Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02157

 

 

 

 

2020 08 28

181/ШШ2020/02157

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК -д холбогдох

7.539.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гэрч З.Б, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Г би 2019 оны 6 дугаар сарын 11-нд Д ХХК болон гүйцэтгэх захирал С.Максимтай Мал бэлтгэн нийлүүлэх гэрээ /Дугаар JS2018/06/ байгуулан амьд хонь бэлтгэн нийлүулэн хамтарч ажиллахаар болсон.

Ингээд миний бие 2019 оны 7 дугаар сарын 23-нд гэрээний дагуу 458 ширхэг амьд хонийг Д ХХК-ийн үйлдвэр хариуцсан дарга Б.Дэлгэрмаа, Саян Уул ХХК-ийн бог мал хариуцсан малын эмч Б.Вандандорж нарт тоолж, хүлээлгэн өгсөн болно.

Уг хонийг гэрээний үүргийн дагуу 1.2.1, 3.1.-д заасан заалтын дагуу нийлүүлж, захирал С.Максимтай хонь нэг бүрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 ширхэг хонийг 100.000 төгрөгөөр тохирч хүлээлгэн өгсөн.

Нийт хонины үнэ 45 сая 800 мянган төгрөг болсон. Гэрээний дагуу 6.1.-д заасны дагуу малыг хүлээлгэж өгсөн хоногоос ажлын нэг хоногийн дотор төлбөрийг бэлэн бусаар төлнө гэсний дагуу мөнгөө нэхэмжилсэн. Ингээд С.Мнь 2019 оны 7 дугаар сарын 26-нд 20.000.000 төгрөгийг миний ХААН банкны 5009762703 тоот дансанд шилжүүлсэн.

Ингээд гэрээний дагуу төлбөрөө төлөхийг Д ХХК-ийн С.Максимаас удаа дараа шаардаж явсаар 2019 оны 09 дүгээр сарын 25-нд БЗД Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-16,75/13 тоотод байрлах оффист нь биеэр очиж, үлдэгдэл мөнгө өгөх баталгааг гаргуулан авсан болно.

Уг баталгаанд 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл мөнгө болох 25 сая 800 мянган төгрөгийг өгөх болно гэж С.Мболон түүний хамтрагч З.Бадамсэд нар гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэвч уг мөнгөө өгөлгүй янз бүрийн шалтаг тоочсоор 2019 оны 10 дугаар сарын 28-нд 15 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-нд 5 сая төгрөгийг тус тус миний ХААН банкны дансанд шилжүүлсэн болно. Одоогийн байдлаар 40 сая төгрөг шилжүүлж өгсөн байна.

Д ХХК-ний гүйцэтгэх захирал С.Мнь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлынхаа албан тушаалыг Пүрэвдоржийн Шижирт хүлээлгэн өгч компаниа удирдуулах болсон байна.

Улмаар компанийнхаа түрээсэлж байсан оффиссоос гарч, утас нь холбогдох боломжгүй болж, алга болсон. Иймд би Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан боловч хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж иргэний хэргийн анхан шатны шүүхээр явж хэрэг маргаанаа шийдэхийг зөвлөсөн.

Миний бие ХААН банкнаас 200 сая төгрөгийн сарын 1,5% ийн хүүтэй бизнесийн зээлтэй. Гэрээ хийж мал нийлүүлснээс хойш 9 cap өнгөрлөө. Энэ хугацаанд ХААН банканд би энэ мөнгөө хугацаандаа авч чадаагүйн улмаас:

1. 25,800,000*1.5%*3cap=1,161,000 төгрөг 2019 оны 10 дугаар сарын 28 хүртэлх хүү

2. 10,800,000*1.5%*1 сар=162,000 төгрөг

162,000:30 хоног=5,400 төгрөг 5,400*18 хоног=97,200төгрөг

Нийт 162,000+97,200=259,000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 16 хүртэлх хүү

3. 5,800,000*1,5%*3сар=261,000 төгрөг 261,000:90 хоног=2,900 төгрөг 2.900 төг*20 хоног=58,000төгрөг

Нийт 261,000+58,000=319,000 төгрөг 2020 оны 04 дугаар сарын 22 хүртэлх хүү

Нийт 1,161,000+259,000+319,000=1,739,000 төгрөгтйг Хаан банкинд зээлийн хүүнд төлсөн байна.

Иймд уг гэрээний үлдэгдэл мөнгө болох 5,800,000 төгрөг мөн хүүнд төлсөн 1,739,000 төгрөг нийт 7,539,000 төгрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгөн дүнгийн хамт миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дууч овогтой Отгоны Гандөшийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч үзээд бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр "Max бэлтгэн нийлүүлэх гэрээ'' буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу мах бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

Гэрээний дагуу 1 толгой мал нь 95.000 төгрөгийн үнээр О.Г нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор хонь амьдаар нийлүүлэх үүрэг хүлээж, тухайн амьд хонийг манай тал үйлдвэрийн хашаанд хүлээн авч халал аргаар буюу 1 өдөр үйлдвэрийн хашаанд хонуулсаны дараагийн өдөр нядалгаанд оруулах юм.

Ийнхүү нядалгаанд оруулахад худалдагч тал нь өөрөө байлцаж гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу гарч буй хонины гулууз мах нь доод тал нь 12 кг, дээд тал нь 25 кг жинтэй баих үндсэн нөхцлииг хангаж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байдаг юм.

Уг журмыг амьд мал бэлтгэн нийлүүлж байгаа бүх худалдагчид мэдэгддэг бөгөөд маргааш нь худалдагч нар өөрийн биеэр ирж жинэлж буй үйл явцад оролцдог юм.

Гандөш нь 2019 оны 7 дугаар сарын 23-нд ирэхээс өмнө манай компани руу утсаар ярьж Ховд аймгаас 500 хоньтой гарсан одоо замдаа явж байна, удахгүй очино, хүлээн авна биз дээ гэж баталгаажуулсаар 23-ны үдээс хойш ирээд хүлээлгэн өгөхдөө замдаа 42 хонь нь замын ая даагаагүй замдаа үхчихлээ одоо 458 толгой мал байна гээд, мөн захирлын ээжийн танил учир маш их хохирол амссан гэж гуйсаар 458 толгой хонийг нэг ширхэгииг 100.000 төгрөгөөр тооцуулахаар болсон юм.

Тэгээд ирсэн амьд хониноос маргааш хүртэл тэсэж амьд үлдэж чадахааргүй болсон 12 хонийг бид халал аргаар мах бэлтгэх журмыг зөрчин ирсэн өдөрт нь нядалгаанд оруулсан юм. 23-ны өдөр мөн Завхан аймгаас 140 ширхэг хонь амьдаар ирсэн юм.

Маргааш нь буюу 24-ний өдөр нядалгааны үед Гандөш ирээгүй бөгөөд эхний ээлжинд Завханы 140 хонийг нядалгаанд оруулаад хүлээгээд ирэхгүй болохоор Гандөшийн хонийг оруулж 352 хонь бэлтгэсэн юм. Уг 352 хониноос 148 хонь нь 11-13 кг жинтэй байсныг хүлээн авч, үлдэгдэл 204 хонь нь 8-10 кг жинтэй байсан.

Ингээд жин нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байсан учир бид бой хийхээ зогсоож Гандөшид мэдэгдсэн. Гэвч Гандөш 25-нд мөн л ирэхгүй байхаар үлдсэн 106 хонийг нядалгаанд оруулсан юм. Мөн л хэмжээ нь 8-10 кг хооронд байсан юм. Уг хонины махыг Ираны худалдан авагч нь хүлээж авахгүй гэдгээ тухайн үед мэдэгдсэн юм.

Тэгээд яагаад ийм муу хонь байна гэж асуусан чинь Ховдоос Гандөш 40.000 төгрөгөөр цаашид амьд гарж чадахгүй болсон хамгийн муу хонь худалдан авч манай компанид 95.000 төгрөгөөр шахья гэсэн шунахай санаа агуулж ирсэнийг сүүлд мэдсэн юм.

1. Нэгэнт малыг нь нядалгаанд оруулсан эзэн нь ирэхгүй, зөвхөн утсаар мөнгө нэхэхээс өөр юмгүй байсан, агуулахад зай эзлээд байсан учир тухайн үед нөөцийн мах худалдааны төвүүдэд нийлүүлэх ёстой байсан учир 2 тонн буюу 2000 кг махыг нийлүүлэх гэтэл ийм муу мах авахгүй байсан учир бид нийтдээ 2200 кг буюу 200 кг мах илүү өгч байж нөөцийн мах нийлүүлсэн гэсэн бичгийг авсан юм. Үүнд нийтдээ 245 хонины гулуузыг өгсөн юм. 1 кг махыг 5999 төгрөгөөр тооцож өгсөн юм.

Ингээд бид 2000 кг махыг 1 кг-ыг 5999 ээр тооцож нийт 11.998.000 төгрөгийн мах албан ёсоор өгсөн боловч бодитоор 2200 кг мах нийлүүлсэн юм.

Харин 245 ширхэг хонины гулууз буюу 1 хонийг 100.000 төгрөгөөр авсан гэж тооцвол нийт 24.500.000 төгрөгөөр Гандөшөөс авсан юм. Үүнээс болж зөвхөн Гандөшөөс шалтгаалж 1 хониос 2-3 кг-ын алдагдлыг буюу 11.998-17.997 хүлээсэн юм.

Ингээд тооцвол 245 толгой * 11.998 төгрөг = 2.939.510 төгрөг багадаа, ихдээ 245 толгой * 17,997 төгрөг = 4.409.265 төгрөг юм. Дунджаар тооцвол Номин супермаркет дэлгүүрт нийт 245 хониос (4.409.265 + 2.939.510)/2 = 3.674.387 төгрөгийн алдагдал.

2. Тэгвэл нийт 458 хониос 148 ширхэгийг хүлээн авсан, 245 ширхэгийг Номинд шахаж алдагдалтайгаар хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 65 хонийг хамгийн бага нь 12 кг байх ёстой гэж тооцвол 8-10 кг-ын хооронд байсан учир 2-4 кг махны алдагдалтай юм. Үүнийг тооцвол 12 кг- 100.000 төгрөг гэвэл 1 кг нь 8.334 төгрөг юм. Тэгвэл алдагдал 16.668-33.336 төгрөгийн зөрүү байна. Үүнийг дунджилбал 25.002 төгрөг * 65 толгой = 1.625.130 төгрөгийн алдагдал юм.

3. Ингээд нийт аладагдлаа тооцвол 245 толгой малаас 3.674.387 төгрөг + 65 толгой малаас 1.625.130 төгрөг= 5.299.514 төгрөгийн алдагдалтай гарсан юм.

Ийм учир гэрээний дагуу 458 толгой малны үнэ 45.800.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд 5.800.000 төгрөгийг шилжүүлэх үүрэггүй гэж үзсэн юм. Уг алдагдал дээр бид 1 толгой хонийг гэрээний дагүу 95.000 төгрөгөөр тооцохоор гэрээлсэн боловч замдаа 42 толгой мал үхсэн гээд манай компаниас гуйсан учир, танил гэдгээр 1 толгой малыг 5,000 төгрөгөөр нэмж 100.000 төгрөгөөр авахаар болсон юм.

Нэхэмжлэлиин шаардлагад, банкнаас зээл авсан тухай, тухайн зээлийн хүү нэхэмжилсэн байна. Гандөш нь Банкнаас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээл авсан нь манай компанитай байгуулсан мах бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу зээл аваагүй, манай компанитай 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хонио нийлүүлсэн байх тул 200 сая төгрөгийг ямар зорилгоор авсан нь, тухайн зээлийн зориулалт нь манай компанид мах нийлүүлэхээр зээл аваагүй учир 1.739.000 төгрөгийн зээлийн хүү манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч З.Б-н мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Г нь Д ХХК- /гүйцэтгэх захирал П.Ш/-д холбогдуулан гэрээний үүрэгт 7.539.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч /худалдагч/ О.Г нь хариуцагч /худалдан авагч/ Д ХХК-д амьд хонь худалдах, Д ХХК нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээж Мал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 5-8-р хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Дээрх гэрээгээр худалдан авагч / Д ХХК / нь худалдан авсан хонины үнийг худалдагч /О.Г/-д төлөх, худалдагч нь бэлтгэн нийлүүлж буй хонийг худалдан авагчийн үйлдвэрийн малын хашаанд хүргэж өгөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч /Ө.Гандөш/ нь 458 ширхэг амьд хонийг худалдан авагч /Д ХХК/-д нийлүүлж, худалдан авагч /Д ХХК/-нь нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр тооцож худалдан авсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй болно. /хх-ийн 5-8,12, 23-29, 39-44-р хуудас/

Худалдан авагч нь 2019 оны 7 дугаар сарын 26-нд 20.000.000 төгрөгийг худалдагч /Г/-ийн Хаан банкны 5009762703 тоот дансанд шилжүүлж үлдэх 25.800.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж баталгаажуулан баримт үйлджээ. /хх-ийн 11,12, 44-р хуудас/

Дээрх баримтыг үйлдсэнээс хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 сая төгрөгийг худалдагч Ө.Гандөшийн Хаан банкны 5009762703 тоот дансанд тус тус шилжүүлж нийт 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан дансы хуулга бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9,10-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь гэрээгээр тохирсон амьд хонийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч /худалдагч/ Ө.Гнь хэлэлцэн тохирсон хонийг хариуцагч Д ХХК-д шилжүүлэн өгсөн байхад, хариуцагч /худалдан авагч/ Д ХХК / гүйцэтгэх захирал Шижир/ нь хэлэлцэн тохирсон үнийн үлдэгдэл төлбөр болох 5.800.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Д ХХК, /гүйцэтгэх захирал Шижир/ нь үлдэгдэл төлбөр болох 5.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Гандөшид төлөх үндэстэй байна.

Харин нэхэмжлэгч Ө.Гнь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 200.000.000 төгрөгийн зээлийг авч уг зээлийн гэрээгээр тохиролцсон хүү төлж байгааг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Мал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийг Д ХХК зөрчсөнөөс үүссэн хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул Зээлийн гэрээний хүүнд төлсөн гэх 1.739.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэгчийн нийлүүлсэн махны хувийн жин бага байсан, үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн дагуу нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Д ХХК- /гүйцэтгэх захирал П.Ш/-аас 5.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.739.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 135574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО