Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/390

 

 

 

 

   2023         11          09                                  2023/ШЦТ/390

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч О.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325003390512 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “ХХХ” банкинд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт О-ийн А- /рд:ХХ000000000/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод хамтран амьдрагч хохирогч Г.Ү-той хүүхдийн эм өг гэснээс маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч О.А- мэдүүлсэн: ...Өмнө ийм зүйл гаргаж байгаагүй. Миний  буруугаас болж эхнэртээ гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Г.Ү- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчим би сэрчихээд нөхөр А-ийг хүүхдүүдийнхээ эмийг өгчихөөч гэж хэлтэл ямар эм өгөх юм гэж над руу уурлангуй хэлсэн. Тэгэхээр нь би өдөр болгон өгдөг эм ш дээ гэж хэлэхэд манай нөхөр хоол хийж байснаа хоолныхоо шанагаа хоол руу хүчтэй шидсэн тэгэхэд хийж байсан хоолных нь шөл үсэрч манай 1 нас 7 сартай хүүхэд Н түлэгдэнгээ алдсан. Тэгэхээр нь би чи хүүхдээ түллээ ш дээ өмнө завьж нь өвдөхөд эмнэлэг хүргэж өгөөгүй байж гэж хэлэхэд манай нөхөр А- шууд хийж байсан хоолоо орхиж миний зүүн талын нүд хэсэг рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлж нөхөр рүүгээ жижиг дөрвөлжин цаасан хайрцагтай эмний хайрцаг авч шидсэн. Миний шидсэн эмний хайрцаг манай нөхрийг онохгүй газар унаж дотор нь байсан эм газар шалан дээр унасан тэгэхэд манай нөхөр тухайн шалан дээр унасан эмийг түүж буцааж хийсэн. Тэгээд би босоод нүүрээ харахад миний зүүн талын нүд хавдчихсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,   

 

-Гэрч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 4 хүүхэдтэй А- нь манай хамгийн том хүүхэд. Харин Ү- манай хүүхдийн эхнэр...Манай хүүхэд А- нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 0 дугаар байрны 0 тоотод эхнэр Ү- хүүхэд Н, Н нарын хамт амьдардаг. Манай хүүхэд А-, Ү- хоёр нь хамт амьдраад 7 жил болж байна... Манай хүүхэд А- нь урд өмнө Ү-д гар хүрч зодож цохиж байгаагүй надад тэр талаараа хэлж байгаагүй. Хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй. Манай бэр Ү- нь надад хэлэхдээ А- архи ууж ирсэн гэж хэлдэг болохоос хэрэлдэж зодолдсон гэж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,

 

         - Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Ү- гэх хүнтэй 2020 оны 06 дугаар сард танилцаж байсан манай хуурай эгч... Манай хуурай эгч Ү- 4-8 дугаар байранд нөхөр 2 хүүхдийн хамтаар амьдардаг... Манай хуурай эгч Ү- нөхөр А-тэйгээ маргалдаж 2023 оны 09 дүгээр сүүлээр зодуулсан гэж над руу утсаар ярьж байсан. А- гэх нөхөр нь Ү- эгчийн нүүр хэсэг рүү мөргөсөн гэж хэлсэн. Өөрөөр зодсон гэж надад хэлж байгаагүй. Ү- эгч надтай уулзаж утсаар ярихдаа манай нөхөр надад халамжгүй ханддаг мөн санхүүгийн байдлаас болж нөхөртэйгөө байнга маргалддаг гэж хэлж байсан. Нөхөр нь архи уусан үедээ шөнө орой ирж агсам согтуу тавьж орилж чарлаад байдаг гэж хэлж байсан. Түүнээс барьж аваад цохиж зодоод байдаг гэж надад хэлж байгаагүй... Өмнө зодуулсан гэж ярьж байгаагүй. Байнга маргалдаж байдаг гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

           - Шүүгдэгч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчим би босоод гэрээ цэвэрлэчихээд хоол хийгээд байж байхад манай эхнэр Ү- хүүхдийнхээ эмийг өгсөнгүй гэж уурлаж босож ирээд над руу дайрсан. Би өдөрт гэртээ байдаггүй болохоор ямар эм хэдэн цагт өгдөгийг нь мэдэхгүй эхнэртээ эмийн хайрцаг дээр нь цагаар нь биччихгүй яасан юм бэ гэж хэлэхэд манай эхнэр уурлаж над руу эмийн хайрцаг авч шидсэн. Тэгэхээр нь би уурлаж хийж байсан хоол руугаа хоолны жижиг халбага шидчихээд гарлаа гэж хэлээд хувцсаа өмсөхөд манай эхнэр намайг гэрээс гаргахгүй байсан. Тэгэхэд Ү-гийн шидсэн эмийн хайрцагт байсан эмийг манай бага хүүхэд Нандинсор авч идээд байсан би тухайн эмийг газраас түүж аваад хурааж байхад манай эхнэр уурлаж орилоод байхаар нь миний уур хүрч би толгой хэсгээрээ эхнэрийнхээ нүүрнийх нь зүүн хэсэг рүү 1 удаа мөргөсөн тэгэхэд манай эхнэр цагдаа дуудсан, эхнэр бид хоёр хоорондоо учраа олсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,

-  Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 05- ны өдрийн 831 дугаартай

1. Г.Ү-гийн биед зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод хамтран амьдрагч хохирогч Г.Ү-той хүүхдийн эм өг гэснээс маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч О.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч О.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

   оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.А-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Олзвойн А-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ