| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0358/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/368 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/368
2023 10 20 2023/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-од холбогдох эрүүгийн 2325000000447 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ххх” ТӨҮГазарт хяналтын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын А- /ФМ88062072/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.А- нь хохирогч Л.С-т “үйлдвэрийн тендерт оролцож байна. Тендерийн баталгаа гаргана, маргааш буцааж өгнө” гэж хуурч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр байрны гадна талд 6,300,000 төгрөг бэлнээр, мөн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “машинаа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж мөнгө гаргаж өгнө” гэж хуурч Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2а хороолол Дээдэс таурын гадна талд 700,000 төгрөгийг бэлнээр авч нийт 7,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч М.А-ын мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Л.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай арван жилийн ангийн хүүхэд болох Мөнхболдын төрсөн ах М.А- нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний утас руу залгаж “...үйлдвэрийн тендерт оролцож байна. Тендерийн баталгаа хийх гэсэн чинь мөнгөгүй болчихоод байна. Яаралтай 6,300,000 төгрөг зээлээч, маргааш өглөө буцаагаад шилжүүлнэ” гэж хэлсэн. М.А-ыг таньдаг, арван жилийн ангийн хүүхдийн ах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэст хяналтын инженер ажилтай болохоор нь итгээд 6,300,000 төгрөгийг бэлнээр Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Тамирын 3 чулуу байрны гадна, найз С-ын машинд байхдаа өгсөн. Тухайн үед би найз С-, Б- нарын хамт явж байсан. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М.А-ын 0000000 дугаарын утас руу залгахад авахгүй байсан тул мөнгөө яасан бэ гэсэн мессежийг явуулахад удалгүй миний утас руу эргэж залгаж “...ах нь машинаа банк бус дээр тавиад мөнгийг чинь гаргаж өгнө, банк бус дээр машин барьцаанд тавихад 1,000,000 төгрөгийн хураамж хэрэгтэй байна, надад 1,000,000 төгрөг нэмээд өгчих.” гэж хэлсэн. Би А- ахаас мөнгөө авахын тулд 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. А- ах манай гэрийн гадна ирээд 700,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш одоо мөнгийг чинь өгнө, дансаа явуулчих, шилжүүллээ, банк бусаас одоо мөнгө орлоо, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж байна гэх мэтээр олон удаа худлаа хэлж, хугацаа авч байсан. Сүүлдээ утсаа авахгүй, надаас зугтаагаад, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм... Би А-оос 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөгийг бэлнээр эргүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 11х/,
-Гэрч Б.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр найз С-, Б- нартай уулзаж байхад миний утас руу залгаад А- ах залгаж байна “...тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна, маргааш өглөө 09 цагаас өмнө баталгааны мөнгө хийх хэрэгтэй байна, 6,000,000 төгрөг байна уу.” гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. А- ах С-ын утасны дугаарыг асуухаар нь миний хажууд байна гэж хэлсэн. А- ах С-тай ярьж 6,300,000 төгрөгийг зээлэхээр болсон. Миний утсаар ярьсан билүү, С-ын утсаар залгасан эсэхийг сайн санахгүй байна. С- гэртээ орж 6,300,000 төгрөгийг бэлнээр авч, А- ахын гэрийн гадна очиж өгсөн. А- ах тухайн үед маргааш гэхэд эргүүлээд өгнө гэж хэлж байсан. Ямар тендерт оролцож байгаа эсэх хичнээн төгрөгийг байршуулсан талаар мэдэхгүй байна. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан С- нь А- ахаас мөнгөө авч чадахгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
-Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “…Би М.А- гэдэг хүнийг таньдаггүй байсан. Миний хувьд зээл чөлөөлдөг, утасны дугаарыг олон хүн мэддэг. 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр миний 0000000 дугаарын утас руу танихгүй дугаараас залгаж “...банк бусын зээл даруулаад өдөртөө мөнгийг нь эргүүлж өгнө.” гэж хэлсэн. Тэр залуутай уулзахад өөрийгөө А- гэж танилцуулж, надаас 5,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Надаас зээлсэн мөнгийг тохиролцсон өдрөө эргүүлж өгөөгүй тул А- гэх залуугийн утас руу байнга залгаж, 1 удаа уулзсан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг 30 минутын үед миний Хаан банкны 000000 дугаарын данс руу зээлсэн 5,000,000 төгрөг дээр хүү 300,000 төгрөгийг нэмж нийт 5,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш А- гэх залуутай дахиж уулзаагүй, холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
-Шүүгдэгч М.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
-М.А-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-39х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч М.А- нь хохирогч Л.С-т “үйлдвэрийн тендерт оролцож байна. Тендерийн баталгаа гаргана, маргааш буцааж өгнө” гэж хуурч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр байрны гадна талд 6,300,000 төгрөг бэлнээр, мөн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “машинаа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж мөнгө гаргаж өгнө гэж хуурч Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2а хороолол Дээдэс таурын гадна талд 700,000 төгрөгийг бэлнээр авч нийт 7,000,000 төгрөгийг авсан үйл баримт болсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.А-ын үйлдлийн улмаас Л.С-т 7,000,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Л.С-ын “...М.А- нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний утас руу залгаж “...үйлдвэрийн тендерт оролцож байна. Тендерийн баталгаа хийх гэсэн чинь мөнгөгүй болчихоод байна. Яаралтай 6,300,000 төгрөг зээлээч, маргааш өглөө буцаагаад шилжүүлнэ.” гэж хэлсэн. М.А-ыг таньдаг, арван жилийн ангийн хүүхдийн ах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэст хяналтын инженер ажилтай болохоор нь итгээд 6,300,000 төгрөгийг бэлнээр Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Тамирын 3 чулуу байрны гадна, найз С-ын машинд байхдаа өгсөн...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М.А-ын 0000000 дугаарын утас руу залгахад авахгүй байсан тул мөнгөө яасан бэ гэсэн мессежийг явуулахад удалгүй миний утас руу эргэж залгаж “... ах нь машинаа банк бус дээр тавиад мөнгийг чинь гаргаж өгнө, банк бус дээр машин барьцаанд тавихад 1,000,000 төгрөгийн хураамж хэрэгтэй байна, надад 1,000,000 төгрөг нэмээд өгчих.” гэж хэлсэн. Би А- ахаас мөнгөө авахын тулд 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. А- ах манай гэрийн гадна ирээд 700,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш одоо мөнгийг чинь өгнө, дансаа явуулчих, шилжүүллээ, банк бусаас одоо мөнгө орлоо, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж байна гэх мэтээр олон удаа худлаа хэлж, хугацаа авч байсан. Сүүлдээ утсаа авахгүй, надаас зугтаагаад, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон...” гэсэн,
гэрч Б.С-ын “...А- ах С-тай ярьж 6,300,000 төгрөгийг зээлэхээр болсон...С- гэртээ орж 6,300,000 төгрөгийг бэлнээр авч, А- ахын гэрийн гадна очиж өгсөн. А- ах тухайн үед маргааш гэхэд эргүүлээд өгнө гэж хэлж байсан. Ямар тендерт оролцож байгаа эсэх хэчнээн төгрөгийг байршуулсан талаар мэдэхгүй байна...С- нь А- ахаас мөнгөө авч чадахгүй байна гэж хэлж байсан...” гэсэн,
гэрч О.Дамбын “…Би М.А- гэдэг хүнийг таньдаггүй байсан. Миний хувьд зээл чөлөөлдөг, утасны дугаарыг олон хүн мэддэг. 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр миний 94443389 дугаарын утас руу танихгүй дугаараас залгаж “...банк бусын зээл даруулаад өдөртөө мөнгийг нь эргүүлж өгнө.” гэж хэлсэн. Тэр залуутай уулзахад өөрийгөө А- гэж танилцуулж, надаас 5,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан... Ингээд 2023 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг 30 минутын үед миний Хаан банкны 0000000000 дугаарын данс руу зээлсэн 5,000,000 төгрөг дээр хүү 300,000 төгрөгийг нэмж нийт 5,300,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч М.А- нь Л.С-аас “үйлдвэрийн тендерт оролцож байна, тендерийн баталгаа гаргана, маргааш буцааж өгнө” гэж 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 6,300,000 төгрөгийг мөн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “машинаа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж мөнгө гаргаж өгнө гэж 700,000 төгрөгийг бэлнээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, хохирогчийг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.А- нь хохирогч Л.С-т 7,000,000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.А-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-од долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдлуулж, тогох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч М.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж дүгнэв.
4. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.А- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын А-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ