Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 74

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч С.Батхуяг, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогч Э.Номинчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 351 тоотод оршин суудаг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ХК87102512/ Бүргэд овогт Сүнжидмаагийн Батхуягт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022282 дугаар 185/2017/0086/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Батхуяг тэнсэж хянан харгалзах хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамж 186 тоотод хамтран амьдарч байсан Э.Номинчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батхуягийн: 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хангайн 5-186 тоотод 20 цагийн үед Дариймаагийнд очсон. Би нэг шил архитай очсон. Тэрийг ууж байхад гаднаас Ганаа гэх залуу орж ирээд нэг шил архи хувааж уусан. Нийт 2 шил архийг дөрвүүлээ уусан. Би унтлаа гээд унтсан. Тэр үед цагдаа орж ирээд хүн зодсон гэж дуудлага өгсөн гээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Номинчимэгийг ор руу ганц хоёр удаа түлхэж унагаасан. Даариймаагийн ярьсан шиг өшиглөж цохисон зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Номинчимэгийн: Миний биеийн байдал хэвийн байгаа. Тухайн өдөр Батхуяг 0.5 литрийн архитай уутны тал самартай орж ирсэн. Батхуяг хромон гутал өмссөн байсан.Надад тусалдаг залуутай хардаад маргаан зодоон хийсэн. Намайг олон удаа зодож байсан. Би нялх хүүхдээ бодоод өргөдлөө буцааж авч байсан. Батхуяг бид хоёр дундаасаа хоёр хүүтэй. Иргэний шүүхээр ороод би бага хүүхдээ өөр дээрээ авахаар болсон. Би 13 настай 8 дугаар ангийн охинтой. Батхуяг охиныг минь алгадаад цагдаа дуудсан. Тэр үед цагдаагийн хамар цохиод 1 жилийн тэнсэн авсан байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Номинчимэгийн: ...Би 2016 оны 08 сарын 29-ний өдөр найз охин Даариймаагийн ...гэрт нь 3 хоногийн өмнө ирээд байж байтал надтай хамтран амьдрагч байсан Батхуяг нь самранд явахдаа Даариймаагаас зээлсэн мөнгөө өгөх гэж 12 цагийн үед орж ирж таарсан. Тэгээд Батхуягтай би юм ярьж сууж байгаад 14 цагийн үед Батхуяг самранд явсан найзуудтайгаа уулзана гэж гарч яваад нилээн орой орж ирсэн. Ирэхдээ нэг шил архи ирсэн тэрийг нь бид гурав хувааж уугаад би Батхуягтай юм яриад сууж байтал Батхуяг надтай буцаад амьдар гээд байхаар нь би чамтай ахиж амьдрахгүй гэтэл чи муу пизда тэгвэл өөр хүнтэй амьдардаг болсон байна гээд намайг зодсон. Тэр үед манай найз Даариймаа салгах гэтэл чамайг ч ална шүү гэтэл Даариймаа айгаад салгаж чадаагүй. Тэгээд орой болж Даариймаагийн найз гаднаас орж ирээд нэг шил архи аваад тэрийг Батхуяг уугаад согтоод унахаар нь би цагдаад барьж өгсөн юм. Эхлээд хэрүүл өдөж байгаад миний хоолойноос боож байгаад орон дээр унагаад гэдэс рүү цохиход би газар эвхэрч унасан. Тэгэхэд би жирэмсэн байсан. Чи миний гэдэс рүү өшиглөчихлөө гэтэл чи муу янхан өөр хүний хүүхэд тээсэн гээд ахиж зодох гээд байхаар нь би утсаа аваад эмнэлэг дуудах гэтэл чи муу цагдаа дуудах гэж байна тээ гээд миний гэдэс, нүд рүү өшиглөсөн. Тэгэхэд миний нүд шууд хөхөрч хавдсан Батхуяг тэр үед миний нүдийг хараад тайвширч зодохоо больсон. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Даариймаагийн: ...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-186 тоот хашааг түрээслэн амьдардаг байсан юм. Тэр өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байтал манай багын найз Номинчимэг өөрийн хамтран амьдрагч Батхуягтай орж ирсэн юм. Тэгээд Номинчимэг манай гэрт үлдээд Батхуяг самар зарна гэж хэлээд надад 60.000 төгрөг зээлээд авсан юм. ...2016 оны 08 сарын ...  ...29-нд Батхуяг манайд ирж гялгар тортой самар, 0,5 литр архи авч орж ирж уусан юм. Тэгээд Батхуяг хэсэг байж байгаад согтоод Номинчимэгийг шууд хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлж хардаж байснаа Номинчимэгийг шууд үснээс нь зулгааж хоолойноос нь боож орон дээр унагаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би болиоч чи яагаад байгаа юм бэ гэтэл чи муу дуугүй байгаарай чамайг ч гэсэн гэртэй чинь шатаагаад алчихна шүү гэхээр нь би айгаад хүүхдээ тэврээд гарч байгаад буцаж ортол Номинчимэгийг газар унагаад нүд амыг нь хөхрүүлсэн байсан. Тэгэхээр нь үлдсэн архийг нь өгөөд согтоож байгаад цагдаад барьж өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: ...Э.Номинчимэг нь 2016 оны 08 сарын 30-ны өдөр үзүүлж би дүгнэлт гаргасан. Надад үзүүлэхдээ Э.Номинчимэг нь 4-5 долоо хоногтой жирэмсэн боловч ураг амьгүй болсон байсан. Би 2016 оны 08 сарын 27-ны өдрийн 1 дүгээр эмнэлгийн эмчийн бичгийг үзлэгийн явцад харсан. Э.Номинчимэгийн ураг амьгүй болсон гэх асуудал нь 2016 оны 08 сарын 29-ний өдөр зодуулсан гэх асуудалд ямар ч хамааралгүй. Хэсэг газрын үзлэгт Номинчимэгийн хэвлийн тус газар ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй ба ураг амьгүй болсон нь тухайн цаг хугацаанд тэр даруйдаа илэрдэг учраас 08 сарын 29-ний өдөр зодуулснаас болж амьгүй болоогүй. Нүдний хөхрөлт харин 08 сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Одмандахын: ...2016 оны 08 сарын 27-ны өдөр Э.Номинчимэг гэх эмэгтэй нь ирэх үедээ хэвлийн доогуур хөндүүрлэнэ, доошоо бага зэрэг цус гарна гэсэн байна. 1931 цагт үзүүлсэн ба ирэх үедээ тэр эмэгтэйн ерөнхий амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан яаралтай хэвтэх шаардлагагүй байсан. Эхогоор үзэж өсөлтгүй жирэмсэн гэж оношилсон байна. 1 дэх өдөр амбулаторид харуулаад цусны бүлэг, цусны эргэлтийн шинжилгээ өгч 8 сарын 29-ний өдөр 12 цагт ирж хэвтэн цэвэрлүүлэх зөвлөгөө өгсөн ба хэрэв доошоо их хэмжээтэй цус гарах, хэвлийн доогуур өвдөх зовиур илэрвэл шөнө нойроо харгалзахгүй шууд түргэнээр ирж үзүүлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №12070 тоот:

  1. Номинчимэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.   
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-16/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: гэрч Д.Сүнжидмаагийн мэдүүлэг /хх-24/, гэрч Д.Болормаагийн мэдүүлэг /хх-51-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 302 тоот шийтгэх тогтоол /хх-27-29/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-64-65/, С.Батхуягийн ажил байдлын тодорхойлолт /хх-66/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00452 тоот шийдвэр зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч С.Батхуяг 2016 оны 8 сарын 29-ний өдөр хамтран амьдарч байсан Э.Номинчимэгтэй архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Номинчимэгийн мэдүүлсэн мэдүүлэг талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн гэрч Ц.Даариймаагийн …Батхуяг хэсэг байж байгаад согтоод Номинчимэгийг шууд хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлж хардаж байснаа Номинчимэгийг шууд үснээс нь зулгааж хоолойноос нь боож орон дээр унагаад өшиглөөд байсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 сарын 30-ны өдрийн 12070 тоот дүгнэлтээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч С.Батхуягийг хамтран амьдрагч байсан Э.Номинчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч С.Батхуягт холбогдох эрүүгийн 201625022282 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Батхуягийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар шүүгдэгч С.Батхуяг тэнсэж хянан харгалзсан хугацаанд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00452 дугаартай шийдвэрээр шүүгдэгч С.Батхуяг хохирогч Э.Номинчимэг нарын дундаас 2014 оны 7 сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэнг эх Э.Номинчимэгийн асрамжид, 2012 оны 4 сарын 1-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүжинг эцэг С.Батхуягийн асрамжид тус тус үлдээхээр шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар хүү Батхуягийн Тэмүүжинг түүний эмэг эх буюу шүүгдэгч С.Батхуягийн эх Д.Сүнжидмаад харгалзан дэмжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Батхуяг бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Сүнжидмаагийн Батхуягийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Сүнжидмаагийн Батхуягт холбогдох эрүүгийн 201625022282 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар С.Батхуягийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар С.Батхуягт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 302 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Батхуягт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Батхуяг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Батхуягт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн

тоолсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар 2012 оны 4 сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Тэмүүжинг эмэг эх Д.Сүнжидмаад харгалзан дэмжүүлэхээр шилжүүлэн өгсүгэй.
  2. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Батхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ү.ТҮМЭНЖАРГАЛ