| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0352/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/359 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/359
2023 10 10 2023/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000464 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын Б /хх0000000/,
.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот хашаандаа төрсөн ах Б.Г-тайгаа “эхнэрийн дүү С-ыг өмөөрлөө” гэж уурлан маргалдаж, хутгаар хохирогчийн хацар, гар, гуя хэсэгт хатгаж эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн шуу, баруун гуянд шарх, хэвлий, зүүн гуянд зулгаралт, хэвлий, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Б.Б.Б- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13х/,
-Согтуурал шалгасан баримт /хх-ийн 14-15х/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20х/,
-Хохирогч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манайх хашааны шал цутгасан. Уг ажилд төрсөн дүү Б.Б, найз Б, Х нар тусалсан юм. Бид нар хашаа цутгах ажлыг орой 20 цагийн үед дууссан. Эхнэр О.С ажлаасаа ирээд бид нарт хоол хийж өгсөн. Ажпаа дуусгасан болохоор дэлгүүрээс 2.5 литрийн 3 ширхэг пиво аваад хашаан дотор дүү Б-, найз Б-, Х- нарын хамт хувааж уусан. Пиво ууж байхад Б.Б- утас руу түүний эхнэр А- залгаж утсаар ярьж байхдаа Б- “...одоо очлоо” гээд уурлаад байсан. Би Б.Б-г уурлаад байхаар нь манай гэрт хоночхоод яв гэж хэлэхэд гэртээ харина гээд байсан тул түүнийг хүргэж өгөхөөр болж эхнэр О.С- машин жолоодож, найз Б-, Х- нарын хамт Б. Б.Б-г гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Б.Б- гэрт ороход эхнэр, хүүхдүүд нь унтах гээд хэвтэж байсан. Б хувцсаа сольж өмсөх гээд хажуу талынхаа байшин руу орох үед би хамт орсон. Байшинд А-ын төрсөн дүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байсан. А-ын дүүг Б- “бос, бос" гэж дуудаад байхаар нь би Б-д хандаж “...наана чинь хүн амарч байна, хоёулаа хамт байшингаас гарья” гэж хэлээд дагуулаад байшингаас гаргасан, Б- миний урдаас та юу юм бэ гээд байхаар нь би уурлаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Үүнээс болж маргаан эхэлж төрсөн дүү Б-тэй зодолдсон. Тэр үед А-ын төрсөн дүү байшингаас гарч ирэхээр нь би түлхээд “...ах, дүү хоёр учраа олох гэж байна, та нар оролцохгүй шүү" гэж хэлсэн. Энэ үед А-, манай эхнэр С- нар гарч ирсэн ба А- намайг дүүг нь цохиж байна гэж буруу хараад над руу уурласан. Тэрнээс биш А-ын дүүд Б- бид хоёр гар хүрээгүй. Тухайн үед хашааны гадна найз Б-, Х- нар машинд сууж байсан ба Б- бид хоёрыг маргалдахад Б- гаднаас орж ирсэн. Х- нь тасраад машинд унтаж байсан. Би Б-тэй маргалдаж байхдаа өөрийнхөө өмсөж байсан 17 гэсэн дугаартай ханцуйгүй, цэнхэр өнгийн фудволкийг тайлаад газар хаячихсан. Б- бид хоёрыг Б-, А-, С- нар салгасан. Тэр үед Б- гэрлүүгээ ороод гарч ирэхдээ цагаан өнгийн иштэй хутга барьчихсан байсан. Би Б-д хандаж “...чи наад хутгаараа яах гэж байгаа юм бэ” гэж асуухад юм дугарахгүй байсан. Би Б.Б- гарнаас хутгыг нь булааж авах гээд хутганы ажлын хэсгээр зүүн гараараа атгаад ноцолдох үед зүүн хацар, зүүн шуу, баруун гуяны урд дунд хэсэгт хутгаар зүсүүлсэн. Б-эс хутгыг нь булааж аваад хашааны харалдаа газарт зоогоод орхисон. Намайг эмнэлэгт найз Б-, С- нар хүргэж өгсөн. Х- машинд тасраад унтчихсан, юу болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 25х/,
- Гэрч О.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.Б-г гэрт нь хүргэж өгөх гээд нөхөр, Г-, түүний найз Б-, Хосоо нарын хамт миний өмчлөлийн 35-41 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учраас машин жолоодож явсан. Бид нар Б.Б- гэрт ороход эхнэр, хүүхдүүд нь унтах гээд ороо засчихсан, эхнэрийнх нь дүү хашаа дотор байх байшинд унтаж байсан. Б- хувцсаа сольж өмсөх гээд байшин руу манай нөхөр Г-гийн хамт ороод эргэж монгол гэрт орж ирэхдээ уурлаад байсан. Би Б-эс юу болсон гэж асуухад хариулахгүй гэрээс гараад эхнэрийнхээ дүүтэй хашаан дотор зодолдсон. Тэр хоёрыг манай нөхөр салгасан. Би гэрээс гараад хашхирахад хашааны гадна байсан машинаас Г-гийн найз Б- бууж ирэхэд Б- улам агсраад эхнэрийнхээ дүү болон манай нөхөр лүү дайрч хашхираад байсан. Сүүлдээ Б- нь манай нөхөр Г-д “...эд нарыг өмөөрлөө” гэж уурлаж, цохих гээд байсан. Би нөхөр Г-, түүний найз Б- нарын хамт гэртээ харих гээд монгол гэрийн урд талд зогсож байхад Б-, Г- хоёр нэгнийхээ хөлд тээглээд газар унасан. Тэр үед Б- монгол гэрлүү орж цагаан өнгийн иштэй хутга барьж гарч ирээд “ална” гээд хашхирсан. Нөхөр Г- нь дүү Б-д хандаж “...чи яагаад хутга, шөвөг бариад гүйдэг болчихсон юм бэ, яагаад ийм болчихсон бэ” гэж хэлээд Б.Б- гартаа барьчихсан байсан хутганы ажлын хэсгээс барихад Б- хутгаа татаад гар, зүүн талын хацар, гарын шуу, баруун гуя хэсгийг нь зүссэн. Тухайн үед Г- хутгаар зүсүүлээд газар унахад Б- дээр нь гарч гараараа толгой, нүүрэн тус газарт цохисон. Бид нар Б.Б-г арай хийж салгаад Г-гийн дээрээс босгосон. Би нөхөр Г-г машинд суулгаж эмнэлэгт хүргэж өгсөн. Нөхөр Г-гийн өмсөж байсан фудволкийг Б- ноцолдож байхдаа татаад тайлчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
- Гэрч А.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г- ах “...чаддаг юм бол ахыгаа алчих” гэж хэлээд Б.Б- урдаас очсон. Би тэр хоёрт хандаж “...одоо болиочээ, Г- ахаа Б- хутгатай байна шүү” гэж хэлэхэд гэрээс бага охин уйлаад гарч ирсэн. Би бага охин Буянзаяаг тэвэрч гэрт оруулчхаад эргээд гарахад Г- ахын зүүн талын хацраас нь цус гараад цээж хэсэг рүү урсчихсан байсан. С- нь нөхөр Г-г эмнэлэгт хүргэж өгнө гээд дагуулаад явсан. Б.Б- нүүр, гар нь тэр чигтэй цус болчихсон байхаар нь би ус асгаж өгөөд угаасан. Б- нүур гараа угаачхаад цэвэрхэн хувцас сольж өмсөөд С-ын хамт эмнэлэг рүү явсан. Би хүүхдүүдээ унтуулж байхад цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,
- Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хамгийн түрүүнд Б.Б- хашааны гадна очоод Г-, С-, Б- нар орсон. Машинд Х- бид хоёр үлдсэн ба Х- уусан пивондоо тасраад унтаж байсан. Хэсэг хугацааны дараа хашаан дотор эмэгтэй хүн хашхирах чимээ гарахаар нь би машинаас бууж хашааны хаалгаар ороход Б-, Г- хоёр хоорондоо маргалдаад, зууралцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгахад Г- надад хандаж “...чи машиндаа сууж бай, би дүү Б-д хэдэн үг хэлчхээд араас чинь очно, тэгээд Х- та хоёрыг хүргээд өгнө” гэж хэлсэн. Би хашаанаас гараад тамхи татчихаад машинд суухад араас Г-, түүний эхнэр С- нар машинд орж ирсэн. Би тэр хоёроос юу болсон талаар асуухад Г-гийн хацраас цус гарчихсан, С- уйлаад, яаралтай эмнэлэг явах хэрэгтэй байна гэж хэлээд бид нар эмнэлэгт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний 745 дугаартай:
“1. ...Б.Г-гийн зүүн хацар, зүүн шуу, баруун гуянд шарх, хэвлий, зүүн гуянд зулгаралт, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл ир ирмэг болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р х/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 134 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн футволкны захны дунд оёдлын залгаас хэсэгт баруун суга, энгэрийн хажуу хэсгийг хамарсан 126 мм хэмжээтэй, зүүн суганы оёдол хэсэгт 38 мм хэмжээтэй гэмтлүүд байна.
2. Футволкны захны дунд оёдлын залгаас хэсэгт 14 мм, зүүн суганд 38 мм хэмжээтэй гэмтлүүд татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ гэмтэл, баруун суга, энгэрийн хэсгийг хамарсан 126 мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзарч урагдсан гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-48-р х/
-Б.Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ах Б.Г-гийн хашааны шалыг түүний найз Б-, Х-, ах Б.Г- нарын хамт 20 цаг хүртэл цутгасан.Гадаа харанхуй болсон тул бид нар хийж байсан ажлаа дуусгасан, Г- ахын эхнэр С- ажлаасаа ирээд бид нарт хоол хийж өгсөн. Хоол идсэний дараа 2,5 литрийн багтаамжтай 3 ширхэг пиво хувааж уусан. Пиво ууж байхад эхнэр А- миний утас руу 2-3 удаа залгаж ирэх болж байна уу гэж асуусан. Шөнийн 00 цагийн үед бид нар гэр гэртээ харих гээд Г- ахын машинд суусан. Г- ахын эхнэр С- согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан тул тээврийн хэрэгслийг жолоодсон юм. Хамгийн түрүүнд намайг хүргэж өгнө гээд манай хашааны гадна очоод Г-, түүний эхнэр С- нарын хамт манай гэрт ороход эхнэр, хүүхдүүд маань унтах гэж байсан. Би ажлын хувцсаа солих гээд хашаанд байх байшин руу Г- ахын хамт ороход эхнэрийн төрсөн дүү С- архи уучихсан унтаж байсан. Би С-ыг одоо бос гэж хэлэхэд Г- ах надад хандаж "унтаж байгаа хунийг сэрээж яах гээд байгаа юм бэ" гэж хэлсэн. Г- ах бид хоёр байшингаас гарсны дараа би “таньд ямар хамаатай юм бэ эхнэрийн дүүг өмөөрлөө” гэж хэлээд хоорондоо маргалдахад Г- ах миний нүүрэн тус газарт цохисон. Г- ах бид хоёр хоорондоо ноцолдож, зууралдахад миний хүзүүг Г- ах боосон. Тухайн үед байшингаас эхнэрийн дуу С- гарч ирээд бид хоёрыг салгаж байх явцад гэрээс эхнэр А-, бэр эгч С- нар гарч ирээд салгасан. С- нь Г- ах бид хоёрыг салгаж байхыг эхнэр А- хараад С-тай зодолдож байна гэж буруу ойлгосон байсан. С-ын биед халдсан хүн байхгүй. Мөн хашааны гадна талаас Б- ороод ирчихсэн байсан. Би гэр лүү орж гал тогооны шүүгээ дээр байсан цагаан өнгийн иштэй хутга аваад гэрийн үүдэнд зогсож Г- ахад хандаж та яаж байгаа юм бэ гэхэд чи хэзээ ахынхаа урдаас хутга барьдаг болчихсон юм бэ гэж хэлээд миний гартаа барьчихсан байсан хутганы ажлын хэсгээс барьж аваад надтай ноцолдсон. Энэ үед Г- ахын хацар, гуя, гар хэсгийг нь хутгаар зүсчихсэн. Г- ах миний гарнаас хутга булааж аваад хашаа руу шидсэн үүнээс хойш ямар нэгэн маргаан болоогүй. Г- ахыг эмнэлэгт хүргэж өгөх гээд түүний эхнэр С-, найз Б- нар машинд суулгаад аваад явсан. Би тэд нарын араас С-ын хамт таксинд сууж явсан. Би ах Г-г айлгах гэж гэрээс орж хутга авсан юм. Тэрнээс биш Г- ахыг хутгалах ямар нэгэн зорилгогүй байсан. Би бүх нэхэмжлэлийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57х/,
-Шүүгдэгч Б.Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот өөрийн хашаандаа төрсөн ах Б.Г-тайгаа “эхнэрийн дүү С-ыг өмөөрлөө” гэж уурлан маргалдаж, хутгаар хатгаж эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн шуу, баруун гуянд шарх, хэвлий, зүүн гуянд зулгаралт, хэвлий, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: “...улсын яллагчтай шүүгдэгч ялаа тохирсон шүүгдэгч энэ талаар маргаагүй. Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байгаа учраас ялын талаар санал байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан учраас 450,000 төгрөгний торгох ял оногдуулж шийдвэрлэнэ үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хүйтэн зэвсэг буюу хутга барьж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн арга, хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байх учиртай. Иймд шүүгдэгчийн улсын яллагчтай тохирсон ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн фудволк 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б.Б-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн фудволк 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ