Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

2023      09          20                                        2023/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

 Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Цийн Ат холбогдох эрүүгийн 2335000740200 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 3 дугаар сарын 26-нд Завхан аймгийн ................. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн ........ сумын ........ багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Цийн А /РД:................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ........ЗАА улсын дугаартай ниссан тидда загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ө.Цын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ........ЗАА улсыйн дугаартай ниссан тидда загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад машин онхолдосны улмаас зорчигч Ө.Цын амь нас хохирсон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 8-15 дахь тал),

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 16-26 дахь тал),

3. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 27-31 дэх тал),

4. Зүүнхангай сумын Ник петровис Шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 34-37 дахь тал),

5. Шүүгдэгч Ц.Аын согтуурлыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 40-41 дэх тал),

6. Шүүгдэгч Ц.Аын өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, яаралтай туслажийн хуудас (хавтаст хэргийн I-р хавтасны 49-63 дахь тал),

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Завхан аймгийн Тэс сумын 1 дүгээр баг Шарын толгой гэх нэртэй газарт 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр малаа услаад 18 цагийн үед гэртээ ирсэн байхад Эрдэнэт хотод байдаг миний төрсөн эгчийн охин И утсаар холбогдож Ө.Ц ах зам тээврийн осолд орж газар дээрээ нас барсан байна гэж хэлсэн. Би Иоос хэн, хаанаас юу гэж ярьсан талаар асуухад хамт автомашинд зорчиж явсан гэх залуугийн ээж гэх эмэгтэй болон Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвийн эмч ярьсан талаар надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Зүүнхангай сумын эрүүл мэндийн төв дээр ирэхэд Ө.Ц ахтай хамт машин жолоодож явсан гэх залуугийн ар гэрийнхэн ирсэн байсан ба би тухайн хүмүүсээс ах Ө.Цыг асуухад нас барьсан гэж хэлсэн ба би эмнэлгээс гараад гадна сууж байхад надтай цагдаагийн алба хаагч нар ирж уулзсан.Ө.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ба тээврийн хэрэгсэл жолоодож чадахгүй. Ц.А нь амь хохирогч Ө.Ц нар нь амь нас биед хүрсэн хүмүүс хоорондоо юу гэж ярилцаж хаашаа явсныг би мэдэхгүй ба хамт явж байгаад нэг амь насаараа нөгөө нь эрүүл мэндээрээ хохирсон болохоор миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн төрсөн ах Ө.Цыг ослын улмаас алдсан даа их гомдолтой байна. Талийгаач ахын буяны ажилд зориулж чихэр, жимс, ус ундаа, будаа гэх мэт хүнсний зүйлс худалдан авах, буяны ажилд явсан автомашины бензины зардалд нийт 9.354.736 төгрөг зарцуулсан. Талийгаач ах минь Төрийн банкинд 17.697.898 төгрөгийн малчны зээлтэй байсан одоо уг зээлийг хэн хэрхэн төлөх вэ. Иймд уг атомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан жолооч Ц.Ааас оршуулгын зардал болох 9.354.736 төгрөг, малчны зээл болох 17.697.898 төгрөг нийт 27.052.634 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 68-69, 71 дэх тал),

8. Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би аав Нгийн хамт Увс аймгийн нутагт байх аль сумын нутаг дэвсгэр гэдгийг мэдэхгүй байна. “Харцгай ус” гэх нэртэй газарт очиж тариалангийн талбай үзэхээр 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд ........СБА улсын дугаартай "Тоёота Алион" маркийн тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас хөдөлсөн. Тэгээд замдаа сааталгүй явсаар байгаад 2023 оны 05 сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Увс аймгийн Зүүнхангай сумын төвийг дайран өнгөрөөд сумын төвөөс 7-8 километр яваад замдаа түр зогсож бие зассан. Тэгсэн нэг ногоон өнгийн Приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр эрэгтэй хүн ирж зогсоод зүгээр үү гэж асуусан. Тэгээд тэр хоёр хүнээс “Хар цагаан Ус” гэх газар луу явдаг зам мөн үү гэж асуусан чинь мөн гэж хэлсэн. Тэгээд тэр машинтай хоёр хүн аав бид хоёроос түрүүлээд урд ороод хөдөлсөн. Тухайн үед машины жолоочийн хажууд сууж явсан хүн нь гартаа шилтэй архи барьчихсан байсан. Их хурдтай хөдлөөд явахаар нь аав бид хоёр араас нь 200-300 метрийн зайтай аяархан хөдөлсөн. Тэгтэл урд явсан Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт замын зүүн тал руугаа онхолдож хэд хэдэн удаа өнхрөөд зогссон. Тэгээд би дуудлага өгөх гэсэн чинь ямар нэгэн сүлжээ байхгүй тул аав бид хоёр буцаж зам асуусан газраасаа сүлжээнд орж цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөхөд миний гар утасны цаг 14 цаг 50 минут болж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг осол болсон газрын сайн мэдэхгүй надаас асууж байгаад 30 орчим минутын дараа цуг ирсэн. Тэгээд миний утас нэрийг тэмдэглэж аваад явуулсан. Тухайн үед жолоочийн хувцсыг харахад саарал өнгийн дээлтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 73-74 дэх тал),

9. Гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хүү Дгийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байх “Хар, цагаан ус” гэх нэртэй сумын багт очиж тариалангийн талбай үзэхээр 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд ........ СБА улсын дугаартай “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас хөдөлсөн. Тэгээд замдаа сааталгүй явсаар Архангай аймгийн Цахир сум орж тэндээ хоносон. Тэгээд 2023 оны 05 сарын 09-ний өглөө цаашаа явсан. Өдөр 4 цагийн орчимд Увс аймгийн Зүүнхангай сумын төвийг дайран өнгөрөөд сумын төвөөс 7-8 километр очим яваад замдаа түр зогсож бие зассан. Тэгсэн нэг ногоон өнгийн Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр эрэгтэй хүн зэрэгцэж ирж зогсоод зүгээр үү гэж асуусан. Тэгээд тэр хоёр хүнээс Хар цагаан ус гэх газар луу явдаг зам мөн үү гэж асуусан чинь мөн гэж хэлсэн. Тэгээд тэр машинтай хоёр хүн биднээс түрүүлээд урд ороод хөдөлсөн. Их хурдтай хөдлөөд бид хоёр араас нь 200-300 метрийн зайтай хөдөлсөн. Тэгтэл урд явсан Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт замын зүүн тал руугаа онхолдож хэд хэдэн удаа өнхрөөд зогссон. Тэгээд дуудлага өгөх гэсэн чинь ямар нэгэн сүлжээ байхгүй байсан тул хүү бид хоёр буцаж зам асуусан газраасаа сүлжээнд орж цагдаад дуудлага өгсөн. Би цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. 15 цаг болох гэж байсан байх. Тэгээд цагдаа, эмнэлэг осол болсон газрын сайн мэдэхгүй асууж байгаад 20-30 орчим минутын дараа цуг ирсэн. Тэгээд тэд нартай хамт осол болсон газарт очоод цагдаа нарт яаруу ажилтай яваагаа хэлээд хүүгийн маань утас нэрийг тэмдэглэж аваад явуулсан. Арай залуухан нь жолоогоо барьсан байсан. Харин арай настай нь жолоочийн хажуугийн урд суудал дээр суусан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 76-77 дахь тал),

10. Гэрч Ч.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн төв дээрээ ажлын байрандаа байхад 13 цаг 56 минут 90........29 гэсэн дугаарын утаснаас Зүүнхангай сумаас Завхан аймгийн Тэс сум руу явах замд хоёр дахь сай гараад зам тээврийн осол гарсан байна гэсэн дуудлага ирсэн. Би уг дуудлагыг хүлээн аваад эмч Б, Г сувилагч Б жолооч Г нарын хамт тухайн дуудлагад ойролцоогоор 20 минутын дараа очсон. Уг газар нь Зүүнхангай сумын төвөөс зүүн хойд зүгт 14 орчим километрт байсан ба бид дуудлагын газар очиход авто машин онхолдож эд анги нь цацарсан байдалтай, онхолдсон авто машин нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байрлалтай дөрвөн дугуй дээрээ зогссон байсан.Тухайн автомашины хойд хэсэгт машинаас 3 орчим метр зайд амь хохирогч Ө.Ц нь хөх өнгийн монгол дээлтэй.улбар шар өнгийн бүстэй толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү буюу авто машины рүү дээш харсан байрлалтайдолгой орчим хэсгээс нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байсан. Харин Ц.А нь амь хохирогч Ө.Цаас ертөнцийн баруун талд 2 орчим метр зайд ногоон цоохор монгол дээл, улбар шар өнгийн бүстэй бүс нь тайлагдсан, гуталгүй, амь хохирогч руу буюу зүүн зүг рүү харж хажуугаараа хэвтсэн, толгой хэсэг нь хойд зүг рүү харсан байдалтай ухаантай, хөл болохгүй байна гэжбайсан. Ц.Аын нүүрэн хэсэгт ил харагдах гэмтэл шарах байхгүй баруун хөлийн дунд чимэг хэсгээр гэмтэлтэй байсан ба би амь үзүүлэлтийг үзэж, цус тогтоох ,өвчин намдаах эмчилгээ хийгээд хийгээд эрүүл мэндийн төв рүү амь хохирогч Ө.Цын хамт тээвэрлэсэн. Би Ц.Ааас юу болсон талаар асуухад автомашин явж байгаа онхолдсон гэх бөгөөд хэн автомашин жолоодож явсан талаар асуухад Ц.А би жолоодож явсан гэж байсан. Би дахин Ц.Ааас архи согтууруулах ундаа уусан эсэхийг тодруулж асуухад архи согтууруулах ундаа уусан гэсэн бөгөөд түүнээс архи согтууруулах ундаа уусан гэсэн бөгөөд түүнээс архи согтууруулах ундаа үнэртэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 82-83 дахь тал),

11. Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шаанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн төв дээр ажлын байрандаа ажиллаа хийж байхад манай эрүүл мэндийн төвийн дарга Л 14 цагийн үед гар утсаар холбогдож зам тээврийн ослын дуудлага ирлээ яаралтайн бикс /эм тариатай хайрцаг/ аваад гараад ир гэсэн. Би бикс авч гараад эрүүл мэндийн төвийн пургон маркийн машинд суусан ба машин дотор Л, Г эмч, Б сувилагч нар суусан байсан. Зам тээврийн осол гарсан газар нь Зүүнхангай сумын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 14-15 орчим километрт байсан ба бид дуудлагын газарт очиход автомашин онхолдож эд анги нь цацарсан байдалтай, онхолдсон автомашин нь бидний ирсэн зүг рүү харсан байрлалтай дөрвөн дугуй дээрээ зогссон байсан. Тухайн автомашины хойд хэсэгт газар дээр амь хохирогч Ө.Ц нь хөх өнгийн монгол дээлтэй, улбар шар өнгийн бүстэй толгой хэсэг нь автомашины талдаа, дээшээ харсан байрлалтай, толгой болон хоёр чихний нүхнээс нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байсан. Харин Ц.А нь амь хохирогч Ө.Цаас ертөнцийн баруун талд ногоон цоохор Монгол дээл, улбар шар өнгийн бүстэй, бүс нь тайлагдсан, гуталгүй улаан цоохор оймстой, амь хохирогч руу буюу зүүн зүг рүү харж хажуугаараа хэвтсэн, толгой хэсэг нь автомашин талдаа, ухаантай, миний хоёр хөл хөдөлж болохгүй байна, би түнхний хагалгаанд орж байсан гэж хэлэн зовуурьтай дугарч байсан. Ц.Аын нүүрэн хэсэгт ил харагдах гэмтэл шарх байхгүй хээр хувцсыг тайлж нарийн үзлэг хийх боломж байхгүй байсан ба баруун хөлийн дунд чимэг хэсгээр гэмтэлтэй байсан. Л дарга Аын амь үзүүлэлтийг үзэж байхад би тусалж цуг үзэж, цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ хийж, хүчил төрөгч өгөөд эрүүл мэндийн төв рүү амь хохирогч Ө.Цын хамт тээвэрлэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 85-86 дахь тал),

12. Гэрч С.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би уг ....... ЗАА Улсын дугаартай автомашины жолоочийг зүс таних ба нэрийг нь мэдэхгүй. Завхан аймгийн Баянхайрхан сумын залуу гэдгийг мэдэх бөгөөд манай шатахуун түгээх станцаас зуны улиралд хааяа ирж бензин авдаг. Уг залуу нь доголж явдаг хөл муутай. Өчигдөр ирж шатахуун авахдаа ногоон цоохор өнгийн дээл, улбар шар өнгийн бүстэй явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 88 дахь тал),

13. Гэрч Б.Оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тиймээ зураг дээр байгаа залуу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчим манай Баян айраг нэртэй хүнсний дэлгүүрт Ногоон цоохор өнгийн дээлтэй улбар шар өнгийн бүстэй бага зэрэг доголж алхдаг байрын зүс үл таних залуу орж ирээд том савтай Панта ундаа 1 ширхэг, дундын савтай 1 ширхэг спрайт ундаа, 1 шил 500 граммын Ерөөл нэртэй архи худалдаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 90 дэх тал),

14. Гэрч М.Лын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сумын төв дээр хоноод өглөө 10 цагийн орчим сумын шатахуун түгээгүүрээс мотоциклдоо бензин аваад зогсож байтал А машинтай бензин авахаар ирсэн юм. Тэгээд бид хоёр шатахуун түгээгүүрийн газраас бензин хийлгэж аваад машин мотоцикл хоёроо замаас гаргаж тавиад уулзсан тэгээд мэнд ус мэдээд би Ааас чи үзэгдэж харагдахгүй хаагуур яваад байна гэхэд би хоёр түнхний хагалгаанд ороод хэвтэж байгаад одоо босож байна мотоцикп унаж чадахгүй машинаас өөр унаа унаж чадахгүй байгаа талаараа яриад би хонио эргүүлж яваад машин бензингүй болчхоод бензин аваад буцах гэж байна гэж яриад зогсож байтал манай сумын залуу Д бид хоёрын хажууд хүрч ирээд би гурав Аын машинд сууж юм ярьж тамхи татаж сууж байтал Аын гар утсанд дуудлага ирж А утсаа аваад би танайхаар очиход та байхгүй хонь мал чинь байхгүй байсан гэж ярьж байсан. Тэгээд чи манайхаар дайрах юм уу гэхэд А нь дайрвал дайран л даа гэж хэлээд утсаа тасалсан удалгүй дахин Аын гар утсанд дуудлага ирж чи ганц нэг юм авч ирэх юм уу гэж цаад утсаар ярьж байгаа хүн асуухад А би пиво авч очих юм уу гэхэд пиво хэрэггүй ганц хатуу юм аваад ирэхгүй юу би чамайг хүлээгээд байж байя гэж хэлж байсан. Тэгээд Д машинаас бууж сумын төв орж будаг авч ирээд Д бид хоёр өөр өөрийнхөө мотоцикл унаад Дгийн гэр лүү явсан А машинаа асаагаад дэлгүүр ороод гарна гэж хэлээд явсан юм. Тэгээд би дахин Атай тааралдаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 94 дэх тал),

15. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай “Амь хохирогч Ө.Ц биед суурь яс, баруун, зүүн чамархай, зүүн зулай, дагз ясны хугарал, тархины суурь болон их тархины 2 тал бөмбөлөг, бага тархины, дээд талаар аалзан хальсны доорх цус харвалт, тархины суурь олон их тархины зүүн тал бөмбөлгийн ар хэсгээр хатуу хальсны доор нимгэн цусан хураа, зүүн чамархайн булчинд цус хуралт, дэлүүний задрал.зүүн бөөрний өөхөн эдэд цус хуралт цээжний зүүн 1,2,3 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар хугарал, тус хэсгийн гялтан хальсны доор цус хуралт, зүүн мөрний үений мултрал, дух, толгойн орой, баруун зулайн хуйханд, цох хамрын нурууны угт, зүүн хацар.баруун сарвууны ард зулгаралт, зүүн суганы ар доод хэсэгт, зүүн сарвууны ард цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Суурь яс, баруун, зүүн чамархай яс, дагз ясны хугарал, тархины суурь болон их тархины 2 тал бөмбөлөг, бага тархины дээд талаар аалзан хальсны доорх цус харвалт, тархины суурь олон их тархины зүүн тал бөмбөлгийн ар хэсгээр хатуу хальсны доор нимгэн цусан хураа, зүүн чамархайн булчинд цус хуралт, дэлүүний задрал, зүүн бөөрний өөхөн эдэд цус гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гавал тархи гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Ө.Ц биед бүтцийн хувь үхэлд нөлөөлөх архаг хуучин өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Ө.Ц нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч Ө.Ц нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч Ө.Ц нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Амь хохирогч Ө.Ц нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 6,5% промилли, ходоодны агууламжид 7,3% промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн шинжилгээний 45 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Амь хохирогч Ө.Ц нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны төвийн дутагдлаар нас барсан байна. Амь хохирогч Ө.Ц нь нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 118-121 дэх тал)-ээр тогтоогдож байна.

17. Шинжээч Монгол Улсын зөвлөх инженер З.Жын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23/05 дугаартай ‘‘.......... ЗАА улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашин нь хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орсон. Уг автомашин нь тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоондоо бүрэн тэнцсэн байна. Уг автомашины одоогийн өмчлөгч нь Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэн Цийн Аын нэр дээр бүртгэлтэй байна. Эдэлгээ ашиглалтын норм дууссан, дахин ашиглах боломжгүй болсон байна гэж дүгнэлээ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 134-138 дахь тал),

18. Шүүгдэгч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Урьд нь 5 литр бензин зээлж авсан Ө.Ц ах руу гар утсаар залгаж танаас зээлж авсан бензин өгнө. Та хаана байна гэж асуухад надад хандаж би гэртээ байна чи ирэхдээ ганц шил архи аваад ирээрэй гэж хэлсэн учир би Зүүнхангай сумын нэрийн мэдэхгүй дэлгүүрээс “”Ерөөл“ нэртэй 0.5 литрийн архи авч өөрийн гэээс 10 км орчим зайтай, Зүнхангай сум талдаа байдаг Ө.Цын гэрт очсон. Ө.Ц уг архийг өөрийн дүү болох Нямжавтай хувааж уусан. Түүний дараа Ө.Ц надад хандаж Зүүнхангай сумын төв хамт яваад 1 шил архи аваад ирье гэж гуйхаар нь би зөвшөөрч дахин Зүүнхангай сумын төв Ө.Цын хамт явсан. Ө.Ц Зүүнхангай сумын төвийн дэлгүүрээс нэрийн санахгүй байна 0.5 литрийн 1 шил архи авч, буцаад гэр лүүгээ явсан бөгөөд би өөрийн эзэмшлийн “Nissan Tida загварын .........ЗАА дугаартай автомашиныг жолоодож Ө.Ц урд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Шороон гадаргуутай тэгш зам дээр ойролцоогоор 60км цагийн хурдтай явж байхад автомашины замаас гар онхолдсон. 2023 оны цагаан сарын дараа сар, өдрийн яг санахгүй байна. Манай гэрт ирж Завхан аймгийн Тэс сумын төв автомашинаараа яваад өг гэж гуйсан. Би хариуд нь ямар ажлаар явж байгаа талаар асуухад Ц эгчийн охин И надаар малчны зээл авхуулсан бөгөөд уг зээлээ төлөхгүй явсаар байгаад хугацаа хэтэрсэн гээд банкнаас, шүүхэд гомдол гаргасан гэж хэлсэн. Би өөрийн фейсбүүк цахим хаягаар гаргасан нэхэмжлэлийн дамжуулж Ө.Ц ахад өгсөн. Уг Ц ахын авсан гэх малчны зээлийг И гэх хүн авч хувьдаа ашигласан бөгөөд зээлийг И хийхээр тохиролцсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 158-161, 163-164 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцогдоно.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийсэн байна. 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас  хохирол, хор уршигт хүргэсэн байдаг онцлогтой

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэг нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр хохирол учруулсан үйлдэл юм.

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ............ЗАА улсын дугаартай ниссан тидда загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ө.Цын амь насыг хохироосон үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ц.Аын согтуурлыг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 46 минутад Drager-6820 багажаар хэмжихэд 1.76% зэргийн согтолттой байсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 40-41 дэх тал)-ээр нотлогдож байна.

 Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Ц.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Жолоочийн мэдээлэл лавлагаагаар “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь (хавтаст хэргийн I-р хавтасны 179 дэх тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж мөн дүрмийн 3.7.а-д “Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургаар тормосны ул мөр илрээгүй нь осол болох үед авто машиныг зогсоох арга хэмжээг аваагүй болох тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ө.Цыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан жолооч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н мөрдөн байцаалтын шатанд:  “Иймд уг атомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан жолооч Ц.Ааас оршуулгын зардал болох 9.354.736 төгрөг, малчны зээл болох 17.697.898 төгрөг, нийт 27.052.634 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан ур уршгийн талаар 50 ширхэг баримт (хавтаст хэргийн I хавтасны 192-239 дэх тал) гаргаж өгсөн байна.

Эдгээр баримтуудаас 21 баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Бусад 29 баримт нь огноо байхгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас өөр цаг үед авагдсан, хэрэгт хамааралгүй зэрэг байсан тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нотлох баримтын шаардлага хангасан 21 ширхэг нотлох баримтуудаар 3.917.696 төгрөгийн хор уршиг учирсан нь тогтоогдож байгаа тул 3.917.696 төгрөгийг шүүгдэгч Ц.Ааас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нд олгохоор шийдвэрлэсныг шүүхийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгээс хохирол  төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авч, төлсөн болох нь шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нгийн гаргаж өгсөн “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нын Хаан банкны 55.........18 дугаартай дансанд 3.918.000 төгрөгийн хохирол төлсөн баримтаар нотлогдож байна.

Амь хохирогчийн малчны зээл болох 17.697.898 төгрөг нэхэмжилсэн боловч, хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтнэй байгаа, хамтран зээлдэгч хэдийг төлөх ёстой, амь хохирогчид өв залгамжлуулах эд хөрөнгө байгаа эсэх, өв залгамжлагч уг зээлийг төлөх эсэхийг тогтоосон баримт байхгүй тул малчны зээл болох 17.697.898 төгрөг болон хэрэгт авагдсан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй 5.437.040 төгрөгийн нэхэмжлэл, нийт 23.134.938 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэлээс 23.134.938 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

2. Шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.А нь  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ц.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн I-р хавтасны 188 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Аын хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Бын өгсөн: “Ц.А нь төрөлхийн хоёр хөлийн түнхний хөгжил муутай, хөл муутай байсан бөгөөд бага зэрэг хазганаж явдаг байсан. Ц.А нь зам тээврийн ослын улмаас хоёр хөл гуя хэсгээрээ буюу чөмөг хэсгээрээ яс нь хугарч, Улаанбаатар хотод хагалгаанд орж хатуулсан тул одоо гишгэж явж чадахгүй, өөрөө бие засаж чадахгүй байнгын хүний асаргаа, халамжинд байгаа. Ц.А нь төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи согтууруулах ундааны зүйл болон тамхийг зохистой хэрэглэдэг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 99 дэх тал)  хэрэгт авагдсан, шүүгдэгч Ц.А Ил аргаар хугарлыг эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал хийлгэсэн болох нь (хавтаст хэргийн I-р хавтасны 52-63, II-р хавтасны 06-11 дэх тал) хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7714 дугаартай “Ц.Аын биед хоёр талын дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн хөлийн шагай, тавхайнд цус хуралт, баруун хөлийн тавхайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 109-111 дэх тал)-ээр шүүгдэгч Ц.Аын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эрүүл мэндийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 10 /арав/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.Аын өмчлөлийн ........ЗАА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD диск 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Цийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгйн 4.1-т заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 10 /арав/ сар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг  хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 27.052.634 төгрөгийн нэхэмжлэлээс шүүхээс тогтоосон 3.917.696 төгрөгийг шүүгдэгч төлснийг дурдаж, 23.134.938 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.Аын өмчлөлийн .........ЗАА улсын дугаартай ниссан тида авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                         ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ