Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01479

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00658 дугаар шийдвэртэй, Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох

Атвомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн хүү Ц.Б 2016 оны 10,11,12 дугаар саруудад “Мүгэн констракшн” ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компанийн захирал Л.Б миний эзэмшлийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьж, 2016 оны 10 дугаар сард “Мүгэн констракшн” ХХК-ийн захирал Л.Б-тэй харилцан тохиролцож аман хэлцэл байгуулан 1995 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн 97-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн биеэр Автотээврийн үндэсний төвд очиж шилжүүлж өгсөн. Харилцан тохиролцож автомашиныг 32 000 000 төгрөгөөр үнэлж үнийн дүнд 233 м.куб газобетон блок шилжүүлэхээр болсон. Гэвч хариуцагч Л.Б тохиролцооны дагуу 233 м.куб газобетон блокыг шилжүүлж өгөөгүй. Автомашинд тохирсон үнэ буюу блок шилжүүлээгүй учир 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Л.Б-тэй уулзахад “Газобетон блокыг танай хүү голсон учир блок өгөхгүй, харин 97-24 УНЯ улсын дугаартай автомашинаа буцааж ав” гэсэн боловч автомашин өгөөгүй. Автотээврийн үндэсний төвөөс 97-24 УНЯ улсын дугаартай автомашин эзэмшигчийн лавлагаа авахад хариуцагч Л.Б-гээс Л.М, цаашаа М.О-гийн нэр дээр шилжсэн тул автомашины үнэ 32 000 000 төгрөг гаргуулах боломжгүй болсон. Иймд автомашины үнийг 233 м.куб газобетон блокын зах зээлийн ханшаар тооцож 31 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.Ц-тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин түүний хүү Ц.Б нь “Мүгэн констракшн” ХХК-тай 2016 оны 10 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 233 м.куб газобетон блокыг Ц.Б-ийн өмчлөлд шилжүүлж, “Мүгэн констракшн” ХХК-д 31 455 000 төгрөг төлөх төлбөртөө тооцон 97-24 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу автомашиныг эзэмшилдээ авч, “Мүгэн констракшн” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох 233 м.куб газобетон блокыг хүлээлгэн өгсөн болно. Ц.Б-ийн ах нэг удаа Пронтер машинаар блок ачиж явсан, машинд 70 подон ордог. Блокоо ав гэдгийг Ц.Б-д хэлж байсан.

     Нэхэмжлэгч Ц.Ц нь 97-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг өөрийн биеэр шилжүүлэн өгсөн ба дээрх автомашиныг хүү Ц.Б-ийн бусадтай байгуулсан гэрээний төлбөрт хүлээн зөвшөөрч, шилжүүлсэн атлаа надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Ц.Ц нь Л.Б надтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байх тул миний бие түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийн жинхэнэ хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй. Мөн автомашиныг түүний хүү Ц.Б “Мүгэн констракшн” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн байхад автомашины үнийг 32 000 000 төгрөг гэж хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар Л.Б-гээс 31,455,000 төгрөг гаргуулж Ц.Ц-д олгож,

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Б-гээс 315 225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, шийдвэрлэжээ.  

     Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү Ц.Б-ээс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээний саналд үндэслэн түүнд гэрээнд заасны дагуу газобетон блокыг 2016 оны 10 дугаар сарын 08-нд хүлээлгэн өгч гэрээнд заасны дагуу төлбөрт тооцон түүний аав Ц.Ц-гийн эзэмшлийн автомашиныг эзэмшилдээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан хариу тайлбар болон бичгэн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад Ц.Б гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, гэрээ байгуулагдаагүй учир талуудад ямар нэг үүрэг үүсэхгүй гэсэн нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний санал солилцсон талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв дүгнээгүй. Ц.Б “Мүгэн констракшн” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1.5, 1.6, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаас харахад гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн дараалал болох газобетон блокийг хүлээлгэж өгөөгүй бол автомашины эзэмшлийг шилжүүлэх үйлдэл хийгдэхгүй байх логик дараалал харагдаж байна.

     Түүнчлэн газо блокыг хүлээлгэж өгсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхад хариуцагчийг Ц.Б-д эд хөрөнгийг шилжүүлсэн, хүлээлгэн өгснийг нотлоогүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх нотлох баримтаас үзэхэд Ц.Б, “Мүгэн констракшн” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх бөгөөд Ц.Ц. Л.Б нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

      Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тайлбарласнаас үзэхэд Ц.Б болон “Мүгэн констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Ц.Ц-гийн эзэмшлийн автомашиныг төлбөрт тооцон шилжүүлсэн нь дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг тусгасан өөр төрлийн гэрээ буюу ийнхүү хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд түүнийг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, тооцоогүй. Нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашины төлбөрийн хэрэгсэл болгон худалдагчийн өмчлөлд шилжүүлэх саналыг Ц.Б гаргасан ба төлбөрт тооцож байгаа талаар Ц.Ц мэдэж байсан нь Ц.Б-ээс “Мүгэн констракшн” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн и-мэйл, мессэж, гэрч Ш.Э, Б.М нарын мэдүүлгээр нотлогдож байна.

   Түүнчлэн нэхэмжлэгч нь автомашины үнэд 32 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байхад Ц.Б болон “Мүгэн констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үнэ болох  31 455 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Л.Б-д холбогдуулан атвомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр 233 м.куб газобетон блокыг зах зээлийн ханш 135 000 төгрөгөөр тооцож 31 455 000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-гийн эзэмшлийн 97-24 УНЯ улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Л.Б-гийн эзэмшилд шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Харин хариуцагч уг автомашиныг 233 м.куб газобетон блок өгөхөөр тохиролцож, шилжүүлэн авсан гэж маргасан байна.

Талуудын хооронд автомашины үнийг газобетон блокоор буцааж төлнө гэсэн тохиролцоо байгаа тохиолдолд арилжааны гэрээ үүссэн байх боломжтой бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үүрэг үүснэ.

Арилжааны гэрээтэй холбоотой зохицуулалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан бөгөөд арилжааны гэрээнд заасны дагуу хариуцагчаас 233 м.куб газобетон блокийг бүрэн нийлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашиныг буцааж авахыг шаардаж байсан нөхцөл байдлын талаар талууд тайлбарлажээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзвал мөн хуулийн 205 дугаар зүйлд зааснаар талууд авсан зүйлээ буцааж өгөх, эд хөрөнгийг буцаах боломжгүй нөхцөлд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар үнийг нь төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан автомашиныг цааш нь захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул автомашиныг бодитойгоор буцаан шилжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. Энэ тохиолдолд автомашины үнийг тодорхойлох шаардлагатай.

Хэргийн оролцогч 1 м.куб газобетон блок*135 000 төгрөг гэж тайлбарласнаар авомашины үнийг 31 455 000 төгрөгөөр тодорхойлох боломжгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 97-24 УНЯ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал тодорхой бус болжээ. /хх-155, 185/

Маргаан бүхий автомашины үнэлгээ тодорхой болсноор буцаан шилжүүлж болохгүй байгаа автомашины үнэ тодорхой болно.

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчааас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА