| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/1135/З |
| Дугаар | 221/МА2026/0583 |
| Огноо | 2026-08-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0583
Б.Д*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*******, Э.М*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Д*******
Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Гуравдагч этгээд: Ж.Ц*******
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар/-ын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0392 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М***
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/1135/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Д*******ээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар/-ын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0392 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д*******ээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Д*******ийг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар/-ын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*******, Э.М******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг буруу тогтоож дүгнэсэн тухай:
1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар баталсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 4.3.9-д "Яамны ажилтан, албан хаагч өөрийн эрхэлж буй албан ажлын чиглэлээр хууль хяналтын аль нэг байгууллагад дуудагдах, байцаалт, мэдүүлэг өгөх тохиолдолд энэ тухайгаа яамны удирдлага болон Хууль, эрх зүйн газрын даргад нэн даруй мэдэгдэнэ" гэж заасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-д "нэхэмжлэгч Б.Д******* нь эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрүүд, тухайлбал, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдож, уг нөхцөл байдлыг ажил олгогчид мэдэгдэх боломжгүй байдал үүссэн болох нь нотлогдож байна" гэж дурдсан байна.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 289 дугаар захирамжаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг “Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах, эхнэр, охин, ахаас бусад яллагдагч, гэрчтэй уулзахыг хориглосон” болгож өөрчилсөн.
Мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэх тухай" 1932 дугаар захирамжаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг “яллагдагч Н.Э*******, гэрч Р.Х*******, Г.Б******* нартай уулзахыг хориглосон” болгож өөрчилсөн.
Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг яамны удирдлага болон Хууль, эрх зүйн газрын даргатай холбогдохыг хориглоогүй байна. Өөрөөр хэлбэл таслан сэргийлэх арга хэмжээнд дурдсан холбоо тогтоохыг хориглосон этгээдүүдэд Сангийн яамны удирдлага, Хууль эрх зүйн газрын дарга нар хамаарахгүй тул нэхэмжлэгч нь хууль хяналтын аль нэг байгууллагад дуудагдаж, байцаалт, мэдүүлэг өгч байгаа тухайгаа мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Хуулийн "нэн даруй" гэдгийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолоор “тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн хугацаа”-г ойлгохоор тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нь түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах, эхнэр, охин, ахаас бусад яллагдагч, гэрчтэй уулзахыг хориглосон” болгож өөрчилсөн цагаас эхлэн яамны удирдлага болон Хууль, эрх зүйн газрын даргад утсаар, бичгээр, цахимаар зэрэг аргуудыг ашиглан мэдэгдэх боломжтой байсан байхад анхан шатны шүүх “ажил олгогчид мэдэгдэх боломжгүй байдал үүссэн, нэхэмжлэгчид өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлаас удирдлагад нэн даруй мэдэгдээгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Иймд “нэхэмжлэгч Б.Д******* нь эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрүүд, тухайлбал, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдож, уг нөхцөл байдлыг ажил олгогчид мэдэгдэх боломжгүй байдал үүссэн болох нь нотлогдож байна” гэж үзсэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангахгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч тухайн үед яамны удирдлагад буюу хариуцагчид мэдэгдэж байсан талаар дурдсан. Хэдий хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч дээрх тайлбарын дагуу шүүх хуралдаанд зайлшгүй оролцох хэргийн оролцогчийг оролцуулж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гарсан гэж үзэж байна.
2.Анхан шатны шүүх “…маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид бодитойгоор тайлбар, санал гаргах боломж олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй…” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “мэдэгдлийг хүргүүлсний маргааш нь маргаан бүхий захиргааны акт гаргасан нь “хэлбэрийн шаардлага" хангах боловч нэхэмжлэгчид тайлбар гаргаж өгөх боломжит хугацааг олгоогүй байх тул уг ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхгүй, хууль бус байна" гэж дурдсан.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасны дагуу сонсох ажиллагаа нь захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс холбогдох тайлбар, санал авах ажиллагааг ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс захиргааны акт гарах болсон нөхцөл байдлын талаар тайлбар, саналаа ирүүлж тухайн тайлбар, саналыг шийдвэр гаргахдаа судлан үзэж, харгалзсанаар сонсох ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлсний дагуу 17-ны өдөр нөхцөл байдлаа тайлбарлаж хариу хүргүүлсэн талаар дурдсан.
Дээрх болон хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн сонсох ажиллагаанд хүргүүлсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид сонсох ажиллагааны дагуу өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг олгож тухайн тайлбарыг авч, шийдвэр гаргалтадаа харгалзан үзсэн байхад тайлбар гаргах х*******ттай хугацаа олгоогүй гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч сонсох ажиллагаа /2025.10.16/-ны маргааш бус 2025.10.22-ны өдөр маргаан бүхий актыг гаргасныг дурдах нь зүйтэй.
3.“…Эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилдаа ирэх боломжгүй болсон байхад ажилдаа ирэхээ больсноос хойш түүнд тайлбар, санал гаргах бололцоо олголгүйгээр ажлаас халсан нь хуульд нийцээгүй” гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч ажилдаа 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ирээгүй ба ажилдаа ирэх боломжгүй байгаа шалтгаанаа мэдэгдэлгүй явсаар 2025 оны 10 дугаар сард мэдэгдэж холбогдох баримтыг хавсаргаж ирүүлсэн тул ажилдаа ирэхээ больсноос хойш түүнд тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх талаар зохицуулсан бөгөөд түүнд “хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа” гэсэн тохиолдол байхгүй тул “эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилдаа ирээгүй” гэх тайлбар нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй ажлаа тасалсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
4.Сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн шийтгэлийн үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байх ёстой талаар дурдсан.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль болон Сангийн яамны "Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан өөрийн чиг үүрэг буюу газрын үйл ажиллагааг чиглүүлэх, удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах зэрэг үүргээ биелүүлээгүй нь байгууллагын ажилчдын цаг бүртгэлээс тодорхой харагдаж байхад “шалгаж тогтоогоогүй” гэдэг нь үндэслэлгүй.
3.2.Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гарсан тухай:
Нэхэмжлэгч Сангийн яамны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын ажилд эгүүлэн томилогдох" шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 289 дүгээр захирамжид нэхэмжлэгчид Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар дурдсан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газраас авсан 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/4488 тоот албан бичгээр “нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа” талаар дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх заалтын субъект нь хэрэг хариуцах чадвартай нийтийн албан тушаалтан байна.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно", 22.1.3-т "Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн "урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах" шаардлагатай холбогдуулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч “...тухайн хэрэг яаж шийдвэрлэгдэх нь энэ хэрэгтэй холбоогүй...” гэж тодорхой бус дүгнэлтийг хэлж тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.
Эрүүгийн хэрэг нь албан тушаалд эгүүлэн томилогдохтой шууд холбоотой, мөн төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагад хамаарч байхад дээрх байдлаар илтэд хуулийг буруу хэрэглэж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гарсан гэж үзэж байна.
Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар тогтоолд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт 65.1 хамаарахаар заасныг зөвхөн түдгэлзүүлсэн шийдвэрт хамааралтай гэж тайлбарлах боломжгүй, учир нь хэргийн оролцогчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсхүл түдгэлзүүлээгүй нь нэгэн адил эрх зүйн үр дагавартай, өөрөөр хэлбэл, түдгэлзүүлэх нь илүү үр дагавартай тул гомдол гаргах эрхтэй, харин түдгэлзүүлээгүй нь үр дагаваргүй, эсхүл бага үр дагавартай тул гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлах үндэслэлгүй юм" гэж дурдсан байх ба дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан гомдол гаргах эрхээр хангаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь дээр дурдсан эрүүгийн хэрэгт холбогдох шийтгэл авсан тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрнэ.
Ийм үр дагавар, нөхцөл байдалтай байхад процессыг бүрэн хийж гүйцэтгэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
3.3.Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгасан тухайд:
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь ажил олгогч тухайн ажилтныг ажиллах нөхцөл, боломжоор хангаагүй, үндэслэлгүй шийдвэрээр ажлаас чөлөөлсөн байх нөхцөлүүдийг хангах шаардлагатай байдаг.
Сангийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.5.1-д “Ажилтан, албан хаагч чөлөө авах хүсэлтээ газар /хэлтэс/-ын даргаар цахимаар баталгаажуулж, баталгаажуулсан хүсэлтийг Төрийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан нэгж бүртгэж авна. Ажлын 2 хүртэлх өдрийн чөлөө авах хүсэлтийг ажилтан цахим системээр илгээж газрын дарга баталгаажуулна. Ажлын 5 ба түүнээс дээш өдрийн чөлөөг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгоно” гэж, 5.9-д "Засгийн газар, яамны захиалгаар үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж магистрантур, аспирантур, докторантурт суралцсан, мэргэжил /мэргэшил/ дээшлүүлсэн, урт хугацааны сургалт, туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан, түүнчлэн жирэмсний ба амаржсаны амралттай, нярай хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааны тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээний дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль холбогдох журамд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд захиргаа төлж, түүний нийгмийн даатгалд бичилт хийлгэнэ” гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд хариуцагчаас бус харин өөрөөс нь хамаарах нөхцөл байдлын улмаас ажлаа гүйцэтгээгүй, мөн нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яаманд гаргасан хүсэлтэд “... Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2401000450412 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа билээ. Уг тогтоолын дагуу хяналт тавих 2025/ЦХШЗ/1932 тоот таслан сэргийлэх арга хэмжээний тухай шүүгчийн захирамж гарсан. Энэхүү захирамжид гэрчээр татагдсан Сангийн яамны зарим ажилтантай уулзахыг хориглосон тул шүүгчийн захирамжийг даган мөрдөж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэж бүрэн дуусаагүй байгаа болно. Иймд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал үүрэгт албан тушаалаас түр чөлөө олгож өгнө үү” гэж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажиллаагүй, тухайн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд ажиллах боломжгүй байгаа талаараа дурдсан байхад ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байна.
Мөн тухайн ажилгүй байсан хугацааг хэзээнээс эхэлж тооцох, хэдэн төгрөгийн цалин байх талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тусгаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
1.Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Д******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЗ282-я дугаар захирамжаар тухайн өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хоригдсоноос хойш 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий Б/159 дүгээр тушаал гарах хүртэл ажилдаа ирэлгүй 11 сар гаран болсон, хариуцагчаас түүнийг буруутгасан гол үндэслэлээ “…зохих журмын дагуу чөлөө олгоогүй байхад ажил тасалсан…” гэжээ.
Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-7-д дээрх хугацаанд шүүгчийн захирамжаар авсан удаа дараагийн таслан сэргийлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй дурдсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан нэхэмжлэгчийн тухайд цагдан хорих, оршин суугаа хотхоноос тодорхой шалтгаанаас бусад тохиолдолд гадагш гарах, холбогдох эрүүгийн хэргийн яллагдагч, гэрчтэй уулзах, холбоо барих, утас, техник хэрэгсэл ашиглахыг хориглох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласны улмаас ажилдаа ирж чадахгүй байсныг “ажил тасалсан” гэж үзэхгүй.
Түүнчлэн хариуцагчаас энэхүү нөхцөл байдлыг сайтар мэдэж байсан болох нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Ж.Ц*******ыг түүний албан үүргийг орлон гүйцэтгэгчээр түр томилсноор, мөн “чөлөө олгоогүй байхад ажил тасалсан” гэх өдрөөс хойш даруй 11 сар гарангийн дараа одоогийн маргаан бүхий тушаал гаргаснаар тус тус тогтоогдох тул Сангийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.9-д “Яамны ажилтан, албан хаагч өөрийн эрхэлж буй албан ажлын чиглэлээр хууль хяналтын байгууллагад дуудагдах, байцаалт мэдүүлэг өгөх тохиолдолд энэ тухайгаа яамны удирдлагад болон Хууль, эрх зүйн газрын даргад нэн даруй мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгахгүй, угтаа сахилгын шийтгэл ногдуулах болсон “ажил тасалсан” гэх үндэслэл нь нэхэмжлэгчээс үл хамаарах хүчин зүйлээс үүдэлтэй, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүд авагдсантай холбоотойгоор үүрэгт ажилдаа очиж чадаагүй байхад нэхэмжлэгчийг “…Албан тушаалын тодорхойлолт, хууль тогтоомж, журамд заасан албан үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, байгууллагын дэг журмыг сахиж ажиллаагүй, зохих журмын дагуу чөлөө олгоогүй байхад ажил тасалсан…” гэсэн нь бодит байдалд нийцсэнгүй.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний 14/-т “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газрын 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/448 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдвэрлээгүй байхад дээрх үндэслэлээр Б.Д*******эд сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан нь хууль бус, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тэрбээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой.
2.Хариуцагчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/9989 дүгээр албан бичгээр өгсөн Сонсох ажиллагааны мэдэгдлийн хариунд 17-ны өдөр нэхэмжлэгчээс гаргасан тайлбартаа “…өөрт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар болон шүүгчийн захирамжийг зөрчвөл хоригдох нөхцөл байдал үүсэх болохыг, түүнчлэн холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд чөлөө олгох хүсэлтийг өмнө гаргасан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн…” талаар дурдсан байдаг.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д зааснаар төрийн албан хаагч өөрийн санаачилгаар “төрийн албанаас чөлөөлөгдөх” эрхтэй, тухайлбал хариуцагчийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/134 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийн нэг гэрч болох Г.Б*******г өөрийнх нь хүсэлтээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд хэдийгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан ч нэхэмжлэгчийн тухайд шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргаагүй байх тул төрийн албанаас халагдах бус энэ мэтчилэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдсангүй.
Харин мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлд “эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа” гэсэн тохиолдол байхгүй тул тухайн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдтэл холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгчид чөлөө олгох, эсхүл эрхэлж байсан ажлын байрыг хэрхэн хадгалах эсэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна.
3.Давж заалдах гомдолд “…нэхэмжлэгч эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй…” гээд үүнийгээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” шаардлагыг хангасан иргэнийг томилно гэсэнтэй холбон тайлбарласан, гэтэл цаг хугацааны хувьд Б.Д*******ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа энэ тохиолдолд тушаалыг хүчингүй болгосноор хуулийн дээрх заалттай зөрчилдөхгүй, хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэлээр бус харин 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэсэн үндэслэлээр төрийн албанаас хална.
4.Нэхэмжлэгч Б.Д******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс маргаан бүхий тушаал гарсан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, түүнчлэн Б/159 дүгээр тушаал гарсан эсэхээс үл шалтгаалан хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан нь дээр дурдсан таслан сэргийлэх арга хэмжээнүүд болон нэхэмжлэгчийн өөрийнх нь чөлөө хүссэн хүсэлтээр нотлогдох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоос бус ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг, тухайлбал “…ажилгүй байсан хугацааг хэзээнээс эхлэн тооцох, хэдэн төгрөгийн цалин олгох талаар шийдвэрт тодорхой тусгаагүй…” гэснийг хүлээн авах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл шүүхийн энэхүү шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон ч эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуустал нэхэмжлэгчид авсан таслан сэргийлэх зарим арга хэмжээ хүчинтэй үргэлжлэх тул тэрбээр албан үүргээ саадгүй эрхлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэсэн зохицуулалт хэрэглэгдэхгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан байхад шийдвэрт энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн “даалгах” шаардлагыг хангасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
Дашрамд шүүх төрийн албаны маргааныг хянахдаа “томилох” бус “томилохыг даалгах”, эсхүл “урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох” байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх болохыг цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 392 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан Б.Д*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар/-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож”, харин “…ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*******, Э.М******* нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН