Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/405

 

 

 

 

 

  2023         11            17                                   2023/ШЦТ/405

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Хохирогч Х.Б-,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн С-т холбогдох эрүүгийн 2325000000477 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 0 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, UВ сар такси үйлчилгээний газар ажилладаг, ам бүл 4, эмээ, өвөө, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д овогт  Б-ийн С- /рд: хх000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны хойд талын саадан дотор хохирогч Х.Б-тэй хэдэн онд аль сургууль төгссөн талаар ярьж маргаан үүсгэн худлаа яриад бай, манай сургуульд тийм нохой ч байгаагүй, яагаад худлаа шаагаад байгаа юм гэсэн шалтгаанаар заамдаж хамар хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд “...биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн байсан. Шинэ танилцсан найздаа гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хохирлыг төлж барагдуулана 3 сарын хугацаанд хэд хуваагаад өгнө...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г-, Д-, Х-, Х-ы найз болох С-, Ч- нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй найзын хамт бид долоо 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой Зэст багт байрлах "wave" баар луу орж тарах үеэр нь буюу 00 цагийн орчимд баарнаас гарч гадаа архи уухаар болж Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны урд талын сааданд очиж 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан уугаад яг эхэлж байхад С- гэдэг залуу надаас хэдэн онд аль сургуулийг төгссөн юм гэж асуухаар нь би 18 дугаар сургуулийг төгссөн гэсэн чинь 8 дугаар сургууль гэж сонссон юм уу яасан юм байгаан надаас лаборатори уу гэж асуухаар нь тийм гээд хэлсэн чинь худлаа яриад бай, манай сургуульд тийм нохой ч байгаагүй, яагаад худлаа шаагаад байгаа юм гээд босож ирээд намайг заамдаж авахаар нь мишээсэн чинь С- миний хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би сургуулиа худлаа хэлсэн учраас намайг цохисон. С-тай 500,000 төгрөг өгье гэж тохирсон. Тухайн үед хагалгааны хөлс ийм үнэтэй болно гэж бодоогүй. Хагалгааны төлбөр 1,980,000 төгрөг болсон. Одоо хагалгаа хийлгэсэн төлбөрөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7х/,

 

- Гэрч Н.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г-, Х.Б-, Х-, Х-ы найз С-, Симба нэрийг нь мэдэхгүй нэг залуу бид зургаа 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Зэст багт үйл ажиллагаа явуулдаг "Вэйв" баар луу орж үйлчлүүлэн хаах үед нь гарч үргэлжлүүлэн гадаа сууж архи уухаар болж Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны хойд талын саадан дотор 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж эхэлж байхад С- Б- хоёр хоорондоо аль сургууль төгссөн юм гэх зэргээр харилцан яриа өрнүүлж байхад Х- бид хоёр сааднаас гарч зүүн талд 2-3 метр орчим зайд байрлах сандал дээр сууж тамхи татаад юм ярьж байсан чинь гэнэт нөгөө хамт байсан залуучууд маргалдах шиг болохоор нь юу болоод байгааг хартал Б-ийг суусан байдалтай байхад нь С- заамдсан байхаар нь Х- бид хоёр очоод салгахад Б-ий хамраас цус гарчихсан байсан. Тэгээд юу болсон талаар Б-ээс тодруулахад С- намайг цохичихлоо гэж байсан. Намайг очиход хамраас нь цус гарчихсан байсан, би яг цохиж байхыг нь хараагүй. Тэгээд Б-д такси дуудаж өгөн ганцааранг нь явуулахад Г-, Х-, Х-ы найз С-, Симба нэрийг нь мэдэхгүй нэг залуу бид тав үлдэн юм ярьж байхад Б- өөрийнхөө төгссөн сургуулийг С-т худлаа хэлэхэд С- нь худлаа хэллээ гэдэг шалтгаанаас болж түүнийг цохисон юм шиг байсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй, С-ын биед хэн нэгэн халдаагүй. Бааранд байхад бол ямар нэгэн маргаан зодоон юу ч болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9х/,

 

- Гэрч Т.Х- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Би Г-, Х.Б-, Д-, С-, Золжаргал /Симба гэж дууддаг/, Э нарын хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой Зэст багт үйл ажиллагаа явуулдаг "Вэйв" баар луу орж үйлчлүүлэн гарч ирээд гадаа архи уухаар болж Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны урд талын саадан дотор 0.75 литрийн хэмжээтэй архи хуваан ууж эхэлж байхад Д- бид хоёр тамхи татах гээд сааднаас гарч саадны баруун талд 2-3 метр орчим зайд байрлах сандал дээр очиж тамхи татан юм яриад сууж байсан чинь гэнэт хамт байсан залуучууд хоорондоо маргалдах шиг болохоор нь саад руу явж очтол Б-ий хамраас нь цус гарсан байдалтай байж байхаар нь юу болсон талаар асуухад С- цохичихлоо гэж байсан тэгээд Д- такси дуудаж өгөөд Б-ийг явуулсан. Тэгээд бид хэд үлдээд саадан дотроо сууж байтал С- нь "Б- 8 дугаар сургуульд суралцаж байгаад 1 дүгээр сургуулийг 2013 онд төгссөн" гэж хэлснээс болж үл ойлголцон "худал хэллээ" гэдэг шалтгаанаас болж муудалцан түүнийг цохисон гэж байсан. С-ын биед хэн нэгэн халдаагүй, өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Тухайн үеэс өмнө бид хэд хамт байж байхад ямар нэгэн маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

-Гэрч П.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Т.Х-, Х.Б-, Н.Д-, Б.С-, З /Симба гэж дууддаг/ Э нарын хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой Зэст багт үйл ажиллагаа явуулдаг "Вэйв" баар луу орж үйлчлүүлэн 23 цаг өнгөрч байхад гарч ирээд үргэлжлүүлэн гадаа сууж архи уухаар болж бүгдээрээ Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны урд талын саадан дотор 0.75 литрийн хэмжээтэй "Эдэн" нэртэй архи хуваан ууж эхэлж байхад Н.Д-, Т.Х- хоёр нь тамхи татах гээд сааднаас гарсан бөгөөд яг энэ үед Б.С- Х.Б- хоёр танилцаж харилцан яриа өрнөхөд Х.Б- өөрийнхөө төгссөн сургуулийг 2012 онд 8 дугаар сургуулийг төгссөн гэж худал хэлэхэд Б.С- нь би 8 дугаар сургуулийг 2013 онд төгссөн шдээ, харж байгаагүй юм байна, ах болох гээд байгаа юм уу гээд уурлаж босож ирээд Х.Б-ий нүүр хэсэг рүү нэг удаа цохиж заамдахаар нь гялс босоод Б.С-ыг болиулж салгахад Х.Б-ий хамраас нь цус гарсан. Тэгээд такси дуудаж өгөөд Х.Б-ийг ганцааранг нь явуулсан. Өөр ямар нэгэн зодоон маргаан болоогүй, Б.С-ын биед хэн нэгэн халдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

- Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Тухайн өдрийн шөнө “Вэйв” баарнаас гарч 4-23 дугаар байрны хойд талын саадан дотор Х-, Г-, Б-, Золжаргал/Симба/, Элдэв-Очир нарын хамтаар 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж байхад Б- бид хоёр танилцан харилцан яриа өрнүүлж байхад өөрийгөө 2012 онд 8 дугаар сургуулийг төгссөн гэхээр нь би чамайг харж байгаагүй юм байна яагаад худлаа яриад байгаа юм гэсэн чинь өөдөөс хүн ёжлоод байгаа юм шиг инээгээд байхаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадахад хамраас нь цус гарч такси дуудаад ганцаараа явчихсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулахад ямар нэгэн асуудалгүй. Өөр гаргах санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 761 дугаартай:

1.Х.Б-ий биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, баруун мөр, баруун гуянд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17х/,

 

- Шүүгдэгч Б.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/, хохирогч Х.Б-ээс гаргаж өгсөн хохиролын баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.С- нь хохирогч Х.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг  гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны хойд талын саадан дотор хохирогч Х.Б-тэй хэдэн онд аль сургууль төгссөн талаар ярьж маргаан үүсгэн улмаар заамдаж хамар хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.С-ын үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Х.Б-ий “...Г-, Д-, Х-, Х-ы найз болох С-, Ч- нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй найзын хамт бид долоо 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой Зэст багт байрлах "wave" баар луу орж тарах үеэр нь буюу 00 цагийн орчимд баарнаас гарч гадаа архи уухаар болж Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны урд талын сааданд очиж 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан уугаад яг эхэлж байхад С- гэдэг залуу надаас хэдэн онд аль сургуулийг төгссөн юм гэж асуухаар нь би 18 дугаар сургуулийг төгссөн гэсэн чинь 8 дугаар сургууль гэж сонссон юм уу яасан юм байгаан надаас лаборатори уу гэж асуухаар нь тийс гээд хэлсэн чинь худлаа яриад бай, манай сургуульд тийм нохой ч байгаагүй, яагаад худлаа шаагаад байгаа юм гээд босож ирээд намайг заамдаж авахаар нь мишээсэн чинь С- миний хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан....” гэсэн,

гэрч Н.Д-ын “...Х- бид хоёр сааднаас гарч зүүн талд 2-3 метр орчим зайд байрлах сандал дээр сууж тамхи татаад юм ярьж байсан чинь гэнэт нөгөө хамт байсан залуучууд маргалдах шиг болохоор нь юу болоод байгааг хартал Б-ийг суусан байдалтай байхад нь С- заамдсан байхаар нь Х- бид хоёр очоод салгахад Б-ий хамраас цус гарчихсан байсан. Тэгээд юу болсон талаар Б-ээс тодруулахад С- намайг цохичихлоо гэж байсан. Намайг очиход хамраас нь цус гарчихсан байсан, би яг цохиж байхыг нь хараагүй...” гэсэн,

гэрч Т.Х-ы “...Д- бид хоёр тамхи татах гээд сааднаас гарч саадны баруун талд 2-3 метр орчим зайд байрлах сандал дээр очиж тамхи татан юм яриад сууж байсан чинь гэнэт хамт байсан залуучууд хоорондоо маргалдах шиг болохоор нь саад руу явж очтол Б-ий хамраас нь цус гарсан байдалтай байж байхаар нь юу болсон талаар асуухад С- цохичихлоо гэж байсан тэгээд Д- такси дуудаж өгөөд Б-ийг явуулсан...” гэсэн,

гэрч П.Г-ийн “...энэ үед Б.С- Х.Б- хоёр танилцаж харилцан яриа өрнөхөд Х.Б- өөрийнхөө төгссөн сургуулийг 2012 онд 8 дугаар сургуулийг төгссөн гэж худал хэлэхэд Б.С- нь би 8 дугаар сургуулийг 2013 онд төгссөн шүү дээ, харж байгаагүй юм байна, ах болох гээд байгаа юм уу гээд уурлаж босож ирээд Х.Б-ий нүүр хэсэг рүү нэг удаа цохиж заамдахаар нь гялс босоод Б.С-ыг болиулж салгахад Х.Б-ий хамраас нь цус гарсан. Тэгээд такси дуудаж өгөөд Х.Б-ийг ганцааранг нь явуулсан...” гэсэн мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 761 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.С- нь хохирогч Х.Б-ий биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.С- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Х.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт хамрын хагалгаанд орсон эмчилгээний зардал 1,980,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн тул шүүгдэгчээс 1,980,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн,

Шүүгдэгчээс: “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн С-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.С-аас 1,980,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг  Баян-Өндөр сум  0баг 0-0 тоотод оршин суух М овогт Х-ын Б- /рд: ХХ0000000, утас: /-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ