Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1597

 

           

 

 

  2023        12          20                                        2023/ШЦТ/1597           

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ургийн овогт Т-А-д холбогдох эрүүгийн 2306 04355 3308 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ********************* тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэгдэж байгаагүй, ********** А /РД:***********/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.А нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Н.Бд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн найд н.Б гэх хүнээр дамжуулан автомат хаалга захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч хохирогч Н.Бгаас Б.О гэх хүний Хаан банкны ************* тоот дансаар дамжуулан 11,011,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.А нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Н.Бд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн найд н.Б гэх хүнээр дамжуулан автомат хаалга захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч хохирогч Н.Бгаас Б.О гэх хүний Хаан банкны *********** тоот дансаар дамжуулан 11,011,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Бгийн өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 15 минутад гражны хаалга захиалах гэхэд иргэн Т.А нь би захиалаад өгье манай эхнэр гаалийн байцаагч би өөрөө замын үүд эрээн хоёрын хооронд тээвэр хийдэг гэж хэлээд найз Б гэх өвөрмонгол гэх хүнтэй we chat-аар холбогдон хаалга захиалах гэсиймаа нөгөө хүнийхээ дансыг явуул гээд хаан банкны ********** гэх Б.О гэх хүний дансыг явуулж тухайн данс руу 11,011,000 төгрөг шилжүүлээд түүнээс хойш 1 сарын дараа хаалга ирэхгүй байсан учраас би өөрөө эрээн хотод байдаг хаалганы үйлдвэр дээр очиж Аын найз Б гэх өвөр Монгол залуугаас мөнгөө нэхтэл 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 17 минутад над руу яриад наадмаас өмнө амжихаа байлаа 1,036,000 төгрөгийг хаалганы урьдчилгаа болгоод үлдээчихье үлдэгдэл 9,975,000 төгрөгийг над руу шилжүүлчих гээд иргэн А нь ********* гэсэн хаан банкны дансны дугаар над руу явуулаад би буцаан мөнгийг хийсэн гэж хэлээд надад буцаан шилжүүлсэн гүйлгээний баримтаа үзүүлсэн учраас би шууд Аыг залилсан байна гэдгийг мэдсэн даруйдаа 08 дугаар сарын 01-ний өдөр А руу мессеж, we chat зэрэг сүлжээгээр чиний залилсан чинь батлагдсан гээд өөрийн нэр дээрх данс руу шилжүүлсэн гэдгийг чинь мэдсээн гээд шилжүүлсэн гүйлгээний баримтыг өөрлүү нь илгээсэн ба тэр үед А фэйсбүүк мессенжерээр намайг уучлаарай би мөнгийг чинь бүтэн сайнд хийнээ гэж хэлээд алга болсон. Ийнхүү хаалга ч байхгүй мөнгө ч байхгүй Аод залилуулсан учир би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-9-10/-р тал,

Хаан банкны ************** тоот дансны хуулга /хх-30-36/-р тал,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38/-р тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Т.А нь хохирогчийг урдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, хаалга захиалж өгнө гэж хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Т.Аын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Т.А нь анхнаасаа хохирогчийг залилан мэхлэх гэсэн идэвхтэй үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хаалга захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар залилсан өөрөөр хэлбэл хохирогчтой нартай хэрхэн харилцах, тэдгээрийг хэрхэн төөрөгдүүлэх санаа зорилгоо амжилттай гүйцэлдүүлэх вэ зэргээ нарийн тооцож тодорхойлсон болох нь хохирогч нарт үзүүлсэн банкны зарлага гаргасан гүйлгээний баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Т.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бд учирсан хохирол болох 11,311,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 10,011,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч Т.Аын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “хохирол төлбөрийг төлж барагдуулах тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргажээ.  

Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Т.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч Т.А энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ ургийн овогт Т-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аод хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн тэнсэн харгалзах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аоос нийт 10,011,000  /арван сая арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд олгосугай.

6. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЭЭЖИН