Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/389

 

 

 

 

 

  2023         11          09                                   2023/ШЦТ/389

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-н Б- холбогдох эрүүгийн 2325002160404  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, одоо Орхон аймаг Жаргалант сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт З-н Б-, /РД: хх0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б- нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод хамтран амьдрагч Ж.О-г хамт архи ууж байсан Б-ыг өмөөрсөн шалтгаанаар нүүр, гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “нүүр, хоёр гарын бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Ж.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 27-ны орой найз Б-, Б- нарын хамт Оюут багт баригдаж байсан барилгын манаач дээр очсон бөгөөд Б-, Б- нар манаачтай хамт архи ууж байсан юм... 2023 оны 05 сарын 28-ны шөнө 04 цагийн орчим Б-, Б- нар хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Б- намайг хэл амаар доромжилж, зодох гэж дайрч миний нүүрэн тус газар 2 удаа цохичихсон юм. Тэгтэл Б- намайг өмөөртөл Б- Б-ыг зодсон бөгөөд би цагдаа дуудах гэтэл Б- миний гар утсыг булаагаад зугтчихсан юм. ...Миний нүүр хавдаж хөндүүрлэсэн зовуурьтай байна ...2023 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 3 цагийн үед дуудлага өгсөн чинь миний хамтран амьдрагч З.Б- нь цагдаа нар ирэхээс өмнө гэрээс гараад зугтааж явсан...Би нилээн согтуу байсан. З.Б- надтай маргалдаж байхдаа миний хацар, нүүр, хоёр гарлуу гараараа цохисон...Миний түрээсэлж байсан байрны хажуу талын “Таван жаргал" нэртэй хүнсний дэлгүүр дээр үлдээсэн байсан, би тэндээс өөрийн 88 гар утсыг авсан. Миний гар утас одоо надад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

 

- Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байсан байх О-, Б- хоёр цуг хэвтэж байгаад Б- О-г “янхан, гичий” гэж хэлээд маргалдаад эхлэхээр нь би Б-т хандаж чи одоо эмэгтэй хүнийг ямар муухай хэлдэг юм бэ, чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу гэсэн чинь Б- над руу тэгсэн хүнийг чи яах юм, та хоёр яадаг юм, явалддаг юм уу эсвэл энэ гичийгээ авалдаа гэхээр нь би за одоо чи арай дэндэж байна шүү гэхэд О- бид хоёрын дундуур орсон чинь Б- О-г цохьчихсон. Тэгсэн чинь О- чи намайг цохьчихлоо би чамайг цагдаад өгнө гээд гар утсаа гаргаж ирээд залгах гэсэн чинь Б- утсыг нь булааж авчихаад өгөхгүй тэр хоёр нэлээн удаан зууралдаж байгаад Б- О-гийн гар утсыг аваад гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай:

1.О-гийн биед нүүр, хоёр гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Нүүр, хоёр гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17х/,

 

- Шүүгдэгч З.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч З.Б- нь хамтран амьдрагч Ж.О-г хамт архи ууж байсан Б-ыг өмөөрсөн шалтгаанаар нүүр, гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “нүүр, хоёр гарын бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг  гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар З.Б- нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод  хамтран амьдрагч Ж.О-г хэл үгээр доромжилоход хамт архи ууж байсан Б.Б- эмэгтэй хүнийг муухай хэл үгээр хэллээ гэж хэлэхэд Б.Б-тай маргалдаж улмаар Ж.О-гийн  нүүр, гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “нүүр, хоёр гарын бугалганд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Ж.О-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.О-гийн “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 27-ны орой найз Б-, Б- нарын хамт Оюут багт баригдаж байсан барилгын манаач дээр очсон бөгөөд Б-, Б- нар манаачтай хамт архи ууж байсан юм... 2023 оны 05 сарын 28-ны шөнө 04 цагийн орчим Б-, Б- нар хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Б- намайг хэл амаар доромжилж, зодох гэж дайрч миний нүүрэн тус газар 2 удаа цохичихсон юм. Тэгтэл Б- намайг өмөөртөл Б- Б-ыг зодсон ...Миний нүүр хавдаж хөндүүрлэсэн зовуурьтай байна ...” гэсэн,

гэрч Б.Б-ын “...2023 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байсан байх О-, Б- хоёр цуг хэвтэж байгаад Б- О-г “янхан, гичий” гэж хэлээд маргалдаад эхлэхээр нь би Б-т хандаж чи одоо эмэгтэй хүнийг ямар муухай хэлдэг юм бэ, чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу гэсэн чинь Б- над руу тэгсэн хүнийг чи яах юм, та хоёр яадаг юм, явалддаг юм уу эсвэл энэ гичийгээ авалдаа гэхээр нь би за одоо чи арай дэндэж байна шүү гэхэд О- бид хоёрын дундуур орсон чинь Б- О-г цохьчихсон...” гэсэн мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч З.Б- нь хохирогч Ж.О-гийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч З.Б- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Гэвч хохирогч Ж.О- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг  хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс: “...хэлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч З.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч З.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг  хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч З.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч З.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-н Б-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч З.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ