| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0364/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/371 |
| Огноо | 2023-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/371
2023 10 23 2023/ШЦТ/371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч Ц.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000467 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, улсаас алтан гадас одон шагнал авч байсан, урьд ял шийтгэлгүй, А овогт Ц-ийн Х- /рд: хх0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Х- нь өөрийн хүү Х.Ч-ын эзэмшлийн Тоёота приус 20 загварын 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэр Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талд байрлах төв асфалтан зам дээр замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дугаар зүйлийн з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих...”, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам дээр цэвэрлэгээний ажил хийж дуусаад замын хөвөө хэсгээр тэргээ түрж явсан хот тохижуулах газрын ажилтан Ч.Д-ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд нь “..баруун шагайд хавчаар ясны хугарал, зүүн хөлийн 4-р хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Ц.Х- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 4,000,000 төгрөг өгсөн, мөн эмнэлэгт эм тариа, эмнэлэгийн ор хоногийн мөнгө төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Ч.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12 цаг 45 минутын орчим Уурхайчин багт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын урд хэсэгт байрлах уулзварыг цэвэрлэчихээд өөрийн тэрэгтэй хогийг чирч дээш төв замын баруун хашлага тал руу шахаад явж байхад төв зам дээр зогсож байсан приус 20 загварын тээврийн хэрэгсэл баруун тийш дарж ирээд баруун урд хэсгээрээ намайг мөргөж газар унагаагаад миний хоёр хөлийн шагай хэсгээр дугуйгаараа дайрч гарсан. Тэгээд би хэсэг сандарч ой ухаан балартаад байж байхад түргэн тусламж ирсэн... миний бие хөлийн хавчаар яс хугарч, зүүн хөл зулгарч хөхөрсөн... намайг мөргөсөн Х- миний биед учирсан гэмтлийн төлбөрийг төлж барагдуулсан... Миний сэтгэл санаанд ямар нэгэн хор уршиг болох хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд Ч.Д- нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,978,650 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/,
-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Д-тай гэр бүл болоод 25 жил болж байна Д- бид 2 дундаасаа 6 хүүхэдтэй манай нөхөр Д- нь зам тээврийн осолд орж хохирохоос өмнө бие сэтгэл санаа сэтгэцийн байдал хэвийн тогтвортой ажил хөдөлмөрөө эрхэлж байсан. Манай нөхрийн хөл их өвдөж байгаа тул их уур уцаар ихтэй болсон. Мөн ганцаараа бие дааж явж чадахгүй хэвтрийн дэглэмтэй хөдөлгөөн нь хоригдсон байдалтай болохоор их уур уцаартай болсон. Манай нөхрийн хөл нь эдгэхгүй байнгын өвдөлттэй өглөө оройдоо өвчин намдаах эм байнга ууж хэрэглэж байгаа мөн давхар өвчин намдаах лаа хэрэглэж байгаа. Одоог хүртэл өөрөө сайн явж чадахгүй байгаа. Манай нөхрийн толгой нь байнга дүүрч даралт нь байнга ихэсдэг болсон тэрнээсээ болж байнга даралтын эм ууж байгаа осолд орохоос өмнө манай нөхрийн даралт нь ихэсдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,
-Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрийн нөхөр Х-ын хамт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчим өөрийн хүүхэд Ч-ын эзэмшлийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд байрлах төв асфалтан замаар доош уруудаад явж байсан тэгэхэд гэрэл улаан асаж манай нөхөр унаж явсан приус 20 маркийн тээврийн хэрэгслээ зогсоосон. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад хүнсний зах орохоор болж тухайн уулзвараар баруун эргэж явахаар болсон. Тэгэхэд манай нөхөр машинаа баруун тийш дарж жоохон газар хөдлөөд зогссон тэгэхээр нь би яасан бэ гэж асуухад манай нөхөр би хүний тэрэг мөргөчихлөө гэж надад хэлсэн тэгэхээр нь би ямар тэрэг мөргөсөн юм бэ гэж асуугаад машинаасаа буухад хот тохижууулахын ажилтан манай машины баруун талд газар хэвтэж байсан тэгэхээр нь би очоод бие нь яаж байна гэж хэлээд тохойг нь барихад тухайн хүн миний хоёр хөл өвдөж байна гэхээр нь манай нөхөр Х- түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/,
-Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай хот тохижуулах газрын зам талбайн 2 дугаар хэсгийн дарга өдөр бүр зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг. Тухайн өдөр Ч.Д- нь Орхон аймгийн Уурхайчин багт байрлах Шунхлай шатахуун түгээх станцаас дээш Үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх газрын зам талбайг цэвэрлэхээр байсан. Манай ажлын цагийн хуваарь 08 цагаас 17 цагийн хооронд ажиллахаар байдаг... Манай ХАБ-ын зааварчилгаагаар цэвэрлэгээ хийж байгаа газартаа замын Түмб буюу хаалт байршуулж тэргээ байрлуулж цэвэрлэгээ хийдэг. Зам тээврийн осол гарах үед манай байгууллагын ажилтан Ч.Д- нь цэвэрлэгээгээ хийж дуусгачихаад явж байсан. Манай хабын зааварчилгаагаар өөрийнхөө явах замын эсрэг урсгалаар замын хажуу талын боржуур /хөвөөгөөр/ дагаж явна гэж заасан байдаг. Хэрэг учрал болсон гэх газар нь замаас гарч явах боломжгүй явган хүний зам байхгүй байсан... Стандарт шаардлага хангасан гэрэл ойлгогчтой ногоон саарал өнгийн хувцастай байдаг. Манай байгууллага нь ажлын хувцсыг дутуу болон буруу өмссөн ажилтныг ажилд нь гаргадаггүй. Д- нь хэрэг учрал болох үед ажлын хувцсыг бүрэн бүтэн өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,
-Гэрч Х.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 24-87-ОРА улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 сард Орхон аймгаас хувь хүнээс 8 сая төгрөгөөр худалдан авч байсан... 24-87-ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай аав Х-, миний эхнэр Хишигжаргал нарын хамт унаж эзэмшихээр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал дээр бүртгүүлсэн байгаа тийм болохоор манай аав Х- болон миний эхнэр Хишигжаргал бид гурвын аль нь ч унаж ашиглаж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49х/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 757 дугаартай:
1.Ч.Д-ын биед баруун шагайд хавчаар ясны хугарал, зүүн хөлийн 4-р хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-64х/,
- Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “...Жолооч Ц- овогтой Х- /РД:ФБ51061816/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дугаар зүйлийн з/зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих”, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.
Харин явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна...” гэсэн магадалгаа /хх-ийн 68-70х/,
-Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай “...Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд стандарт шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэлд эвдэрсэн эд анги байхгүй байна. Уг автотээврийн хэрэгслийг багаж тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны систем, шил арчигч, гэрэлтүүлэх систем хэвийн ажиллагаатай стандарт шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-77х/,
- Шүүгдэгч Ц.Х- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Д-д учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 169х/,
-Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13х/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-15х/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Х- нь Тоёота приус 20 загварын 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талд байрлах төв асфалтан зам дээр цэвэрлэгээний ажил хийж дуусаад замын хөвөө хэсгээр тэргээ түрж явсан хот тохижуулах газрын ажилтан Ч.Д-ийг мөргөж зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд нь “..баруун шагайд хавчаар ясны хугарал, зүүн хөлийн 4-р хуруунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ц.Х- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т ”... гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбаяр нь хохирогч Ч.Д-д эмчилгээ тусламж үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 2,978,650 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 1,186,000 төгрөгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан тул шүүх нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ц.Х-аас 1,186,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,792,650 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “сиди”-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ц-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Х-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Д-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “сиди”-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Х-аас 1,186,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож, иргэний нэхэмжлэлээс 1,792,650 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ