Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/387

 

 

 

 

 

 

   2023         11          09                                    2023/ШЦТ/387

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000497 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажилд туслах ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Э- /РД: хх000000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод хохирогч Б.Г-ыг “хашаанд хог хаялаа” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, газар унагаж, дээрээс нь дарж суун нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Б.Э- мэдүүлсэн: ...Хашаанд хог хаялаа гээд маргалдсан миний хоолойг боогоод байхаар нь би аргагүй  эрхэнд нэг цохьсон. Тэгээд хавсарч  унагаагаад дээр нь дарж суугаад цагдаа иртэл ингээд байж бай гээд дээр нь дараад сууж байсан...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн үед хадам талын холын хамаатан буюу хуурай дүү У-ын гэрт найз У-ын хамт очсон. У-ынх яг манай гэрийн баруун талын хөрш айл. У-ынд би орохдоо 2,5 литрийн 2 ширхэг пиво авч орсон бөгөөд тэднийд ороход У- нь өөрөөсөө гадна 4 найзтайгаа гар утсаараа тоглож байсан. Би У-тай пиво хувааж ууж дуусчихаад түүнийг барагцаагаар шөнийн 00 цаг өнгөрч байхад төв зам руу гаргаж өгсөн. Ингэхдээ бид 2 гадаа нилээн удаан юм ярьж зогссон. Тэгээд би гэр лүүгээ орох гээд явж байтал У-ын гэрт чимээ гараад байсан. Тэгэхээр нь би тэднийх рүү яваад ортол зүс үл таних залуу нь У-тай барьцалдаад зогсож байсан, мөн танихгүй 2 эмэгтэй ирчихсэн байсан. Би тэр танихгүй залууд хандан хөөе юу болоод байгаа юм бэ гэтэл У- юу ч болоогүй ээ, ах аа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би У- болон түүний нэг найзыг хүнтэй маргалдлаа гээд нэг удаа цохисон. Тэгээд би “за онц юм болоогүй юм бол дүү нарыгаа явцгаа” гэж хэлсэн. Ингээд У- нь 4 найзтайгаа хамт гэрээс гарч явсан. Тэгээд би юу болсон юм бэ гэтэл тэр залуугийн эхнэр нь чи жаахан хүүхдүүдтэй уулаа гээд намайг учир зүггүй 2-3 удаа алгадсан. Тэгээд би гэрээс гарч яваад ойрхон байдаг дэлгүүр орж тамхи авсан. Ингээд буцаад гэр лүүгээ явж гэрийнхээ гадаа ирээд утсаар ярих гээд байж байтал хойноос нөгөө танихгүй залуу ирээд татсан. Тэгснээ толгойлогчийг нь оллоо гээд цамцнаас тавихгүй байсан. Би түүнд хандан “чи юу яриад байгаа юм бэ, тавьчих” гэтэл тэрээр намайг чирсээр байгаад өөрийнхөө хашаа руугаа авч орсон. Тэгтэл эхнэр нь араас миний цамцнаас татахад хоолой минь боогдсон бөгөөд нөхөр нь тэгтэл намайг хавирч газар унагаагаад дээрээс заамдаад дараад байсан. Тэгэхээр нь би тавьчих гэтэл тэд нар цагдаа дуудна гээд байсан. Тэгэхээр нь би дууд дууд гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд хандан “чи ямар арчаагүй юм бэ” гэтэл тэр залуу дээр дарсан чигээрээ байж байснаа нэг гартаа юм олж бариад миний нүүр лүү 3 удаа цохисон. Би яг юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Тухайн үед надаас цус гарч байсан бөгөөд цагдаа иртэл тэр залуу намайг дарсан чигээр байсан. Ингээд цагдаа дээр тэр залуу бид 2 ирсэн. Тухайн үед би халамцуу, тэр залуу согтуу байсан юм. Тэр залуугийн эхнэр болон дүүг нь архи уусан эсэхийг мэдээгүй. Би тэр залууг цохиж зодоогүй бөгөөд анх У-ын гэр дотор түүнийг харахад биед нь ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. Тэр залуугийн гэр нь У-ын зүүн талын хөрш айл нь байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/, 

 

-Насанд хүрээгүй гэрч О.У- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ төрсөн дүү У, найз А, Н, Н, Б нарын хамт гар утсаараа тоглоод байж байтал хамаатны хүргэн ах Г- нь нэг найзынхаа хамт барагцаагаар 21 цагийн үед орж ирсэн. Г- ах 2 ширхэг том пивотой орж ирсэн бөгөөд танайд ах нь найзтайгаа хамт уучих уу гэж хэлсэн... Г- ах пивоо ууж дуусчихаад найзыгаа гаргаж өгнө гээд манайхаас гарсан. Тэгээд би уусан пивоных нь савыг авч гараад өөрийн хашаа болон байшингийнхаа дунд хаясан. Тэгтэл манай баруун талын хөрш айлын ах харчихаад “яагаад хогоо хаяад байгаа юм бэ” гэхээр нь би “ах аа орж унтаа өглөө шийдье” гэж хэлсэн. Тухайн үед тэр ах согтуу байсан. Тэгээд тэр хаашаа давах гэж оролдсон уу, ямар ч байсан хашаа унаад тэр ах манай хашаа руу орж ирсэн. Тэр ах тэгээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би түүнийг түлхээд “та яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Энэ үед манай найзууд гэрээс гарч ирсэн. Мөн ах Г- маань ирсэн бөгөөд намайг хүнтэй яагаад маргалдаад байгаа юм бэ гээд гэдэс рүү нэг удаа цохисон. Г- ах тэгээд бид нарыг явцгаа гэхээр нь бид нар бүгдээрээ манай хашаанаас гарч явсан. Тэнд хажуу айлын ах болон Г- ах 2 л үлдсэн. Тэгээд тэр шөнөдөө би, дүүтэйгээ гэртээ хоноогүй. Тухайн үед Г- ах 2 пиво уучихсан байсан, нөгөө хөрш айлын ах согтуу байсан. Би болон манай найзууд эрүүл байсан. Бид нарыг явах үед Г- ах болон хөрш айлын ах нар хоорондоо маргалдаагүй, ямар нэг зодоон цохион болоогүй байсан. Мөн тухайн үед хөрш ахын эхнэр нь болон бас нэг эгч гараад ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

         - Насанд хүрээгүй гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд бид нар үргэлжлүүлэн гар утсаараа тоглосон бөгөөд байж байтал Ганаа ах, найзтайгаа хамт гэрээс гарч явсан. Тэгээд байж байгаад У-, У нар нь гэрээс гарч явсан бөгөөд удалгүй гадаа хүнтэй маргалдах шиг болсон. О, Н нар гарч У-, У нарыг гэрт оруулж ирсэн. Орж ирээд удалгүй О, Н нар нь мотоцикльтой сагсны талбай орлоо гээд явсан. Тэгээд байж байтал гадаа хүн орилох чимээ гарахаар нь би гэрээс гарч хартал У-ын хашааны гадаа Г ах нэг ахын доор нь орчихсон газар хэвтээд зодуулж байсан. Тэр зодож буй ах нь У-ын хажуу талын айлын ах байсан тухайн үед Г ахын хамарны орчмоос цус гарч байсан, нүд нь хөхөрчихсөн байсан. Мөн зодож буй ахын хажууд 2 эгч байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж Г ах болон түүнийг зодсон ахыг мөн намайг авч цагдаа дээр авчирсан. Цагдаа дээр ирсний дараа Ганаа ахыг зодсон ах нь тамхи татчихаад ирье гэж гарч яваад алга болчихсон. Тухайн үед Ганаа ахыг согтуурал хэмжигч багажаар шалгасан харин нөгөө ахыг шалгах гэтэл явчихсан байсан. Тэр ах жаахан согтуу, архи, пиво үнэртэж байсан. Тухайн үед Ганаа ахын хамар нь хавдаад цус гараад тогтохгүй байсан, нүд нь хөхөрсөн байсан. Нөгөө ахын биед гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

            -Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Э- нь гэрээсээ тамхи татах гээд гарсан. Тэгтэл удалгүй гадаа шуугиан болоод байхаар нь би гадаа гартал манай хашаан дотор нөхрийг маань тойроод 7-8 банди зогсож байсан. Нэг нь буюу сүүлд нэрийг нь мэдсэнээр Г- гэгч нь нөхрийг маань заамдчихсан, хэрэлдчихсэн зогсож байсан. Би очоод “юу болоод байгаа юм бэ” гэтэл тэдгээр хүмүүс согтуу байсан бөгөөд нөхөр маань хэлэхдээ эд нар хашаа давуулж пивоны сав шидлээ гэж хэлсэн. Тэгээд тэд нар салж өгөхгүй, нөхрийг маань нийлж зодох гээд байсан. Тэгэхээр нь би охин Сэлэнгэбатыг цагдаа дуудчих гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэх гэрлийн тусгалаар тэд нар зугтаачихсан. Тэгтэл нэг жаахан банди нойлоос гарч ирээд баригдсан бөгөөд тэгээд нөхөр маань тэр бандийн хамт цагдаагийн машинд суугаад явсан. Би тэр бандиас чи хаанахынх юм бэ гэтэл би Хутаг-Өндөрийнх гэж байсан. Тэгээд цагдаагийн машин явсны дараа удалгүй манай гэрийн гадаа нөгөө банди нар чинь мотоцикльтой ирэхээр нь би цагдаа руу залгаж хэлсэн. Тэр банди нар гэр лүү юм шидээд, гартаа өрөөсөн гутал, нарийнхан төмөр бариад шидсэн. Тэгээд байж байтал нөхөр маань ирсэн бөгөөд Г- гэгчийг барьж авсан. Г- нь манай нөхрийг заамдаж авахаар нь нөхөр маань түүнийг дэгээдэж унагаад дээр нь дарж суусан. Дахин цагдаа дуудаж нөхөрийг Г- болон нөгөө Хутаг-Өндөрийнх гэх жижигхэн бандийн хамт авч явсан. Тухайн үед нөхөр маань эрүүл байсан, Сэлэнгэбат бид 2 эрүүл байсан, харин тэдгээр хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Тухайн үед манай нөхөр Э-ыг Г- гэх залуу нүүр лүү нэг удаа мөргөсөн, тэгээд нөхрийг маань заамдаж хоолойг нь боосон. Мөн намайг анх гэрээс гарч ирэхээс өмнө Г- нь нөхрийг маань мөргөсөн гэж байсан. Тухайн үед Г-ыг хэн нэгэн нь цохиж зодоогүй. Нөхөр маань зүгээр л дэгээдэж унагаагаад дээр нь дарж суусан, цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,

 

            -Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө өдөр ахлагч Батхуягийн хамт 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл шөнийн 02 цаг өнгөрч байхад Яргуйт багт иргэнээс “хажуу айлд зодоон болоод байна” гэсэн утгатай дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу очсон. Тэгэхэд мотоцикльтой хүмүүс зугтаагаад байсан бөгөөд бид нар тэгээд дуудлага өгсөн залуу буюу мөн нөгөө талын хүмүүсээс нь нэг хүүг барьж аваад тэгээд буцаад явсан. Тэгтэл ахин дуудлага ирээд “нөгөө хүмүүс чинь буцаж ирээд чулуу шидээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахиад яваад очтол нэг мотоцикльтой хүмүүс хэл амаар доромжлоод зугтаагаад байсан. Тэгээд дуудлага өгсөн залууг гэрт нь үлдээгээд бид нар дараагийн дуудлагадаа явсан. Тэгтэл удалгүй ахиад тус газраас дуудлага ирэхээр нь яваад очтол зодуулсан гэх залуу нь нэг залууг бариад авчихсан, дээр нь дарчихсан сууж байсан. Ингээд зодуулсан гэх залуу, зодсон гэх залуу, мөн зодсон гэх залуутай хамт байсан хүү нарыг цагдаа дээр авчирч өгсөн. Тухайн үед зодуулсан, зодсон гэх 2 залуу нь хоёулаа согтуу байсан зодсон гэх буюу сүүлд баригдсан залуугийн хамраас цус гарчихсан байсан. Тухайн үед би юу болсон талаар асуухад зодуулсан гэх залуу хэлэхдээ “өөдөөс зодолдоод байхаар нь би зөрүүлээд зодолдоод дарж авсан юм аа” гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

          - Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 821 дугаартай:

1. Б.Г-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25х/,

 

-Шүүгдэгч Б.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг, 0-0 тоотод хохирогч Б.Г-ыг “хашаанд хог хаялаа” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, газар унагаж, дээрээс нь дарж суун нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Б.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг сар арван хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийг хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ