Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

 

2023         10            27                                   2023/ШЦТ/381

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Л-д холбогдох эрүүгийн 2325000000484 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зам гүүрийн техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Д-ийн Л-, рд:хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л- нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 00-00 ХХХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Субару импреза загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэр “Дөмөг” худалдааны төвийн арын төв зам руу орохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчин Г.О-ын жолоодон явсан улсын дугааргүй супер загварын мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган уг мотоцикльд зорчиж явсан хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд “зүүн эгэм ясны хугарал, дух, баруун, шилбэ, цээж, зүүн дал, баруун хөх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, баруун тохой, зүүн алганд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Д.Л- мэдүүлсэн: ...Урьд нь мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хохирогчид эхлээд эмчилгээнд 900,000 төгрөг өгсөн дараа нь 2,100,000 төрөг өгсөн... гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Г.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр би нөхөр О-ын хамтаар Говил багаас өөрсдийн хэрэглэж байсан хөнжил болон бусад зүйлийг аваад буцаад гэр рүү явж байсан юм. Тэгээд Дөмөг захын урд төв замаар явж байхад нөхөр бид хоёрын урд хар өнгийн том оврын жийп машин явж байсан. Тухайн машин өнгөрөхөд бид хоёрыг нэг машин ирээд мөргөчихсөн тэгээд би газарт унахад миний зүүн талын мөр өвдөөд толгой их хүчтэй өвдсөн. Удалгүй намайг түргэний машин аваад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүргэж өгөөд гарын рентген зураг аваад харсан чинь миний зүүн гарын эгэм хугарчихсан яаралтай мэс засалд орох шаардлагатай гээд гэмтлийн тасагт хэвтүүлээд даруй хагалгаанд орох гэсэн боловч миний толгой ихээр өвдөөд толгойгоо даахгүй байгаа талаараа хэлэхэд тэгвэл эмчилгээ хийлгэж байж хагалгаанд орох хэрэгтэй юм байна гээд миний хагалгаанд орох хугацааг хойшлуулаад 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хагалгаанд орж эгэмээ хадуулсан. Хагалгаанаас гараад би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлгээс гэрийн эмчилгээний заалттай эмнэлгээс гарсан байгаа... миний нөхөр О- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...Д.Л- нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 19-20, 86х/,

 

- Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр би Шанд багаас гараад Говил багийн чиглэлтэй явж байгаад Оюут багийн нутаг дэвсгэрт байх 100 айл барилгын материалын худалдааны төвийн урдуур өнгөрөөд Дөмөг худалдааны урд талд явж байхад хойноос урагш чиглэлтэй мөнгөлөг саарал өнгөтэй субара импреза тээврийн хэрэгсэл төв зам руу нэвтэрч байхдаа төв замын зорчих хэсэгт зүүнээс баруун чиглэлд явж байсан улаан өнгийн мотоциклийг мөргөчихсөн. Улаан мотоцикльд 2 зорчигч суучихсан явж байгаад ард талд нь сууж явсан эмэгтэй газарт унаад мотоциклийн жолооч нь тухайн эмэгтэйг түшээд замын хажуу хэсэгт гаргаж байгааг нь харахад хөл нь доголчихсон харагдаж байсан. Харин Субару импреза нь зөвхөн жолооч нь байж байгаад осол гаргасан замаас өөрийн тээврийн хэрэгслээ хөдөлгөөд замын урд хэсэг рүү шахаад зогсоочихсон байсан. Би миний хувьд бол замын цагдаагийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан хүний хувьд харахад Субару бол төвийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой өгөөгүй мөн зам тээврийн осол гарсан гэх газраас хөдлөөд явчихсан. Тэгээд би цагдаагийн газарт зам тээврийн осол гарсан талаар дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 773 дугаартай

1. Магадлуулагч Г.Н-ийн биед зүүн эгэм ясны хугарал, дух, баруун шилбэ, цээж, зүүн дал, баруун хөх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, баруун тохой, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33х/,

 

-Орхон аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн техникийн хяналтын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр “...Субару маркийн импреза Ж11 загварын 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “...Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем, /хөл, гар тоормос/ шил арчигч, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл дохио үзлэг хийх үед ажиллаж байсан нь стандарт шаардлага хангаж байна. Урд буфер хагарч гэмтэл үүссэн нь стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн гэмтлүүд нь осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-45х/,

 

-Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай “...Жолооч Д-ийн Л- /РД:/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “Гол ба туслах замын уулзварт туслах замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин жолооч Г.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх-ийн 50-52х/,

 

-Шүүгдэгч Д.Л- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрийн амьдардаг Зэст багийн 1-4-93 тоотоос гараад байрны гадаа байх зогсоол дээр тавьсан байсан 00-00 ХХХ улсын дугаартай Субару импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцоод Барилгачдын талбайн уулзварын 4-н замын уулзвараар ертөнцийн зүгээр чанх урагш замаар явж байгаад урд БИ-ЭС-БИ-ийн зүүн талын замаар төв зам руу нийлээд Номин худалдааны төв рүү явах гээд зам дээр зүүн гар тийш эргэх дохио өгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасахаар нь төв зам руу нэвтрээд орсон чинь миний машины урдуур улаан өнгийн ардаа хүн суулгасан байсан мотоцикль урдаас гарч ирээд мөргүүлчихсэн. Тухайн мотоцикль зүүн баруун чиглэлтэй төв замаар явж байсан. Намайг төв зам руу нэвтэрч байхад зүүн талаас бол хар өнгийн том оврын жийп машин ирж байсан. Тэгээд би тухайн машиныг өнгөрчихөөр нь хурдхан орчих санаатай тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн чинь урдуур гэнэт нэг улаан өнгийн мотоцикль гараад ирсэн. Миний явж байсан замд төвийн замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой тэмдэг байсан. Мөргүүлсэн мотоцикльд эмэгтэй хүн суучихсан явж байгаад миний тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед тухайн эмэгтэй мотоциклиос уначихсан. Тэгээд би машинаасаа буугаад очиход тухайн мотоциклийн зорчигч нь яаж байгаа юм бэ замаа хардаггүй юм уу. Миний зүүн талын мөр өвдөөд байна гэж байхаар нь би цагдаа дуудаарай гэсэн чинь миний хажууд зогсож байсан залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд аваад явсан миний холын хараа маш сайн хардаг харин миний ойрын хараа маш муу хардаг /+2/ нүдний шил зүүдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57, 60-61х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9х/,

 

-3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураг /хх-ийн 10-15х/

 

- Шүүгдэгч Д.Л-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Л- нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 00-00 ХХХ улсын дугаартай Субару импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр “Дөмөг” худалдааны төвийн арын төв зам руу орохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчин Г.О-ын жолоодон явсан улсын дугааргүй супер загварын мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган уг мотоцикльд зорчиж явсан хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд “зүүн эгэм ясны хугарал, дух, баруун, шилбэ, цээж, зүүн дал, баруун хөх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шилбэ, баруун тохой, зүүн алганд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Д.Л- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Д.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Хохирогч Г.Н- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Л-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Д-ийн Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Л-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу  600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л- нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ