-2,1, хор бордоо цацагч, хогт ургамлын бодис, бордоо гэх мэт зүйлсийг авснаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Эргэлтийн талбайтай болсноор 08-р сард уринш боловсруулалтаа хийсэн.Уг талбай нь 2000 оноос хойш ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй атаршсан байдалтай байсан. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулгад дурдсан дараах мэдээллүүд болох “2011 оноос хойш тасралтгүй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн” гэсэн нь, Мөн сумын Засаг дарга С.Лхагвасүрэн өөрсдийн хамаарал бүхий ААН, иргэн, хувь хүмүүст уг газрыг олгосон байна гэсэн нь” ор үндэсгүй худал болохыг илэрхийлж байна. Мөн уг талбайг 2000 оноос хойш ашиглаагүй, түүнчлэн Б У ХХК-ийн нэр дээр шилжээд ашиглагдаагүй, хадгалаастай байсанд Баруунтуруун сумын Засаг дарга энэхүү шийдвэрээ гаргаж сум орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, ААН, цаашлаад сум орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхүйц хувь нэмрээ өгсөн оновчтой шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож хуулийн хүрээнд  шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А Х” ХХК-ийн захирал Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК-ийн 2020 оны 06 сарын 19-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцсан.

Манай компани нь зохих хууль журмын дагуу газар эзэмших хүсэлт гарган Баруунтуруун сумын засаг даргын 2020 оны ОЗ сарын 16-ны өдрийн А/30 тоот захирамжийн дагуу Баруунтуруун сумын 3-р баг Хад хадад 8502001093 талбарын дугаар бүхий 100,9 га талбайг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн үйл ажиллагаа эрхлэн үр тариа тариалж байна.

Манай байгууллага дээрх газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул газрыг чөлөөлөн өгөх боломжгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн Д овогтой П би “Б У” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа миний аав Д нь тус нутагт газар тариалан эрхлэн амьдарч байгаад 1998 онд золгүй явдлаар нас барсан билээ. Улмаар 2013 онд их сургууль төгсөж ирээд сум орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахын хажуугаар газар тариалан эрхлэхээр 2013 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 03 сард 86 га талбайг шийдэж өгснөөр 30 га талбайд улаан буудай тарьж. үлдсэн 56 га-д уринш хийхээр Хөдөө аж ахуйн яамнаас зээлээр шатахуун хөнгөлөлтэй зээлээр авч 08 сард уринш боловсруулалт хийх гэж байна.

Д.П би намрын ургац хураалт, уринш боловсруулалтын бэлтгэл ажил хийгээд завгүй байгаа тул уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Уг талбай нь 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй газрын төлбөр төлж байгаагүй, газрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул Л.П миний нэр дээр гэрчилгээ олгогдсон болно

Тиймээс уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэжээ.

Гуравдагч этгээд Р.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Р овогтой Э “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Баруунтуруун сумын Баян айраг багийн Хар хад нэртэй газарт газар тариалангийн үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа өргөдөл гаргасны улмаас хуулийн дагуу газар эзэмшсэн. Иймд Б У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Б У” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаагүй учир газар нь хураагдсан. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн С.Н миний бие 2015 оноос өнөөдрийг хүртэл газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тариалангийн эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2018 оноос эхлэн удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 3 сард 80 га талбайг шийдэж өгснөөр уг талбайн ТЭД санд барьцаалан техник, тоног төхөөрөмж авсаг учраас үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас надад гэрчилгээ олгогдсон болно. Миний бие шүүх хурал болох үед өөрийн биеэр оролцох боломжгүй учир “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нанзад овогтой М миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа Баруунтуруун сумын иргэн Н.М миний би тус суманд 16 настайгаасаа эхлэн тус САА-д газар тариалангийн салбарт ажилласаар ирсэн. Миний эхнэр Х.Оюундэлгэр  нь мөн адил газар тариалангийн салбарт 34 жил ажилласан ба одоо ч ажилласаар байгаа. Бид өнөөгийн нийгэмтэй хөл нийлүүлэн ажиллаж амьжиргаагаа дэмжих зорилгоор 32 га газрыг эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр надад гэрчилгээ олгогдсон юм. Гэтэл газар олгогдсон уг талбай нь 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй талбай байсан юм. Иймд “Б У” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баруунтуруун Баян айраг багийн нутаг  “Хар хад” гэдэг газарт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад өргөдөл гаргасны дагуу хуулийн хүрээнд газар шийдвэрлүүлж авсан. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

Гуравдагч этгээд Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн Г.Б миний бие газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа олон жил өргөдөл өгсний дагуу хуулийн хүрээнд газар эзэмшсэн болно. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэжээ.

Гуравдагч этгээд С.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Баруунтуруун сумын Баян айраг багийн иргэн С.Ш миний бие газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа олон жил өргөдөл өгсний дагуу хуулийн хүрээнд газар эзэмшсэн болно. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Ө би Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр 100 га газар олгож өгөхийг хүссэн өргөдөл 2018 онд гаргасан. Өргөдөл гаргаад 2 жил гаруй хугацааны дараа буюу 2020 онд Хар хадад 100 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан юм. Уг газраа боловсруулалт хийж ирэх жил тариалалт хийхээр бэлтгээд байгаа бөгөөд Б У ХХК-ийн эзэмшил газар гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. дээрх 100 га газрыг иргэнийхээ хувьд өргөдөл хүсэлт гаргаж хууль дүрмийн дагуу шийдвэрлэсэн юм. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Р.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Р.Э миний бие 1963 онд Баруунтуруун суманд төрсөн одоо 57 настай. Би 2018 онд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлж өгнө үү гэж өргөдөл өгсний дагуу шийдвэрлэгдэж 100 га газар олгосон юм. Би хууль журмын дагуу гэрчилгээ, кадастрын зураг, татвар түрээсийг нь төлж авсан билээ. Гэтэл “Б У” ХХК-ийн эзэмшил газар гээд маргаан үүссэн байна. Уг газар дээр тус компани нь огт үйл ажиллагаа явуулж байгаагүй. Иймд миний газрын маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “С Ө” ХХК-ийн захирал Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Сод-Өгөөж" ХХК нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нь Баруунтуруун суманд 8502001058 дугаар бүхий 257 га газрын үр тарианы зориулалтаар эзэмшдэг. Ашиглагдаж байгаагүй 257 га атар газрыг газрын албанд хууль ёсны дагуу газар эзэмших өргөдөл гаргаж авсан билээ. 8502001058 дугаар бүхий газар нь 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй мөн газрын кадастрын зурагтайгаа "Сод-Өгөөж" ХХК-ний нэр дээр байдаг хууль ёсны эзэмшил газар юм. "Б У" ХХК газар эзэмшсэн тухайн үедээ газраа огт ашиглаагүй мөн татвар төлөөгүй кадастрын зураг хийлгээгүй мөн тус компани нь үр тарианы зориулалтаар эзэмших газар дээрээ тосны ургамал болох Рабус тарьж 3-5 жил ашиглаж болохооргүй болгож байгаа нь газрын тухай хууль зөрчиж байгаа хэрэг билээ. Иймд манай компани нь энэхүү албан бичгээрээ дамжуулан "Б У" ХХК-ий гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд О.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын Шанд багийн иргэн О.Ш би Баруунтуруун сумын Тамгын газарт газар тариалангийн эрхлэхээр газар хүссэн өргөдөл өгсний үндсэн дээр 100 га газар эзэмшсэн. Уг газар нь “Б У” ХХК-иас хуулийн дагуу хураагдсан газар юм. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргав. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын Шанд багийн иргэн Б.О би Баруунтуруун сумын Тамгын газарт газар тариаланг явуулах чиглэлээр 2 жил дараалан өргөдөл өгсний үндсэн дээр 36 га газар эзэмшсэн. Уг газар нь “Б У” ХХК-иас хуулийн дагуу хураагдсан газар юм. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргав. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Норслой овогтой Б миний бие Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгож өгөхийг хүссэн өргөдөл 2019 онд гаргасан. Уг өргөдөл тухайн 2019 онд “Хар хадад” 50 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан. Уг газартаа боловсруулалт, уринш хийсэн. Энэ газар нь “Б У” ХХК-ийн газар гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. дээрх 50 газрыг иргэнийхээ хувьд хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлж авсан. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Д.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын иргэн Д овогтой Лхагвасүрэн би Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгож өгөхийг хүссэн өргөдлийг 2019 онд гаргасан. Өргөдөл гаргаад нэг жил гаруй хугацааны дараа буюу 2020 онд Хар хадад 50 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан. Уг газраа боловсруулалт хийж ирэх тариалалт хийхээр бэлтгээд байгаа бөгөөд Б У ХХК-ийн эзэмшлийн газар гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх 50 газрыг иргэнийхээ хувьд хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлж авсан. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Б Б” ХХК-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гуравдагч этгээд “Б Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ярьж байна. “Б Б” ХХК-ийн хувьд адилхан хууль ёсны зарчмын талаар яригдах ёстой. “Б Б” ХХК нь мөн адил сумын Засаг даргын захирамжийг үндэслэн тухайн газрыг кадастрын бүртгэлд оруулж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Нэхэмжлэгч талаас газар эзэмшээд 2 жилийн хугацаа дуусаагүй гэх тайлбар гаргаж байна. Маргаан бүхий газрыг “Б У” ХХК 2011 онд авсан байдаг ба сүүлд газрын гэрчилгээг шинэчилсэн байдаг. Газар эзэмшиж байгаа этгээд нь эрх эдлэхээс гадна үүрэгтэй байдаг. Өнөөдрийг хүртэл “Б У” ХХК нь кадастрын зураг хийлгээгүй. Харин “Б Б”ХХК нь Газрын харилцаа зураг зүйн геотизын газраас кадастрын зураг хийлгэсэн лавлагаа авсан. 2011 онд авсан газар болон сүүлд авсан газар хооронд зөрүү байгааг шалгатал зөрүүгүй байсан. 0000311809 гэсэн гэрчилгээтэй 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 гэсэн захирамжаар олгосон 299 га газрыг харвал зөвхөн нэг улиралд 38.935 төгрөгийн газрын төлбөр төлөх ёстой бөгөөд жилд 155.780 төгрөг төлөхөөр байгаа юм. Ийм байдлаар “Б У” ХХК-д олгосон бүх газрын төлбөрийг бодож үзвэл 17.284.927 төгрөг төлөхөөр байгаа юм. Гэтэл 2011 оноос хойш уг газрын төлбөрийг төлөөгүй учир сумын Засаг дарга энэ газрын гэрчилгээг хүчингүй болгохоор шийдэж 2019 оны төсөв төлөвлөгөөнд тусгаснаар хүчингүй болгосон. Газрын тухай хуульд зааснаар газар олгох нэг үндсэн зарчим нь шударга ёсны зарчим гэдгийг тодорхой заасан байдаг. Монгол улс дотооддоо хүнсний аюулгүй байдлыг хангах гэж Атарын 2, 3 дугаар аян өрнүүлж гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо хангах гээд явж байна. Гэтэл нэг компани 3000 га газрыг өөрийн нэр дэр бүртгүүлчхээд 7-8 жил огт ашиглаагүй. Мөн улсад төлөх ёстой татвараа төлөхгүйгээр хадгалж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэсэн тайлбар гаргаж байна. Эрх нь гэрчилгээгээр хүчингүй болдог учир уг хуулийн заалтыг баримтлан гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь зөв гэж үзэж байна. Сонсох ажиллагаа хийсэн,  хийгээгүй Б У ХХК-ийн зүгээс татвараа улсад төлөөгүй байсан. Сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “С Ө” ХХК, “Т Х” ХХК, “У А С” ХХК, “Э Т ХХК, “Бу Т” ХХК, Д.Ө, Р.Э, Д.Л, С.Ш, нарын өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч “Б У” ХХК нь 2011 онд байгуулагдаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн гэсэн тайлбар гаргасан. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга Сайнбилэгийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/76 тоот захирамжаар үр тариа тариалангийн зориулалтаар тус нутаг дэвсгэрийн “Хар хад” гэх газар 3016 га газар тариалангийн талбай эзэмших шийдвэр гаргуулж талбай бүрд гэрчилгээ гаргуулж авсан боловч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нэг ч га талбайг зориулалтаар ашиглаагүй. Атаршуулсан гэдэг нь гуравдагч этгээдүүдийн тайлбар мэдүүлэг хариуцагчийн тайлбар зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Хариуцагч Баруунтуруун сумын Засаг дарга нь хуульд зааснаар өөрийн эрх хэмжээнийхээ 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91 тоот захирамжаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт мөн Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

“Б У” ХХК нь газрын төлбөрийг 2011, 2012, 2013, 2014 ,2017, 2018 онд төлсөн гэдэг боловч 2016-2020 онуудад газрын төлбөрийг огт төлөөгүй байсан. Газрын төлбөрийг 1 жилээс дээш хугацаагаар төлөөгүй нь газар эзэмших эрх алдагдсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар “газар эзэмших эрх нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөх ёстой байсан. 2016 онд Тариалангийн тухай хууль батлагдсан ба энэ хуулийн 20.4 дэх хэсэгт Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил ашиглалтад байгаа газарт бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол газар эзэмших эрхийн хэмжээгээр газар эзэмших гэрчилгээг сум дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж заасны дагуу газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгосон. “Б У” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохдоо Тариалангийн тухай хуулийг мөн адил баримтлах ёстой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. “Б У” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 тоот захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн авсан байдаг. Түүнээс хойш газар тариалан эрхлэх ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учир уг газрыг атаршуулсан гэж үзэж байна. 2016 онд Тариалангийн тухай хууль гарснаас хойш Атарын 2, 3 дугаар аяны хүрээнд улсын хэмжээнд атаршсан талбайг дахин эргэлтэд оруулах арга хэмжээг авч байсан. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх ёстой гэж заасан байдаг боловч “Б У” ХХК-ийн зүгээс мэдэгдээгүй бөгөөд 2011-2020 он хүртэл 9 жил уг тариалангийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй байдаг.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10 дахь хэсэгт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа сум, дүүрэгтээ бүртгүүлж, иргэдийг ажлын байраар хангасан байхаар заасан байдаг. Ганц компани нэг суманд өчнөөн газар авчхаад үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь бусад иргэдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. Б У ХХК нь нэхэмжлэл дээрээ 2011 онд байгуулагдаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэж бичсэн байсан. 2011 онд байгуулагдсан захирамж нь мөн адил гарсан байдаг. Газар эзэмшээд 2 жилийн хугацаа болоогүй байхад газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэл тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдүүд нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж кадастрын зураг хийлгүүлж, гэрээ байгуулсан,газрын төлбөрөө төлж хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч “Б У” ХХК нь иргэн Г.Эт 2020 оны 05 сарын 17-ны өдөр тухайн компанийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад эрхийг итгэмжлэн олгосныг Увс аймгийн тойргийн нотариатч баталсан байна.

   Шүүхэд анх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаартай захирамжуудын Б У ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ирсэн болно.

   Хамгийн сүүлд 2020 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,нийт нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгох тухай” гэж тодорхойлжээ.        

   Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

    “Б У” ХХК-д хариуцагч нь маргаан бүхий захиргааны актуудыг мэдэгдэж, хүргүүлсэн баримтгүй, газрын даамлаас “Б У” ХХК-ийн  газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүргүүлээгүй талаар тайлбар гаргасан тул шүүхэд нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

   Нэхэмжлэгч тал “хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ урьдчилан мэдэгдэх,сонсох ажиллагаа явуулаагүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглах хугацаа болоогүй байхад захирамж гаргасан нь үндэслэлгүй “ гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дэмжиж оролцов.

Хариуцагч талаас “Б У ХХК нь 2011 оны 10 сарын 10-нд тухайн үеийн засаг даргын захирамжаар 3016 га газрыг эзэмшихээр шийдвэр гаргуулан авснаас хойш нэг ч га талбайг зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд энэ хугацаанд газрын төлбөрийг төлж байгаагүй тул захирамж үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргаж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдүүд нарын хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлж оролцов.

Гуравдагч этгээд “Б Т Б” ХХК-иас шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулсан болно.

Гуравдагч этгээд “Б Т Б” ХХК-ийн  өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд “ нэхэмжлэгч нь хуульд заасан газрын төлбөрийг төлөөгүй,газрын кадастр хийлгүүлээгүй,газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байх тул сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй” талаар тайлбар гаргав.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд “Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар нэхэмжлэгч тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, мөн зүйлийн 20.3-т заасан  тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “ Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасны дагуу сумын Засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлтэй “ талаар тайлбар гаргав.

“Б У” ХХК нь анх Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамжаар Хад хадад байрлалтай 3058 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгогдож байжээ.

“Б У” ХХК нь 2018 оны 06 сарын 18-ны өдөр Баруунтуруун сумын Засаг даргад 3000 га газрыг эзэмших хүсэлттэй тул шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан байна.

Үүнийг үндэслэн Баруунтуруун сумын засаг даргын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн “Б У” ХХК-д үр тарианы зориулалтаар шинээр эзэмшихээр Баян Айраг багийн нутагт Хар хадад байрлалтай 7 дугаартай 543 га, 17 дугаартай 495 га,18 дугаартай 135 га, 19 дугаартай 299 га, сортын 413 га, сортын 208 га, сортын 448 га, сортын 290 га,сортын 185 га нийт 9 байршилд 3016 га газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

“Б У” ХХК-д дээр дурдсан хэмжээ бүхий газрыг эзэмших эрхийн №000311806, №000311807, №000311808 , №000311809, №000311810, №000311811, №000311812, №000311813, №000311814 дугаар гэрчилгээнүүдийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр олгож, холбогдох газар эзэмшүүлэх гэрээнүүдийг байгуулсан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн иргэн,аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх ба үүнээс “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн нутагт Хар хадад байрлалтай сортын 253 га газар,сортын 454 га газар,сортын 290 га газар, сортын 106 га газар,сортын 413 га газрыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн иргэн,аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх ба үүнээс “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн нутагт Хар хадад байрлалтай 3 дугаартай 407 га, 7 дугаартай 543 га,17 дугаартай 495 га, 18 дугаартай 132 га,сортын 106 га,сортын 413 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн Б У ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас буюу Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га газрыг “С Ө” ХХК-д, 14 дугаартай 560 га болон 13 дугаартай 251 га газрыг “У С” ХХК-д, сортын 290 га газраас 80 га газрыг  С.Нт, сортын 290 га газраас 100 га газрыг Т.Пд,сортын 290 га газраас  60 га газрыг Б.Эад, сортын 290 га газраас 50 га газрыг Н.Бд,сортын 454 га газраас 254  га газрыг “У А С” ХХК-д сортын 454 га газраас 200 га газрыг “Т” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 05 сарын 22-ны өдрийн А/54 дугаартай захирамжаар иргэдэд үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба үүнээс Б У ХХК-ийн эзэмшлийн газраас буюу Баян Айраг багийн Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га газраас 100 га газрыг Т.Бд,300 га газраас 100 га газрыг Б.Хад, 300 га газраас 100 га газрыг Б.Батбилгүүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжаар  иргэдийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх ба үүнээс 19 дугаартай 300 га газраас 100 га газрыг эзэмшсэн Т.Бын ,300 га газраас 100 га газрыг эзэмшсэн Б.Хын, 300 га газраас 100 га газрыг эзэмшсэн  Б.Батбилгүүний газар эзэмших эрхийг “Б Б” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаартай захирамжаар сортын 290 га газраас 80 га газрыг эзэмшсэн С.Н газар эзэмших эрхийг “М О А” ХХК-д, сортын 290 га газраас 100 га газрыг эзэмшсэн Т.Пгийн газар эзэмших эрхийг “А Х” ХХК-д шилжүүлсэн байна.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Б У ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас иргэн Б.Од 7 дугаартай 536 га газраас 36 га, Р.Эод 7 дугаартай 536 га газраас 50 га, Р.Эт 7 дугаартай 536 га газраас 100 га, Д.Өэд 7 дугаартай 536 га газраас 100 га, Д.Лд 7 дугаартай 536 га газраас 50 га, Д.Пд сортын 106 га газраас 86 га, Г.Бд сортын 106 га газраас 20 га, С.Шт 18 дугаартай 132 га газраас 100 га, Н.Мт 18 дугаартай 132 га газраас 32 га, О.Шд 17 дугаартай 603 га газраас 100 га газрыг ,Б.Бд 17 дугаартай 603 га газраас 103 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/35 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Б У ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас “Туруун буудай” ХХК-д Хар хадад байрлалтай сортын 413 га газраас 213 га, “Бу Т” ХХК-д сортын 413 га газраас 100 га, “Г Х Б” ХХК-д сортын 413 га газраас 100 га, “Б Б” ХХК-д 17 дугаартай 603 га газраас 400 га, “Э Т” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны актад буюу Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжуудад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.5 дахь заалтуудыг баримталсан байна.

А/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн  гэх үндэслэлийн талаар:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулсан ба мөн зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжуудад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан боловч уг заалтад дурдсан ямар зөрчил гаргасныг дурдаж тодорхойлоогүй байна.

Харин хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Б У” ХХК-ийг газрын кадастр хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэж үзжээ.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “ Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж кадастрын зураглал хийлгэнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, кординатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” , 23.4.4-т газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээг сумын газрын даамал эдлэхээр заасан байна.

Сумын газрын даамал бусдын эзэмшилд олгогдсон газрыг газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээний хүрээнд кадастрын зураг хийлгүүлэхтэй холбоотой харилцааг зохион байгуулах,газар эзэмшигчээс кадастрын зураглалыг санхүүжүүлэхийг шаардах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн талаар баримтгүй байна.

 Өөрөөр хэлбэл хариуцагчаас захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13.3-д заасан “ Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” , мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Б/  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн талаар:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газар эзэмшигч нь  газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд “Б У” ХХК нь 2019-2020 онуудад газрын төлбөрийг төлөөгүй байх ба 2011-2017 онуудад газрын төлбөрт тодорхой тооны төлбөрийг төлсөн,2018 онд 300.000 төгрөг төлсөн нь Увс аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 219 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

“Б У” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээнүүдийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр байгуулсан байх ба гэрээ тус бүрд эзэмшүүлсэн газрын хэмжээ,түүнд ногдох газрын төлбөрийг тодорхойлсон байх ба жилд 4 удаа улирлаар төлөхөөр тохиролцож,төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр заасан байна.

Мөн гэрээнд газар эзэмшигч нь гэрээг жил бүрийн 6 сарын 25-ны дотор тайлагнаж ирүүлэх, газар эзэмшүүлэгч жил бүрийн 07 сарын 01-ний дотор багтаан дүгнэхээр зааж, газар эзэмшигч нь гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ авах үүргийг , газар эзэмшүүлэгч нь гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Хариуцагчид гэрээний биелэлттэй холбогдох баримт байхгүй, Баруунтуруун сумын Татварын албанаас “Б У” ХХК-ийн захиралтай утсаар холбогдож төлбөрөө төлөхийг мэдэгдсэн гэх тодорхойлолтыг ирүүлсэн боловч төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн баримтгүй байна.

Нэхэмжлэгч талаас 2019-2020 онуудад холбогдох газрын төлбөрийг төлөх талаар тайлбар гаргаж уг зөрчлийг үгүйсгэж маргаагүй ба Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах ажиллагааг урьдчилан мэдэгдээгүй талаар маргаж байна.

 Газар эзэмшүүлэх тухай гэрээнд газрын төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги тооцон төлүүлэх,гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зөрчлөө арилгахыг шаардах зэрэг боломжуудыг заасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй буюу зөрчилтэй холбоотой санал, тайлбараа гаргах боломжоор хангахгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ.

В/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ” гэх үндэслэлийн талаар:

“Б У” ХХК нь анх Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамжаар Хад хадад байрлалтай 3058 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгогдож байсан боловч тухайн газраа ашиглаагүй байх ба 2018 онд тухайн газраа дахин шинээр эзэмших хүсэлтийг 2018 оны 06 сарын 18-ны өдөр сумын Засаг даргад гаргажээ.

Сумын Засаг даргын зүгээс “Б У” ХХК-ийн гаргасан хүсэлтийг татгалзаагүй бөгөөд хүлээн авч шийдвэрлэн 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж,2018 оны 07 сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээнүүдийг байгуулсан байна.

Газар эзэмшүүлэх тухай гэрээний 6 дугаар зүйлд “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан болзол,зориулалтын дагуу ашиглаагүй” байхыг ойлгохоор тодорхойлжээ.

   Үүнээс үзэхэд 2 жилийн хугацааг 2018 оны 07 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 сарын 19-ний өдрийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгохоор байна.

   Гэтэл 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад уг үндэслэлээр сумын Засаг дарга 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

“Б У” ХХК-д сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар газар дахин шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэнтэй холбогдох харилцаа дуусгавар болсон тул  хариуцагчийн “ Баянтуруун-Ундарга ХХК нь 2011 оноос хойш газраа огт ашиглаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий А/91, А/31 дугаар захирамжийн “Б У” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу “Б У” ХХК-ийн эзэмшлийн газрыг иргэн,аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар “Б У” ХХК-ийн эзэмшлийн 3 дугаартай 407 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан ба “Б У” ХХК-д 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхэд 3 дугаартай 407 га газрыг эзэмшүүлээгүй байх тул уг 3 дугаартай газар нь нэхэмжлэлд хамааралгүй талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргасан болохыг тэмдэглэв.

Мөн Б У ХХК-ийн эзэмшлийн сортын 106, сортын 413 га газрыг эзэмших эрхийг 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар захирамжаар хүчингүй болгосон мөртлөө дахин 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгохоор заасан байна.

Түүнчлэн маргааны бүхий А/91, А/31 дугаар захирамжуудад “Б У” ХХК-ийн эзэмшлийн 19 дугаартай 299 га газрыг хүчингүй болгоогүй байхад давхардуулан Баруунтуруун сумын Засаг даргын  2019 оны 05 сарын 22-ны өдрийн А/54 дугаар захирамжаар Т.Б, Б.Х,Б.Батбилгүүн нарт  19 дугаартай газраас тус тус 100 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар захирамжаар уг 300 га газрыг “Б Т Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна.

Мөн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжаар Т.Пд эзэмшүүлсэн сортын 290 га газраас 100 га газрыг эзэмших эрхийг “А Х” ХХК-д шилжүүлсэн байх ба “А Х” ХХК-д гэрчилгээ олгогдон гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “А Х” ХХК оролцсон болно.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжаар мөн С.Н сортын 290 га талбайгаас эзэмшдэг 80 га газрыг эзэмших эрхийг  “М О А” ХХК-д шилжүүлсэн байх боловч уг компанид гэрчилгээ олгож,гэрээ байгуулсан баримтгүй байх тул газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй ба 2020 оны 03 сарын 19-ний өдөр С.Нт уг газрыг эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан,уг газрыг эзэмшиж байгаа талаараа С.Н тайлбар гаргасан байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр С.Н оролцсон бөгөөд С.Нт газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Буяндалай овогтой Эад сортын 290 га газраас 60 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн газрыг эзэмшүүлэхэд 290 га газраас 60 га газар дутаж Б.Эад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдээгүй, гэрээ байгуулаагүй талаар сумын газрын даамал Б.Б тайлбар гаргасан тул Б.Эыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно.

Сумын газрын даамал Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон тул гэрчийн мэдүүлэг аваагүй болохыг тэмдэглэв.

 “Б У” ХХК-д сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар 7, 17, 18 ,19 гэж дугаарласан талбайгаас гадна сортын 1544 га газрыг эзэмшүүлэхээр заасан ба сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар Б У ХХК-ийн эзэмшлийн сортын гэх талбайд хамаарах газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нийт хэмжээг 1516 га гэж тооцож зөрүүтэй байна.

Энэ талаар сумын газрын даамал ”3016 га газрыг Баруунтуруун сангийн аж ахуй байх үед хэмжиж тодорхойлсон байдаг ба 2019, 2020 онд тухайн газрыг иргэдэд эзэмшүүлэхдээ хэмжиж кадастрын зураг хийхэд тухайн талбайн хэмжээ зөрүүтэй байсан болно” гэсэн тайлбарыг ирүүлсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “иргэд,сумын Засаг даргатай зөвшилцөн зарим газрын эзэмших эрхийг иргэдэд олгох боломжтой “талаар тайлбар гаргасан ба сумын Засаг дарга холбогдох хууль,журмын хүрээнд нэхэмжлэгчийн эзэмших газрын хэмжээг тодорхой болгох,иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч тал төлөөгүй үлдсэн газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд сумын Засаг даргын зүгээс төлбөрийг тодорхой хугацаанд төлөхийг шаардаж төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм.

Баруунтуруун сумын Засаг даргын 2020.05.11-ний өдрийн 1/158 дугаартай албан бичгээр Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт “Б У” ХХК нь тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн байх ба нэхэмжлэгч “Б У” ХХК нь эзэмшлийн газартаа газар тариалан эрхлэхээр 2020 оны 05 сарын 06-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас трактор,хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах,худалдан авах гэрээг байгуулсан,газар эзэмших 000311812, 000311807, 000311806 дугаар гэрчилгээг барьцаанд тавьсан,Хөдөө аж ахуйн газартай 2020 оны 05 сарын 11-ний өдрүүдэд Улаанбуудайн үр зээлээр худалдах,худалдан авах гэрээг байгуулсан,мөн 2020 оны 5 сарын 13-ны өдөр “Өрнөх талст” ХХК-тай тариалангийн талбайн түрээсийн гэрээг хийсэн байна.

Гуравдагч этгээд “ТБ” ХХК нь 2020 оны 05 сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сантай Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд тавьсан баримтуудыг ирүүлсэн ба мөн  зарим гуравдагч этгээд нар техник тоног төхөөрөмж авсан байгаа талаараа тайлбар гаргасан байна.

   Хариуцагчаас “Б У” ХХК-ийн эзэмшлийн газрын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн,алдаатай захиргааны акт гаргаснаар “Б У” ХХК-ийн эзэмшлийн газраас гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны акт нь цаашид хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлгүй болох тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сумын Засаг даргын маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болно.

   Сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар захирамжаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” гэж тэргүү бичсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг баримталж асуудлыг шийдвэрлэсэн тул уг захирамжуудаар холбогдох иргэн,хуулийн этгээдийн эзэмшлийн газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй” болгож шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх бөгөөд ингэснээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон үр дагаврыг үүсгэсэн байна.

   Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг үндэслэн захирамж гаргасан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох” хуулийн зохицуулалттай байхад тухайн зохицуулалтыг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

   Мөн нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх тайлбарыг гаргажээ.

Уг зарчмын агуулга нь “иргэн,хуулийн этгээдийн зүгээс хуулийн дагуу хийж буй үйлдэл нь хууль,эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй” байх нөхцөлийг хангах явдал бөгөөд энэхүү зарчим маргаан бүхий захиргааны акттай хамааралгүй байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн гаргасан “Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар нэхэмжлэгч тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, мөн зүйлийн 20.3-т заасан  тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэх тайлбар маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлүүдэд хамааралгүй болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1,Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн ” “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га,сортын 454 га,сортын 290 га, сортын 106 га, сортын 413 га газрыг “ гэсэн хэсгийг,

 Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай 7 дугаартай 543 га ,17 дугаартай 495 га, 18 дугаартай 132 га, сортын 106 га,сортын 413 га газрыг “ гэсэн хэсгийг,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “С Ө” ХХК-д үр тарианы зориулалтаар шинээр эзэмшихээр Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га газрыг,С овогтой Нт Хар хадад байрлалтай сортын 290 га газраас 80 га газрыг, Буяндалай овогтой Эад сортын 290 га газраас 60 га газрыг,Норслой овогтой Бт сортын 290 га газраас 50 га газрыг, “У А С” ХХК-д сортын 454 га газраас 254 га газрыг,”Т Х” ХХК-д сортын 454 га газраас 200 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Туруун буудай” ХХК-д Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 413 га газраас 213 га газрыг,”Бу Т” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Г Х Б” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг,”Э Т” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га газрыг эзэмшүүлсэн хэсгийг,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн“ Б овогтой Од 7 дугаартай 536 га газраас 36 га газрыг, Р.Эод 7 дугаартай 536 га газраас 50 га газрыг, Рэгзэн овогтой Эрдэнэ-Очирт 7 дугаартай 536 га газраас 100 га газрыг, Д овогтой Ө-д дугаартай 536 га газраас 100 га газрыг, Д овогтой Лхагвасүрэнд 7 дугаартай 536 га газраас 50 га газрыг, Д овогтой П-д сортын 106 га газраас 86 га газрыг, Гэлэг овогтой Б-д сортын 106 га газраас 20 га газрыг, С овогтой Ш-т 18 дугаартай 132 га газраас 100 га газрыг,Нанзад овогтой М-т 18 дугаартай 132 га газраас 32 га,Одонтой овогтой Ш-д 17 дугаартай 603 га газраас 100 га газрыг, Буяндалай овогтой Б-д 17 дугаартай 603 га газраас 103 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх  тухай” захирамжийн Түмэнбаяр овогтой П-ийн эзэмшил Хар хадад байрлалтай сортын 290 га талбайгаас эзэмшдэг 100 га газрыг “А Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх  тухай” захирамжийн Төрбат овогтой Б-ын Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га талбайгаас эзэмшдэг 100 га, Б овогтой Б-ний эзэмшил 19 дугаартай 300 га талбайгаас эзэмшдэг 100 га, Б овогтой Х-ын эзэмшил 19 дугаартай 300 га талбайгаас 100 га газрыг “Б Т Б”  ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б У” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ