Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

2020           05             27                                           2020/ДШМ/36

 

 

Б.Ү-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ү-ад холбогдох 1902006900259 дугаартай 2 хавтас, 330 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 10-46 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Энгүн овогт Батдэлгэрийн Ү-, ___________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч нь Б.Ү- нь С.Нямдоржтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 46905 грамм жинтэй “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолоор:

  Шүүгдэгч Энгүн овогт Батдэлгэрийн Ү-ыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Ү-ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн явцыг дуу дүрсний аргаар бэхжүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, дотроо шар өнгий гялгар уутаар ороосон 3.1290 грамм жинтэй, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн гялгар уутаар ороосон 1.0359 грамм, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.5256 грамм, №4 гэж дугаарласан улаан өнгийн асаагуур, №5 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цэнхэр өнгийн асаагуур, мөн шинжилгээнд зориулж хэргийн газрын нөхөн үзлэг хийж дээж болгон хураан авсан №1 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 2.0262 грамм, №2 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 3.1233 грамм, №3 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 3.1565 грамм, №4 гэж дугаартай урт ногоон өнгийн 3.7010 грамм каннабис өвс зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Б.Ү-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Ү- нь хэрэг хам болох С.Нямдоржийн дарамт шахалтаар явж дээрх сэтгэцэд нөлөөт бодисын ургамлыг түүсэн байдаг. Төрсөн эх нь өндөр настай, асаргаанд байдаг. Ганц Б.Ү- ажил хийж амь залгуулдаг. Чин сэтгэлээсээ гэмшиж буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг нь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан тэнсэж харгалзаж өгнө үү. ” гэжээ.

Шүүгдэгч Б.Ү- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Батдэлгэр овогтой Ү- миний бие 2019.08.22-ны өдөр гэртээ байж байтал С.Нямдорж ирж лөгер явах санал тавьсан. Тухай үед дургүй байсан боловч айсандаа цуг явсан. Бид Төв аймгийн Батсүмбэр суманд очиж голын эрэг дээр 1 хоносон. /1 шил архи уусан/ 2019.08.23-нд С.Нямдорж хажууд ургасан өвснөөс түүж, мөн намайг түүж өгөхийг хүссэн. Би хэлсэнээр нь хийсэн. Тэгээд хоол хийж идэнгээ явахыг завдаж байтал цагдаа нар ирж баривчилсан. Миний бие ээжтэйгээ хамт амьдардаг. Би ээжийгээ асарч гэр бүлээ тэжээдэг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж ЭХЕА-ийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэн харгалзаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан саналдаа: Б.Ү- нь С.Нямдоржийн дарамт шахалтанд орж гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Дарамталсан гэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ү- нь С.Нямдоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 46905 грамм жинтэй “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-08, 09-10/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11, 12-14/, С.Нямдоржоос хураагдсан гялгар ууттай шавар мэт зүйл /хх-23/, С.Нямдорж, Б.Ү- нарын биеэс биологийн дээж авч, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-26, 30-32/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27, 28-29/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-53/, эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-54/, гэрч Ц.Ариунчимэг, Б.Ганзориг, Д.Шинэхүү, Л.Эрхэмбаяр нарын мэдүүлэг /хх-56-57, 58-59, 61-62, 63-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4797, 4795, 4722, 4723, 4721 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-66-68, 72-73, 76-77, 80-83, 86-87/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1070, 1071 дугаар дүгнэлтүүд /хх-90-92, 95-96/, шүүгдэгч Б.Ү-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх Б.Ү-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

            Шүүгдэгчийн бэлтгэсэн 46905 грамм жинтэй шавар мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн, энэ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4723 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь Төв аймгийн Батсүмбэр сумаас тухайн өвсийг түүж,  шавар мэт зүйл гаргаж авсан нь “хууль бусаар бэлтгэсэн” хэлбэр мөн бөгөөд  шүүгдэгч Б.Ү- нь дээрх үйлдлийг хийхдээ С.Нямдоржтой санаа зорилгын хувьд нэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдсон  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай ба шүүх шүүгдэгч Б.Ү-ад Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Ү-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга  бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Ү-ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                     Г.БОЛОРМАА