| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 159/2026/0008/З |
| Дугаар | 221/МА2026/0586 |
| Огноо | 2026-08-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0586
С.П*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.П*******, гуравдагч этгээд Б.Т*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С.П*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Т*******
Нэхэмжлэлийн шаардлага: Сонсох ажиллагаа явуулаагүй, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр чиглэл хүргүүлснийг биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжийн Б.Т*******д холбогдох хэсгээс нийтийн эзэмшлийн газрыг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 159/ШШ2026/0013 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.П*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 159/2026/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.П*******гээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан “Сонсох ажиллагаа явуулаагүй, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 тоот албан бичгүүдээр чиглэл хүргүүлснийг биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжийн Б.Т*******д холбогдох хэсгээс нийтийн эзэмшлийн газрыг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
2.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 159/ШШ2026/0013 дугаар шийдвэрийн:
1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1, 92 дугаар зүйл, Газрын тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.М*******ийн сонсох ажиллагаа явуулаагүй эс үйлдэхүй болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1543, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 дугаар албан бичгүүдээр хүргүүлсэн чиглэлийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулан сонсох ажиллагаа явуулах, тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Сайхан сумын Засаг даргаас шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг биелүүлэхдээ Сайхан сумын 4 дүгээр баг, Дөмбөн Хөтөл-2 хаягт байрлах Шим худалдааны төвийн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий С.П*******, Б.Т******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын бодит нөхцөл байдал, хил заагийг тодруулан газрыг хэмжиж, эргэлтийн цэг тэмдэгтийг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах боломжтой болохыг анхааруулжээ.
Давж заалдах гомдлын агуулга:
“...шийдвэрийн зарим хэсэг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Учир нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжаар иргэн Б.Т*******д 1564 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд уг газраас барилгын доорх газраас бусад газар буюу Шим худалдааны төвийн өмнө талд байрлах газар нь нийтийн эзэмшлийн газар хэмээн маргасныг шүүхээс илт үндэслэл муутай дүгнэлт хийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Маргаан бүхий газрыг Б.Т*******д эзэмшүүлэхдээ өмнөх эзэмшигчээс эрх шилжүүлж авах байдлаар шилжүүлсэн байсан ба ингэхдээ анхны эх сурвалж болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2008 оны 19 дүгээр захирамжаар “Хөтөл” ЦШХК-аас Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын өрөнд хураагдсан барилгын доорх газарт хамаарч байсан газар бөгөөд уг захирамжаар зөвхөн барилгын доорх буюу Шим худалдааны төвийн доор байрлах газрыг шилжүүлсэн байсан.
Гэтэл иргэн Б.Т*******д худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ барилгын доор байрлах газраас илүү хэмжээтэйгээр газрыг эзэмшүүлсэн нь захиргааны актын илт хууль бус болохыг илтгэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “захиргааны актын утга агуулга илэрхий ойлгомжгүй, эсхүл хоорондоо зөрчилтэй байх”, 47.1.3-т “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” зэрэг тохиолдолд тухайн актыг илт хууль бусад тооцохоор байгаа юм.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 4 дугаар сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамж болон 2008 оны 19 дүгээр захирамжуудаар нэг байршилд байх газрыг олгож байсан ба ингэхдээ өөр хоорондоо зөрүүтэй буюу газрын хэмжээг нэмэгдүүлэх байдлаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэргүйгээр өмнө нь нийтийн эзэмшил байсан газраас эзэмшүүлсэн болох нь нотлогдогддог. Өмнө нь зохих ёсоор олгогдсон байсан газрын хэмжээг илт үндэслэлгүйгээр нэмж олгосон нь илт хууль бус захиргааны актын шинжийг хангахаас гадна актууд хоорондоо зөрчилтэй, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан гэж үзэхэд хүргэж байна.
Үүнээс гадна Шим худалдааны төвийн өмнөх талбайг иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаагүй болохыг илэрхийлсэн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид өмнө нь гаргаж өгсөн бөгөөд уг албан бичгээс үзвэл уг газар нь нийтийн эзэмшилд анхнаасаа байсан болохыг илтгэж байгаа юм.
Эдгээрээс гадна нэхэмжлэлийн шаардлагад хамааралтайгаар Шим худалдааны төвийн өмнөх газрын хэмжээг тодорхой болгох хүсэлтийг шүүхэд гаргаж байсан хэдий ч шүүх уг хүсэлтийг хэрэгт хамааралгүй хэмээн үзэж, огт хийгдвэл зохих ажиллагаа биш гэх хандлага гаргаж байсан нь урьдаас шийдвэрийг гаргачихсан байсан гэж үзэхэд хүргэж байна.
Нөгөөтэйгөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс үүдэн уг маргааныг шүүх үндэслэл муутай шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баримт гаргуулах, шинжээч томилуулах нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хэлэлцэхгүй орхих, хангахгүй орхих зэргээр нотлох баримтыг цуглуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 159/ШШ2026/0013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
1.2.Гуравдагч этгээд Б.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Үүнд:
“...шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “...тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгах" гэх хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын удаа дараагийн сонсох ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1543, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/113, мөн оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/296 дугаар албан бичгүүдээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад чиглэл хүргүүлснийг биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 газар эзэмших, эрх шилжүүлэх захирамжийн Б.Т*******д холбогдох хэсгийг... илт хууль бус болохыг тогтоолгох" гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад "...тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгах" шаардлага байхгүй бөгөөд шүүх уг шаардлагыг өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчиж байна.
Тус шийдвэрийн 1 дэх заалтын "...тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгах" гэсэн хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулаагүй, анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бус харин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах шаардлагатай байсан, мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, маргаан бүхий газарт үзлэг хийгээгүй, шаардлагатай бол шинжээч томилох ажиллагааг явуулаагүй гэх зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүгчийн 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо “…хэрэгт авагдсан нотлох баримтаар маргааны үйл баримтыг тогтоох боломжтой, шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй…” гэж дүгнэсэн атлаа шийдвэрт нэхэмжлэлийн “…надад эзэмшүүлсэн газар нь миний үл хөдлөх эд хөрөнгийн доорх бус хажуу тийш гүйлгэсэн 105 мкв газар болж таарсан, үүнийг Б.Т******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 15.47 м.кв газрыг, мөн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар олж мэдсэн…” гэх үндэслэлд огт дүгнэлт өгсөнгүй.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр С.П******* нь Шим худалдааны төвд 108 м.кв талбайн өмчлөгч, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр мөн 108 м.кв газрын эзэмшигч байх бөгөөд гуравдагч этгээд Б.Т******* нь чухам ямар үндэслэлээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй, түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд “…миний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрсэн…” гэсэн нь эзэмшүүлсэн газрын кадастрын цэг өмчлөлийн эд хөрөнгийнх нь байршлаас зөрүүтэй байгаагаас шалтгаалсан уу, эсхүл тус худалдааны төвийн гадна талбайг гуравдагч этгээдэд эзэмшүүлснээр өөрийн өмчлөлийн талбай руу гадна талаас инженерийн шугам сүлжээ татахад саад учирсантай холбоотой юу гэдэг нь нэхэмжлэлээс тодорхойгүй, цаашлаад зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн сэргээлгэх, өөрөөр хэлбэл одоогийн гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлага нь үүнтэй хэрхэн уялдаж байгаа нь тодорхой бус байгааг тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байна.
Жишээ нь зөвхөн “аймгийн Засаг даргын удаа дараагийн чиглэлийг биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болох”-ыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд тэрхүү эрх, хууль ёсны ашиг сэргээгдэх үр дагавартай байх ёстой.
Мөн нэхэмжлэлд “…тухайн асуудлаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгах…” шаардлага байхгүй байхад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар …шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэсэн гуравдагч этгээд Б.Т*******гийн давж заалдах гомдлын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.
2.Хариуцагчаас шүүхэд 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 01/140 дүгээр албан бичгээр гаргасан тайлбартаа “…мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр Газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар, аймгийн Засаг даргаас өгсөн 3 удаагийн чиглэлд сонсох ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэсэн боловч Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтыг буруу ойлгож үүрэг чиглэл өгсөн…” гэснээс, мөн нэхэмжлэгч болон нэр бүхий 4 иргэнд хүргүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/248 дугаар албан бичигт “…иргэн Д.Д**** болон С.П*******тэй холбогдох маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа ба тус худалдааны төвийн барилгын доорх талбайд шинжээч томилж, дахин хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулахаар захиргааны хэргийн шүүхээс уг хэргийг түдгэлзүүлсэн болно…” гэснээс тус тус үзэхэд мэргэжлийн байгууллагаас гаргуулах гэж буй дүгнэлт болон захиргааны ямар хэрэгт шинжээч томилсон болохыг тус тус тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
3.2026 оны 113 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын кадастрын мэдээлэл түүний өмчилж авсан 108 м.кв талбайгаас өөр байршилд байгаа эсэхийг бус харин “нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эзэмшил газрыг кадастрын мэдээллийн санд газар эзэмших эрх олгосон шийдвэрээс зөрүүтэй бүртгэсэн эсэх” талаарх баримтыг хариуцагчаас шаардсан нь маргааныг шийдвэрлэхэд нотолгооны ямар ч ач холбогдолгүй болно.
Учир нь Засаг даргын 2016 оны 421 дүгээр захирамжаар С.П*******д 108 м.кв газрыг л эзэмшүүлсэнээс бус байршлын координатыг заагаагүй, энэ нь газрын гэрчилгээ, газрын кадастрын зураг болон мэдээллийн сангийн бүртгэлээр тодорхойлогдох тул дээрх албан бичгийн дагуу хариуцагчаас гаргаж өгсөн баримтад Засаг даргын захирамж, нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургаас өөрөөр тайлбар, холбогдох нотлох баримт гаргах боломжгүй юм.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх агуулгаар нотлох баримт хүссэний дагуу ирүүлсэн баримтуудаар ч маргаж буй үндэслэлийг нотлох болон үгүйсгэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэл, хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар зэргээс үзэхэд “нийтийн эзэмшлийн” гэх талбайг гуравдагч этгээдэд эзэмшүүлснээс одоогийн маргаан үүссэн байж болохоор байх тул газар дээр нь шүүхийн үзлэг хийх, шаардлагатай бол шинжээч томилох зэрэг ажиллагааг явуулах нь зүйтэй.
4.Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу шийдвэрийн хэрэгсэхгүй болгосонд хамаарах 2021 оны “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/72 дугаар захирамжаар Д.Б****гийн эзэмшлийн 1716,2 м.кв газраас 1524,2 м.кв-ыг гуравдагч этгээд Б.Т*******д шилжүүлэн эзэмшүүлсэн байх боловч 2021 оны А/122 дугаар захирамжийн 4 дэх заалтаар маргаан бүхий А/72 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон, шийдвэрт “…захирамжид өөрчлөлт оруулж, энэхүү алдааг залруулсан, талууд энэ талаар маргаагүй…” гэх боловч тэрхүү залруулсан гэх захирамж хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчээс 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “… 2021 оны А/72 дугаар захирамжаар Б.Т*******д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ нийтийн эзэмшлийн болон өөрийн эзэмших ёстой байсан газрыг эзэмшүүлсэн, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн доорх 15.47 м.кв газрыг түүнд эзэмшүүлсэн…” гэж маргаж байхад шийдвэрт энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчээс тодруулаагүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн хүрээнд дүгнэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэсэн үндэслэлийг бий болгожээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, зарим нотлох баримтууд уншигдахгүй, гаргацгүй байгааг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН