| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0379/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/388 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/388
2023 11 09 2023/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000527 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ххх” төвд ресепшин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод оршин суудаг, ял шийтэлгүй, Ч овогт Н-н Н- /рд: хх000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод хохирогч А.Б-ын гэрт гар утсаа хайж улмаар маргалдан нүүр, толгой тус газар нь маажиж эрүүл мэндэд “нүүрэнд олон тооны, баруун чихний ар, цээж, баруун тохой, шуу, ташаанд зулгаралт, баруун нудний зовхи, эрүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, тохойд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Н.Н- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсаж байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч А.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед нөхөр М-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Зэст багт үйл ажиллагаа явуулдаг "Дээдэс" төвийн караокед нөхөр М-, найз А-, Н-, У- нарын хамт орсон. Үүнээс хойш 23 цагийн орчим гаднаас найз О-, Н- хоёр орж ирсэн. Шөнө 00 цагийн үед караоке хаах үед нөхөр бид хоёр гэр рүүгээ А-, Н-, У-, О-, Н- нарыг дагуулж очсон. Манай гэрт очоод хоол цай идээд архи ууж байгаад цагийг нь санахгүй байна нилээн муудаад би том өрөөнийхөө буйдан дээр унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа унтаж байгаад сэртэл гэрт Н-, А-, У- гурав байсан. Намайг боссоны дараа Н-, А- хоёр гэртээ харилаа гээд яваад өгсөн. Би У-тэй юм ярьж сууж байгаад буцаад буйдан дээрээ унтаад өгсөн. Дараа нь дахиад сэртэл гэрт нөхөр М-, найз О-, Н- гурав ороод ирчихсэн байсан. Энэ үед Н- буйдан дээр суучихаад миний гар утас алга болсон байна, танайд л алга болчихлоо гэхээр нь би яахаараа чиний утас алга болчихдог юм бэ, тэгээд би чиний утсыг авчихсан юм уу гээд Н-ын үснээс хоёр гараараа зулгаасан тэгтэл Н- миний үснээс хоёр гараараа зөрүүлж зулгаасан. Бид хоёрыг үсдэлцэж байхад О-, М- хоёр салгаад М- О-, Н- хоёрыг дагуулаад гэрээс гарч явсан. Үүний дараа би У-ийг бага насны хүүхэдтэй нь жижиг өрөөнд унтуулаад өөрөө буйдан дээрээ унтсан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед сэртэл У- жижиг өрөөнд охинтойгоо унтаж байсан. Удалгүй гаднаас миний нөхөр М-, найз О-, Н- нарын хамт орж ирсэн. Тухайн үед би орондоо хөнжил нөмөрчихсөн хувцасгүй нүцгэн унтаж байтал Н- над руу хүрч ирээд Хандаа чи босоод ир, өчигдрийнхөө зүйлийг санаж байна уу, би чамд өчигдөр гар хүрээгүй шүү гээд хөнжил булааж авсан. Газраас өмдөө авч өмсөөд Н-т хандаж би чамд гар хүрээгүй шүү гэтэл Н- миний үснээс хоёр гараараа зулгаасан тэгэхээр нь би зөрүүлж Н-ын үснээс зулгаасан. Н- надтай үсдэлцэж байхдаа миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа хумсаараа маажсан. Үсдэлцээд байж байтал М-, О- хоёр салгасан Н- надаас холдоод над руу ундаа уудаг шаазан аяга шидсэн. Шидсэн аяга нь миний эрүү хэсгийг оносон. Үүний дараа би зөрүүлж Н- руу аяга аваад шидтэл Н-ыг онолгүй хөргөгч оноод хагалчихсан. Хэсэг хугацаанд Н- надтай хэрэлдэж байгаад О-ын хамт яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,
-Гэрч Ш.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр болж би эхнэр Б- болон хэсэг найзуудын хамт "Дээдэс" төвийн караокед тэмдэглэсэн. Шөнө 00 цагийн орчим караоке хаахаар нь хамт явсан хүмүүсээ дагуулаад гэртээ очсон. Би шөнө 01 цагийн үед найз О- түүний эхнэр Н- нарыг таксинд суулгаж өгөхөөр хамт гэрээсээ гарсан. Төв зам дээр такси барих гээд зогсож байтал Н- надад хандаж машины түлхүүр, гар утас байхгүй байна танай гэрт мартчихсан юм шиг байна гэхээр нь бид гурав буцаж манайх руу алхсан. Гэрт орох гээд алхаж байхдаа орцны ойролцоо явган хүний замын хажуугаас Н-ын машины түлхүүрийг олсон. Ингээд гар утсыг нь авахаар гэр рүү ороод хайтал олдоогүй тухайн үед манай эхнэр Б- Н- руу чиний утсыг аваагүй гэсэн утгатай зүйл хэлтэл тэр хоёрын дунд маргаан үүссэн. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь бие засах өрөө рүү орчихоод гарч иртэл том өрөөнд харилцан үсдэлцэж байсан. Тухайн үед О- бид хоёр тэр хоёрыг боль гэж хэлээд салгасан. Үүний дараа О-, Н- бид гурав дахин манай гэрээс гарч яваад Дээдэс төвийн буудалд хоносон. Өглөө нь сэртэл Н-, О- хоёр машины түлхүүр дахиад алга болчихсон байна гэхээр нь түрүүлж буудлаас гараад гэртээ харьж тэр хоёрын машины түлхүүрийг хайсан. Энэ үед том өрөөнд эхнэр, жижиг өрөөнд найзын эхнэр У- унтаж байсан. Гэр дотроо машины түлхүүр хайгаад олдохгүй байхаар нь О- руу залгаж чиний машины түлхүүр манай гэрт байхгүй байна гэж хэлтэл ан за за энд байна олчихлоо гэж хариулсан. Намайг Дээдэс төвийн гадна үлдээсэн машинаа авчрахаар гэрээсээ гартал үүдэнд Н-, О- хоёр ирчихсэн танайд ороод гар утас, малгай, пальтоны бүсээ хайх хэрэгтэй байна гэж хэлээд надтай цуг буцаж манай гэрт орсон. Гэрт ороод Н- том өрөөний буйдан дээр унтаж байсан эхнэрийн хөнжлийг татаж чи босоод ир гэж уурласан. Үүний дараа эхнэр босож ирээд өмдөө өмсөөд чи гэрт хэрүүл уруул хийлээ гэсэн утгатай зүйл ярьж Н- хоёрын дунд дахин маргаан үүссэн. Маргалдаад удаагүй байж байтал Б-, Н- хоёр дахин үсдэлцээд эхэлсэн. О- бид хоёр өөрсдийн эхнэрийг татаж хоёр тийш нь салгатал Б- Н- руу шаазан аяга авч шидтэл шидсэн аяга нь хана руу цохигдоод хагарсан. Гэтэл Н- газраас Б-ын хавар намрын өсгийтэй гутлыг аваад шидтэл Б-ын нүүр рүү оносон. Яг хаана нь гутал шидэж оносон гэдгийг мэдэхгүй байна. Тэр хоёр гэрт байхдаа нэг нэгнийхээ хэл амаар доромжлоод болихгүй байсан учраас О-, Н-ыг дагуулаад явсан. Маргаан манай эхнэр Б- найз Н- нарын дунд болсон. Тэр хоёр харилцан нэгнийхээ үснээс зулгааж, нүүрийг маажсан. Манай гэр рүү дээрх эд зүйлсийг хайхаар орсон боловч удалгүй Н-, Б- хоёрын дунд маргаан үүссэн. Гэрт ороод малгай, гар утас, пальтоны бүс зэргээ олсон эсэхийг сайн анзаараагүй. Би өглөө гэртээ очоод Н-ын гар утсыг гэр дотроосоо хайгаад олоогүй. Өмнөх шөнө нь таксинд суух гэж манай гэрээс гарч явахдаа хаячихсан байж магадгүй яагаад гэвэл машины түлхүүрийг нь орцны үүдний ойролцоогоос олсон. Мөн Н-ын гар утасны маркийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Гэрч Э.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би эхнэрийн хамт 2023 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед М-ийн төрсөн өдөр дээр очсон. М-ийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан Дээдэс төвийн караокенаас шөнө 00 цагийн үед гарч гэрт нь тэнд байсан хэсэг хүмүүсийн хамт очсон. М-ийн гэрт архи ууж байгаад 02-03 цагийн үед санагдаж байна гэртээ харихаар болж эхнэр Н-ын хамт гарах үед М- би хамт гараад унаанд суулгаад өгье гээд цуг гарч ирсэн. Бид гурав такси барих гэж алхаж явсаар Нийгмийн даатгалын төвийн хажууханд очсон. Энэ үед Н- машины түлхүүр, гар утас хоёр байхгүй байна гэж хэлэхээр нь М- бид гурав буцаж гэр рүү нь алхсан. Орцных нь үүдний ойролцоогоос бид гурав машины түлхүүрээ олсон. М-ийн гэрт ороод утсаа хайж байтал Б- буйдан дээр унтаж байснаа босож ирээд манай эхнэр рүү би чиний утсыг аваагүй, би хулгайч биш, манайх хулгайч биш гэж уурлаж дайраад үснээс нь зулгаасан. Дараа нь Н- Б-ыг зөрүүлж үсдээд тэр хоёр салахгүй байхаар нь М- бид хоёр салгасан. Дараа нь М- бид гурав гэрээс нь гарч Дээдэс буудал руу очиж хамт хоносон. Өглөө нь 08 цаг өнгөрч байх үед М- гэртээ харихаар явсан ба эхнэр бид хоёр араас нь очиж утсаа хайхаар гарсан М-ийн гэрийн гадна очиход дотроос М- хогоо барьчихсан гарч ирэхээр нь эхнэр бид хоёр танайд ороод эхнэрийн утас, малгай, пальтоны бүсийг хайх хэрэгтэй байна гэж хэлээд хамт орсон. Гэрт ороод Н- буйдан дээр унтаж байсан Б- руу очоод хөнжпийг нь сөхөж босоод ир гэж хэлсэн. Тэгтэл Б- босож ирээд манай эхнэр рүү хуцаад бай, манай гэрээс зайл гэж хашхираад дахиж хоорондоо үсдэлцсэн. Дараа нь М- бид хоёр тэр хоёрыг салгасан. Мөн маргалдаж байхад Б- ширээн дээрээс шаазан аяга аваад манай эхнэрийн толгой руу шидэж оносон. Дараа нь зөрүүлж Н- шаазан аяга шидсэн боловч оноогүй аяга нь орон дээр унасан. Машины түлхүүрээ шөнө нь орцны үүднээс олсон. Харин гар утсаа эхнэр согтуу алхаж байхдаа энд тэнд хаячихсан юм шиг байна. Энэ хоёр нэг нэгэн рүүгээ аяга авч шидсэн. Бас манай эхнэр Б- руу гутал авч шидсэн боловч оноогүй. Б-. Н- хоёр харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
-Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр М-ийн гэрт түүний эхнэр Б-тай маргалдаж улмаар зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 894 дугаартай
1.А.Б-ын биед нүүрэнд олон тооны, баруун чихний ар, цээж, баруун тохой, шуу, ташаанд зулгаралт, баруун нудний зовхи, эрүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22х/,
-Шүүгдэгч Н.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Б баг 0-0 тоотод хохирогч А.Б-ын гэрт гар утсаа хайж улмаар маргалдан нүүр, толгой тус газар нь маажиж эрүүл мэндэд “нүүрэнд олон тооны, баруун чихний ар, цээж, баруун тохой, шуу, ташаанд зулгаралт, баруун нудний зовхи, эрүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, тохойд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Н.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Н-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н- нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ