| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0394/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/404 |
| Огноо | 2023-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/404
2023 11 17 2023/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч Н.О-, М.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000531 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Завхан аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график мэргэжилтэй, хувиараа авто угаалгын газар түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, А овогт М-ын Т- /РД:хх0000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Булган аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа авто угаалга түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 318,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ө овогт Н-ийн О- /РД:хх00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0 байрны 0 тоотод хамтран амьдрагч, хохирогч Н.О-тэй хардалтын улмаас маргалдан, харилцан зодолдож, улмаар зодолдох явцдаа талх зүсэх зориулалттай, мөнгөлөг саарал өнгийн төмөр иштэй хутгаар хохирогчийн баруун гарын шуу хэсэгт зүсэж, эрүүл мэндэд нь “баруун шуунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 0 байрны 0 тоотод хамтран амьдрагч, хохирогч М.Т-тай хардалтын улмаас маргалдан, харилцан зодолдож, улмаар зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт хумсаараа маажих зэргээр түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны салстад цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч М.Т- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Н.О- мэдүүлсэн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн барагцаагаар 19 цагийн үед нөхөр Т- бид 2 байрныхаа доор байдаг үсчинд байсан юм. Тэгтэл нөхөр маань үсээ засуулчихаад найзтайгаа уулзлаа гээд түрүүлээд гарч явсан. Би түүний араас барагцаагаар 30-40 минутын дараа гарахад нөхөр маань найз Г-, Б- нарын хамт Б-ын машинд юм яриад сууж байсан. Тэгээд нөхөр маань намайг гэр лүүгээ орж бай, би удахгүй гэхээр нь би гэр лүүгээ орсон. Тухайн үед би болон нөхөр, түүний найз Г-, Б- нар нь архи уугаагүй, эрүүл байсан. Тэгээд нөхөр рүүгээ би чатаар архи уухгүй шүү гэхэд тэрээр уухгүй гэж хэлсэн. Ингээд нэг мэдсэн чинь 23 цаг өнгөрчихсөн байхаар нь би гадаа гартал нөхөр маань байрны гадаа байгаагүй. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгатал Үйлчилгээний төвийн Халиу дэлгүүрээс архи аваад очиж байна гэж ярьсан. Тэгээд намайг гадаа байж байтал нөхөр маань Г-, Г- нарын хамт ирсэн бөгөөд тэгэхэд нөхөр маань нилээн халамцуу байсан. Г- харин гайгүй байсан бөгөөд Г- нь Г-ийн машинтай ажилтай гээд явчихсан юм. Ингээд гурвуулаа гэр лүү орж авсан архийг нь ууж дуусгасан бөгөөд тэгээд байж байтал Г- нь 1 шил архи, 1 том пивотой ирсэн юм. Тэгээд дөрвүүлээ ууж байтал Г- нь надад хандан хуурай дүү нар маань ирчихсэн байна, даараад байна, танайд ганц пиво орж ирээд уулгачих уу гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгтэл Б- // нь танихгүй 2 эмэгтэйн хамт 1 том пивотой орж ирсэн. Удалгүй нөхөр маань тэр орж ирсэн 2 эмэгтэйн нэгэнтэй нь уучлаарай би согтуу байна гээд яриа өдөөд байхаар нь миний хар хөдөлж нөхөр рүүгээ уурласан юм. Тэгтэл Б- нь ирсэн 2 эмэгтэйнхээ хамт пиво ч ууж дуусгаагүй манайхаас явсан. Тэгээд би нөхөртэйгөө хэрэлдэж зодолдсон бөгөөд би согтолтын улмаас зарим үйл явдлыг санахгүй байна. Ингээд нэг мэдсэн чинь түргэн ирчихсэн байсан юм. Намайг хүн цохиогүй ээ. Би нөхрийнхөө нүүрийг маажиж мангастчихаад зугтаасан бөгөөд араас нөхөр маань юм шидэх гэхээр нь би балкон дээрээ гарч хаалгыг нь гараараа татаж барьсан юм. Тэгтэл миний баруун гарын шууны гадна хэсгээс цус гарч эхэлсэн бөгөөд манай гэрийн талхны мөнгөлөг өнгийн хутга газарт байсан юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,
Хохирогч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед байрныхаа гадаа найз Г-тэй уулзсан юм. Тухайн үед бид 2 эрүүл байсан бөгөөд харин уулзчихаад 0,75 литрийн 1 шил архийг байрны гадаах саравчинд хувааж уусан. Тэгтэл Г-ийн найз бүсгүй Г- ганцаараа эрүүл ирсэн юм. Тэгээд дахин 0,75 литрийн 1 шил архийг авч уусан бөгөөд тус архийг дуусаагүй байхад бид 3 манай гэр лүү орсон юм. Тус архинаас Г- уугаагүй юм. Гэрт ороход эхнэр О- маань ганцаараа эрүүл байсан. Тэгээд эхнэр бид 4 үлдсэн архиа хувааж уусан. Ингээд би согтоод тасарчихсан бөгөөд нэг мэдсэн чинь манай угаалгын газарт ажилладаг Б- нь зүс мэдэх 2 хүүхэний хамт манайд ирчихсэн байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би цагдаа дээр ирчихсэн байсан юм. Би унтаагүй харин согтоод ухаанаа алдчихсан байсан болохоор яг юу болсон, тухайн үед яг хэн хэн байсныг мэдэхгүй байна. Уг нь миний нүүр зүгээр байсан бөгөөд тэгтэл одоо маажуулчихсан байдалтай байна. Би эхнэртэйгээ хамт амьдраад 7 жил болж байна, дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн батлахгүй юм. Урд өмнө нь би эхнэрээ цохиж зодож байгаагүй, харин хэрүүл маргаан хийсэн гээд цагдаа дээр шалгагдаж торгууль болон баривчилгаанд явж байсан. Эхнэр бид 2 архины хамааралгүй бөгөөд барагцаагаар 14 хоногт 1 удаа архи уучихдаг юм. Би шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 890 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан зүүн нүдний алимын салстад цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт зэрэгт гэмтлүүдийг тухайн хэрэг болдог өдөр би эхнэртэйгээ л маргалдсан бөгөөд эхнэр маань л надад учруулсан байх. Би согтолтын улмаас үйл явдлыг сайн санахгүй байгаа юм. Би шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 889 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд Н.О-ийн биед учирсан баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтлийг би л учруулсан байх. Харин согтолтын улмаас яг яаж учруулсанаа мэдэхгүй байна. Угаасаа эхнэр бид 2 л маргалдсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнийн барагцаагаар 01 цагийн үед намайг найз Б-, Я- нар дуудахаар нь би Т- ахын гэрийн гадаа очсон. Тэгтэл тэр 2 надад хандан Т- ах, О- нар нь чиний талаар сонин юм яриад байна гэж хэлсэн. Ингээд гадаа би тэр хоёртой уулзчихаад Т- ахын гэрт ганцаараа ороход Т- ах, түүний эхнэр О-, мөн Г-, Г- нар дөрвүүлээ согтуу байсан. Би тэгээд Т-д хандан хэн юу яриад байгаа юм бэ гэтэл тэрээр намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би түүнийг цохих гэж байгаад хаалганы хүрээ модыг цохичихсон юм. Тэгтэл цагдаа ирээд намайг авч явсан бөгөөд би цагдаа дээр очсон. Цагдаагаас намайг шүүхээс эрэн сурвалжпагдаж байгаа юм байна гээд саатуулсан. Намайг анх Т- ахынд очиход тэрээр болон О- нар нь зүв зүгээр биед нь ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Харин өглөө үүрээр цагдаа дээр байхад Т- ах ирсэн бөгөөд тэгэхэд түүний нүүр нь маажигдчихсан байдалтай ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн барагцаагаар 22 цагийн үед над руу Г- залгаж би уучихсан байна, чи хүрч ирээд машин барьчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т-гийн гэрийн гадаа яваад очтол машин дотор Т-, Г- нар нь архи ууж байсан. Тэгээд дэлгүүр оръё гэхээр нь би машиныг нь барьж дэлгүүр орсон бөгөөд 1 шил архи авсан. Би тэгээд буцаад Т-гийн гэрийн гадаа хүргэж өгчихөөд явчихсан юм. Тэгтэл шөнийн 02 цагийн үед намайг Г- хүрээд ир гээд дуудахаар нь би Т-гийн гэрт ганцаараа очсон. Би очихдоо 1 шил архи, 1 том пивотой очсон бөгөөд намайг тэднийд очиход Т-, түүний эхнэр О-, Г- нар нь халамцуу байсан. Ингээд бид 4 миний авч очсон пиво, архийг ууж эхэлсэн. Тэгээд байж байтал над руу Б- залгахаар нь би байгаа газраа хэлж, тэгээд Б- нь Я- гэх хүүхэнтэй хоёулаа Т-гийнд орж ирсэн юм. Тэгтэл О- нь нөхрийгөө Б-, Я- нартай хардаад хэрэлдээд эхэлсэн бөгөөд Б-, Я- нар ч удалгүй гараад явчихсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Б-, Я- нар нь нэг залуугийн хамт орж ирсэн бөгөөд тэр залуу нь агсан тавиад байсан. Тэгтэл О- цагдаад дуудлага өгөөд тэр залууг цагдаа нар авч явсан. Мөн Б-, Я- нар ч гарч явсан юм. Үүний дараа О-, Т- нар нь хардалтаас болж маргалдаад жижиг өрөөндөө зодолдож эхэлсэн юм. Г- бид 2 салгаж байсан ч тэр 2 салахгүй зодолдоод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь О- нь хутгаар гараа зүсчихлээ гэж хэлсэн бөгөөд түүний гарнаас цус гарч байсан. Би тэгээд Г-ийн утсаар түргэн дуудсан юм. Ингээд нэг мэдсэн чинь түргэн, цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд О- нь хутга нь энэ байна гээд нэг хутгыг зааж өгөөд байсан юм. Би яг ямар хутга зааж байсныг нь санахгүй байна. Тэгээд түргэн О-ийг, цагдаа Т-г авч явсан юм. Тухайн үед би согтуу байсан, Г-, Т-, О- нар ч согтуу байсан бөгөөд би согтолтын улмаас яг үйл явдлыг тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ Г- бид 2 Т-, О- нарыг цохиж зодоогүй ээ. О-ийн гарыг Т- хутгаар зүссэн үү, өөрөө зүссэн үү гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй байна, тэр 2 л хоорондоо хэрэлдэж зодолдсон юм. Тухайн өдөр анх Т-, О- нартай уулзахад тэдгээрийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, зүгээр байсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн барагцаагаар 22 цагийн үед би найз Т-гийн хамт тэдний байрны гадаа 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан юм. Тэгтэл Т-гийн эхнэр О- гарч ирээд гэрт орж уу гэхээр нь ахин дэлгүүрээс 1 шил архи авч Т-гийн гэрт орж уусан юм. Тэгээд би согтоод нилээн муудсан бөгөөд нэг мэдсэн Г- ирчихсэн байсан бөгөөд мөн ахиад 2 танихгүй хүүхэн ирчихсэн байсан юм. О- тэгээд Т-г гэрт нь орж ирсэн хүүхэнтэй хардаад Т-тай хэрэлдээд байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Миний хувьд тухайн үед нилээн согтуу, тасарчихсан байсан учир санаж байгаа зүйл маань энэ л байна. Г- согтолтын хувьд арай гайгүй байсан, О-, Т- нар согтуу байсан. Миний хувьд хэн нэгэнтэй маргалдаж, хэн нэгнийг цохиж зодоогүй ээ. Тухайн үед Т-г хэн цохиж маажсан, О-ийн гарыг хэн юугаар зүссэнийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн өдөр анх Т-, О- нартай уулзахад тэдгээрийн биед ил харагдах гэмтэл шарх учраагүй, зүв зүгээр байсан юм. Маргааш нь уулзахад Т-гийн нүүр маажигдчихсан, О-ийн гар зүсэгдсэн гээд оёдол тавиулсан гэж ярьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
Гэрч Ц.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө түргэний эмчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 08-ны үүрээр 3-р микрт хутгалагдсан гэсэн дуудлага ирсэн бөгөөд бид нар түргэн хугацаанд очсон. Тэгтэл 2 согтуу эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс байсан бөгөөд гар нь зүсэгдсэн О- гэх эмэгтэй хэлэхдээ ...манай нөхөр над руу энэ хутгыг шидээд, тэгээд би балкон руу зугтах гэтэл гар маань оногдсон... гээд урт, арзгар иртэй хутга барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33х/,
М.Т-гийн яллагдагчаар өгсөн: “...Миний өмнө мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан “Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед байрныхаа гадаа найз Г-тэй уулзсан юм. Тухайн үед бид 2 эрүүл байсан бөгөөд харин уулзчихаад 0,75 литрийн 1 шил архийг байрны гадаах саравчинд хувааж уусан. Тэгтэл Г-ийн найз бүсгүй Г- ганцаараа эрүүл ирсэн юм. Тэгээд ахин 0,75 литрийн 1 шил архийг авч уусан бөгөөд тус архийг дуусаагүй байхад бид 3 манай гэр лүү орсон юм. Тус архинаас Г- уугаагүй юм. Гэрт ороход эхнэр О- маань ганцаараа эрүүл байсан. Тэгээд эхнэр бид 4 үлдсэн архиа хувааж уусан. Ингээд би согтоод тасарчихсан бөгөөд нэг мэдсэн чинь манай угаалгын газарт ажилдаг Б- нь зүс мэдэх 2 хүүхэний хамт манайд ирчихсэн байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би цагдаа дээр ирчихсэн байсан юм. Би унтаагүй харин согтоод ухаанаа алдчихсан байсан болохоор яг юу болсон, тухайн үед яг хэн хэн байсныг мэдэхгүй байна. Би эхнэртэйгээ хамт амьдраад 7 жил болж байна, дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн батлахгүй юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... надад сэтгэцтэй холбоотой нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66х/,
Н.О-ийн яллагдагчаар өгсөн: “...Миний өмнө мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан “2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн барагцаагаар 19 цагийн үед нөхөр Т- бид 2 байрныхаа доор байдаг үсчинд байсан юм. Тэгтэл нөхөр маань үсээ засуулчихаад найзтайгаа уулзлаа гээд түрүүлээд гарч явсан. Би түүний араас барагцаагаар 30-40 минутын дараа гарахад нөхөр маань найз Г-, Б- нарын хамт Б-ын машинд юм яриад сууж байсан. Тэгээд нөхөр маань намайг гэр лүүгээ орж бай, би удахгүй гэхээр нь би гэр лүүгээ орсон. Тухайн үед би болон нөхөр, түүний найз Г-, Б- нар нь архи уугаагүй, эрүүл байсан. Тэгээд нөхөр рүүгээ би чатаар архи уухгүй шүү гэхэд тэрээр уухгүй гэж хэлсэн. Ингээд нэг мэдсэн чинь 23 цаг өнгөрчихсөн байхаар нь би гадаа гартал нөхөр маань байрны гадаа байгаагүй. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгатал “би Үйлчилгээний төвийн Халиу дэлгүүрээс архи аваад очиж байна” гэж ярьсан. Тэгээд намайг гадаа байж байтал нөхөр маань Г-, Г- нарын хамт ирсэн бөгөөд тэгэхэд нөхөр маань нь нилээн халамцуу байсан. Г- харин гайгүй байсан бөгөөд Г- нь Г-ийн машинтай ажилтай гээд явчихсан юм. Ингээд гурвуулаа гэр лүү орж авсан архийг нь ууж дуусгасан бөгөөд тэгээд байж байтал Г- нь 1 шил архи, 1 том пивотой ирсэн юм. Тэгээд дөрвүүлээ ууж байтал Г- нь надад хандан “хуурай дүү нар маань ирчихсэн байна, даараад байна, танайд ганц пиво орж ирээд уулгачих уу” гэхээр нь би зөвшөөрсөн юм Тэгтэл Б- нь танихгүй 2 эмэгтэйн хамт 1 том пивотой орж ирсэн. Удалгүй нөхөр маань тэр орж ирсэн 2 эмэгтэйн нэгэнтэй нь уучлаарай би согтуу байна гээд яриад өдөөд байхаар нь миний хар хөдөлж нөхөр рүүгээ уурласан юм. Тэгтэл Б- нь ирсэн 2 эмэгтэйнхээ хамт пиво ч ууж дуусгаагүй манайхаас явсан. Тэгээд би нөхөртэйгөө хэрэлдэж зодолдсон бөгөөд би согтолтын улмаас зарим үйл явдлыг санахгүй байна. Ингээд нэг мэдсэн чинь түргэн ирчихсэн байсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, угаасаа нөхөр бид хоёрын хооронд л асуудал болсон. Харин нөхөр маань намайг яг яасныг согтолтын улмаас мэдэхгүй байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...надад сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79х/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №889 дугаартай
“1. Н.О-ийн биед баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь хурц ирт үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39х/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №890 дугаартай
“1.М.Т-гийн биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45х/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №156 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Т-, Н.О- нар нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 0 байрны 0 тоотод “хардалтын улмаас маргалдан” харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч М.Т-, Н.О- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Т-, Н.О- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хэн аль нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Т-, Н.О- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан бариул хэсэгтээ хар өнгийн оруулгатай металл бариултай, нийт 33.2 см урттай, ажлын хэсгийн зүүн талд “TM, Chuanghul”, Stainless steel, High-grade cutlery, Rostfrei” гэсэн бичиглэлтэй, цус мэт зүйлээр бохирлогдож хатсан, арзгар иртэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-ын Т-, Ө овогт Н-ийн О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Т-, Н-йн.О- нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-, Н.О- нар нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Т-, Н.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэгтээ хар өнгийн оруулгатай металл бариултай, нийт 33.2 см урттай, ажлын хэсгийн зүүн талд “TM, Chuanghul”, Stainless steel, High-grade cutlery, Rostfrei” гэсэн бичиглэлтэй, цус мэт зүйлээр бохирлогдож хатсан, арзгар иртэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-, Н.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ